| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00528/и |
| Дугаар | 550 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 550
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-н Э-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 26.853.922 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 26.874.422 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бүх төрлийн орлогын эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж, Э нар 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1660004193 тоот зээлийн гэрээг байгуулан 28.000.000 төгрөгийн хашаа байшин барих зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 20,25 хувийн хүүтэй, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн одор гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээл авах үедээ Ж нь “Энержи Инпайр” ХХК-д армотурчингаар ажилладаг, эхнэр Э нь Баянбүрд зах дээр байр түрээслэн үсчин хийдэг байсан. Зээлдэгч Ж нь 2015 оны 12 дугаар сард нас барсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтэлийг хангуулах баталгаа болгон 72 м.кв талбайтай хувийн сууц, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг зээлийн барьдаанд барьцаалсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 1 дүгээр сараас хойш цаг хугацаанд нь бүрэн төлөхгүйгээр одоог хүргэл явсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Э-тэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч “үсчний орлого багассан, оюутан хүүхэдтэй болсон тул өрхийн хэрэглээ нэмэгдсэн. Хашаа байшингаа зарж, зээл төлнө” гэж явсаар байгаад банкны зээлийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2018.04.24/ байдлаар хамтран үүрэг гүйцэтгэгч Э-ийн төлөх ёстой 1660007507 тоот зээлийн үндсэн үлдэгдэл болох 26.853.922 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 20.500 төгрөг зарцуулсан тул нийт 26.874.422 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Банкны зүгээс үндсэн зээлдэгч нас барсан тул хүү нэхэмжлэхгүйгээр, зээлийн гэрээний зөвхөн үндсэн үүргийг гаргуулахаар буюу 26.853.922 төгрөгийг, мөн нотариатын зардал гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах шаардлага гаргаж байна. Харин хариуцагчийн “бүх төрлийн орлогын эх үүсвэрээс зээлийн төлбөр гаргуулах тухай” хэсгээс татгалзаж байна” гэжээ.
Хариуцагч Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 72 м.кв талбайтай, 4 өрөө хувийн байшин, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар /хашаатай/ зэргийг худалдан авахаар 2014 оны 9 дүгээр сард Х банкны хашаа байшингийн зээлд хамрагдан 28.000.000 төгрөгийн зээл авч, иргэн Д-ээс худалдан авсан юм. Энэхүү зээлээ нөхөр Ж “Энержи Импайр” ХХК-д ажиллаж байхдаа сар болгон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу цалингаасаа төлж барагдуулж байгаад 2015 оны 10 дугаар сараас бие нь өвчлөн муудаж, мөн ажил нь улирлын чанартай болж, төлөх чадваргүй болсон гэдгээ банкинд мэдэгдэн, барьцаалсан 72 м.кв талбайтай 4 өрөө хувийн байшин, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар /хашаатай/ зэргийг түлхүүртэйгээ хүлээлгэн өгсөн. 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд мал, эд хогшлоо бүгдийг нь зарж, 3 хүүхдийнхээ мөнгө зэрэг бүх орлогоороо хийж байгаад 2015 оны 12 дугаар сард хот руу эмнэлэгт үзүүлэх гэж очоод өвчин нь хүндэрсэн байсан тул нас барж, бидэнд маш том уй гашуу тохиолдсон билээ. Эхнэр болох Э би өрх толгойлон насанд хүрээгүй 3 хүүхдийнхээ хамт тогтсон ажилгүй хоцорсон юм. Том охин энэ жил 12 дугаар анги төгсөж, оюутан болно. 2 дахь охин 10 дугаар анги төгссөн, бага хүү 8 дугаар анги төгссөн. Банкинд төлж байсан хүн маань нас барсан, би өөрөө ажилгүй орлого муу, зээлийн үлдэгдэлдээ барьцаалсан эд хөрөнгөө өгөхөөс өөр төлөх боломжгүй байгаагаа удаа дараа очиж хэлсэн. Харин байшинг зарж борлуулж өгөх талаар ярилцаагүй. Хас банк хурааж аваад зарах арга хэмжээ авч зар хүртэл тавьж байсан болно. Х банкинд 2017 оны 12 дугаар сар хүртэл байнгын орлого болох хүүхдийнхээ мөнгийг татуулж байсан. Би өөрөө үсчин мэргэжилтэй, үсчний суудал өдрийн 8.000 төгрөгөөр түрээслэн өдрийнхөө хоолыг олох гэж зүтгэж байгаач илүү гарах мөнгө алга байна. Одоогоор тогтсон цалинтай ажил олдохгүй, үсчний өдрийн орлого дөнгөж хоол, түрээсээ төлөх төдий ажиллаж байгаа тул энэхүү зээлийг төлөх чадвар надад байхгүй байна. Мөн өөр зараад, мөнгө болгоод өгөх эд хөрөнгө байхгүй айлын хашаанд амьдарч байна. Иймд миний амьдарлыг харж үзээд Х банкинд байгаа зээлийн үлдэгдэл болох 26.874.422 төгрөгөнд барьцаалсан хашаа байшингийг банкинд нь үлдээгээд зээлийн үлдэгдлийг хааж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Э-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 26.853.922 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 26.874.422 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бүх төрлийн орлогын эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “бүх төрлийн орлогын эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгээсээ татгалзсан болно.
Зээлдэгч Ж, Э нар Х банктай 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1660004193 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан, 28.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, 365 хоногт 20,25 хувийн хүүтэй, хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд 72 м.кв талбайтай, хувийн орон сууц, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус тус дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Х банк гэрээг цуцалж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Зээлдэгч Ж 2015 оны 12 дугаар сард нас барсан талаар талууд тайлбарласан ба хариуцагч Э нь зээлийн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх ба үүнийг талууд тохиролцох замаар, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулах замаар шийдвэрлэх боломжтой болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э-ээс 1660004193 тоот зээлийн гэрээний үүрэг 26.853.922 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 26.874.422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож шийдвэрлэлээ.
Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 72 м.кв талбайтай хувийн орон сууц, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “бүх төрлийн орлогын эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгээс татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-ээс 292.322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э-ээс 1660004193 тоот зээлийн гэрээний үүрэг 26.853.922 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 26.874.422 /хорин зургаан сая найман зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 72 м.кв талбайтай хувийн орон сууц, 727,2 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу “бүх төрлийн орлогын эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292.322 /хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-ээс 292.322 /хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА