Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/725

 

 

    2022         05          19                                       2022/ШЦТ/725

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Оюунбат,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Х овогт Дгийн Цнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04619 0824 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун хотхоны 306-32 тоотод байрлах “БЭТЦ” ХХК-ийн оффисын байранд Ш.Бын хөрөнгөөр малчдаас үхэр худалдан авч нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ш.Боос 36 удаагийн гүйлгээгээр нийт 99.180.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5270200786 дугаарын дансаар хүлээн авсан боловч түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үхэр худалдаж авалгүйгээр Ш.Бт 99.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04619 0824 дүгээр хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц гэх хүнтэй үхэр нийлүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто таун 306-32 тоотод байрлах оффис дээрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 200 хүртэлх толгой үхрийг нийлүүлэх байсан. Тугал буюу ногооны бярууг 200.000-250.000, бяруу буюу ногооны бярууг 300.000-350.000, шүдлэн буюу ногооны хязааланг 500.000-600.000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон юм.

Уг гэрээний дагуу Цийн Хаан банкны 5270200786 тоот данс руу 2018.11.15-нд 4.500.000, 2018.11.21-нд 3.200.000, 2018.11.30-нд 1.280.000, 2018.12.11-нд 500.000, 2018.12.28-нд 2.240.000, 2019.01.03-нд 5.100.000, 2019.01.09-нд 320.000, 2019.01.17-нд 640.000, 2019.01.21-нд 1.110.000 10.2019.01.22-нд 1.850.000, 2019.02.01-нд 7.400.000, 2019.02.03-нд 3.700.000,  2019.02.09-нд 1.110.000, 2019.02.14-нд 8.660.000, 2019.02.14-нд 3.710.000, 2019.02.18-нд 620.000, 2019.02.21-нд 2.400.000, 2019.02.28-нд 5.570.000, 2019.03.16-нд 620.000, 2019.03.21-нд 1.860.000, 2019.03.22-нд 1.240.000, 2019.03.23-нд 4.960.000, 2019.04.01-нд 2.600.000, 2019.04.11-нд 4.340.000, 2019.04.12-нд 620.000, 2019.04.13-нд 1.610.000, 2019.04.19-нд 1.860.000, 2019.04.24-нд 3.100.000, 2019.04.26-нд 3.720.000, 2019.05.04-нд 1.860.000, 2019.05.05-нд 5.580.000, 2019.05.14-нд 3.100.000, 2019.05.19-нд 4.710.000, 2019.05.20-нд 620.000, 2019.05.28-нд 620.000, 2019.07.08-нд 2.250.000 төгрөг, 36 удаагийн гүйлгээгээр 99.180.000 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл одоог хүртэл үхэр болон мөнгөнөөс буцааж төлөөгүй байгаа юм. Уг мөнгийг ажлын оффис дээрээс шилжүүлж байсан. Би хэдэн төгрөг хэзээ шилжүүлсэн, ямар үхэр хэдэн төгрөгөөр үнэлж авахаар мөнгө шилжүүлсэн талаар тодорхой баримт гаргаж хэрэгт хавсаргасан байгаа.

Гэрээний дагуу үхрээ авахаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд Цийн гэрт очиж уулзахад маргааш цуглуулж өгнө гэж байсан. Тэгээд маргааш нь гэртээ ирэхгүй болсон ба утсаар ярихад одоо нийлүүлнэ, өгнө гэж хэлдэг байсан. Тэр өдөр Ц надад 08 дугаар сарын 01-ний өдөр үхрээ нийлүүлнэ гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 өөр хүн манай менежер рүү залгаад нэг нь 100 үхэр, нөгөө нь 60 үхрийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгнө гэж хэлсэн. Гэвч тэр хоёр хүн рүү буцааж залгахад холбогдох боломжгүй байсан. Ингээд олон янзын худал үнэн нь мэдэгдэхгүй шалтгаан хэлээд яваад байгаа юм. Тийм болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх-н 24-26/,

 

Гэрч С.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Компанийн нярав мөнгийг шилжүүлдэг байсан ба би компанийн нягтлан учир надад мөнгө шилжүүлсэн талаараа мэдэгддэг байсан юм. Тэрнээс биш би уг хүний данс руу мөнгө шилжүүлж байгаагүй. Манай мөнгөний нярав буюу захирлын эхнэр энэ талаар мэднэ. ... Манай байгууллага Дорнод, Хөвсгөл, Булган аймагт гэрээтэй мал нийлүүлэгчтэй бөгөөд Булган аймгаас манайд мал нийлүүлнэ гэж Ц нь гэрээ хийж мөнгө авч байсан боловч мал нийлүүлээгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 27/,

 

Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Манай нөхөр Бын итгэлийг Ц олчихсон байсан ба анх танилцахад нэлээн сэргэлэн аятайхан хүүхэд шиг байсан. Цогтоо нутагтаа мал цуглуулна гэж байна холбогдоод мөнгийг нь шилжүүлж байгаарай гэж нөхөр хэлсэн юм. Тэгээд би Цтэй холбогдоход надаас мөнгө авч эхэлсэн юм. Ц тухайн үед надтай холбогдоод мөнгө авах болгондоо өөрийнхөө данс руу шилжүүлж байсан. Өөр хүмүүс бол малаа худалдаж байгаа хүмүүсийнхээ дансыг өгч мөнгөө шилжүүлдэг юм.  Гэнэт эргэлзээд нөхөртөө хэлэхэд чи өөрөө асуугаач гэсэн. Удалгүй Цогт- Эрдэнэ манай гэрт ирээд ажил их сайхан явж байгаа би Хятад явах ажилтай болчихлоо гэж уулзсан. Тэгээд Хятадад явж байхдаа хүн мал зарна гэж байна гэж хэлээд тэр хүнийхээ дансыг хэлээд надаар мөнгө шилжүүлсэн юм. Одоо хашаа хороогоо бариад малаа бөөгнүүлээд боомилох малаа боомилоод маллах малаа үлдээе, малчин олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл манай аав малчныг нь хийнэ, манай аав насаараа нягтлан хийсэн хүн байгаа юм гэж хэлсэн. Хашаагаа бариулахаар газраа олоод хүн явуулахад гар утсаа авахаа байчихсан ба Булган аймагт очсон хүмүүс гэрийг нь хайгаад олохгүй байсан ба арай гэж гэрийг нь олоод аавтай нь уулзаад Цийг хаана байгааг нь асуухад бөө болоод ууланд гарсан гэж хэлсэн. Тэгээд Цогтоо хаана байгаа нь тогтоогдохгүй, авсан мөнгө төгрөгөө буцааж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа юм. Уг хүний аав нь малтай хүн болохгүй бол хохирлыг нь малаараа төлөөд барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /1-р хх-н 29/,

 

Гэрч А.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сард Цтэй таарахад үхэр авч байгаа, 500.000 төгрөгөөр хязаалан үхэр авна гэж хэлж байсан. Тэгээд 500.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу 1 хязаалан үхэр гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Таг болчихсон байж байгаад 2020 оны хавар асуухад үхэр авахаар хүмүүстэй уулзаж мөнгө өгөөд хулхидуулчихсан. Одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа үхэр авахаа больсон. Мөнгөө авъя гэхээр нь би 2020 оны 11-12 сарын орчимд Цийн данс руу шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-н 243-244/,

 

Гэрч С.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би анх Цтэй Баасансүрэн гэх эмэгтэйгээр дамжуулж 2017-2018 онд танилцаж байсан. Баасансүрэн нь Ганчимэгээс зээл авахын тулд хүнээс мөнгө авч Ганчимэгт тусалж байсан юм. Ганчимэгтэй Цийг танилцуулж байсан бөгөөд тэрнээс хойш уг хоёр хүн нэг нэгнээ мэддэг болсон. Ганчимэг гаднаас их хэмжээний зээл авахаар хөөцөлдөж байгаа тэрнээсээ мөнгө өгнө гэж надтай ярьж тохирсон юм. 2017 оны 12 сараас 2019 оны 04 дүгээр cap хүртэл Ганчимэгийн хөөцөлдөж байгаа зээлд хэрэгтэй гэсэн мөнгийг нь өгч байсан бөгөөд уг зээл нь Монголоос гарах боломжгүй болсон Хятад улсаас хамтарч ажилладаг байсан компаниар дамжуулж авахаар боллоо гээд Хятад улс руу Ганчимэгийг дагаж явсан. Шинэ жилийн амралт, Хятадын еэвэн cap болоод амралт болсон гээд буцаж ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-нд Цийн хамт Хятад руу явсан. Ц над руу шилжүүлж өгсөн мөнгөнөөсөө замын зардал, онгоцны билет зэргээ захиалуулж авч байсан. 2019 оны 03 дугаар сарын 12-нд Цд ажил явдал гарсан гээд буцахаар болоод би 1.330.000 төгрөг өгч буцах зардлыг нь өгсөн.

Ц надаас нэхэмжлээд байгаа 18.400.000 төгрөгөөс 2.450.000 төгрөгийг онгоцны билет замын зардалд өөртөө зарцуулсан. Би Цд төлөх мөнгө нь 15.950.000 төгрөг өгөх ёстой болоод байгаа юм. Уг нь бол над руу шилжүүлж өгсөн мөнгөнөөс нь Ганчимэг, Баасансүрэн нарт шилжүүлж өгч байсан.

Тухайн үед Ц арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа юм 350 сая төгрөгийн зээлийг Ганчимэгээс авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Цд хандаж явахад замын зардал байхгүй байна гэж ярихад надад үхэр цуглуулж өгөөч гэж хүн мөнгө өгч байгаа. Би танд туслаад гэрээ хийгээд мөнгө өгье гэж хэлээд нэг үхэр 350.000 төгрөгөөр бодож авч өгөхөөр болсон та надад туслаарай гэж хэлсэн. Тэгээд би Ганчимэгээс мөнгө авчих юм бол дээр нь мөнгө нэмээд өгье гэж ярьж байсан. Тэрнээс биш надад үхэр байгаа би үхэр аваад өгье гэж хэлж ярьж байгаагүй бөгөөд сүүлд Ц надад хандаж одоо Ганаа эгчийн ажил бүтээд мөнгөө авах гэж байгаа учир та надад туслаач би хүнээс мөнгө авчихсан чинь мөнгөө нэхээд байна. Та надад бичиг хийгээд өгөөч гэж гуйгаад надаар 50 гаруй үхрийн мөнгө авсан төлж барагдуулна гэсэн утга бүхий бичиг хийлгэж аваад явсан. 2019 оны 11 сараас хойш Цтэй холбоогүй байсан. Гэтэл 7 хоногийн өмнө над руу холбогдоод та өөрийн хариуцсан 18.400.000 төгрөгөө төлөөрэй, Ганчимэг 55 сая төгрөгийг төлнө, би 5 сая гаруй төгрөг төлнө. Одоогоор 13 сая төгрөг би уг хүнд төлсөн байгаа гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 03-07/,

 

Гэрч Ш.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж би Ганчимэгт 2.500.000 төгрөгөөс эхэлж өгсөн юм. Тухайн үед Ганчимэг олон улсаас бага хэмжээний хүүтэй мөнгө зээлэхээр болсон урьдчилгаа 150.000.000 төгрөг өгвөл гаргах гээд байна гэхээр нь би мөнгө өгч эхэлсэн. Улмаар уг хүнд 2019 оны 06 сар хүртэл нийтдээ 27-28 сая төгрөг бусдаас зээлж өгсөн байсан. Тухайн үед Тамир Ц гэх хүнийг танилцуулж үхэр авах гэж байгаа, та юу ч гэсэн зээлсэн мөнгөө өгч бай гэж хэлээд Цэс үхэр авахаар болсон гэсэн утга бүхий нотариатын гэрээ хийлгэж 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа надад ажил явдал гарахад Цийн данснаас 700.000 төгрөг орж ирж ажил явдалд зарцуул гэж хэлсэн. 7.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг Тамир дансандаа авсан юм. Тухайн үед Ганчимэгт мөнгө авч өгсөн. Хүмүүс надаас мөнгө нэхэж 7.000.000 төгрөг төгрөгөөс 2.500.000 төгрөгийг тарааж өгсөн. Надад үлдсэн 2.700.000 төгрөгийг би өөртөө хэрэглэсэн юм. Анх ярихдаа 27-28 сая төгрөгөөс хасаж тооцохоор тохирч байсан гэх мэдүүлэг /2-р хх-н 12-13/,

 

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /1-р хх-н 09-15/,

- шүүгдэгч Д.Цийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 116-125/,

- шүүгдэгч Д.Цийн Хаан банкны 5270200786 тоот дансанд 5041310702, 5212016072 тоот данс руу мөнгө шилжүүлсэн дансны түүвэр, /1-р хх-н 126-131/,

- шүүгдэгч Д.Цийн 5270200786 дансны орлого, зарлагын түүвэр /1-р хх-н 133-148/,

- хохирогч Ш.Боос шүүгдэгч Д.Цд мөнгө шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1-р хх-н 198-216/,

- нийт 99.180.000 төгрөгийн хохирол төлсөн баримтууд /1-р хх-н 190, 193, 2-р хх-н 52-53, 75-78, 93-96/,

 

Шүүгдэгч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2018 оны 11 дүгээр сард Боо ах намайг дуудаж уулзаад цагаан сараас өмнө болон баяраас хойш үхэр зарах хүмүүст мөнгийг өгч 5-6 сараас цуглуулж болно тэгж хүмүүст мөнгө өгөөд байх боломж байна уу гэж надтай уулзсан. Би тухайн үед Боо ахаас та Хятад улс руу нийлүүлэх гэж байгаа юм уу гэж асуухад Монголын нөөцийн маханд нийлүүлэх гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн. Дотоод санаандаа Хятад улс руу гаргана гэсэн бол би үгүй гэж хэлэх байсан юм. Хүмүүст би зарлаж эхэлсэн урьд таних Тамир гэх эмэгтэй үхэр нийлүүлэх боломжтой гэж Архангай аймгийн Өлзийт суманд хадмууд, Дорнод аймгийн нутагт хамаатнууд амьдардаг үхэр нийлүүлэх боломжтой гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сард Хятад улс руу Тамир намайг дагуулж Ганчимэгтэй уулзах гэж явсан. Ганчимэгт би ийм ажил хийж байгаа талаараа хэлээд Ганчимэг мөн үхэр нийлүүлэх боломжтой талаараа хэлсэн тул би ирээд Ганчимэгт мөнгө шилжүүлж байсан. 2019 оны 04 дүгээр сард Ганчимэг ирээд бизнесийн ажил явагдаж байна үхрийг цуглуулж өгөх боломжтой гэж хэлж тухайн үед надаас мөнгө авч байсан. Тэгээд бас миний карт ажиллахгүй байна гэж хэлээд миний хувийн картыг авч хэрэглэж байсан. Энэ бүхэнд би тухайн үед Ганчимэгт итгэж байсан. Мөн Баянжаргалд 2019 оны 01 дүгээр сард Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат иргэнд үхэр авахаар тохирч гэрээ хийж 7.700.000 төгрөг шилжүүлсэн. Баянжаргал гэрээ хийхдээ малын А данс үзүүлж надтай гэрээ хийсэн юм. Булган аймгийн Булган сумын харьяат Батсүх гэх хүнд 1.200.000 төгрөг үхэр авахаар өгсөн. Уг хүн мөнгөө буцаан шилжүүлж би Б ахад мөнгийг нь шилжүүлсэн. Мөн Гантөмөр гэх хүнд 500.000 төгрөг шилжүүлж уг мөнгийг буцаан авч Б ахад шилжүүлж өгсөн. Отгонжаргал гэх хүнд 4.860.000 төгрөг шилжүүлсэн боловч уг хүн мөнгөө буцааж өгнө гэж надад хэлсэн. Тамирт би 18.400.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ганчимэгт 55.032.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би өөрөө 9.000.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн. Үүнээс Б ахтай тохирч хийсэн гэрээнд үхэр тутамд 20.000 төгрөг авахаар тохирсныг нийт 4.000.000 гаруй төгрөг авсан байдаг юм гэх мэдүүлэг /2-р хх-н 45/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс Д.Цийн оршин суудаг Булган аймгийн Булган сумын засаг даргын “Д.Ц /ГЖ90010417/ нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган 14-р гудамжны 1416 тоотод амьдардаг” гэх тодорхойлолт /1-р хх-н 18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 34/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, тодорхой хугацаанд ашиглах гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хэрэгцээг хангах санаа зорилготой, хүсэж идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг ... ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад энэ гэмт хэргийг “бусдад ... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж энэ хэргийн хувьд шүүгдэгч нь өөрийн хувийн хэрэгцээнд хамаарах төсөл гэх асуудлыг санхүүжүүлэх үүднээс бусдаас бага хүүтэй, их хэмжээний зээл авах зорилгоор хохирогчыг хуурч шилжүүлж авсан мөнгийг бусдад шилжүүлсэн ч үхэр авч байгаа мэтээр хохирогчыг төөрөгдөлд оруулах,

“урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” урьд нь харилцаж байсан байдал, эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал итгэлийг урвуулах зэргийг тус тус ойлгоно.

 

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ. 

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Шүүгдэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун хотхоны 306-32 тоотод байрлах “БЭТЦ” ХХК-ийн оффисын байранд Ш.Бын хөрөнгөөр малчдаас үхэр худалдан авч нийлүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ш.Боос 36 удаагийн гүйлгээгээр нийт 99.180.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5270200786 дугаарын дансаар хүлээн авсан боловч түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үхэр худалдаж авалгүйгээр Ш.Бт 99.180.000 төгрөгийн хохирол учруулсан нь 50.000.000 төгрөгөөс дээш байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангаж, шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчийн учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Д.Цийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нь хэргийн болоод гэм буруугийн талаар маргахгүйгээр шүүх хуралдаанд оролцсон.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдэж бусдад 99.180.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг учруулсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байх ба хохирогчид хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлан,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Цийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.  

 

Шүүгдэгч Д.Цд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ялыг багаар оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь дээрх шудрага ёсны болон гэм буруугийн зарчимыд нийцэж, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дийн Цийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Цийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ