Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 572

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: З-ийн Л-ийн, 

     Хариуцагч: "Ц” ХХК-нд холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны  6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

   Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн “Ц” ХХК-ийн шугам сүлжээний монтёроор ажиллаж байсан. Гэтэл дарга Э нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн учир шүүхэд хандаж гомдол гаргаснаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаар шийдвэр гарч, намайг Увс аймгийн “Ц” ХХК-ийн шугам сүжээний монтёрын ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл намайг зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулсны төлөө дарга Э нь х сумын шугамын монтёрын ажилд эгүүлэн ажиллуулахгүйгээр х суманд шугамын монтёроор ажиллуулан, гэр орноос минь холдуулж, улмаар намайг удаа дараа дарамтлан шалгалт авах, цалин хөлсөөр ялгаварлан гадуурхах, эрүүл мэндийн үзлэгт оруулахгүй байх, мөн ганцхан надад хөдөлмөр хамгааллын хувцас олгохгүй байх гэх зэргээр дарамталсаар байгаад 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дахин ажлаас халсан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ. 

     Хариуцагч Увс аймгийн “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л-ийн тус шүүхэд гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь хаана, ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болгож ирүүлсэн баримт нь хоорондоо зөрүүтэй. Нэхэмжлэлдээ х сумын монтёроор ажиллуулахгүйгээр х суманд ажиллуулсан гэжээ. Манай компани сумын монтёр, байцаагч нарыг Улаангомд ирүүлж сургах, дадлагажуулах, Улаангомын монтёр, байцаагч нарыг суманд томилж, ажиллуулах ажлын хүрээнд 2018 онд бүх сумуудыг хамруулан ажилласан. Ингээд бүх ажиллагсдаас шалгалт авч, тэнцээгүй хүмүүсийг дахин сургах, дадлагажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Л энэ зохиогдсон ажлын хүрээнд авсан шалгалтад удаа дараа тэнцээгүй учраас ажлаас халагдсан. Цалин хөлсөөр ялгаварласан гэсэн байна. Л ажиллаж байхдаа III зэргээр цалинжиж байсан. Ажлаас халагдахаас өмнө мөн III зэргээр цалинжиж байсан. Цалин хөлсөөр ялгаварлаж байсан зүйл байхгүй. Тушаалуудыг хавсаргасан болно. Манайх жилд 1 удаа бүх ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Нэгдсэн эмнэлэгийн ажлын ачааллаас болоод одоо хүртэл 13 хүн үзлэгт хамрагдаагүй байгаа. Үлдсэн хүмүүсийг үзлэгт хамруулах талаар Эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Хөдөлмөр хамгаалалын хувцасны хувьд Улаанбаатар хотод захиалж хийлгэдэг. Л 2015 оны 12 дугаар сард өвлийн хувцас авсан. Өвлийн хувцасны норм 3 жил байдаг, үүгээр тооцвол 2018 оны 12 дугаар сард өвлийн хувцас авах ёстой. Зуны хувцасны хувьд 2017 онд ажиллаагүй учраас олгогдоогүй, 2018 оны жагсаалтад орсон байгаа. Холбогдох баримтуудыг хавсаргав. Нэхэмжлэгч Л нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1532 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасан байна. Энэхүү захирамж нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хариуцагчаар иргэн Э намайг татсан гэж үзэж байна. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг сольж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаар хэнийг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймээс Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон болно. Мөн 4 дүгээр сард ажлын 4 өдөр ажил тасалсан зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас халагдсан” гэжээ.    

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Л нь хариуцагч Увс аймгийн “Ц” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.     

    Увс аймгийн “Ц” ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 48 тоот тушаалаар Л-ийг тус газрын х сумын монтёрын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 1.2 дугаар зүйлийн 21 дэх хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг, Компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 1.12 дугаар заалт, Мэргэжлийн комиссын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №2 тоот хурлын протокол, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №05 тоот хурлын протокол, Захирлын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №03 тоот хурлын протокол, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

     Дээрх тушаалд нэхэмжлэгч Л-ийг “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, мөн “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу ажлын 4 өдөр тасалсан” гэсэн 2 үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

    1. Тушаалын нэгдүгээр үндэслэл буюу “2017 оны ээлжит бус шалгалтыг давтан 3 удаа өгч, шалгалтад 53,8 хувьтай хангалтгүй дүн үзүүлсэн, мөн 2018 оны ээлжит шалгалтаа давтан 3 удаа өгч, 61,5 хувьтай хангалтгүй үнэлгээ авсан тул цаашид энэ ажлын байранд мэргэжил, ур чадвараараа тэнцэхгүй” гэж дурдсан үндэслэлийн тухайд:

     Хавтаст хэргийн 21-25, 27-29 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Увс аймгийн “Ц” ХХК-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар тушаалаар тухайн байгууллагын инженер, техникийн ажилчдаас авах мэргэжлийн болон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт авах “Мэргэжлийн комисс”-ыг байгуулж, уг комисст жил бүр ажилтнуудаас дээрх шалгалтыг авч, мэргэжлийн зэрэг, аюулгүй ажиллагааны группыг шинэчлэн тогтоож байх, мөн удаан хугацаагаар ажлаас завсардсан болон шинээр ажилд орж байгаа ажилтнуудаас уг шалгалтыг авахыг тус комисст даалгаж, түүнчлэн мэдлэгийн шалгалт авах журмыг нэгдүгээр хавсралтаар баталсан байна.   

  Дээрх тушаалын хавсралтаар Увс “Ц” ХХК-ийн инженер, техникийн ажилчдаас мэдлэгийн шалгалт авах журам” батлагдсан байх ба уг журмын 1.5 дахь хэсэгт “... Монтёрууд 75 дээш оноо авсан тохиолдолд “хангалттай” гэж үзнэ” гэж, 1.10 дахь хэсэгт “Мэдлэгийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалт өгөх бөгөөд 3 удаагийн шалгалтад тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажил олгогч зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

    Ингээд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Ээлжит бус шалгалтын мэдлэгийн шалгалт авах комиссын хурлын шийдвэр №2”, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “2018 оны ээлжит шалгалтын мэдлэгийн шалгалт авах комиссын хурлын шийдвэр №05”  гэсэн баримтуудаас үзэхэд х сумын монтёр Л-ээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус шалгалт авахад 51-61,8 хувьтай буюу “хангалтгүй” дүн үзүүлсэн тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр уг мэдэгдлийг өгсөн, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Л-г дахин шалгалтад оруулахад “хангалтгүй” үнэлгээтэй өгсөн тухай тус тус дурджээ.

     Иймээс захирлын 2017 оны 167 дугаар тушаалын хавсралтын 1.10 дахь хэсэгт заасны дагуу Өлгий сумын монтёр Л-г удаа дараа мэргэжлийн буюу техник ашиглалт болон аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтад “хангалтгүй” үнэлгээ авсан тул Захирлын зөвлөлийн хурлаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

      Хэдийгээр нэхэмжлэгч Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Л-ээс удаа дараа шалгалт авч дарамт учруулсан, ялгаварлан гадуурхаж байсан” гэх боловч дээрх “Мэргэжлийн комисс”-ын болон Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Л-д удаа дараа шалгалтад орох, бэлтгэх хугацаа өгч байсан, мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн ч гэсэн дахин шалгалт өгөх боломжоор бүрэн хангажээ.

      Нөгөө талаар, тухайн тэмдэглэл бүрт Л гарын үсэг зурж, танилцсан байх бөгөөд тэрээр тухайн “Мэргэжлийн комисс”-ын шийдвэр болон шалгалтын явц, үр дүнгийн талаар гомдол гаргах, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд хандаж, уг маргааныг шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэ тухай гомдол гаргаагүй тул тухайн комиссын дүгнэлт, шийдвэр хүчин төгөлдөр гэж үзнэ.

   Түүнчлэн Увс аймгийн “Ц” ХХК-ийн үйл ажиллагаа нь онцгой буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуультай нийцсэн байхыг шаардах бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан агуулгаас үзэхэд “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг жил бүр шалгах, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, мөн тухайн шалгалтад тэнцсэн иргэнийг тухайн ажлын байранд ажиллуулах, уг шалгалт болон сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилчдыг хамруулан, шалгалт авахаар” тус тус заасан байх ба Увс аймгийн “Ц" ХХК-ийн “Мэргэжлийн комисс” томилох, ажиллуулах, ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үйл ажиллагаа нь уг хуультай нийцсэн байна гэж үзлээ.  

        2. Тушаалын хоёр дахь үндэслэл буюу “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажлын 4 өдөр тасалсан” гэх үндэслэлийн тухайд:

      Хэргийн 41-42 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн “Ц” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын цагийн тооцоо” гэх баримт, цаг бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэлийн хуудаст Л нь 2018 оны 4 дүгээр сард нийт 4 өдөр буюу 32 цагийн ажил тасалсан гэж бүртгэгдсэн нь түүний ажил олгогчтой 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.5-д заасан “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил”-д тооцохоор заагдсан байх бөгөөд захирлын 2018 оны 48 дугаар тушаалд уг зөрчилтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг дурдаагүй орхигдуулсан ч гэсэн хөдөлмөрийн гэрээгээр талууд энэ талаар урьдчилан тохиролцсон, тухайн “ноцтой зөрчил” нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

    Харин нэхэмжлэгчийн “Намайг цалин хөлсөөр ялгаварласан, эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй, надад ганцхан хөдөлмөр хамгааллын хувцас олгоогүй” гэх үндэслэлүүд нь хэргийн 330-31, 34-39 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаагаас гадна энэхүү үндэслэлүүд нь хариуцагчийн “Ажлаас халах тухай” тушаалын үндэслэлд хамаарахгүй байна.  

    Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн 3 хуудас нотлох баримтыг хэн, хэзээ, хэрхэн, хаанаас бэхжүүлэн авсан болох нь тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүх түүнийг үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн “Ц” ХХК-ийн х сумын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Л улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний уг хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л-д олгох нь зүйтэй.    

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн “Ц” ХХК-ийн х сумын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л-д олгосугай.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА