Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

            Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Цын Гт холбогдох 2235000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХААН банкны Увс салбарын мэдээлэл үйлчилгээний ажилтан, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Ц овогт Цын Г /РД:ОЮ92011651/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Быг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ц.Гыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Ц.Г нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт албан үүргээ биелүүлж явсан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бод хүч хэрэглэсэн эсэргүүцсэн болох нь:

- Ц.Гын согтуурлыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

- Энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл  (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 12 цагаас 01 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байх үед Улаангом сум 3 дугаар баг 48 айлын ард замд машин замын тэмдэг тэмдэглэгээ мөргөсөн гэх дуудлага ирсэн,  очиход 91-91 УВА улсын дугаартай авто машин замын тэмдэг мөргөж, замын хашлага дээгүүр гарсан байдалтай зогсож байсан. Улмаар тухайн авто машины жолооч болох Ц.Г гэх хүнийг аюулгүй байдлын үүднээс албаны 79-40 УВА улсын дугаартай авто машины арын суудалд би өөрөө аваад суугаад цагдаагийн газар руу явж байтал хаашаа явж байгаа юм бэ гэхэд би цагдаагийн газар руу явж байна шалгах шаардлагатай байна гэх талаар хэлэхэд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай чи намайг авч явдаг хэн юм бэ гэж хэлээд миний толгой тус газарт буюу баруун шанаанд зангидсан гараар 2 удаа цохиж, машины шалавч дээр миний малгай унасан... цагдаагийн газарт ирж согтуурал шалгах гэхэд согтуурал шалгуулахаас зайлсхийж, гөлөг минь чи намайг шалгадаг хэн юм бэ, би чамд шалгуулахгүй, чамайг ална, хүнээр захиалга өгч алуулна, харья гэх зэргээр хэл амаар доромжилсон ингээд согтуурлыг шалгахад 1.22 хувийн согтолтын зэрэгтэй байсан.  Толгой буюу баруун шанаа хэсэг хэдэн өдөр хатгаж өвдсөн, нүднээс нулимс гарсан. Одоо гомдол санал байхгүй, хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал),

-  Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнийн 12 цагаас 1 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байх үед  Улаангом сумын 3 дугаар багийн 48 айлын ар талд замын тэмдэг тэмдэглэгээ мөргөсөн гэх дуудлага ирээд яваад очиход 91-91 УВА улсын дугаартай авто машин замын тэмдэг мөргөж, замын хашлага дээгүүр гарсан байдалтай байсан. Тухайн авто машины хажууд эргүүлийн цагдаа дэд ахлагч Г, ахлах ахлагч П.Б, дэд ахлагч Н, Б гэсэн албан хаагчид зогсож байсан. Авто машины жолооч болох Ц.Г гэх хүнийг албаны 79-40 УВА улсын дугаартай авто машины арын суудалд ахлах ахлагч Б.Б аваад суусан, харин би машин бариад цагдаагийн газар руу явж байтал хаашаа явж байгаа юм бэ гэхэд Б.Б цагдаагийн газар руу явж байна шалгах шаардлагатай байна гэх талаар хэлэхэд тухайн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай чи намайг авч явдаг хэн бэ гэж хэлж байсан, гэнэт Б.Б миний толгой руу цохичихлоо гэж хэлэхээр нь  машин барьж байгаад эргэж харахад Б.Бын малгай газар шалавч дээр унахаар нь би авч өгсөн. Цагдаагийн газарт ирж Б.Б Ц.Гын согтуурал шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийж, гөлөг минь чи намайг шалгадаг хэн юм бэ, би чамд шалгуулахгүй, чамайг ална, харьяа чамайг  гэх зэргээр Б.Быг харааж хэл амаар доромжилж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр жижүүрээс Бонжур дэлгүүрийн үүдэнд замын хашлага мөргөсөн тээврийн хэрэгсэл байна гэх дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу ахлах ахлагч Б.Б, Ц.Ц нарыг албаны 79-40 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дуудлаганд явуулсан. ... би өөрийн өрөөнд сууж байтал ахлах ахлагч Б.Б согтуу жолооч Ц.Гын хамт манай өрөөнд орж ирээд надаас согтуурал шалгасан магадлагаа гаргуулж авах үед Б.Бын хөлс нь гоожоод нүүр нь улайсан байдалтай байхаар нь чи яасан юм гэж асуухад энэ согтуу жолооч Ц.Г нь миний толгой руу цохиж биед халдаад, толгой өвдөж байна гэж хэлэхэд тухайн үед Ц.Г нь чи миний аавчг таних уу, пизда минь, гөлөг минь, чамайг маргааш гудамжинд явж байхад чинь алган гэх зэргээр Б.Быг хэл амаар доромжилж байсан... Тухайн үед миний хажууд халдсан зүйл байхгүй, Б.Б надад миний толгой руу цохисон гэж надад хэлсэн. Мөн миний хажууд удаа дараа хэл амаар доромжилсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Гэрч Н.Нын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн оройны 18 цагаас эргүүлийн цагдаагаар дэд ахлагч Б.Бын явган эргүүлээр үүрэг гүйцэтгэсэн. Улмаар шөнийн 12 цаг 25 минутын үед 48 айлын ард зам дээр 91-91 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын тэмдэг мөргөж, боржур дайрч зогссон байсан. ... Тухайн авто машины хаалга нээж жолооны ард сууж байсан иргэнийг буулгахад тухайн хүн илт мэдэгдэхүйц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул дуудлага өгсөн. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа болох ахлах ахлагч Б.Б, Ц.Ц нарт жолоочийг хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагад явсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

-  Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнийн 02:26 цагийн үед төрсөн дүү Ц.Гын эхнэр Бурмаа над руу залгаад та цагдаа дээр хүрээд ирээч Ц.Г нь машинтай явж байгаад замын хашлага мөргөсөн байна гэж дуудсан. Ингээд би цагдаа дээр яваад очиход төрсөн дүү Ц.Г болон цагдаа Б.Д, Б.Б нар хамт байсан. Б.Б нь надад хандаж таны төрсөн дүү Ц.Гаантогтох нь Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Бонжур дэлгүүрийн үүдэнд 91-91 УВА улсын дугаартай тээврйин хэрэгсэл согтуугаар жолоодож яваад замын хашлага мөргөсөн байна, машины дугуй нь салсан, амаржин гулзайсан, тухайн тээврийн хэрэгслийн замаас холдуулмаар байна гэж хэлсэн. Тухайн үед дүү Ц.Г нь ахлах ахлагч Б.Б руу та нар цагдаа хүмүүс байж иргэдийгээ зодож болдог юм уу, та нар намайг шалан дээр унагаж байгаад зодсон гэх талаар мөн пизда гэх хараалын үг хэлж байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 199 дугаартай “ ....Б.Бын биед баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал) –ээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар: Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул ахлах ахлагч Б.Б нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулах талаах тавьсан шаардлагыг үл тоож, цохисон болох нь хэрэг авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүллэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.Бын  “2022 оны 5 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө 12 цагаас 1 цагийн хооронд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан жолооч Ц.Г нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед халдсан үйлдэлд ямар нэгэн учирсан гэмтэл, хохирол байхгүй тул гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч Ц.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Ц.Гын хувийн байдлын талаар: Гэрч Б.Бгийн өгсөн: “Ц.Гтой  би 2020 онд гэрлэсэн, бид хоёр хүү Э хамтаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 48 айлын байрны 17 тоотод оршин суудаг. Ц.Г нь  зан аашийн хувьд зөөлөн даруухан зантай, хүнтэй шударга түс тас гэсэн яриатай, нэг их илүү дутуу зан ааш, аваир гаргаад байдаггүй юм. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ агсам согтуу тавьдаггүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, миний биед халдаж халдаж байгаагүй. Харин архи уусан үедээ хүнтэй жаахан маргаад хэрэгт холбогдоод байдаг бөгөөд урьд нь 2 удаа хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж шийтгэгдсэн. Ц.Г нь хүний үг сайн сонсдог, хүнтэй зөв боловсон харилцаатай, ажил хөдөлмөртөө гарамгай сайн, хамт олондоо нийтэч бусадтай хүнлэг харилцдаг зантай хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Хаан банкны салбарын захирал Х.Бгийн:  “Ц.Г нь ХААН банкны үйлчилгээний нэгдсэн төвд мэдээлэл үйлчилгээний ажилтан юм. Манай байгууллагад анх 2018 онд борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилд орж, 2021 онд Мэдээлэл үйлчилгээний ажилтнаар дэвшин ажилласан. Ц.Г нь өдөрт дунджаар 100-140 харилцагчид үйлчилгээ үзүүлдэг, эрхэлсэн ажилдаа туршлагатай, харилцагчид хурдан шаархай үйлчилдэг, харилцааны өндөр соёлтой, харилцагчаа эрхэмлэн ажилладаг. Ц.Г нь 9 сарын хугацаанд 5 удаа “Мэдлэгтэй ажилтан” болон “Ур чадвартай ажилтан”-аар шалгарч байсан. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд тогтмол анхаарч тасралтгүй суралцдаг, спорт, урлагийн арга хэмжээнд багаарболон ганцаарчилсан төрлөөр амжилт гаргадаг, олон нийтийн аливаа ажилд идэвх санаачилгатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, манай манлайлагч ажилтнуудын нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 103 дахь тал)-ууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Ц.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т  зааснаар ы Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/37 шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж дууссан үеэс эхлэн энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”, 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн  эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ц.Гын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц овогт Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Гт  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Гт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т  заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/37 шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж дууссан үеэс эхлэн энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай. 

6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ