| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00509/и |
| Дугаар | 509 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 509
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ын Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж-гийн З-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч З, иргэдийн төлөөлөгч Э, гэрч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 6 дугаар сард х газарт хаваржиж байхдаа хоёр тооны морио иргэн Д гэх айлын адуунд тавьчихсан байж байгаад зөв гуяндаа мухар олом тамгатай, халтар үрээ морио хулгайд алдсан. Би уг адуугаа хулгайд алдсанаас хойш 2 жилийн хугацаанд эрж, хайж маш их зардал гаргасан ба адуугаа олоогүй байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний алдагдсан хар халтар үрээг О гэх, зүс таних эмэгтэй хөтөлж ирээд манай хадлангийн талбайн хажууд аргамжиж, идүүлж байхыг би холоос хараад таньсан. Тэгээд би цагдаад мэдэгдэхэд Цагдаагийн газраас шалгаад З хулгайлж авч, Б-д бэлэглэсэн болох нь тогтоогдсон. З миний морийг өөрийн гэж маргалдсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Малын тамга судлалын шинжилгээ”-ээр маргаан бүхий морины им тамга нь З-с хураан авсан аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр дүрс, байршил зэрэг шинжээрээ тохироогүй, харин надаас хураан авсан мухар олом тамгатай, миний хар халтар морины зөв талын гуянд дарсан тамганы дардастай тохирч байгааг шинжээч тогтоосон юм. Миний хар халтар морийг надад авч өгөөд, З-ийн миний адууг хулгайлсан үйлдэл нь хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний халтар морь дахин З-ийн адуунд нийлснийг надад буцааж өгөхгүй, миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Мэдээж надад адуун сүрэг гэж байхгүй, ганц морьтой, тэр морь 2015 оноос хойш сүрэгт орж, тэндээ идээшин дассан байхыг үгүйсгэхгүй. З өөрөө 200 гаруй тооны адуутай хүн байж, миний ганц морийг булаацалдаад байгаад маш их гомдолтой байна. Мөн би зөвхөн морио л авах хүсэлтэй ба надад байгаа ганц морь юм. Иймд З-с миний 6 настай хар халтар зүсмийн, морийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 онд Б гэх залууд өөрийн унаган халтар морио өгсөн. Гэтэл Б гэх хүн миний морийг булаацалдаж, тамга давхарлаж дарсан гэх үндэслэлээр булаацалдаж байна. Энэ нь давхарлаж дарсан биш, тамгалж байх үед хөдөлж урьдныхаа тамганы хажууд дарагдсан байгаа. Энэ морины эцэг эх, ах дүү адуу нар нь бүгд байгаа. Энэ морийг манай хавь орчны хүмүүс бүгд танина. Бас сургаж унаж байсан хүмүүс байгаа. Энэ морийг намар 11 дүгээр сард Б-с булааж аваад унаж өвөлжөөд 4 дүгээр сард Б адуундаа тавихад адууг нь дагалгүй, өөрийн адуундаа гүйж ирээд, эх гүүгээ дагаад байж байгаа. Хавар адуу дэллэж байхад Б “морио авъя” гэж ирэхэд нь би “Адуу ижилдээ ирээд эхээ дагаад явж байхад чи малын чинээ ухаантай бай” гээд явуулсан. Гэтэл одоо болтол хэл ам хийгээд байх юмаа. Иймд танай шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө үү. Хэрэв би хүний морь авсан бол буруугаа хүлээхэд бэлэн, харин Б хүн гүтгэж нэр хүнд, сэтгэл санаа, ажил амьдралаар хохироосон учир үнэн мөнийг нь олж өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ морины эцэг, эх болон өөрөөс нь цусны шинжилгээ хийлгэж, маргааныг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -с хариуцагч З-д холбогдуулан хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоос үзэхэд иргэн Б 2015 оны 6 дугаар сард х газарт хаваржиж байхдаа зөв гуяндаа мухар олом тамгатай хар халтар зүсмийн үрээ морио хулгайд алдаж, 2017 оны 9 дүгээр сард уг морио олох үед иргэн З-ийн адуун сүрэгт байж байгаад Б-д шилжсэн болохыг, мөн тухайн морины тамганд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Малын тамга судлалын шинжилгээ” хийлгэж, иргэн Б-н морь мөн болохыг тус тус тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Бусдын хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай” хэмээн тодорхойлон ирүүлсэн байгаа боловч дээрх Прокурорын тогтоолоор уг морь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэм хэргийн улмаас бусдын эзэмшилд шилжсэнийг тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзлээ.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч “Би 3 жилийн өмнөөс энэ морийг уралдуулахаар уяж, сургаж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн ба энэ нь Прокурорын тогтоолд дурдсан Б-н морио алдсан цаг хугацаатай тохирч байгаа бөгөөд тухайн морийг 2015 оноос хойш З нь өөрийн адуундаа байлгаж, уралдуулахаар уяж, сургаж байсан, одоо ч гэсэн түүний адуун сүрэгт уг морь байгаа нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч З “Энэ морь миний унаган адуу бөгөөд эх, ах нар нь ч манай адуун сүрэгт байгаа” гэсэн тайлбар гаргасан ч уг тайлбараа нотолсон бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Иргэдийн төлөөлөгч Э “Морины цуснаас шинжилгээ хийлгэх нь зүйтэй” гэсэн санал гаргасан боловч одоогоор Монгол Улсад зөвхөн хүний ДНК шинжилгээ хийгддэг бөгөөд мал, амьтны биологийн шинжилгээ хийгддэггүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч З-с 6 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн морийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З-с 25.910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч З-с 6 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн морийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З-с 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД П.БОЛОР
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ