Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн  дугаартай,  индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ц.*******ийн гэрийн гадна эхнэр С.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой би Ц.*******тэй утсаар ярихад “ Б.******* манайд байна “ гэхээр нь тэднийд очиход Б.******* архи уучихсан сууж байсан. Намайг ороход Б.******* гараад явахаар нь би араас нь дагаад гартал Б.******* үүдний амбаарт зогсож байснаа миний толгой руу гараараа 2 удаа цохиод, дахиад гэдэс рүү өшиглөхөөр нь би орилсон чинь гэрээс Ц.******* гарч ирсэн. Манай нөхөртэй хамт ажилладаг хүмүүс үхрийн мөнгө авсан гэж хэлсэн.Тэгэхээр нь би “ гэр орондоо мөнгө төгрөг өгөхгүй” гэж хэлснээс болж намайг зодох шалтгаан болсон байх... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/

Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 02 сарын 06-ны орой манайд 2 шил архи авчраад , , эхнэр *******, Б.******* бид нар уусан. Б.*******ын эхнэр над руу яриад удалгүй манайд ирсэн. Тэгээд Б.******* манайхаас гараад явахад эхнэр нь араас нь гарсан. Удалгүй гадаа хүн ёолох чимээ гарахаар нь гэрээс гартал С. эгч “Б.******* хатуу ултай гутлаар миний гэдэс рүү өшиглөчихөөд явчихлаа” гэж хэлсэн. .... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн ...С.ийн биед тархи доргилт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. С.Отгохишигийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 24-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...С. бид хоёр 2007 онд гэр бүл болсон. 2 хүүхэдтэй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Эхнэр бид хоёр эвлэрсэн....гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 сарын 06-ны орой Ц.*******ийн гэрт дөрвүүлээ архи ууж байхад эхнэр С. нь тэднийд ирж, Б.******* Ц.*******ийнхөөс гараад эхнэр С.ийн толгой тус газар нь болон гэдэс рүү нь цохиж биед нь ... тархи доргилт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг эхнэр С.ийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С. нь ... нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 34-р/ тогтоогдож байна Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч ын... Б.******* бид хоёр Ховд аймгийн ******* сумын дунд сургуульд хамт ажилладаг. Б.******* даруухан, дуу цөөтэй, хүнд тусархуу, хамт олны дунд нэр хүндтэй. Хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. ...гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* нь дуу цөөтөй, даруухан, ах дүүсийнхээ дунд нэр хүндтэй,түргэн ууртай... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “өндөр” гэх дүгнэлт / хэргийн 59-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/19 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” , 2015 оны 03 дугаар сарын 18- ны өдрийн 59 дугаартай “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолуудын хуулбар, / хэргийн 60-63-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ,6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа боловч гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр С.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, бусадтай маргалдаж зодолдсон байдал /Ховд аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/19 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” , 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолуудаар/ болон гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “өндөр” гэх дүгнэлттэй, гэрч, түүний авга ын... Б.******* түргэн ууртай... гэх мэдүүлэг зэргээс түүний хувийн байдлыг дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Тоёото корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, эхнэртэйгээ эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 550000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Тоёото корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

6. Шүүгдэгчийн Б.*******ын эзэмшлийн ХОА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Тоёото корона маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА