| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00568/и |
| Дугаар | 596 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 596
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-ийн Ц,
Хариуцагч: Н-ийн Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6.723.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч Ц, Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э, Ц нартай зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар батлуулж, 4.400.000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэй 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн. Э, Ц нараас гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочоод өдий хүрсэн. Иймд Э, Ц нараас нийт 6.723.899 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т-ийн нэхэмжилсэн мөнгийг төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд түүнээс зээлж авсан нь үнэн” гэжээ.
Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд Т-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ тодорхой графикийн дагуу төлмөөр байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Э, Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6.723.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байна.
Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээний дагуу иргэн Э, Ц нар Т-ээс 4.400.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 35 сар 26 хоногийн хугацаатай авч, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хүү тооцох, мөн хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон, зээлийн барьцаанд газрын гэрчилгээг барьцаалсан талаар тус тус дурджээ. /Газрын гэрчилгээ хэрэгт хавсаргагдаагүй болно/
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан, түүнчлэн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Э зээлийн гэрээний дагуу нийт 924.000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6.723.899 төгрөгөөс 924.000 төгрөгийг хасч, үлдэх 5.799.899 төгрөгийг хариуцагч Э, Ц нараас гаргуулж Т-д олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар хариуцагч Э, Ц нараас зээлийн гэрээний үүрэг 5.799.899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 924.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Ц нараас 107.748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар хариуцагч Э, Ц нараас зээлийн гэрээний үүрэг 5.799.899 /таван сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 924.000 /есөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.532 /нэг зуун хорин хоёр мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Ц нараас 107.748 /нэг зуун долоон мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА