| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0210/И |
| Дугаар | 236 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 55 настай, Дорноговь аймгийн Эрдэнэ сум 2-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, У овогт У.Э-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч У.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.Э нь 1979 оны 06 сарын 28-наас 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдлийн боловсон хүчний сейф шатаж миний бичиг баримт үрэгдсэн, нэгдэлд Мандаххайрхан хоршоо болж өөрчлөгдөн архивд өгсөн цалингийн баримт дутуу байгаа тул 1979 оны 06 сарын 28-наас 1992 оны 12 сарын 31-ны өдөр дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч У.Э шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 1979 оны 06 сарын 28-наас 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Боловсон хүчний сейф шатсан тул миний бүх бичиг баримт шатсан иймд шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч У.Э нь 1979 оны 06 сарын 28-наас 1992 оны 12 сарын 31-ны өдөр дуустал хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч У.Э нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар 1979 оны 06 сарын 28-наас 1992 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд ажиллаж байсан нь Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 63 тоот тушаал, 1989 оны 05 сарын 05-нд авч байсан “Талархал” бичиг, 1991 оны 07 сарын 10-ны “Баярын бичиг”, 1988 оны 2 сарын 05-ны “Баярын бичиг”, гэрч С.М “Анх намайг 1988 онд цэргээс халагдаж ирээд Амьдралын зам нэгдэлд хэсгийн даргаар ажилд томилогдож очиход У.Э нь ээж Х-н хамт хонь, ямаа маллаж байсан. Цаашид гэр бүлтэй болж малаа үргэлжлүүлэн малласан. Мал маллах арга барилдаа туршлагатай залуу малчдад цаашид ажиллаж хөдөлмөрлөхөд нь зөвлөгөө өгч зөвлөдөг тэргүүний малчдын нэг юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Б “Намайг 1980 онд Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд томилогдож ирэхэд өвөө, эмээтэйгээ хамт Э нь мал маллаж байсан. ...Сар бүр цалин олгодог байсан. Зарим сардаа нэгтгээд олгох үе байсан. Нэгтгэж олгосон үед ажлын хоногийн 60, 90 гэж бичсэн байгаа” гэх мэдүүлэг, гэрч С.И “У.Э нь 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Амьдралын зам нэгдэлд эмээ, өвөө хоёр дээрээ очиж мал маллаж эхэлсэн. Тухайн үед би Амьдралын зам нэгдэлд 1967 оноос 1985 оны 08 сар хүртэл туслах тооцооны нягтлан хийж байсан. У.Э нь голдуу адуу мал маллаж байсан. Нутгийн ард түмэн нь адуучин Э гэж дууддаг. 1979 оноос Э ямаа, адуу маллаж байсан. Дорноговь аймгийн Амьдралын зам нэгдэлд нь 1991-1993 оны хооронд хувьд гарч малчид хувиараа малаа маллаж эхэлсэн” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч У.Э-н 1979 оны 06 сарын 28-наас 1992 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч У овогт У.Э-г 1979 оны 06 сарын 28-наас 1992 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд ямаачин, малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б