Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00005/и |
Дугаар | 601 |
Огноо | 2018-08-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 601
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л-ын Г-д холбогдох,
Гэм хорын хохиролд 27.858.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш /цахимаар/, хариуцагч Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” хоршооны дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн жимсний талбайд гал алдсаны улмаас “х” хоршооны 3266 ширхэг чацарганы мод шатаж 27.858.000 төгрөгийн хохирол учирсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Улсын үнэлгээний хороо тогтоосон. Үүнд 9 настай Виликан, Любимая, Чуйская, Солнечная, Обилная, Превосходная сортын чацарганы 3266 ширхэг мод шатсан. Өмнөх 2008-2013 онуудад тухайн талбайгаас жилд 15 тонн жимс хураан авч байлаа. Үүнээс гадна энэ талбайгаас жилд дунджаар 60000 ширхэг суулгац бэлтгэн бусдад нийлүүлж байсан. Шатаагүй үлдсэн 500 модноос 2014 онд 6,9 тонн, 2015 онд 8,4 тонн жимс авсан. Гал гарсны улмаас 15-20 тонн жимс авах боломжгүй болж, энэ нь 37.500.000-50.000.000 төгрөгийн алдагдалтай байсан гэсэн үг. Мөн жилд 60000 ширхэг суулгац зарж борлуулан 120.000.000 төгрөг олох боломжоо алдсан. Манай хоршоотой суулгац нийлүүлэх гэрээ хийсэн хувь хүн болон аж ахуйн нэгжүүд мөн алдагдал хүлээж, манай хоршооны нэр хүнд унаад байна. Ингээд нийт актаар тогтоогдсон 3266 ширхэг модны үнэ 27.858.000 төгрөгийг гаргуулж авахыг хүсч байна. Зөвхөн ийм хэмжээний хохирол учраагүй, цаана нь тухайн талбайгаа сэргээхэд хүн хүч, хөдөлмөр, эдийн засгийн хохирол ихээр амссан. Жишээ нь, сэргээн засахад 31.000.000 төгрөгийн хохирол гарсан. Би өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөөд одоохондоо эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн хохирлыг гаргуулж авахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан “х” хоршооны дарга Х-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Х-ийн нэхэмжлэлийн асуудлаар надад эрүүгийн 201420000198 дугаартай хэрэг үүсгэж шалгасан ба Увс аймгийн Прокурорын газраас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан боловч талуудын гомдлоор хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 3 шатны эрүүгийн хэргийн шүүх намайг гэм буруугүй хэмээн тогтоож, цагаатгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гал гарсны дараа би дуудлага өгснөөс болж 5 жилийн хугацаанд шалгагдаж, өчнөөн хохирол бас амссан шүү дээ” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г анх гал гарсан талаар мэдээлэл өгсөн байгаа боловч нэхэмжлэлийг хариуцах эсэхэд эргэлзээ төрж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “х” хоршоо нь хариуцагч Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 351.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэм хорын хохирол 27.858.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 тоот тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/2033 тоот “Гомдлын хариу”-гаас тус тус үзэхэд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “х” хоршооны 3 га талбай бүхий жимсний талбай шатаж, хохирогчид 27.858.000 төгрөгийн хохирол учирсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байх боловч уг гал хэний буруутай үйлдлийн улмаас гарсан, хэн гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлбөргүй нотлох баримтаар нотолж чадаагүй, түүнчлэн “онц их хэмжээний хохирол” учраагүй гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй хэмээн эрүүгийн 201420000198 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, иргэн Г, Ц нарыг цагаатгасан байна.
Өөрөөр хэлбэл, “х” хоршооны болон иргэн Б, Н, Г нарын эзэмшлийн жимсний талбайд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гал гарч, тэдэнд нийт 29.206.596 төгрөгийн хохирол учирсан байх боловч хэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, нөгөө талаар Г, Ц нар тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх нь нотлогдоогүй гэж үзжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх гэсэн нөхцөлүүд бүрдэж, тухайн нөхцөл байдал нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсоны үндсэн дээр гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулахаар заасан байна.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар хариуцагч Г-ийн “гэм буруу” нотлогдож, тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г-ээс гэм хорын хохирол 27.858.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “х” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “х” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчээс анх гэм хорын хохирол 351.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, уг нэхэмжлэлийн шаардлагад ногдох 1.912.949 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсэг буюу 300.000 төгрөг төлсөн ба үлдэх 1.612.949 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 60 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г-ээс гэм хорын хохирол 27.858.000 /хорин долоон сая найман зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “х” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД П.БОЛОР
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ