Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 51

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                     Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                           Г.Түвшинжаргал

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Даваахүү

                                 Хариуцагч                               Ж.Сайнбилэг

                                 Хариуцагчийн өмгөөлөгч    Ж.Эрдэнэбаатар

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Ж.Сайнбилэгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй, Ч.Чинзүрх, Д.Баясгалан нарт холбогдох  “Бэлэглэлийн гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчлөгчөөс чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2002 онд Баруунбүрэн суманд Эрдэнэт, Дархан чиглэлийн замын хажууд 54 м.кв цайны газар байгуулсан. 2004 онд Тунгалаг, Атарсайхан нарт 500000 төгрөгөөр түрээслээд түрээслэвэл үүнээс цаашаа түрээслүүлье түрээслэхгүй бол үнэ тохиръё гэж хэлсэн чинь ерөөсөө мөнгө төгрөг өгөхгүй байсан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр энэ хүний нөхөр Атарсайхантай манай нөхөр ярьсан чинь юун амбсан үеийн юм яриад байгаа юм бэ, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Та нар юу олж долоодог юм гэж хэлсэн. Тэгээд зарагдчихсан байна гэж мэдээд тэрнээс хойш хөөцөлдөж байгаа. Хүний үл хөдлөх хөрөнгийг эд нар яахаараа өөрийн болгоод авчихсан байгаа юм. Би бүр гайхаад байгаа. Би эд нарт итгээд орхисон юм. Бид нар энэ хугацаанд аав өвчтэй байсан учраас нааш, цаашаа явах боломжгүй байсан. Наашаа, цаашаа явсан хүмүүсээс ажиллаж байна гэсэн сураг гаргаад явж байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа учраас хэрвээ зарагдахаар бол би очиж байж наана, цаана болох байх гэж бодож байсан. Би хэзээ нэгэн цагт очиж авна гэж бодож байсан. Энэ хүмүүстэй ээж 3 удаа ирж уулзсан. Ээж энэ хүмүүсийг мөнгө өгөхгүй байна гэж хэлдэг байсан. Энэ хүн надаас гэрчилгээ нь байхгүй бол архины зөвшөөрөл авч ажиллуулж болохгүй байна гэж хэлээд бичиг баримт аваад үлдсэн. Тэр бичиг баримтыг ашиглаад өөрийн нэр дээрээ болгосон байна. Бид нар тэрийг нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Утсаар ярихад та нар юу олж долоодог юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж доромжилсон. Хэд хэдэн хүнд зарчихсан байна. Би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хөөцөлдөж байна. Хүний үл хөдлөх хөрөнгийг хуурамчаар бичиг баримт бүрдүүлж болдог юм уу би үл хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож, байраа чөлөөлүүлж авах хүсэлт гаргаж байна.

Иимд намайг  оролцуулахгүйгээр итгэмжлэл үйлдээд  Чинзүрхэд хөрөнгө шилжүүлсэн 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах,  уг бэлэглэлийн гэрээг үндэслэн Чинзүрхийн нэр дээр бүртгэгдсэн байгаа 000123141 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах,  одоо энэ байрны шударга бус өмчлөгч буюу Баясгалангийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй энэ бол арай дэндүү хүнийг гүтгэсэн нэхэмжлэл байгаа юм. Яг энэ заваан юумны эх үүсвэр нь хэнээс болсон гэвэл энэ хүнээс өөрөөс нь болсон. Яагаад гэвэл чиний энэ өмчийг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд би явж чадахгүй та миний бичиг баримтыг аваад өөрийнхөө нэр дээр болго гэж хэлэхээр нь би энэ хүнийг Эрдэнэтээс хичнээн дахин хайж байж олж аваад бичиг баримтыг нь авсан. Би энэ хүний бичиг баримтыг хулгай хийж аваагүй. Би 2004 онд энэ айлаас худалдаж авсан. Тухайн үед түрээс гэдэг зүйл Баруунбүрэн сумд хэзээ ч байгаагүй. Одоо болохоор энэ хүмүүс түрээс яриад байна. Бид нар түрээсийн гэрээ байгуулаагүй. Түрээсийн гэрээ хийдэг юм бол сар, жилээ бичээд гэрээ хийх байсан гэж би бодож байгаа. Гэтэл энэ хүн тийм гэрээ хийгээгүй. Би түрээс мэдэхгүй байна. Би худалдаж авсан гэж ойлгож байгаа. Тухайн 2004 онд манай сумын 80 жилийн ой, манай сургуулийн 80 жилийн ой болж байсан. Тэнд би худалдаад авчихсан байсан учраас үйл ажиллагаа явуулахын тулд бичиг баримт нь хэрэгтэй болсон. Тийм учраас би энэ хүнийг хайсан. Сумын 80 жил, сургуулийн 80 жилийн ойгоор л ажиллуулсан. Тэгээд тэр 500000 төгрөгийг нь аваад буцаагаад өгчихье гэсэн чинь эд нар олдоогүй. Ингэж алга болчихоод өчнөөн жилийн дараа гарч ирээд юм авъя гэж бодсон юм шиг байгаа юм. Авч болно. Баруунбүрэн сумд тухайн үед 500000 төгрөг өндөр үнээр авсан. 2007 онд тухайн байрыг 450000 төгрөгөөр зарагдсан. Авсан хүмүүст нь гэрчилгээ нь байгаа. Би Эрдэнэтээс хайж, хайж олоход надад бичиг баримтаа өгсөн. Би тухайн үед энэ хүүхэд ирж чадахгүй гэж хэлсэн бичиг баримтаа өгч явуулсан юм. 13 жилийн дараа ирээд тийм ийм байсан гэж худлаа яриад байна. Газрын гэрчилгээтэй байсан гэж худлаа яриад байна. Газрын гэрчилгээ тэр үед хэзээ ч байгаагүй. Нэхэмжлэл дээрээ газрын гэрчилгээ гэж бичсэн байна лээ. Газрын гэрчилгээ байгаагүй. Наадахыг чинь Баярмаа газрын гэрчилгээжүүлсэн юм. Одоо тэр 50 хэдэн км в гэж байгаа чинь өөрчлөгдөөд 60-н хэд болчихсон байгаа. Дараа нь Буяндэлгэрт зарсан байсан. Буяндэлгэр нь 450 000 төгрөгөөр зарсан байсан. Өчнөөн хүн дамжаад явчихсан байгаа. Би одоо хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Ж.Сайнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ байшинг 2005 онд Баярмаа гэдэг хүнээс худалдаж авсан. Би 2012 онд Эд хөрөнгийн бүртгэлийн газраар ороод бүртгүүлсэн. Баримт нь байгаа аваад ирж болно. Миний худалдаж авсан бүх бичиг баримт банкин дээр байгаа. Би авчраад үзүүлж болно. Би энэ байрыг Баярмаагаас худалдаж аваад компани байгуулсан. Тэр байр бүр нураад уначихаар байр байсан. Би тэрийг бүгдийг нь буулгаад ганцхан хундаамыг нь үлдээгээд бүгдийг нь шинэчилж бариад 2012 онд компани байгуулсан одоо хүртэл ажиллаж байгаа. Бичиг баримт нь банкинд байгаа. Би зээл аваад банкинд тавьчихсан юм одоо аваад ирж болно. Энэ асуудал 13 жилийн өмнө болсон юм байна. Би эд нарын дунд хавчуулагдмааргүй байна. Би өөр хүнээс худалдаж авсан. Би шүүхэд дуудаад байгааг нь гайхаад байгаа. Баярмаа бид хоёрын хооронд асуудал гараад дуудвал би харин ирэх ёстой. Би яагаад энд ирэх ёстой юм. Би гомдолтой байна. Би энэ байрыг 2012 онд аваад одоо 5-6 жил ажиллаж байна” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 163 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г.Түвшинжаргал, Ч.Чинзүрх нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ч.Чинзүрх, хамтран өмчлөгч Д.Тунгалаг нарын нэр дээрх 000123141 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалтай, 54м2 үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшигч Ж.Сайнбилэгээс чөлөөлүүлж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чинзүрхээс 105.300 төгрөг, хариуцагч Ж.Сайнбилэгээс 105.300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Сайнбилэгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Тус хэргийг шүүх шийдвэрлэхдээ хариуцагчийн хууль ёсны эрхийг бүрэн хангаж оролцуулаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн зэргээр Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.   

   Тухайлвал иргэний хэрэгт Ж.Сайнбилэгийг хариуцагчаар татаж оролцуулахдаа түүнд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй болохыг нь ойлгуулж уг эрхээр хангаагүй байна. Мөн энэ хэрэгт гуравдагч этгээдээр Дэмидмаа. түүний дүү Буяндэлгэр нарыг татан оролцуулах, иргэн Баярмааг хариуцагчаар татан оролцуулж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

   Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан” үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт "үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан байхад эд хөрөнгө болон иргэний үнэмлэхээ бусдад өгчихөөд юу болж байгааг анхаарахгүй 13 жил болчихоод уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.Сайнбилэг худалдаж аваад өргөтгөж засаж сайжруулсаныг мэдээд нэхэмжлэл гаргаж байгаа боловч хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэж  байна.

   Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 163 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж залдах шатны шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ж.Сайнбилэг нь өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргасан нь ундэслэлгүй байна. Хариуцагч Ж.Сайнбилэгийн хууль ёсны эрх ашиг огт хөндөгдөөгүй бөгөөд энэ байдлыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1. Хариуцагч Д.Баясгалан Ж.Сайнбилэг нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд нэхэмжлэлийг өрхийн тэргүүний нэрээр гаргасан юм. Тийм ч учраас нэхэмжлэлийг Ж.Сайнбилэг нь өөрийн нөхөр Д.Баясгалангийн хамт шүүхэд хүрэлцэн ирж гардаж авсан байдаг. Үүнийгээ өөрөө шүүх хурлын өмнө болон явцад нэг бус удаа илэрхийлж байсан.

2. Шүүхэд тайлбарыг Д Баясгалан бус Ж.Сайнбилэг өөрөө гаргасан байдаг.

3. Ж.Сайнбилэг нь шүүх хурлын өмнө манай нөхөр Д.Баясгалан хариуцагч биш би өөрөө хариуцагч ийм ч учраас би тайлбараа гаргасан гэдгээ илэрхийлж хариуцагчийг өөрөөрөө солиулах хүсэлтээ албан ёсоор гаргасан.

4. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт буй хувийн хэрэг материалд хийсэн үзлэгээр уг үл хөдлөх хөрөнгө нь Чинзүрх. Тунгалаг нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжсэнээс хойш ямар нэгэн шилжилт хөдөлгөөн огт хийгдээгүй гэдэг нь нотлогдож байгаа болно.

 Харин 2004 онд Тунгалаг нь Түвшинжаргалаас архины зөвшөөрлийг сунгах шаардлагатай байна, тэгээд ч шалгалт ирэхээр газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичиг баримт хэрэгтэй болоод байх юм гээд холбогдох бичиг баримтыг авч улмаар Тунгалаг нь түүний иргэний үнэмлэхийг ашиглан гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ" байгуулж, хуурамч итгэмжлэлээр 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг байрыг Ч.Чинзүрх болон өөрийнхээ нэр дээр /хамтран өмчлөгч/ шилжүүлж авсан нь нотлогдсон. Тунгалаг нь нотариатын үйлчилгээг Түвшинжаргалын оролцоогүйгээр түүний иргэний үнэмлэхийг ашиглан хийлгэсэн байсан үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Үүний дараа уг үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авсан байдаг бөгөөд гэрчилгээг шилжүүлэхгүйгээр хууль бусаар бусдад дамжуулан зарсан байдаг. Зээлийн барьцаанд байх үеэс эхлэн уг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бусдад зарсан байдаг бөгөөд энэ байдлаар зарагдаж эцэст нь Санбилэг нь худалдан авсан нь нотлогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                 Үндэслэх нь:

    

Нэхэмжлэгч  Г.Түвшинжаргал нь хариуцагч  Ч.Чинзүрх, Д.Баясгалан нарт холбогдуулан “Бэлэглэлийн гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус өмчлөгчөөс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь иргэн Ж.Сайнбилэгийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Баясгаланг тус хэргийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч  Ж.Сайнбилэгээр солих тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан атлаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай эрх зүйн акт гаргалгүйгээр Ж.Сайнбилэгийг шууд шүүх хуралдаанд хариуцагчаар оролцуулж хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч  бус этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг зохицуулсан бөгөөд ийнхүү хариуцагчийг сольсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож буй этгээд 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх ёстой  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шинээр явагдах учиртай.

 

Тухайлбал Ж.Сайнбилэгийг хариуцагчаар татан оролцуулах тухай шүүгч захирамж гарган түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбартай танилцах өөрийн тайлбараа гаргах, нотлох баримт гаргаж өгөх гэх мэт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүхий л эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжоор шүүх хангах үүрэгтэй байна.

 

Гэтэл шинэ хариуцагч Ж.Сайнбилэгт энэхүү хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдаанд шууд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдэл болон хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан дахь сум дундын  шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Сайнбилэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                 ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                            С.ЭНХЖАРГАЛ

                                                                               Г.ДАВААРЕНЧИН