Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 570

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч:Р-ийн О-ийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Ц-ийн Ү-д холбогдох,

    Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Ү-тэй 1998 оноос танилцаж, 2004 онд гэр бүл болсон. Бидний амьдралын хугацаанд охин Ү.Э төрсөн. Эхний 8 жил манайх хэвийн амьдралтай байсан. 2012 онд ажлын шаардлагаар Х суманд амьдрахаар болсон. Манай нөхөр Ү хааяа архи уудаг байсан. Сүүлд нь гэр бүлгүй, ганц бие эмэгтэйчүүдтэй нийлж явдаг болсон. Гэртээ согтуу ирж, хэрүүл маргаан гаргаж, агсам тавьж сүүлдээ зоддог болсон. Манай гэр бүл өдөр бүр хэрүүлтэй, амьдрах аргагүй болоод би охин Ү.Э-г аваад салсан. Бид тусдаа амьдраад 5 жил болсон. Эвлэрүүлэн зуучлахаар явсан боловч эвлэрэх боломжгүй тул охин Ү.Э-дээ тэтгэлэг тогтоолгож, Ү-с гэрлэлт цуцалж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэхүү маргааныг яаралтай шийвэрлүүлэх хүсэлттэй байна” гэжээ.  

    Хариуцагч Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би О-ийн өгсөн нэхэмжлэлтэй танилцсан. Гэр бүл салах болно. Охин Ү-д тэтгэмж тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. Надад гомдол санал байхгүй тул энэ нэхэмжлэлийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч О нь хариуцагч Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

   Гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

    Нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдөр охин Цагаагчууд овогтой Үүртмөнхийн Энэрэл төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

   Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй, дахин хугацаа авахгүй гэснийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Р.Отгонцэцэг, Ц.Үүртмөнх нарын гэрлэлтийг цуцалж, шийдвэрлэлээ.

   Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Ү.Энэрэлийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Үүртмөнхөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Отгонцэцэг, хариуцагч Ц.Үүртмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Үүртмөнхөөс 30.182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Отгонцэцэгт олгох нь зүйтэй.

     Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хошууд овогтой Рэнчээгийн Отгонцэцэг, Цагаагчууд овогтой Цэрэвийн Үүртмөнх нарын гэрлэлтийг цуцалсугай.

   2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Цагаагчууд овогтой Үүртмөнхийн Энэрэлийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Үүртмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.  

     3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

   4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

     5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Отгонцэцэг, хариуцагч Ц.Үүртмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.326 /нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Үүртмөнхөөс 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Отгонцэцэгт олгосугай.    

    6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА