Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 49

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                          С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                          Б.Нарангэрэл

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  А.Ариунзаяа

 Хариуцагчийн төлөөлөгч    Д.Баянжаргал

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 525 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох  “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай гомдолтой иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Нарангэрэл миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шаамар сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны багшаар томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Б.Нарангэрэл миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие анх томилогдсон өдрөөс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Ажлаас халагдах ноцтой шалтгаан байхгүй гэж үзэж байна. Миний бие 1999 оноос 2005 оны хооронд Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшаар ажиллаж байсан, тухайн үед ажиллаж байх хугацаандаа сургуулийнхаа Нягтлан бодогч-Фермерийн ангийг Ня-бо, Фермерийн мэргэжилээр төгссөн.

Мөн миний бие төвийн бүсийн арга зүйн төвд элсэн, сургалтанд хамрагдаж 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр багшлах эрхийн үнэмлэхээ гардан авсан, мөн өмнө нь тус сургуульд ажиллаж байсан дадлага туршлагын хувьд би өөрийн ажлын байранд тавигдах хуулинд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Байгууллагын удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж, шаардлагатай арга хэмжээг авч болохоор байтал заавал ажлаас халах арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.

Тушаалд дурьдагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилтнуудыг ерөнхийд нь тоймлон бичсэн болохоос биш бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг.

Иймд Б.Нарангэрэл миний ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, Сэлэнгэ аймаг, Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагад дотуур байрны багшаар ажиллаж байсан Б.Нарангэрэлийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.

 Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Энэ хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч Б.Нарангэрэл хангахгүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын дагуу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн болно.

2. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Цогт-Эрдэнэ, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай сургуульд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18-09 31/20 тоот зөвлөмжийг ирүүлсэн юм. Тус зөвлөмжийн боловсролын хяналтын чиглэлээр өгсөн хэсгийн 3 дугаар заалтад бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан болно.

Энэ заалт нь Б.Нарангэрэлийг чөлөөлөх нэг үндэслэл болсон бөгөөд мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон баримт гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 525 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч  Б.Нарангэрэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нэхэмжлэгч Б.Нарангэрэл миний бие нь Сэлэнгэ аймаг, Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд дотуур байрны багшаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Ажилд орох болсон гол  шалтгаан нь тус төвийн удирдлагууд нь өмнө нь дотуур байранд ажиллаж байсан, хүүхдүүдтэй ажиллах туршлагатай учраас намайг ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хангалттай сайн биелүүлж ирсэн гэж үзэж байна.

Гэтэл тус төвийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мэргэжил боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш  зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна” гэж заасныг  үндэслэн намайг уг шаардлагыг бүгдийг нь хангаагүй байна гэж байгууллагын удирдлагаас болон шүүхээс мөн эдгээр шаардлагыг хангаагүй байна гэж байгууллагын удирдлагаас болон шүүхээс мөн эдгээр шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн юм. Хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол өмнөх удирдлагууд намайг ажилд авах боломжтой байсан эсэхэд эргэлзээтэй. Эсхүл гэдэг үгийг дээрхи 2 тохиолдлын аль нэгийг хангасан байх шаардлагатай гэж үзэн би өөрийн дадлага туршлага дээрээ үндэслэн багшлах эрхийн сургалтанд хамрагдаж үнэмлэх хүртэл авсан.

Өнөөдөр Монгол улсад боловсролын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх багш нар багшлах эрхийн үнэмлэхийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байхад шүүх уг үнэмлэхийг шууд үгүйсгэсэнд гайхаж байна.

Шүүх миний багшлах эрхийн  үнэмлэхийг “эргэлзээтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна гэв.

  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхийг  хариуцагч зөрчсөн.  Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-09-31/20 тоот зөвлөмжийг үндэслэсэн нь буруу. Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг тайлбарлахдаа “...ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Дээрхи мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмжийн 3-т “Бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан” гэсэн байх бөгөөд ямар нэг байдлаар дотуур байрны багшийг буюу нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй талаар үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргасан асуудал биш харин хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар байгууллагын удирдлагад зөвлөн туслах чиглэлээр ирүүлсэн зөвлөмж юм. Энэхүү зөвлөмжийн дагуу ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нь тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан хэлбэр гэж үзэж байна.

Иймд гомдолд дурьдагдсан асуудлыг хянан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 525 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага дотуур байрны багшаар ажиллаж байсан Б.Нарангэрэлийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн дагуу гарсан шийдвэр юм.  

Нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн  гомдол үндэслэлгүй тул манай байгууллагын гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгч Б.Нарангэрэл, түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгэр сарын 26-ны өдрийн 525 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                 Үндэслэх нь:

    

Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд  холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь: Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн байрны багшаар ажиллаж байсан бөгөөд түүнийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,  Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан заалтуудыг баримтлан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллах багшид тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас нь  чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл  болсон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 18-09-31/20 дугаартай “Зөвлөмж”-ийн “Боловсролын хяналтын чиглэл”-ээр хэсгийн 3 дахь заалтад “Бакалаврын зэрэггүй багш ажиллуулсан. /Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй гэсэн заалтыг/ Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь зөрчсөн гэжээ.

 

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.”, 18.2-д “Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.18.3-д “Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.” гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь 2016/009 дугаар бүхий “Багшлах эрхийн үнэмлэх”-тэй бөгөөд  түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн  гэрээ болон  Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл дотуур байрны багш нь суралцагчдын дотуур байрны амьдрах таатай орчныг бүрдүүлэх, суралцагсдын хүмүүжил төлөвшил, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллгаа явуулах, сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид сургууль дотуур байрны үйл ажиллагааг танилцуулах зэрэг  ажил гүйцэтгэж иржээ.

 

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.” гэж заасан бөгөөд энэхүү заалтаас  үзвэл Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад  багшийн мэргэжил эзэмшээгүй боловч сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан этгээд орон тооны багшаар, өөрөөр хэлбэл дотуур байрны багшаар ажиллах боломжтой бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй  байна гэж үзлээ.

  

Ажил олгогч нь ажилтантай анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэх талаар зохих дүгнэлт хийлгүйгээр  ажилд томилж 2 жил гаруй хугацаагаар ажлуулсны  дараа мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн дүгнэлт хийж, улмаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг  цуцлах болсон үндэслэлээ тодорхой зааж хөдөлмөрийн болон холбогдох  хууль тогтоомжийг баримтлах, ажилтан ажилдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, эсхүл ажлын хариуцлага алдсан тухай эрх бүхий байгууллагын шалгалт зэргээр тогтоогдсон байхыг шаарддаг.

Зөвлөмж гэдэг нь удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн баримт бичгийг хэлдэг бөгөөд ажил олгогч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  тус байгууллагад хүргүүлсэн бакалаврын зэрэггүй багш ажиллуулсан гэсэн зөвлөмжийг үндэслэн ажилтан  мэргэжил, ур чадварын хувьд  гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон /энэ нь дүгнэлтээр тогтоогдоогүй/ гэж нэхэмжлэгч Б.Нарангэрэлийг  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн ажлаас үндэслэлгүй халагдсан  гэсэн  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд байрны багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түүнд ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн цалинг хэрэгт цугларсан нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээ, цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн сарын цалинг 500784 төгрөгөөр тооцож, 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл 1 сар 16 хоногийн хугацаагаар 864.922 төгрөг цалинг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 525 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтыг:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Б.Нарангэрэлийг  Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны багшийн ажилд нь эгүүлэн тогтоосугай. .” гэж,

2 дахь заалтыг:

“2.Нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэхэмжлэл Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг  дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  хариуцагчаас 25,399 төгрөг  гаргуулан орон нутгийн оролгод оруулсугай...” гэж тус тус өөрчилж,

“21. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  хариуцагч Сэлэнгэ аймаг Шаамар сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс  864.922  төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.”  гэсэн заалт  нэмж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

      

                                 ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ЭНХЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН