Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/723

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогч Б.Тамирын  өмгөөлөгч С.Ариунцацрал,

Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Жд холбогдох эрүүгийн 2110 00605 0391 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ганбаатарын Ж / /,

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, менежер мэргэжилтэй, ам бүл 4, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамж, 26а байрны 714 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн ажилгүй,

урьд 2019 оны 11 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1719 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

/Холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч Г.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 2-29 тоотод оршин суух Б.Тамирыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэмтлийн эмнэлэгт бээлий яаралтай өгөх хэрэгтэй байна гэж нэг хайрцаг бээлийг 32,000 төгрөгөөр, 1960 хайрцаг бээлийг 62,720,000 төгрөгөөр авна гэж бээлийг авч бусдад 44,500,000 төгрөгөөр зарж залилан Б.Тамирт 61,446,000 төгрөгийн хохирол учруулсан,

Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн шинэ бээлий худалдана гэж Г.Цогзолмааг хуурч, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 03 сарын 05-ны өдөр 2,250,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5622218405 дугаартай дансаар шилжүүлэн авч залилан Г.Цогзолмаад 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж Б.Хуланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2021 оны 07 сарын 24-ний өдөр, 2021 оны 08 сарын 26-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан Б.Хуланд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,           

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Барилгачдын талбайн дэргэдэх Центр-34 үйлчилгээний төвийн 104 тоотод Л.Батцэцэгийн 1120 хайрцаг нэг удаагийн бээлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар авч Л.Батцэцэгт 19,820,000 төгрөгийн хохирол үргэлжилсэн үйлдлээр нийт 91,516,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 2-29 тоотод оршин суух Б.Тамирыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гэмтлийн эмнэлэгт бээлий яаралтай өгөх хэрэгтэй байна нэг хайрцаг бээлийг 32,000 төгрөгөөр, 1960 хайрцаг бээлийг 62,720,000 төгрөгөөр авна гэж тохиролцон бээлийг авч бусдад 44,500,000 төгрөгөөр зарж залилан Б.Тамирт 61,446,000 төгрөгийн хохирол учруулсан,

“Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн шинэ бээлий худалдана” гэж Г.Цогзолмааг хуурч, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 03 сарын 05-ны өдөр 2,250,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн 5622218405 дугаартай дансаар шилжүүлэн авч залилан Г.Цогзолмаад 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж Б.Хуланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2021 оны 07 сарын 24-ний өдөр, 2021 оны 08 сарын 26-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан Б.Хуланд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,           

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Барилгачдын талбайн дэргэдэх Центр 34 үйлчилгээний төвийн 104 тоотод Л.Батцэцэгийн 1120 хайрцаг нэг удаагийн бээлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар авч Л.Батцэцэгт 19,820,000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 91,516,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь:

1. Хохирогч Б.Тамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 сарын 15-ны өдөр Ж над руу өдөр 14 цагийн үед залгаад танд хэдэн ширхэг бээлий байгаа вэ, би их хэмжээгээр бээлий авах гэсэн юм. Гэмтлийн эмнэлэг рүү бээлий яаралтай шахах болоод байна. Танаас нэхэмжлэх бичүүлээд авъя маргааш мөнгө нь орчихно гэж хэлсэн. Тэгээд Зайсангийн манай хамаатны хашаанд байдаг агуулахаас очиж 1000 хайрцаг “барзер-800” нэртэй бээлийг нэг хайрцгийг нь 32,000 төгрөгөөр бодоод Жд өгсөн юм...Би фейсбүүк групп дээр зар тавьсан байсны дагуу Ж нь над руу холбогдсон юм. Тэрнээс урьд нь бие биеэ таньдаггүй юм ....” гэх /1-р хавтаст хэргийн 10-13 дугаар тал/

Гэрч Б.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл сүүлд 2021 оны 01 сарын 15-ны өдөр Ж гэх хүнд 1960 хайрцгийг 32,000 төгрөгөөр 1 хайрцгийг нь үнэлээд зарахаар болсон ба тухайн үед манай эгчээс маргааш мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан байсан юм. Тэгээд маргааш нь ярихад 1 дэх өдөр мөнгө гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр нь ярихад цаанаасаа мөнгө нь орж ирэхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт нийлүүлсэн чинь цаанаас нь улсын төсвөөс санхүүжилт байхгүй мөнгө нь орж ирэхгүй байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт өргөдөл өгөх хүртэл утсаар яриад гэмтлийн эмнэлэг ажилчдынхаа цалинг ерөөсөө тавиагүй байгаа улсаас төсвөө хүлээгээд байгаа юм байна гэж хэлсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч Д.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр Ж надад анх ярьснаараа 1 хайрцагийг нь 24,000 төгрөгөөр бодоод 1920 хайрцаг бээлийг нийт 44,500,000 төгрөгөөр өгсөн юм...” / 1-р хавтаст хэргийн 25-27, 2-р хавтаст хэргийн 06 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээ, /1-р хавтаст хэргийн 185-188 дугаар тал/,

Шинжээч Ц.Түвшинцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Монгол Улсад борлогдож байгаа үнийн дүнг тодорхойлж өгөх хүсэлтийг гаргасан, ингээд Монгол Улсад бөөний үнээр тухайн үед худалдан борлуулж байсан үнийн дүнг хоёр дахь удаагийн буюу ХУ1-21-400 дугаартай үнэлгээний тайланд тусгасан, энэ талаараа үнэлгээний тайлангийн үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт хэсэгт дэлгэрэнгүй дурдсан байгаа...” гэх /2-р хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Б.Тамир эгчид нийт 62,270,000 төгрөгийн бээлий авсан өдрөөсөө 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн...” /1-р хавтаст хэргийн 88-89 дүгээр тал/,

2. Хохирогч Г.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхрийн эзэмшлийн 5495100606 дугаартай данснаас 2,500,000 төгрөг Жгийн явуулсан данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 03 сарын 12-ны өдөр ачаа ирээд эмнэлгийн үзлэгийн бээлийг бид нар үзсэн чинь өмсөөд буцаагаад тайлчихсан балаар зурсан, цус болсон, өтгөн болж бохирлогдсон хэрэглэсэн бээлий байхаар нь бичлэг хийж, зургуудыг нь дарж аваад Ж руу яриад чи яагаад хэрэглэсэн бээлий явуулсан юм гэсэн чинь дунд нь буруу ойлголт болж та буцаагаад явуулчих би солиод өгье эсхүл мөнгийг нь өгье гэхээр нь буцааж савлаж боогоод явуулсан. Очоод Ж бээлийгээ авлаа гэж утсаар яриад ахиж утасаа авахгүй байгаа...” гэх /2-р хавтаст хэргийн 125 дугаар тал/;

Гэрч Г.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Жд хэлээд тэр хүн манайд зарах бээлийнүүдээ авчирсан. Тэгээд би Завхан аймгийн эмнэлгийн дарга руу холбогдоод эм зүйч нь надад Завхан явах унааны дугаар өгсөн би тэр дугаартай холбогдоод нөхөр Билэгтийн хамт 2021 оны 03 сарын 05-ны өдөр аваачиж өгөхөд нэг эгч бүгдийг нь тоолоод хүлээж аваад агуулахаа цоожилсон... Хэд хоногийн дараа Цогзолмаа над руу яриад та нарын явуулсан бээлий шаардлага хангахгүй байна гэхээр нь Ж руу хэлтэл би мэдэж байгаа урдаас шаардлага хангахгүй хямдхан бээлий аваад хайрцаглаад зарсан. Чамд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Тэр бээлий хот ирхээр нь би мөнгийг нь буцаагаад өгнө гэж Ж ярьсан...” гэх /2-р хавтаст хэргийн 115 дугаар тал/,

Гэрч Ч.Намжилцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бээлийнүүдийн дээд хэсэгт гайгүй шинэ бээлий хийгээд доод хэсэгт нь хэрэглэсэн бээлийнүүд хийсэн байсан дараа нь нэг бүрчлэн шалгаж үзсэн...задалж үзэхэд балаар зурсан, зарим бээлийнүүд нь тасарчихсан, цус мэт зүйлээр бохирлогдсон, дотор талыг нь гадагш нь эргүүлж хаясан байсан. Энд ирээд задалж үзэхэд л мэдсэн...” гэх /2-р хавтаст хэргийн 127-128 дугаар тал/,

Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гаднаас нь харахад эмнэлгийн хэрэгсэл байж үйлдвэрлэсэн газар лац ломбо байхгүй зүгээр хайрцагт хийгээд наасан эд зүйл байсан...” гэх /2-р хавтаст хэргийн 137 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сард Энхтуяа гэх хүнтэй фейсбүүкээр танилцаад надаас хямд үнээр нэг удаагийн бээлий аваад цааш нь зардаг байсан юм. Тэгээд надад бэлэн байсан 150 хайрцаг бээлийг Энхтуяа ирж аваад дараа нь мөнгийг нь өгье гэж хэлээд аваад явсан, тухайн үед хайрцаг сав бүрэн бүтэн бээлий аваад тоолоод зургийг нь аваад явсан тухайн үед надаас авсан бээлий нь ягаан өнгөтэй байсан, тэгээд 2-3 хоногийн дараа бээлийг чинь Завханы эмнэлэг рүү явуулахаар болчихлоо мөнгө нь орж ирэхгүй байна гээд надад Цогзолмаа гэх хүний утасны дугаарыг өгсөн, тэгээд би Цогзолмаа гэх хүнтэй яриад би бээлийний эзэн байгаа юм мөнгөө авмаар байна гээд хэлсэн чинь танайх хямдхан өгч байгаа юм бол би хувийн дансаараа бээлийний мөнгийг чинь өгье гэж хэлээд миний Хаан банкны 5622218405 тоот дансанд нийт 2,250,000 төгрөгийг Цогзолмаа гэх хүн над руу хийсэн, тэгээд Завханы машинд бээлийг хийснээс хойш 3 хоногийн дараа Цогзолмаа гэх хүн залгаад бээлийг авсан гэвч бээлийнүүд нь хэрэглэсэн бээлий байна усан цэнхэр хайрцагтай бээлий байна гээд над руу зургийг явуулсан.Тэгээд би ямартай ч наад бээлийнүүдийг чинь буцааж авъя гэж хэлээд 2 хоногийн дараа над дээр бээлийнүүд ирсэн. Ер нь бол надаас Энхтуяа бээлий аваад голд нь өчнөөн хоног саатсан ба Энхтуяа бээлийг сольсон байх магадлалтай юм. Энхтуяатай би тэр явдлаас хойш холбоо барьж чадаагүй...” гэх /2-р хавтаст хэргийн 207-208 дугаар тал/,

3. Хохирогч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 20-ны өдөр миний фейсбүүк хаяг руу Ж гэсэн фейсбүүк хаягаас манай ах консулд ажилладаг, эмчилгээгээр бол яаралтай найдвартай гаргаж өгч чадна гэсэн. Тэгээд надад 95127072 гэсэн дугаар өгөөд холбогдоорой гэсэн. Тэгээд 2021 оны 07 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоне” хотхоны гадаа Жтай уулзсан. Ж өөрийгөө өмнө нь Солонгос улс руу зөндөө олон хүн гаргаж байсан. Эмнэлгийн тал дээр асуудалгүй. Эмнэлэг рүү чинь холбож өгөхийн тулд урьдчилгаа 6 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад 2,000,000 төгрөг байна. Энэ мөнгөөр Солонгос улсын эмнэлэгтэй холбож өгнө үү гэсэн. Тэгээд 5622218405 тоот Ж гэсэн эзэмшигчтэй данс руу 5114349978 гэсэн өөрийн данснаас 2,000,000 төгрөгийг Хулан Амараа гэсэн гүйлгээний утгатайгаар 2021 оны 07 сарын 24-ний өдөр шилжүүлсэн...” гэх /2-р хавтаст хэргийн 216-217 дугаар тал/,

4. Хохирогч Л.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр агуулахаа султгачхаад би тань руу яръя та бээлийнүүдээ аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 10 сарын 25-ны өдөр 3 цагийн үед над руу залгаад та Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайн “Центр 34” дээр аваад хүрээд ир гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу би өөрийн бараа материалыг машинаараа 2 удаа зөөж авчирч өгсөн. Ж нь нэг үл таних эмэгтэйтэй хамт авчирсан бээлийнүүдийг минь тоолж хүлээж аваад нийт 1120 хайрцаг бээлийг “Центр 34” үйлчилгээний 3 давхарт 104 тоотод хурааж авсан. Ж хэлэхдээ бээлийгээ хүлээж авахаар энэ өрөөг сулласан юм гэж хэлсэн. Тооцоог нь манай захирал тантай уулзаад гэрээ хийгээд нэхэмжлэлээр мөнгийг чинь шилжүүлнэ гэж ярьсан. Би түүнд итгээд тухай өдөр бид тэгээд салцгаасан. 2021 оны 10 сахын 26-ны өдөр 1120 хайрцаг нэг удаагийн бээлийг зарсан төлбөр болох 19,820,000 төгрөг авах гэж “Центр 34”-ийн 104 тоотод очиход тухайн өрөөнөөс бээлийгээ аваад өмнөх шөнөдөө явсан байсан...” гэх /3-р хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч Г.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “Центр 34” үйлчилгээний төвд дараах нэр дурдагдсан компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй. Би огт мэдэхгүй байна. Манай үйлчилгээний төв дээр ерөнхийдөө уул уурхайн компаниуд, барьцаалан зээлдүүлэх газар, Дархан брокер гэх брокер дилерийн компани, шүдний эмнэлгүүд, мөн Төрийн банк байрладаг...” гэх /3-р хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээ /3-р хавтаст хэргийн 48-52 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мягмаржав Энхманлай гэх Хаан банкны 5000826495 гэсэн дансаар орсон бүх мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Учир юу вэ? гэвэл энэ дансыг 2021 оны 04 дүгээр сараас хойш нөхрөөсөө картыг нь аваад ашиглаж байгаа, би өөрөө хэрэглээд явдаг байсан. Ерөнхийдөө өөрийн хувийн хэрэгцээндээ л зарцуулсан. Мөн өр ширтэй байсан хүмүүс дээ өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ээжийн 5037044643 дугаарын хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5622218405 дугаарын данснаас 2,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн мөнгийг Хан-уул дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байхдаа Цогзолмаа гэх хохирогч руу ээжийн дансаар шилжүүлж байсан хохирлыг барагдуулсан юм. 2021 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн эгч Г.Одмаагийн “приус 30” маркийн автомашиныг ББСБ-д 6,600,000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд эгчдээ өр төлбөрөө барагдуулах гээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5622218405 дугаарын данснаас эгчийнхээ 5028598092 дугаарын данс руу шилжүүлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5622218405 дугаарын данснаас эгчийнхээ 5028598092 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн тухайн өдөр 60,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн өөрийн данснаас эгчийнхээ хаан банкны данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 6,140,000 төгрөгийг шилжүүлсэн. Ерөнхийдөө Л.Батцэцэг гэх хүнээс авсан бээлийг зарж борлуулаад, олсон мөнгийг зарцуулсан байдлаа бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэх /3-р хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 онд хамгийн анх Наранцэцэгтэй фейсбүүкээр танилцсан. Наранцэцэг нь хамтарч бизнес хийе, Хятад улсаас их хэмжээгээр бээлий оруулж ирнэ, энд зарж борлуулах газар байгаа гэсэн. 2021 оны 01 дүгээр 02-ны өдөр Наранцэцэгтэй анх уулзсан. 01 дүгээр сарын 15-ны өдөр яаралтай бээлий олох хэрэгтэй байна гэхээр нь Тамиртай холбогдож Тамираас их хэмжээгээр бээлий авсан. Наранцэцэгтэй хамтарч ийм үйлдэл хийсэндээ, өөрөө мэдэлгүй давхар хүнд залилуулсан, буруутан болоод зогсож байгаадаа өөрөө маш их харамсаж байна.  Хохирогч Тамир, Батцэцэг нарыг санаатайгаар хохирооё гэсэн бодол санаа надад байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх зүйлгүй..” гэв.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, үнэлгээний тайлан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Ж нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 2-29 тоотод оршин суух Б.Тамирыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан гэмтлийн эмнэлэгт бээлий яаралтай өгөх хэрэгтэй байна гэж нэг хайрцаг бээлийг 32,000 төгрөгөөр, 1960 хайрцаг бээлийг 62,720,000 төгрөгөөр авна гэж тохиролцон бээлийг авч бусдад 44,500,000 төгрөгөөр зарж залилан Б.Тамирт 61,446,000 төгрөгийн хохирол учруулсан,

“Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн шинэ бээлий худалдана” гэж Г.Цогзолмааг хуурч, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 03 сарын 05-ны өдөр 2,250,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн 5622218405 дугаартай дансаар шилжүүлэн авч залилан Г.Цогзолмаад 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж Б.Хуланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2021 оны 07 сарын 24-ний өдөр, 2021 оны 08 сарын 26-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан Б.Хуланд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,           

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Барилгачдын талбайн дэргэдэх “Центр-34” үйлчилгээний төвийн 104 тоотод Л.Батцэцэгийн 1120 хайрцаг нэг удаагийн бээлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар авч Л.Батцэцэгт 19,820,000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 91,516,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч,

Шүүгдэгч Г.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Г.Ж хохирол төлбөр барагдуулахаар 5 хоногийн завсарлага авч хохирогч Б.Тамирт 7,000,000 төгрөг төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цогзолмаад 2,250,000 төгрөг /2-р хавтаст хэргийн 204 дүгээр тал/, хохирогч  Б.Хуланд 8,000,000 төгрөг /2-р хавтаст хэргийн 217-218 дугаар тал/ төлснийг дурдаж байна.

Шүүгдэгч Г.Жгаас нийт 74,266,000 төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул  дүүргийн 20-р хороо, 42а-8 тоотод оршин суух Батсуурийн Тамир /РД: ХВ83072960/-д 54,446,000 төгрөг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 25-134 тоотод оршин суух Лхагвадоржийн Батцэцэг /ПЮ86051027-д 19,820,000 / арван есөн сая найман зуун хорин мянга/ төгрөг тус тус олгуулхаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Г.Жд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Жгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Жд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тоолов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жгийн энэ хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон нийт 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай Прокурорын тогтоолоор М.Энхманлайгийн эзэмшилд байгаа “21-04 УНА” улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол /1-р хавтаст хэргийн 133 дугаар тал/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийн хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Жгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жгаас нийт 74,266,000 төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул  дүүргийн 20-р хороо, 42а-8 тоотод оршин суух Батсуурийн Тамир /РД: ХВ83072960/-д 54,446,000 төгрөг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 25-134 тоотод оршин суух Лхагвадоржийн Батцэцэг /ПЮ86051027-д 19,820,000 / арван есөн сая найман зуун хорин мянга/ төгрөг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай Прокурорын тогтоолоор М.Энхманлайгийн эзэмшилд байгаа “21-04 УНА” улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          П.АРИУНБОЛД