| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2019/0018/э |
| Дугаар | 2019/ДШМ/22 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2019/ДШМ/22
Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ганжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлоор Д.Ганжаргал, Р.Хасбаатар нарт холбогдох эрүүгийн 1921000330063 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Баргажин овогт Ренчинхандын Хасбаатар, /РД: ЖВ94040918/ Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Нийтийн байранд оршин суух, гавьяа шагналгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.
Бодонгууд овогт Дашдондогийн Ганжаргал /РД: ЖВ95101631/, Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нар нь хамтран 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа нийт 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 1910.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 12 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын энгэр” гэх газраас иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 12 тооны ямааг хулгайлж 1120.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Р.Хасбаатар нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын өвөр” гэх газраас иргэн Б.Цэрэнжавын 1 тооны адууг хулгайлж, 2000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр” гэх газраас иргэн Д.Алтан-Одын эзэмшлийн 9 тооны хонь, 22 тооны ямаа, нийт 31 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 1420.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын Гандангийн хойд талд байрлах “Булган” гэх дэлгүүрийн гаднаас Э.Бямбадоржийн “Даюун” маркийн улаан өнгийн 24-88 ДОЗ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч Э.Бямбадоржийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Р.Хасбаатарыг “бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, бусдын малыг хулгайлсан, бусдын олон тооны малыг хулгайлсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ганжаргалыг “бусдын малыг хулгайлсан, бусдын олон тооны малыг хулгайлсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 06 дугаар 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
2/ Р.Хасбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, Д.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
3/ Р.Хасбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Р.Хасбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож,
5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Хасбаатарт оногдуулсан 4 жил 30 хоногийн хорих ял, Д.Ганжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
6/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож,
7/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Р.Хасбаатараас нийт 3980.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Алтан-Одод 1420.000 төгрөгийг, хохирогч Б.Батчимэгт 560.000 төгрөгийг, хохирогч Б.Цэдэнжавд 2000.000 төгрөгийг, Д.Ганжаргалаас 560.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батчимэгт тус тус олгож,
8/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хохирогч Б.Энхжаргал, Э.Бямбадорж нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ганжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхэд хэрэг шийдвэрлэгдэхийн өмнө Ганжаргал, Хасбаатартай хамт хулгайн үйлдэлд оролцсон боловч Ганжаргал тэндээс юу ч аваагүй, авах хүсэл ч байгаагүй. Харин Ганжаргал нь 2 жилийн өмнө цэрэгт явахдаа мотоциклтой байсан ба түүнийг нь Хасбаатар аваад 800 000 төгрөг төлөх ёстой байсан. Ганжаргал Улаанбаатарт эгч дээрээ байж байгаад ээж дээрээ ирээд байх хугацаандаа Хасбаатараас мөнгөө нэхсэн ба боломжоороо 100 000 төгрөг эхлээд олоод өгчих гэж гуйсан. Хасбаатар хүнээс мөнгө бүтээгээд өгье гэсэн байдаг. Хулгай хийгээд ч өгөөгүй. Иймд мөнгө аваагүй, өгөөгүй болохоор Хасбаатар “төлбөрөө би хариуцана” гэсэн учир төлбөр төлөөгүй, өргүй гэж бодож явсан. Хохирогч нь ч Ганжаргалаас нэхэх зүйлгүй гэсэн байсан. Гэтэл шүүх Батчимэг хохирогчид 560 000 төгрөг төлөх шийдвэр гаргасан учир уг хохирлын мөнгийг хохирогчийн дансанд төлсөн байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээсэн, хувийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн ялыг хөнгөрүүлэн хасаж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:”...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Хасбаатар болон өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаж байна.
Хасбаатарын хувьд “Ганжаргал бид хоёр сумаас баруун тийш Баян-Уул сумын 3-р баг Мухар гэх газарт явж байгаад Энхжаргал гэх хүний 30 гаран тооны хонь ямаа тасарсан байхаар нь мотоциклтой хөөгөөд уг хонь ямааг хулгайлчихаад явж байхдаа хонь хулгайлсан талаар Дашчирав руу өөрийн гар утсаар ярьсан. Тэгэхэд наад хэдээ эзэнгүй айлын хашаанд хашчихаад суманд хүрээд ир, түлш байхгүй байна, түлшний мөнгө зохицуулмаар байна гэж хэлсэн. Бид 2 үдийн хойно 15-16 цагийн үед Пов гэж айлын эзэнгүй хашаанд хонь ямаагаа хашчихаад мотоциклтой дундаа 1 ямаа дүүрээд Улзын голын эрэг дээр ирсэн. Дашчирав нь өөрийнхөө супер портертой өөдөөс тосож ирээд ямаагаа аваад сумын баруун талд Сод дэлгүүрт 40 000 төгрөгөөр өгсөн. Тэр мөнгөөрөө Дашчирав нь түлш хийгээд хонь ямаагаа хаана байгаа талаар асуугаад хурдан ачъя гээд бид хонь ямаа байгаа газрыг заахад Дашчирав “хурдан явж хэдэн тийш нь тараая, би ч гэсэн хоосон үлдэхгүй шүү, би 3/1-ийг нь авна шүү” гэж бид 2-т хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Пов гэх айлын эзэнгүй хашаанаас бид гурав заримыг нь ачаад Баян-Уул сумын Эрээн багт аваачиж Даш гэх хүний хашаанд орхисон. Ганжаргал хонь ямаагаа хараад үлдсэн. Эргээд Дашчирав бид 2 үлдсэн хонь ямаагаа орой 21 цаг гэхэд ачихаар явсан. Замдаа “найз нь өөрийнхөө хонь ямааг зүг мөрийг нь төөрүүлээд сумаас зүүн хойш Тулгаа гэх найзындаа аваачна. Дараа нь янз бүрийн юм болоод баригдвал намайг хулгай хийсэн талаар битгий мэдэгдээрэй, намайг мэдээгүй ачсан гэж хэлээрэй” гэж замдаа ярьж явсан. Бидний хулгайлсан хониноос 12 толгой хонь ямааг Дашчирав нь аваад сумаас зүүн хойш найзындаа аваачиж тавьсан. Энэ асуудлыг Дашчиравын найз Тулгаа гэж залуу мэднэ. Дараа нь бид нар цагдаад баригдаад байхад Дашчирав нь найзыгаа битгий хэрэгт оруулаарай, би бүх хохирлыг нь төлж барагдуулна. Чиний дэргэд би мал хөрөнгөтэй хүн. Найздаа итгээд найзыгаа энэ хэргээс салгачих гээд байсан. Гэтэл одоо ямар ч хохирлыг минь төлөхгүй намайг ийм хүнд байдалд оруулаад байгаад би маш их гомдолтой байна. Энэ хэрэгт Дашчиравыг яллагдагчаар татан шалгуулж өгнө үү. Би гомдолтой байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэдэг.
Анхан шатны шүүхээс Хасбаатарт ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийт эдлэх ялыг 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Хасбаатарын хувьд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялаа хуульд заасан үндэслэл журмын дагуу эдэлж дууссан. ЭХХШТХ-ийн 6.1.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заажээ.
Р.Хасбаатарын хувьд ам бүл 4, бага насны 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг, амьдрал ахуйн хувьд ядуу зүдүү, өөрийн гэсэн мэргэжил боловсролгүй зэрэг шалтгааны улмаас хулгайн гэмт хэрэг үйлдсэн ба тодорхой хэмжээгээр учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эсхүл энэ хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй байх ба олон тооны мал хулгайлахад оролцсон Дашчирав гэгчийн үйлдэл холбогдлыг нарийн сайн шалгаагүй, гэмт этгээдэд ял завшуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж миний үйлчлүүлэгчийг батлан даалтад гаргаж өгнө үү” гэв.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт хавтаст хэрэгт шүүгдэгч нар Дашчирав гэдэг хүнтэй хамтарч хулгай хийсэн нь тогтоогддоггүй. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс Д.Ганжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ялыг, Р.Хасбаатарт мөн ялгаагүй ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Хохирогч Энхжаргал 40 хонь ямаа алга болсон гэж шүүгдэгч нарт холбогдуулан нэхсэн байдаг боловч 4 ямааг урьд нь буюу Хасбаатар нарыг хулгай хийхээс өмнө алдсан мал байсан. Тийм ч учраас уг 4 ямааны талаар анхан шатны шүүх дээр ч хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ганжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нар нь бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын дунд үед, Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Хайлантын энгэр” гэх газраас хохирогч Б.Батчимэгийн 12 тооны ямааг хулгайлж 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Р.Хасбаатар ганцаараа, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр” гэх газраас хохирогч Д.Алтан-Одын 9 хонь, 22 ямаа, нийт 31 тооны бог буюу олон тооны мал хулгайлж 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан; мөн шүүгдэгч Р.Хасбаатар ганцаараа, 2018 оны 12 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Хайлантын өвөр” гэх газраас хохирогч Б.Цэрэнжавын 1 тооны адууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан; мөн шүүгдэгч Р.Хасбаатар ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын Гандангийн хойно байрлалтай “Булган” гэх дэлгүүрийн гаднаас хохирогч Э.Бямбадоржийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь хэргийн хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч З.Бямба-Ундрах, Б.Дашчирав, Б.Өлзийжаргал, М.Цогтгэрэл, Б.Өлзиймөнх нарын мэдүүлэг, мал хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Харин шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарыг бүлэглэн, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас хохирогч Б.Энхжаргалын 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа, нийт 40 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж 1,910,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хулгайлсан малын тоо, түүнтэй холбоотой хохирлын мөнгөн дүнгийн хэмжээний тухайд хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтаар бүрэн батлагдаагүй байна.
Учир нь, хэдийгээр хохирогч Б.Энхжаргал хулгайд алдсан ямааны тоо толгойг 40 гэж мэдүүлж, шүүгдэгч нар энэ талаар маргаагүй боловч “шүүгдэгч нар ямааны тоог 30 гаран гэж барагцаалсан тоогоор мэдүүлж байгаа, шүүгдэгч нар баригдахаасаа өмнө хохирогч Б.Энхжаргалынхаас хулгайлсан ямаанаас зарж борлуулах зэргээр захиран зарцуулсан гэх ямар нэг баримт олдоогүй, цагдаа нар З.Бямбаханд гэх гэрчийн хашаанаас хохирогч Б.Энхжаргалын им тэмдэгтэй 26 ямааг амьдаар, 10 гулууз мах, эд эрхтнийг хурааж хохирогчид хүлээлгэн өгсөн” зэрэг баримтуудаас үзэхэд хулгайлсан ямааны тоог 40 биш, 36 гэж дүгнэх үндэслэлтэй байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэл тогтоолын дүгнэлт нь эдгээр баримтыг эс хайхран зөвхөн хохирогч Б.Энхжаргалын мэдүүлэгт үндэслэснээрээ “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэх” талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд хохирогч Б.Энхжаргалын 40 тооны ямааг хулгайлсан гэх хэргээс 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны эм ямааг хулгайлсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Шүүх хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэх болон шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ялын хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Д.Ганжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тухайлбал шүүгдэгч Р.Хасбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг санаатай үйлдсэн, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 80 тооны малыг хулгайлсан, гэмт хэрэг бүлэглэн үйлдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд нийт 4 жил 30 хоног хорих ял оногдуулсан нь давж заалдах гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэх хэм хэмжээг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Ганжаргалын хоёр удаагийн үйлдлээр бусдын 48 тооны мал хулгайлахад оролцсон үйлдэлд нь анхан шатны шүүхээс 2 жил хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар зэрэг нөхцөл байдалд тохирсон байна.
2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гаргасан “хохирогч Б.Энхжаргал, Д.Алтан-Од нарын хонь, ямааг хулгайлахад Б.Дашчирав гэх хүн оролцсон. Хулгай хийснийг мэдсэн хэрнээ портер машинаараа зөөсөн” гэх мэдүүлэгт үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлын дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр, хохирогч Б.Энхжаргалын 40 тооны ямааг хулгайлсан гэх хэргээс 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны эм ямааг хулгайлсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал, тэдний өмгөөлөгч нарын “ял хөнгөрүүлэх болон мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарт холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Энхжаргалын 40 тооны ямааг хулгайлсан гэх хэргээс 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны эм ямааг хулгайлсан гэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж; шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж; шүүгдэгч Р.Хасбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Д.Ганжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Хасбаатар, Д.Ганжаргал нарын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Ганжаргал нь хохирогч Б.Батчимэгийн ХААН банкны 5407054244 тоот дансанд 2019 оны 06 сарын 28-ны өдөр 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР