Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Орчуулагч: Б.Бямбаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор А.Турдыбек,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Ш А А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш А А-ид холбогдох 2235000960105 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 38 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, 3 хүүхдийн хамт Улица УЛ.КУЛА Д.61 МП НА ТЕРРИТРИЙ МОНГУН-ТАЙГИНСКОГО Р-НА ОВММО МВД РОССИЙ ДЗУН-ХЕМЧИКСКИЙ-д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш А А.

Холбогдсон хэргийн товч утга:

 Шүүгдэгч Ш А А нь 2022 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутагт байрлах Монгол Улсын хилийн 82 дугаар тэмдэгтийн зүүн талаар бусадтай бүлэглэн ОХУ-ын талаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, 2022 оны 5 дугаар сарын 10-ний өдөр тус багийн иргэн Д.Б 1 /нэг/ тооны морийг бүлэглэн хулгайлсан гэх хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ш А А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

1.1. Шүүгдэгч Ш А Аийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш А А нь 2022 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутагт байрлах Монгол Улсын хилийн 82 дугаар тэмдэгтийн зүүн талаар бусадтай бүлэглэн ОХУ-ын талаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

1. Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дахь тал),

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

3. хил зөрчигчийн биед үзлэг хийж, хураан авсан эд зүйлс, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-25 дахь тал),

4. улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөр илрүүлэн баримтжуулсан акт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

5. хилийн дэглэм зөрчсөн хүнийг саатуулсан тогтоол (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч Ш.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ш А Аийг хилийн цэргийн 0245 дугаар ангиас саатуулж аймгийн төвд авч ирэхэд шатахууны зардалд 100 литр шатахуун буюу 330.000 /гурван зуун гучин мянга/ Ш А Аийн хоолны зардалд 17.607 /арван долоон мянга зургаан зуун долоо/ төгрөг нийт 347.607 /гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун долоо/ төгрөгийн зардал хохирол учирсан байна. Дээрх зардлыг Ш А Ааас нэхэмжилж байгаа. Одоогоор Ш А А нь дээрх зардлыг төлж барагдуулаагүй байгаа болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

7. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... өндөрлөг хадны цаана нуугдсан байдалтай нэг хүн гараар дохио өгөөд байхыг би хараад 2 хүн байгаа юм байна. Нэг нь нутгийн гүнд нуугдаад үлдэж байгаа юм байна гэж бодоод өөрөө шууд хилийн харуулд очиж мэдэгдсэн. Хилийн харуулаас хурдан шуурхай манаа гараад араас нь хөөгөөд очиход унаж явсан морио улсын хил дээр үлдээгээд хилийн торон доогуур шургаад ОХУ тал руу зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал),

8. Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн Б мотоцикль уналгатай хилийн харуулын байранд ирж үл таних 1 хүн миний морь аваад зугтаачихлаа. Түүнийг хөөж явахад өндөрлөг хадны цаана нуугдсан байдалтай нэг хүн гараар дохио өгөөд байна гэхээр нь Хилийн 79 дүгээр тэмдэгтийн чиглэлд улсын хилээс 5 км орчимд үл таних 1 хүн явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

9. Гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...торон саадан доогуур шурган гарч Оросын холбооны улс тал руу зугтсан ба унаж явсан 1 тооны адууг барьж авсан. Хилийн 79/2 дугаар тэмдэгтийн баруун тал 500 метр зайтай. Би зогс гэж хэлэхэд хүчтэй салхитай байсан тул сонсоогүй. Тухайн үед Монгол, Оросын 2 торны голд гүйж явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

10. Шүүгдэгч Ш А Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайд надаас өөр хэн ч байгаагүй тэгээд С манайд ирээд Сын авч ирсэн 1.5 литрийн ундааны савтай архийг хийж хувааж уусан. Архи ууж байхад С нь “машинтай ирж явахад үхэр хулгайлъя” гэж хэлсэн. Би тэр үед Сд “ хулгай хийхгүй, би хүний юм хулгай хийж болдоггүй юм шүү” гэж Сд хэлсэн. Тэр үед би архи уучихсан байсан болохоор хаашаа явж байгааг нь би тухайн үедээ мэдээгүй Стай хамт алхаад бид хоёр явж байсан, би согтуу явж байсан учраас хил давсныгаа ч санахгүй, мэдэхгүй байна. Тэгээд би гэнэт л согтоод унтаж байтал гэнэт мотоциклын дуу гараад хүмүүс орилоод байх шиг дуу гарсан. Тэгээд би сэрээд тухайн газраас босоод нэг уулын ар талд чулууны ард хэвтээд унтаж байтал Монгол улсын хилийн цэргийн алба хаагч нар ирж намайг барьж авсан юм”  гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.

Монгол  Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш А А нь 2022 оны 5 дугаар сарын 09-10 -нд шилжих шөнө хилийн боомт бус газар болох Монгол Улсын хилийн 82 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу боомт бус газраар нууцаар С гэгчтэй бүлэглэсэн хилээр нэвтэрч орж ирсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш А Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангид учирсан 347.607 төгрөгийг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн төрийн сангийн 100150012404 дугаар данс руу шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.С хохирол барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш А А нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Шүүгдэгч Ш А А нь бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ш А А нь 2022 оны 5 дугаар сарын 10-ний өдөр тус багийн иргэн Д.Б 1 /нэг/ тооны морийг бүлэглэн хулгайлсан болох нь:

1. хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

2. мал амьтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

3. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Бөхмөрөн сумын 1-р багт хилийн зурвасаас 10км зайд эхнэр 3 хүүхдийн хамт “Арал толгой” гэх газарт амьдардаг. 2022 оны 05 сарын 09-ээс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед манай гэрийн гадаа хүн явах чимээ гарахад нь 10 минут орчим гэрт хүн орж ирэхийг хүлээгээд орж ирэхгүй болохоор нь хашааны хажууд байсан. Морио очиж авах гээд явж байхад машины гэрэл гараад нэг машин ирсэн чинь жолооч Б гэх хүн ноолуур авч явсан бөгөөд намайг унтахгүй юу хийж байгаа юм гэхээр нь сая манай гэрийн гадаа хүн явах чимээ гараад орж ирэхгүй болохоор юмыг яаж мэдэх вэ хулгайч явж байж магадгүй гэж бодоод морио гэр рүү дөхүүлэх гээд гэж ярилцаад Б яваад өгөхөөр нь би морио гэрийн баруун бүснээс хаалганы ойролцоо уяад эхнэр бид хоёр 03 цагт өнгөрч байхад унтаж амарсан. Өглөө 06 цаг 30 минутад босоод мориндоо өвс өгөхөөр хашааны хажууд очиж моринд өвс өгөөд гэрийн хажууд ирээд зогсож байтал хашааны хажууд байсан миний морийг үл таних хүн аваад мордож байхаар нь гэрийн хажууд байсан мотоциклио асаагаад миний морь аваад зугтсан хүний араас хөөсөн. Тэгтэл тэр морь унаад голын эсрэг талд гарахаар нь би голын нөгөө талаар дагаж байхад. Морьтой хүн гараараа дохио зангаа өгөөд байсан зүг рүү харсан чинь явган үл таних  нэг хүн голын баруун талд суусан бөгөөд тухайн үед би морь унасан хүнийг барьж авах юм бодоод араас нь хөөж байгаад “Хос толгой” гэх газарт байсан манай хадам дүү Б би морио гэрийн гаднаас Тува хүмүүст алдчихлаа чи миний морины араас салахгүй дагаад явж бай би хилийн харуулд энэ талаар очиж хэлээд цэргүүдийг дагуулаад араас чинь яваад очно гэж хэлээд хилийн харуул дээр очиж манай гэрийн гаднаас Тува хүмүүс миний 1 морийг хулгайлаад зугтчихлаа гэж хэлээд араас нь хилийнхэнтэй хамтарч хайгаад адуу алдсан талаар эхнэрийг цагдаа болон сумын холбогдох албан тушаалтнуудад хэл гэж хэлээд бид нар хилийн шугамын дагуу эрэл хайгуул хийж ажиллах явцад миний морийг хулгайлж авсан хүн гаргах гэж байгаад хилийн харуул манаад баригдах гээд байхаар нь миний морийг хилийн торны хажууд орхиод өөрөө хилийн торны доогуур шургаад зугтсан талаар надад хилийн харуул хэлж алдсан нэг морио авсан. Гэрийнхээ гаднаас халтар зүсмийн, 5 настай, зөв гуяндаа сар тамгатай зөв бөөрөндөө цагаан үстэй биеэр жижигхэн нэг тооны морь алдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-54 дэх тал),

4. Гэрч У.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Бөхмөрөн сумын 1-р багт ах эгчийн хамт мал маллаж амьдардаг манайх хилийн ойролцоо малаа хариулдаг бөгөөд тухайн үед бид нар хилийн харуул манайд очиж хэлж Б нэг морийг хайсан. Б надад хэлэхдээ 1 тооны халтар зүсмийн морь гэрийнхээ гаднаас алдсан талаар хэлсэн. Манайх Б гэж айлаас 2 км зайтай байдаг 2022 оны 05 сарын 09-ээс 10-нд шилжих шөнө манайд 01 цагийн үед манай мал иргээд байхаар нь гараад малаа хараад зогсож байсан чинь манай малын хашааны доохон 50 метр зайтай 2 хүн яваад байх шиг харагдсан бөгөөд тухайн үед хилийн харуул юм болов уу гэж бодоод унтаж байгаад 05 цагийн үед сэрээд малын хашаа руу очиход хутганы  хуй байхаар хилээс У хүмүүс орж ирсэн байж магадгүй гэж бодоод хилийн харуулд хэлсэн чинь манай хил тайван хил зөрчсөн зөрчил байхгүй гэхээр ойр орчмын айлуудад малаа эзэн хариулагчтай байлгах талаар хэлээд явж байтал Б ирээд хашааны хажууд байсан 1 тооны халтар морийг 2 У хүн орж ирээд 1 хүн унаад зугтчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

5. Гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр Жигэртэйн харуулын байранд үүрэг гүйцэтгэж байхад харуулын дарга А бид нарт Б гэх хүний 1 тооны халтар зүсмийн дан сар тамгатай морийг зүс үл таних хүн хилийн зурвасын чиглэлд хулгайлж аваад зугтсан талаар хэлээд намайг байлдагчтай хамт Улсын хилийн 79-ийн 2-р тэмдэгтийн дагуу хаалт манаанд гаргасан тухайн үед хариуцаж байсан чиглэлийн хад чулуу, байгалийн хад ихтэй хэсгээр л морьтой Монголын хилийн торны доогуур шургалаад зугтсан тухайн үед бид хоёроос 100 метрийн зайтай байсан тул зугтаад ОХУ-н хилийн зүгт зугтаасан. Хилийн торны хажууд байсан 1 морь Бөхмөрөн сумын иргэний морь гэж сонссон 2022 оны 05 сарын 10-нд 1 морь хулгаад алдсан Б гэж хүний морь байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

6. Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “хилийн цэргийн 0245-р ангийн 0227-р салбарын Жигэртэйн байнгын харуулын даргаар ажилдаг  бөгөөд 2022 оны 05 сарын 10-ны өглөө 08 цагийн үед тухайн 1-р багийн иргэн Б өглөө гэрийнхээ гадна 1 тооны морь сул тавиад өвс өгч байсан чинь үл таних 2хүн ирээд нэг хүн миний 1 тооны халтар зүсмийн 5 настай зөв гуяндаа дан сар тамгатай морийг зүс үл таних хүн гэрийн гаднаас унаад зугтаачихлаа гэж мэдэгдсэн тул хариуцсан хилийн зурвасын дагуу хилийн хаалт манаа гаргаж тухайн болсон нөхцөл байдлыг харуулд мэдэгдэж харуул нь цааш шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж би байлдагч Ц.Х, Н.Г нарыг хаалт манаанд 79-р 2 тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэх тушаал өгөөд би өөрөө алба хаагчдын хамт хэрэг мөрдлөг хийж байхад байлдагч Ц.Х Н.Г нарын хариуцсан чиглэлд Б 1 тооны морь унасан үл таних хүн илэрсэн бөгөөд тухайн үед манай 2 байлдагч араас нь явж Улсын хилээр гаргахгүй хаалт хийхээр явган гүйсэн боловч хил зөрчигч байгалийн бартаа саадыг ашиглаад зугтаагаад 79-ийн 2-р тэмдэгтийн чиглэлд унаж явсан морио үлдээгээд өөрөө ОХУ болон Монгол Улсын хилийн инженерийн өргөст утсан хашааны доогуур шургалаад зугтсан тухайн үед  бид нар ул мөрийг хадгалалтад авч заставаас тусгай томилгоот бүлэг ирж хамгаалалт хийж нутгийн гүнд үлдсэн 1 хил зөрчигчийг эрэн хайх ажил зохион байгуулаад би нутгийн гүн рүү үүрэг гүйцэтгэх хугацаанд тус багийн “Торгоны хөтөл” гэх нэртэй газрын зүүн үзүүрийн доод үл таних хүн буюу хил зөрчигч нуугдаж байсныг барьж аюулгүй болгож холбогдох хууль тогтоомж журмын дагуу ажиллаж салбараас ирсэн тусгай томилгоот бүлэгт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

7. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаартай “Увс аймагт 2022 оны 5 дугаар сарын байдлаар 5 настай морь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88 дахь тал)-үүдээр тогтоогдсон байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т “бүлэглэж мал хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг  хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш А Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Архи ууж байхад С нь “машинтай ирж явахад үхэр хулгайлъя” гэж хэлсэн. Би тэр үед Сд “ хулгай хийхгүй, би хүний юм хулгай хийж болдоггүй юм шүү” гэж Сд хэлсэн.  Би Сыг мал хулгайлсан гэдгийг нь мэдээгүй, би согтчихсон байсан” гэж мэдүүлж(хавтаст хэргийн 107-108, 111-112 дахь тал) байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй харин хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашааны хажууд байсан миний морийг үл таних хүн аваад мордож байхаар нь гэрийн хажууд байсан мотоциклио асаагаад миний морь аваад зугтсан хүний араас хөөсөн. Тэгтэл тэр морь унаад голын эсрэг талд гарахаар нь би голын нөгөө талаар дагаж байхад. Морьтой хүн гараараа дохио зангаа өгөөд байсан зүг рүү харсан чинь явган үл таних  нэг хүн голын баруун талд суусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-54 дэх тал), гэрч У.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 09-ээс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед манай мал үргээд байхаар нь гараад малаа хараад зогсож байхад манай малын хашааны доод талд 50 метр зайтай 2 хүн яваад байх шиг харагдсан бөгөөд тухайн үед хилийн харуул юм болов уу гэж бодоод унтаж байгаад 05 цагийн үед сэрээд малын хашаа руу очиход хутганы  хуй байхаар нь хилээс У хүмүүс орж ирсэн байж магадгүй гэж бодоод хилийн харуулд хэлсэн.  Ойр орчмын айлуудад малаа эзэн хариулагчтай байлгах талаар хэлээд явж байтал Б ирээд хашааны хажууд байсан 1 тооны халтар морийг 2 У хүн орж ирээд 1 хүн унаад зугтчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал)-үүдээр үгүйсгэгдэж байгаа тул түүнийг С гэгчтэй бүлэглэн хохирогч Д.Б-ын 1 /нэг/ тооны морийг хулгайлсан гэж үзнэ.

С гэгч нь хохирогч Д.Б-ын 1 /нэг/ тооны морийг хулгайлан авах үед нь хохирогч мэдэж араас нь хөөсөн тул шүүгдэгч Ш А А дээр очих боломжгүй болж, орхин зугатааж, ОХУ-ын тал руу орсон байна.

Шүүгдэгч Ш А А нь бусадтай бүлэглэн хохирогчийн нэг тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь С гэгчтэй хамтран Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж ирж, бусдын малыг хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ш А Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн морийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул хохирогчид өгөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Ш А Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ш А А нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан бусдын мал хулгайлах,

Мөн Монгол улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн нь тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Х-ыг Р Ч-ын өгсөн: “...Ш А А нь өөрөө Мөнгөн тайга хошууны Мөнгөн бүрэн суманд малчин хийдэг бөгөөд өөрийнхөө малыг хүний малтай нийлүүлж хөдөө маллаж амьдардаг бөгөөд гэрээсээ хол ганцаараа мал малладаг, хааяа заваараа гэртээ ирдэг юм. Ш А А нь зан аашийн хувьд их тайван, даруухан, ажилтай, хөдөлмөрч амьдралч, авсан эхнэртэй хайртай, үр хүүхэддээ халамжтай үргэлж архидаад байдаггүй, тамхи ч татдаггүй, ёстой л амьдралч хүүхэд юм. Эд хөрөнгийн хувьд Мөнгөн тайга хошуунд нэг том болон нэг жижиг байшинтай машин унаж чаддаггүй учраас машин аваагүй, амьдрал бол боломжийн амьдралтай айл юм. Архи уусан үедээ ч тэр эрүүлдээ ч тэр ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал), Гэрч Ч М А-ийн өгсөн: “...Ш А А нь багаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд 9 дүгээр анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой юм. Ш А А нь 2004 онд Ш А И-тай гэр бүл болж гэрлэсэн. Одоо ам бүл-5 эхнэр 3 хүүхдийн хамтаар Тува улсын Мөнгөн тайга хошуунд амьдардаг эхнэр Ш А И нь Мөнгөн тайга хошууны захиргаанд цэвэрлэгч ажилтай, харин охин Ш Оргаадай Аовна /эмэгтэй/ нь 2-р сургуулийн 5 дугаар ангид сурдаг, дараагийн хүүхэд болох хүү Ш Н А нь 2-р сургуулийн 4 дүгээр ангид сурдаг, бага охин Ш Г А нь 6 настай, эмэгтэй цэцэрлэгт сурдаг юм. Ш А А нь өөрөө Мөнгөн тайга хошууны Мөнгөн бүрэн суманд малчин өөрөө 300 гаруй тооны бог малтай. Амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн хулгай хийгээд байхааргүй амьдралтай, ах дүү нартаа хамгийн итгэлтэй хүний нэг бөгөөд хүнтэй сайн харилцдаг, элдэв зан авир гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал)-үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.1-т “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хохих ял тус тус оногдуулж  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Ш А Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш А Аийн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 2 нүдний эвдэрхий дуран, дурангийн эрээн арчуур, хутганы хуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, 10 рубль, 5 рублийн зоосыг улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч шүүгдэгч Ш А Аид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш А Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш А Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хохих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Ш А Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш А Аид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш А Аийн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 2 нүдний эвдэрхий дуран, дурангийн эрээн арчуур, хутганы хуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, 10 рубль, 5 рублийн зоосыг улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш А Аид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ