Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/727

 

                                                                                                                      

 

    2022        05          19                                     2022/ШЦТ/727

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Батцэцэг,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2106 04521 1489 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 105 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мын биед тодорхой шалттаангүйгээр халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн шуунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                         

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04521 1489 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би нөхөр Ц.Мтэй 2004 онд гэр бүл болж одоог хүртэл амьдарч байгаа. Дундаасаа 09-15 насны хоёр охинтой. Манай  нөхөр намайг суусан цагаасаа хойш их бага хэмжээгээр зоддог байсан. Цагдаад хэлдэггүй байсан ба сүүлийн 2-3 жил бол цагдаад хандаж байсан.

2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ ганцаараа архи ууж согтоод шөнө 01 цагийн орчимд намайг ямар ч шалтгаангүй зодож эхэлсэн. Миний толгойн тус газраас үстэж чирээд шал мөргүүлж, их биеийн баруун тал хэсгээс хөлөөрөө дэвссэн чинь миний нурууны 2 яс хугарсан, толгой хавантай, цус хуралттай гэсэн онош гарсан. Хий хардаад зоддог. Өөрөө олон хоног тэнээд, архи дарс ууж яваад ирэхээрээ тэрийгээ хаацайлах гээд л намайг зоддог. Хүүхдээрээ мэдүүлэг өгүүлмээргүй байна. Ийм аавтай байснаас больсон нь дээр. Амиа хорлоно энэ тэр гээд байгаа гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

... миний биед учирсан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг 2021 оны 11 сарын 21-ний өдөр нөхөр М согтуу байхдаа намайг зодож цохиж учруулсан. Яг хаана хаана, яаж цохьсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдөртөө унтаад өглөө сэрсэн чинь миний нуруу өвдөөд явж чадахгүй байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Манай нөхөр архинаас гараад ажил төрөл хийгээд амьдралын төлөө явж байгаа. Тухайн асуудал гарсан өдрөөс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11754 дугаартай:

Б.Мын биед бүсэлхийн 1,2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн шуунд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 8-10/,

 

Шүүгдэгч Ц.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой уншиж танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Бат-Өлзий Солонгос улсаас ирээд гэртээ ирээч гэж дуудахаар нь би гэрт нь очиж хоол идсэн чинь надад тортой чихэр жимс виски өгөхөөр нь би тэрийг нь аваад эхнэр Б.Мыг ажлаас нь очиж аваад гэртээ буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84-105 тоотод ирсэн. Бид хоёр гэрт ороод хүүхдүүддээ чихэр жимсийг нь өгөөд өөрсдөө нэг шил вискиг хувааж уусан. Бид хоёр виски уусны дараа М нь унтахгүй гээд орилж хашхираад байхаар нь би унт гэхэд унтахгүй гээд надтай ноцолдоод байхаар нь би унт гээд орлуу түлхээд унагаасан чинь босч ирээд миний хөлрүү аягаар цохиход манай хүүхэд босч ирээд боль гэхээр нь бид хоёр маргалдахаа болиод унтаад өглөө сэрээд хоёр тийшээ ажилдаа явсан. Ийм л зүйл болсон.  

Бид хоёр хамтдаа виски ууж байгаад дуусгаад унтах гэхэд М нь унтахгүй гээд байсан тул хоорондоо маргалдаад бие биенийгээ түлхэлцэж маргалдсан. Тэгээд байж байхад хүүхэд босч ирээд бид хоёрыг боль гэхээр нь больсон гэх мэдүүлэг /хх-ийн 101/,

 

Хохирогч Б.Мын “... миний бие 2021 оны 11 сарын 21-ний өдөр өөрийн нөхөр болох Ц.Мд зодуулсан гэж гомдол мэдээлэл гаргасан ба одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тайлбар /хх-ийн 102/,

Шүүгдэгч Ц.Мийн “... ингээд эхнэртэйгээ виски хувааж уугаад согтоод зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа юм. Эхнэртэй маргалдаад одоо унт гээд нуруу руу нь түлэхсэн, цохьсон байна. Согтуу байсан гээд архи руу буруугаа хийж байгаа юм бишээ. Өөрийнхөө буруу зүйл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна. Эхнэрийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл гэж шинжээчийн дүгнэлт гарсаныг хүлээн зөвшөөрч байна. Бид одоо эвлэрэн хэвийн амьдарч байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн, шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 103/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, бусдад төлбөргүй лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-н 29-80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

 

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.М хохирогч Б.М нарын гэрлэснийг 2008 оны 02 сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн мэргэжилтэн бүртгэлийн 344 дугаарт бүртгэсэн нь хавтаст хэргийн 32-р талд авагдсан лавлагаагаар, Ц.М, Б.М нар нь 2 хүүхдийн хамтаар ам бүл дөрөвүүлээ гэр бүл болон амьдардаг нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон учир гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн болно.

 

 “Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,

“Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох бол тэдгээрийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь гэр бүлийн өөр гишүүн халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа нь гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын хоорондын харилцааг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг,

мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ... үйлдсэн бол ...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,

 Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндүүлэх нөхцөлийг тодорхойлж хуульчилсан байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ц.Мд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Мийн хохирогч эхнэр Б.Мын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.М нь “ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүрээнд эхнэр нөхөр 2 хамт архидан согтуурсан хохирогч, шүүгдэгч нарын буруутай үйлдэлээс улбаатай болно. Гэр бүлийн хүмүүс хамт баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээнд оролцох, тэмдэглэхдээ зэрэгцэж хамтаараа их хэмжээгээр архидан согтуурдаг явдлыг өөрчилөх нь зүйтэйг хохирогч, шүүгдэгч нар цаашид анхаарч амьдралдаа хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М нь хэргийн учир цагдан хоригдоогүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Цийн Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ