Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 597

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч:О-ын Т-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Б-ийн Ц-д холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

   Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц-г өөрийн үйлдвэртээ оёдолчноор ажиллуулж байх хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сараас эхлэн бага хэмжээний зээл олгож байсан. Тухайн үедээ бараа болон бэлэн мөнгө аваад цалингаасаа төлдөг байсан. Одоо харин 600.000 төгрөгийн төлбөр үлдсэн тул түүнийг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд Т-ийн нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрч байна. Одоо түүний хэлсэн хугацаанд мөнгөө төлж, барагдуулах болно. Өөр ямар нэгэн маргаангүй” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байна.

     Талууд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогч, ажилтны хувиар 2015 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хамтран ажилласан байсан байх ба энэ хугацаанд 2017 оны 1 дүгээр сараас хойш Ц-д Т-ээс олгосон зээлийн гэрээний үүрэг 600.000 төгрөг үлдсэн тухай тайлбарлаж байна.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлт хийхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

      Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ц-ээс зээлийн гэрээний үүрэг 600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ОТ-ээсс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-ээс 18.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгох нь зүйтэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ц-ээс зээлийн гэрээний үүрэг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай.  

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-ээс 18.650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА