Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0720/Э |
Дугаар | 2022/ШЦТ/759 |
Огноо | 2022-09-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/759
2022 09 26 2022/ШЦТ/759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Ж.Баянжаргал,
шүүгдэгч Л.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЛЦд холбогдох эрүүгийн 2211 01183 1439 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-245 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт ЛЦ /РД:....................................................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхманлайтай маргалдаж улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Ц нь:
2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхманлайтай маргалдаж улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Л.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Д.Энхманлайгийн “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 2-126 тоотод байж байгаад гэрээс гарч хашааныхаа орчимд найзтайгаа юм яриад байж байтал нэг цагаан өнгийн приустэй ах ирээд хажууд зогссоноо намайг юугаа харсан юм гөлөг минь, ална шүү гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад гэр лүүгээ орсон ... махлаг залуутай хамт гарч ирсэн бөгөөд тэр гарч ирсэн залуу нь хоёулаа зодолдох уу гэж хэлээд шууд миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнийг цааш нь түлхээд тэрэнтэй барьцалдаж аваад зодолдсон. Тэгсэн манай найз Анхбаяр машинаас бууж ирээд салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
Шүүгдэгч Л.Цын гэрчээр өгсөн “...миний өөдөөс зодолдохоор хүрээд ирэхээр нь би нүүр хэсэг рүү нь алгадаад нэг удаа түлхээд хоорондоо барьцалдаж байгаад салсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9444 дугаартай дүгнэлтэнд “Д.Энхманлайгийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
Шүүгдэгч Л.Цын яллагдагчаар өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал манай ах Золжаргал гаднаас 18 цагийн үед /одоо санаж буйгаар/ манай гэрт орж ирээд манайхаас юм авчихаад гарахдаа надад үүдэнд хэдэн хүүхдүүд томроод байна гэж ярихаар нь би цуг гаръя гээд хамт гэрээс гартал манай хашааны үүдэнд цайвар өнгийн том тэрэгтэй хоёр залуу нэг охин байсан. Тэгээд би тухайн залуусаас юу болсон учрыг асуутал Энхманлай гэх залуу нь дээгүүр хувцсаа тайлаад, зодолдъё үзье гэх зэргээр дайраад байсан ба нөгөө хамт явсан хоёр нь машин дотроо сууж байсан. Тэгээд миний өөдөөс зодолдохоор хүрээд ирэхээр нь би нүүр хацар хэсэг рүү нь алгадаад нэг удаа түлхээд хоорондоо барьцалдаж зууралдаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод салсан юм ...би дүгнэлттэй танилцлаа. Тухайн гэмтлийг би Энхманлайтай барьцалдан зодолдох үедээ үүсгэсэн юм. Хурууны гэмтлийг Энхманлайтай ноцолдох үед үүссэн байх, харин нүүр, хамар болон бусад хэсэгт учирсан гэмтлийг би зодолдож цохилцох үедээ үүсгэсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 66-67/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Л.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхманлайтай маргалдаж улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, эрүү, уруулд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Энхманлай нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй хэдий ч;
мөрдөн шалгах ажиллагааны үед нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримт /хавтаст хэргийн 62 дугаар тал/-аар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч Л.Ц нь төлж барагдуулжээ.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ЛЦлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ