Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1342

 

 

 

 

 

 

   2022         09           14                                      2022/ШЦТ/1342

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч А.Өсөхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч П.Ч, С.Т, тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунаа /ҮД:1869/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ч, С.Т нарт холбогдох 2206 00306 2119 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт 2003 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1326-7 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд дарь эхийн 140 дүгээр гудамжны А тоотод түр оршин суух, Х овогт ПЧ /РД: /, 

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 2 дугаар байрны 6 тоотод оршин суух, Б овогтой Сгийн Т /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.Ч нь С.Ттэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жавхлантөгсийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байх үед нь 1.938.000 төгрөгийн үнэ бүхий Iрhоnе-Х загварын гар утас, унадаг дугуйг зэргийг хууль бусаар авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

С.Т нь П.Чтой бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жавхлантөгсийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байх үед нь түүний Iрhonе-Х загварын гар утас, унадаг дугуй зэргийг хууль бусаар авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Чийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө бид 2 оройн цагаар явж байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тэнд согтуу хүн явж байсан. Бид нар утас, дугуйг нь авч явсан нь үнэн. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Сургуульд сурна, ажил төрөл хийнэ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.  Тийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө бид 2 оройн цагаар явж байсан чинь согтуу хүн явж байсан. Дугуйгаа түрээд дайвалзаад замын хажуу тал руу унасан. Тэгээд босоод цаашаа явсан. Тэгээд араас нь явж байгаад П.Ч утсыг нь аваад зугтаасан. Тэр хүн П.Чийн араас нь хөөгөөд явахаар нь би дугуйг нь авсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жавхлантөгсийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ... найзтайгаа архи, пиво ууж байгаад тасарчихсан, эхнэртэйгээ утсаар ярихад эхнэр төв замаа дагаад яв, тэгвэл олно гэж хэлсэн бөгөөд би гар утсаараа эхнэртэйгээ яриад явж байхдаа нөгөө гартаа унадаг дугуйгаа түрээд явж байсан санагдаж байна. Тэр үед яг хаана явж байгаагаа мэдэхгүй байхад 2 залуу над дээр ирээд, хүргээд өгөх үү гэсэн зүйл яриад байсан. Би та хоёроор хүргүүлэхгүй гэж эхнэртэйгээ утсаар яриад явж байхад миний гар утсыг араас нэг хүн булаагаад зугтаачихаар нь би унадаг дугуйгаа тэр дороо үлдээгээд миний гар утас булаасан хүний араас нэг их хол гүйгээгүй, буцаад унадаг дугуй дээрээ ирэхэд миний унадаг дугуй алга болсон байхаар нь төв замаас такси бариад гэртээ харьсан. Тэр үед миний гар утсыг булааж зугтаасан хүн миний биед халдаж зодсон зүйл байхгүй, шууд л араас гар утас булаагаад л зугтаачихсан, араас нь гүйж байгаад унадаг дугуйгаа үлдээсэн газраа ирэхэд унадаг дугуй маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оргилмаагийн өгсөн: “... өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр ажлаа тараад нэг найзтайгаа хамт Жуковын тэнд пабд сууж байгаад 00 цагийн үед гэр лүүгээ алхаад Жуковын хөшөөний зүүн талаар өгсөөд явж байхад нь араас нь үл таних эрэгтэй хүн гар утсыг нь аваад зугтаачихсан гэсэн, тэгээд унадаг дугуйгаа хаяад араас нь хөөгөөд 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Чийн гэрчээр өгсөн: “... 2021 оны 12-р сарын 20-ны орой найз Тийн хамт гэртээ байхдаа хүний цүнх шүүрээд мөнгөтэй болъё гэж бид 2 ярилцаад 22:00 цагийн үед гэрээс гараад Жуков чиглэл рүү алхаж явахад Жуковын хөшөөний хажуу талын зам дээр унадаг дугуй хажуудаа хэвтүүлээд тавьчихсан, согтуу эрэгтэй хүн утсаа оролдоод сууж байхаар нь Т бид хоёр модны цаагуур орж тэр хүнийг ажиглаж байгаад, би гар утсыг нь, Т унадаг дугуйг нь авч зугтаахаар ярилцан, нэлээн орой болсон байсан, 00:00 цагийн үед уг согтуу хүн унадаг дугуйгаа түшээд, гар утсаа оролдоод зогсож байхаар нь би гар утсыг нь шүүрээд зугтаагаад тэр хүн унадаг дугуйгаа үлдээгээд миний араас явганаар хөөсөн, би уг хүнээс зугтааж явсаар кино үйлдвэрийн хойд талын автобусны буудал орчим ирэхэд найз Т унадаг дугуй уначихсан зогсож байсан бөгөөд, бид хоёр уулзаад шууд гэр лүүгээ харьсан. Тухайн үед уг хүний гар утсыг нь намайг шүүрээд зугтаах хойгуур найз Т уг хүний унадаг дугуйг унаад кино үйлдвэр дээр ирсэн байсан. Тэр оройдоо бид хоёр гэртээ ирж хоноод, маргааш нь би шүүрээд зугтаасан гар утсаа Теди гар утас худалдааны төвийн замын эсрэг талд байрлах утас засварт утас янзлуулж байсан бололтой зогсож байсан хүнд 300.000 орчим төгрөгөөр зарж, тэр хүн надад бэлнээр 150.000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэнийг нь миний данс руу шилжүүлсэн. Миний дээрэмдсэн гар утас I phonе Х маркийн, хар өнгөтэй гар утас байсан. Т унаад зугтаасан дугуйгаа танил хүндээ зарсан гэж байсан, хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн дугуй нь цагаан бичигтэй, ачаатай унадаг дугуй байсан. Би найз Ттэй дээрх гэмт хэргээс өөр газар үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Өмнө нь би ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн гэрчээр өгсөн: “... 2021 оны 12-р сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө гэрээсээ гараад Жуковын хөшөө хүртэл алхаад явах замд Жуковын хөшөөний зүүн талын зам дээр 1 согтуу хүн газар суучихсан, хажуудаа унадаг дугуй хэвтүүлээд тавьсан байсан тул бид хоёр тэр хүнийг хэсэг харж байгаад, Ч уг хүний гар утсыг гараас шүүрч зугтаах үед тэр хүн Чийн араас гүйгээд явсан ба би тэр үед газар хэвтүүлсэн байсан унадаг дугуйг нь аваад кино үйлдвэр чиглэл рүү унаж яваад замдаа Чтой уулзаад бид хоёр Улаанхуаранд түрээсэлж байсан гэртээ ирсэн. Маргааш нь би дээрэмдсэн унадаг дугуйгаа коллежид хамт сурч байсан танил болох Ганзоригт 350.000 төгрөгөөр зарж мөнгөө өөрийн 5040201205 гэсэн ХААН банкны данс руугаа аваад Ч бид хоёр хэрэглээндээ үрээд дуусгасан. Нөгөөдөр нь Ч дээрэмдсэн гар утсаа фейсбүүкээр хүнтэй холбогдож байгаад Теди гар утасны засварын төвийн ойролцоо засварт сууж байсан хүнд зараад мөнгөө өөрийнхөө данс руу авсан гэж байсан. Яг хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь би мэдэхгүй байна, мөн Ч бид хоёр хэрэглээндээ үрээд дуусгасан. Миний дээрэмдсэн унадаг дугуй нь саарал өнгөтэй, ардаа ачаатай, ардаа 8 араатай, урдаа 3 араатай, түгждэг ацтай, карбон хийцтэй унадаг дугуй байсан. Чийн дээрэмдсэн гар утас нь ямар ч байсан I Рhоnе-маркийн, хар өнгөтэй гар утас байсан, яг маркийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би найз Чтой дээрх гэмт хэргээс өөр газар үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Өмнө нь би ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.28/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗ1-21-1374 дугаартай “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр ний 1.938.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.37/,

Шүүгдэгч П.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх.49-50/,

Шүүгдэгч С.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх.51-52/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.82-85/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.61,69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Чийн яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би сонсгож буй зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед ажилгүй болчихсон байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн баруун талд байрлах 70 дугаар байранд хажуу өрөө түрээсэлдэг байсан. Тэгээд байрны мөнгө болох 350.000 төгрөгийг төлөх хугацаа өнгөрчихсөн, байрнаас гарах гээд байсан учраас найз С.Ттэй нийлж гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг хийж олсон утсаа 300.000 төгрөгөөр зарж, байрны түрээсийн мөнгөө өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундааны хэрэглээгүй, эрүүл байсан. Би учруулсан хохирол мөнгө болох 3.400.000 төгрөгийг хэрэг хамтран үйлдсэн С.Ттэй нийлж хүн тус бүр 1.700.000 төгрөгийг хохирогч Б.Жавхлантөгсийн дансанд шилжүүлж хохирогч Б.Жавхлантөгсийг хохиролгүй болгосон. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би сонсгож буй зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан буюу байрны мөнгө нэхэгдээд байсан учраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө найз Чийн хамт гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны хэрэглээгүй, эрүүл байсан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Би учруулсан хохирол мөнгө болох 1.700.000 төгрөгийг хэрэг хамтран үйлдсэн П.Чтой нийлж хохирогч Б.Жавхлантөгсийн дансанд шилжүүлж хохирогч Б.Жавхлантөгсийг хохиролгүй болгосон. Би өөрийн хийсэн хэрэг ээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.71/,

 Хохирогч Б.Жавхлантөгсийн “... хохирол бүрэн гүйцэт авсан. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйл байхгүй...” бичгээр гаргасан тайлбар хүсэлт /хх.72/,

Хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

С.Т, П.Ч нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жавхлантөгсийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байх үед нь түүний Iрhonе-Х загварын гар утас, унадаг дугуй зэргийг хууль бусаар авч зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жавхлантөгсийн өгсөн: “... 2 залуу над дээр ирээд, хүргээд өгөх үү гэсэн зүйл яриад байсан. Би та хоёроор хүргүүлэхгүй гэж эхнэртэйгээ утсаар яриад явж байхад миний гар утсыг араас нэг хүн булаагаад зугтаачихаар нь би унадаг дугуйгаа тэр дороо үлдээгээд миний гар утас булаасан хүний араас нээх хол гүйгээгүй, буцаад унадаг дугуй дээрээ ирэхэд миний унадаг дугуй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оргилмаагийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр ... араас нь үл таних эрэгтэй хүн гар утсыг нь аваад зугтаачихсан гэсэн, тэгээд унадаг дугуйгаа хаяад араас нь хөөгөөд 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗ1-21-1374 дугаартай “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр ний 1.938.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Чийн яллагдагчаар өгсөн: “... байрны мөнгө болох 350.000 төгрөгийг төлөх хугацаа өнгөрчихсөн, байрнаас гарах гээд байсан учраас найз С.Ттэй нийлж гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг хийж олсон утсаа 300.000 төгрөгөөр зарж, байрны түрээсийн мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх.63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тийн яллагдагчаар өгсөн: “... байрны мөнгө нэхэгдээд байсан учраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө найз Чийн хамт гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх.71/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ч, С.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.Ч, С.Т нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Ч, С.Т нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн үйл баримтад зүйлчлэл нь тохирчээ.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт П.Ч, С.Т нарын өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тус бүр тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах санал гаргасан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар П.Ч, С.Т нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шүүхийн шатанд гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.Ч, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд П.Ч, С.Т нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

П.Ч, С.Т нар нь хохиролд 3.400.000 төгрөг хувь тэнцүү нөхөн төлсөн, хохирогч Б.Жавхлантөгс нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

          П.Ч, С.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд “1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... 3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заасан байна.

Иймд П.Ч, С.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй, дөнгөж насанд хүрсэн шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаанд тэнсэж, мөн хугацаанд зарим төрлийн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

П.Ч, С.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Ч, С.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, П.Ч, С.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт ПЧ, Б овогтой Сгийн Т нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч, С.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тус бүр тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч П.Ч, С.Т нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Ч, С.Т нарт сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, П.Ч, С.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.400.000 төгрөг хувь тэнцүү нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Жавхлантөгс нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Ч, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР