| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00539/и |
| Дугаар | 611 |
| Огноо | 2018-08-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 611
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-ийн Г-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөр 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хаан банк нь өөрийн өмчлөлийн х дугаартай автомашиныг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэг жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулан D173001109689 дугаар гэрээг манай компанитай байгуулсан юм. Манай компанийн авто тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр х дүүргийн нутаг дэвсгэрт х улсын дугаартай, Prius 20 маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Г мөргөж, зам тээврийн ослыг гаргасан байна. х дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь ослын газар үзлэг хийж, хариуцагч Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь заалтыг зөрчсөн буруутай болохыг тогтоосон. Даатгалын гэрээний дагуу Хаан банкны х дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4.200.000 төгрөгийг манай компани төлж барагдуулсан юм. Хариуцагч нь тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх тухай тодорхойлолтыг гаргасан боловч энэхүү үүргээ гүйцэтгэхгүй байна. Даатгалын тухай хууль болон гэрээний дагуу буруутай этгээдээс хохирлыг даатгагч нь гаргуулах эрхтэй тул хариуцагч Г-ээс 4.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г-д 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын х дүүргийн замд жолооч Г “Гуртын тавилан” ЗГБХН-ийн х дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчиж, Б жолоочтой Хаан банкны Вольксваген пассат маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, 4.131.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан Зам тээврийн ослын акт, хохирлын үнэлгээний баримтаар тогтоогдож байна.
Улмаар “А” ХХК болон Хаан банк нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн D173001109689/650 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 8.7-д “Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэсний дагуу нэхэмжлэгч “А” ХХК-иас Хаан банкинд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 4.200.000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр төлөгджээ.
Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Г-ээс даатгалын нөхөн төлбөр 4.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-ээс 82.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Б-ээс даатгалын нөхөн төлбөр 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.150 /наян хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 82.150 /наян хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА