Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0361

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б*******, өмгөөлөгч Б.Г*******

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0981/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Давст” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” тухай   “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б*******, өмгөөлөгч Б.Г******* нараас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...анхан шатны шүүхэд хариуцагчийн хууль зөрчсөн актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болохыг тогтоосон атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023-11-06-ны өдөр хариуцагчийн шуудангаар илгээсэн гэх 02/2710 дугаартай албан бичгийг үндэслэн шүүгч А.Ганзориг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй дуусгавар болсон тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа болно.

2.2. Учир нь "Глобал Тоун" ХХК-ийн гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулах өргөдлийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй хариуцагчийн дээрх эс үйлдэхүйн улмаас 2 жил гаруй хугацааны турш эрх нь зөрчигдөж байгаа тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан бөгөөд энэ нь 2023-11-06-ны өдөр хариуцагчийн шуудангаар илгээсэн гэх 02/2710 дугаартай албан бичигтэй хамааралгүй юм

2.3. Учир нь дээрх бичиг нь хуульд зааснаар 20 хоногийн дотор шийдвэрлэгдээгүйгээс гадна нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон шүүхэд хандсаны дараа уг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан хариуцагчаас зориуд шуудангаар илгээсэн баримт тул нэхэмжлэлийн шааардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2.4. Анхан шатны шүүх шаардлагагүй нотлох баримтыг бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу шийдвэрлэх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус заалтад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй...-г ойлгоно" гэж заасан байна.

Дээрх үндэслэлийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024-03-11-ны өдрийн 128/ШШ2024/0215 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлж өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1431 дүгээр шийдвэрээр “Г*******” ХХК-д Налайх дүүргийн “Давст” нэртэй газарт 32.97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14305Х дугаартай гэрчилгээ олгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил тутамд сунгаж байсан бөгөөд сүүлд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 619 дүгээр шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай сунгажээ.

3. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандан 14305Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгүүдээс “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ” зэрэг баримтуудыг өргөдөлд хавсаргаагүй, хүлээн аваагүй талаар өргөдөл хүлээн авагч тэмдэглэж, өргөдлийн маягтад хасах тэмдэглэгээ үйлджээ.

4. Дээрх өргөдлийг хүлээн авснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зураг зүйн шүүлт хийх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тушаалыг хүлээн авч, хавсаргах, К-4 маягтыг засах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оргилмаад мэдэгдэж, засварлаж ирүүлсэн маягтыг хүлээн авч, өргөдөлд хавсаргах зэргээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн байна.

5. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/115 дугаар тушаал, мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг харьяалах нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул 6 аж ахуй нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэн бөгөөд үүнд “Г*******” ХХК-ийн өргөдөл багтсан байна.

6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” 19 дүгээр зүйлийн 19.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 19.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заажээ.

7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хандан гаргах зохицуулалттай ба хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Г*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нийслэлийн Засаг даргад бус Ашигт малтмал газрын тосны газарт хандан гаргасан, ингэж гаргахдаа хуульд заасан өргөдөлд хавсаргах баримтуудыг дутуу бүрдүүлж өгсөн болох нь тогтоогдсон байна.  

8. Нэхэмжлэгчээс “...тухайн үед Ашигт малтмал газрын тосны газар өргөдлийг хүлээн авч байсан. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нийслэлийн Засаг даргад хандан гаргаж байгаагүй...” гэж тайлбарлаж байгаа боловч Ашигт малтмал, газрын тосны газраас уг өргөдлийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/5033 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Г*******” ХХК-д мэдэгдсэн байх ба нэхэмжлэгчээс дээрх дутуу бүрдүүлсэн баримтуудыг бүрдүүлэн нийслэлийн Засаг даргад хандан дахин өргөдөл гаргаагүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/23 дугаар “...2022 оны 10 дугаар сард гаргасан хүсэлтийг нийслэл хариуцна гэсэн тул шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий албан бичиг хүргүүлжээ.  

9. Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2710 дугаартай албан бичгээр “...нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас танай гаргасан өргөдлийг хянаж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй, мөн тухайн өргөдлийг тус хуулийн 18 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй зэрэг зөрчилтэй байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн хариу өгчээ.

10. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан өргөдлийн бүрдүүлбэрийг ханган зохих журмын дагуу харьяалагдах эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргад гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.  

11. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтээ нийслэлийн Засаг даргад хандан гаргах бөгөөд хуульд зааснаар хандаагүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгчид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхгүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН