| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1284/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1360 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1360
2022 09 20 2022/ШЦТ/1360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ө даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,
Хохирогч Б.Нарантуяа,
Шүүгдэгч А.Ө, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Өыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00907 2185 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 392 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлогдсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдсон, Б овогт Аын Ө /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бетон зуурмагийн үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 8, хадам эх, эхнэр, 4 хүүхэд, зээгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 632 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, Х овогт Дгийн А, /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” нэртэй хоолны газраас иргэн Б.Нарантуяагийн Самсунг Галакси А-21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.А нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.Өын мөн өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” нэртэй хоолны газраас Самсунг Галакси А-21 загварын гар утсыг хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүнийг 150.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Өын өгсөн: “... Тэр өдөр Сансрын “Эс” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байгаад өглөөний 08 цагийн үед найзтайгаа хамт бууз идэхээр гарсан. Тэгээд зам гараад Хаан хуушуур орох гэтэл ямар ч хүн байгаагүй. Гэрэл байхгүй байсан. Текэн дээр нь очсон чинь хар өнгийн утас байсан. Тэгэхээр нь би найзыгаа гадаа байж бай гэж хэлээд гаргасан. Энэ хооронд би гар утсыг нь авсан. Найзыгаа буцаагаад тоглоомын газар руу оруулчхаад би өөрөө багшийн дээд дээр очоод А ах руу ярьсан. Тэгээд би утсыг үзүүлээд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ан өгсөн: “... Би тэр өдөр гэртээ байж байсан чинь нэг хүүхэд залгаад “хямд гарын утас авах уу” гэсэн. Тэгэхээр нь “ямар утас юм бэ” гэхэд “Самсунгийн утас” гэж хэлсэн. “Хаана байна, би ажил руугаа явж байна” гэхэд “хүрээд ирээч” гэсэн. Тэгээд яваад очсон чинь кодтой Самсунгийн утас байсан. “Энэ утас чинь кодтой юм байна” гэсэн чинь “би энэ гар утсыг олсон юмаа, та гайгүй авчхаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсыг аваад Монтел руу явсан. Би хулгайн гар утас гэдгийг мэдээгүй. Надад энэ талаараа хэлээгүй. Кодтой утас авсан нь миний буруу...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нарантуяагийн өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 24 цагийн хугацаагаар ажилласан. Өглөөгүүр бид нар хогоо хаядаг. Надтай хамт ажилладаг хуушуурын тогооч залуу хогоо хаях гээд гараад явсан. Би Хаан хуушуур цайны газарт тогооч ажилтай. Би гал тогоонд салатны материалаа хэрчээд байж байсан чинь гэнэт хаалга онгойх шиг болсон. Би хоол өгдөг жижиг цонхоор харахад юм харагдаагүй. Удалгүй дахиад хаалга хаагдсан. Тэгэхээр нь харсан чинь ямар ч хүн байгаагүй. Текний ард утсаа цэнэглээд үлдээснээ санаад хүн орж ирээд аваад явчхав уу гээд очоод харсан чинь миний утас байгаагүй. Манай зохион байгуулагч ирэхээр нь би утсаа алдчихлаа гэж хэлсэн. Хамт ажилладаг хуушуурын залуу хогоо асгах гээд гарсан хооронд хүн орж ирээд авчихлаа гэдгээ хэлсэн. Би жижиг цонхоор зөвхөн хаалгаа л харсан. Бид нар гурвуулаа ажилладаг. Би өөрөө порцын тогооч, хуушуурын тогооч болон касс гээд гурвуулаа л ажилладаг. Өглөө 7 өнгөрч байхад гарч хогоо хаядаг. Бид нар шөнөжингөө хоолны бэлтгэлээ хийгээд хонодог. Энэ гар утсыг манай охин Солонгосоос явуулсан. Хүүхдүүд маань тантай холбоо барьж чадахгүй хэцүү байна гээд энэ утсыг өгсөн. Би уг гар утсыг охиндоо хэрэглүүлж байсан. Охин маань хуулийн сургууль төгсөөд би ажилтан болж байгаа юм чинь энэ гар утсаа ав гэж хэлсэн. Би утсаа тэр газарт цэнэглэдэггүй. Цаг гаруйн дараа алга болно гэж бодоогүй. Гомдол саналгүй. Гэхдээ залуу хүн байж хулгай хийж олохгүй. Утасны төлбөр 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг утсыг 600.000 төгрөгөөр үнэлнэ гэхэд өмнө барьж байсан хуучин гар утас учраас 400.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн. Би түүнийг хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар хохирогчийн гаргасан өргөдөл /хх.07/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нарантуяагийн өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хаан хуушуур түргэн хоолны газарт байж байхад гаднаас үл таних хүн орж ирэн текний ард байсан миний өмчлөлийн Самсунг Галакси А-21 эс маркийн гар утас хулгайлсан байсан. Манай байгууллагын хяналтын камерт гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хар өнгийн хувцастай, зүс царай тодорхойгүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Өын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би хулгайлсан авсан гэх Самсунг Галакси А-21 загварын гар утсаа Д.Аптаншагай гэх нэртэй ченж ахад 150.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед би гар утас хулгайлж авчхаад Сансарын түнелээс автобусанд суугаад Багшийн дээд дээр буугаад түргэн үйлчилгээний цэгийн утаснаас залгаад “Ахаа Өсөхөө байна, та утас авах уу” гэхэд “тэгье, ах нь одоо ажил руугаа явж байна” гэхээр нь ахаа ажил руу чинь очиж чадахгүй байна, би Багшийн дээдийн Си Юу дэлгүүр дотор хүлээж байя гээд хүлээж байхад 20 орчим минутын дараа Д.А ах ганцаараа ирсэн... тухайн гар утсыг хараад авъя гэж хэлсэн, тэгээд “та хэдэн төгрөгөөр авах юм бэ” гэхэд “150.000 төгрөгөөр авъя” гэхээр нь зарсан мөнгөө бэлэн авсан... Хулгайн гар утас гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
“... 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Эс нэртэй цахим тоглоомын газраас найз Түмэндэмбэрэлийн хамт хоол идэх гээд гарсан. Тэгээд бид хоёр зам гараад Хаан хуушуур орсон. Тэгсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд текин дээр нь очоод “хүн байна уу” гэсэн чинь ямар ч хүн байхгүй байсан. Тэгсэн чинь текин дээр нь нэг гар утас байсан, тэгэхээр нь би найз Түмэндэмбэрэлийг гарч бай гэж хэлээд утсыг нь аваад автобусанд суугаад Багшийн дээд орсон, манай найз түрүүлээд яваад өгсөн. Би Багшийн дээд ороод таньдаг гар утасны ченж ахыг дуудаад гар утсаа 150.000 төгрөгөөр зарсан. Намайг гар утсыг үзүүлж байхад ченж ах өөрөө “кодтой юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хулгайн утас байгаа юм” гэсэн чинь “хямдхан авна” гээд 150.000 төгрөгөөр авсан...” /хх.59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ан яллагдагчаар өгсөн: “... Тухайн гар утас нь дэлгэц нь кодтой байсан. Надад хулгайн гар утас байгаа юм гэж хэлээд өгсөн байх... Би тухайн гар утсыг 150.000 төгрөгөөр авсан байна. Би авсан гар утсаа кодыг нь гаргаад цааш нь 250.000 төгрөгөөр зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх.67/,
“Дамно” ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн БЗД2-22-289 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,
Шүүгдэгч А.Өын төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.25, 29/,
Шүүгдэгч Д.Ан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.28, 30/,
Шүүгдэгч А.Өын урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.32-38/,
Шүүгдэгч Д.Ан урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.39-43/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.50/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.55/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай тэмдэглэл /хх.58/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.63-64/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай тэмдэглэл /хх.66/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
А.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” нэртэй хоолны газраас иргэн Б.Нарантуяагийн Самсунг Галакси А-21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөг хохирол учруулсан,
Д.А нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.Өын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хуушуур” нэртэй хоолны газраас Самсунг Галакси А-21 загварын гар утсыг хулгайлсан гэдгийг мэдсээр байж 150.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар хохирогчийн гаргасан өргөдөл /хх.07/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нарантуяагийн өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хаан хуушуур түргэн хоолны газарт байж байхад гаднаас үл таних хүн орж ирэн текний ард байсан миний өмчлөлийн Самсунг Галакси А-21 эс маркийн гар утас хулгайлсан байсан. Манай байгууллагын хяналтын камерт гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хар өнгийн хувцастай, зүс царай тодорхойгүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Өын яллагдагчаар өгсөн: “... Хаан хуушуур орсон. Тэгсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд текин дээр нь очоод “хүн байна уу” гэсэн чинь ямар ч хүн байхгүй байсан. Тэгсэн чинь текин дээр нь нэг гар утас байсан... утсыг нь аваад ... Багшийн дээд ороод таньдаг гар утасны ченж ахыг дуудаад гар утсаа 150.000 төгрөгөөр зарсан...” /хх.59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ан яллагдагчаар өгсөн: “... Надад хулгайн гар утас байгаа юм гэж хэлээд өгсөн байх... Би тухайн гар утсыг 150.000 төгрөгөөр авсан...” /хх.67/,
“Дамно” ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн БЗД2-22-289 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нарантуяагийн өгсөн: “... Би гал тогоонд салатны материалаа хэрчээд байж байсан чинь гэнэт хаалга онгойх шиг болсон. Би хоол өгдөг жижиг цонхоор харахад юм харагдаагүй. Удалгүй дахиад хаалга хаагдсан. Тэгэхээр нь харсан чинь ямар ч хүн байгаагүй. Текний ард утсаа цэнэглээд үлдээснээ санаад хүн орж ирээд аваад явчхав уу гээд очоод харсан чинь миний утас байгаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө, Д.А нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
А.Ө, Д.А нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Өыг, Эрүүгийн хуулийн тусгай агийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч А.Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, шүүгдэгч Д.Аг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
А.Ө, Д.А нар нь хохирлын 400.000 төгрөгийг хувь тэнцүү нөхөн төлсөн, хохирогч Б.Нарантуяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
А.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Ө, Д.А нарт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд мөн төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Д.А д дээрх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ад, тус тус сануулж байна.
А.Ө, Д.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо төлсөн” гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхийг энэ хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, А.Ө, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Аг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Өт сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ад сануулсугай.
6. А.Ө, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ө, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 400.000 төгрөгийг хувь тэнцүү нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нарантуяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ө, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.Ө