| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2019/0056/э |
| Дугаар | 2019/ДШМ/53 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2019/ДШМ/53
2019 07 23 2019/ДШМ/53
Б.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.Тулгаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЗ/153 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.О-т холбогдох, эрүүгийн 1920000890079 дугаартай, 1 хавтас, 101 хуудас бүхий хэргийг прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн ....... суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тээврийн хэрэгсэл шалгагч мэргэжилтэй, Хилийн цэргийн ........ дугаар ангид шалгагч ажилтай, Дорноговь аймгийн ....... сумын ....... дугаар баг, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ам бүл 2, Х овогт Б-ын О /РД:СЙ......1/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч О.О нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын .....дугаар баг, ....... тоотод Р.Бн баруун хөлний гуян тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ын О-т холбогдох эрүүгийн 1920000890079 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг хэргийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүүд сум дахь сум дундын прокурорын газарт хүргүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1 зүйл заалт бүхий ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан ба анхан шатны шүүхийн захирамж нь дараахь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаяр нь хохирогч Р.Бн биед хөнгөн хохирол тогтоосон дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийн үзлэгийн хэсэгт шинжлүүлэгчийн биед учирсан толгойн баруун хэсгийн шарх гэмтэл нь үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан гэсэн заалтанд нийцэхээр байгаа тул доорхи дүгнэлтийг өгөх үндэслэл болж байна гэсэн нь шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгтэй тохирохгүй байна гэж үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаяр нт хохирогч Р.Бн биед хөнгөн хохирол тогтоосон дүгнэлтийн үзлэгийн хэсэгт хохирогч Р.Бгийн баруун гуянд учирсан шарх гэмтлийн талаар дурьдаж, тэр шарх гэмтлийн талаар дүгнэлт гаргасан байдаг. Шинжээч нь үзлэгийн хэсэгтээ дурьдсан толгойн гэмтлийн талаар бичсэн нь шинжлүүлэгчийн биед учирсан хөлний баруун хэсгийн шарх гэмтэл бичигдэх ёстой байсан техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ тэмдэглэл нь шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй, шүүх хуралдааны явцад шинжээчийг байцаан тодруулах боломжтой ажиллагаа байсан болно.
Хэрэв шинжээчийн дүгнэлтэд 2 өөр хэсгийн гэмтэл бичигдсэн уг дүгнэлтийг шүүхээс үнэлэхэд эргэлзээтэй байдал бий болгож байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу шүүхээс шинжээч томилж шийдвэрлэх боломжтой, шүүхийн өөрийнх эрхийн хүрээнд хийгдэх 100 хувь боломжтой ажиллагаа байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй, хохирогчийн биед дахин шинжээч томилсон ч гэмтлийн зэрэггүй гарахгүй, эсхүл хүндэрч гарахгүй болно.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 4 сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг шалганы 8 айлын 1-5 тоотод Р.Бн баруун хөлсний гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Р.Бгийн гэрчээр өгсөн “...2019-04-12-ны орой манай эхнэр О нь миний баруун гуя руу хатгасан. Үүнээс цааш мэдүүлэг өгөх боломжгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ц-ийн “...цагдаагийн ажилтан дуудлага өгөхдөө хутгалуулсан хүн байна гэж гсөн. Б нь эмнэлэг дээр ирснийхээ дараа “муу авгай намайг хутгалсан” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Уг хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд уг ажиллагаа нь хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар зохицуулагдсан /хуулийн 17 дугаар бүлэг/, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Нөгөө талаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хох уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй б айх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй онцлог, хянан шийдвэрлэх ажиллагаа юм.
Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг юм. Дээр дурдсан нотлох баримтуудаар Б.Оийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан болохыг анхаарч 2019/ШЗ/153 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЗ/153 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Учир нь: Прокуророос шүүгдэгч Б.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл шүүгдэгч Б.О 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ гэр бүлийн хүн болох Р.Бн гуян тус газар хутгалсан үйл баримт болсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээч хохирогчийн биед үзлэг хийж “хохирогч Р.Б-гийн биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарахгүй “ гэсэн 02/200 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ гарч хэргийн оролцогч нарт танилцуулагдсан, хэргийн оролцогчдоос шинжээчийн дүгнэлтийн талаар санал гомдол гаргаагүй, прокурор 05 дугаар сарын 30-ны өдөр Б.От “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-аар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар 72 цагийн хугацаанд хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч шүүх хуралдааны шатанд прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогч нарт танилцуулагдаагүй, эрх бүхий этгээдээс томилогдсон шинжээчийн шинжилгээ эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/-тэй адилхан огноо, дугаартай боловч “хохирогчид учирсан гуяны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг гаргаж ирж түүнд үндэслэн хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн байна.
Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх мөн хууль, зүйлийн 8, 9-д тус тус зааснаар шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг гаргах байсан боловч шүүх дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэр гаргасныг буруутгах аргагүй байна.
Учир нь: хавтаст хэрэгт авагдсан 02/200 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/-ийн “Хийгдсэн шинжилгээ” гэсэн хэсэгт “шинжлүүлэгчийн биед учирсан толгойн баруун хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоор доош буюу түр хугацаагаар сарниулсан“ гэсэн заалтанд нийцнэ гэж тэмдэглэсэн боловч “Дүгнэлт” хэсэгт ийнхүү хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнээгүй тул шүүхээс дахин шинжилгээ хийлгэх шаардлага бий болсон байх ба энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болсон.
Өөрөөр хэлбэл хохирогч Р.Бд учирсан гуяны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй боловч түүний биед толгойн баруун хэсгийн шарх гэмтэл учирсан байсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэргийн 2.4.1-р зүйлд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахаар байжээ гэж ойлгогдож байна.
Мөн шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс “ ... хохирогч буйдан орон дээрээ хөлөө жийгээд хагас хэвтээ байдлаар байж байх үед О юманд торж унахдаа хоол унд хийх санаатай гартаа барьж байсан хутгаараа гуя руу хатгасан, ... муудалцаж, маргалдсан зүйл байгаагүй” гэж тус тус мэдүүлцгээдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэнийг тогтоогоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “ шинжээч нь ... тавьсан асуултын дагуу ... шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийнэ” гэсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй эргэлзээтэй дүгнэлт гаргасан байхад прокурор түүнд үндэслэн шүүгдэгч От холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар прокурор “... хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-т нийцээгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд болох “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ“ зэргийг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй, хэргийн оролцогч нарт танилцуулагдаагүй хууль бус шинжээчийн дүгнэлтийг шүүхэд шинээр оруулж ирж хэлэлцүүлсэн байна гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/-ийг техникийн шинжтэй алдаатай гэснийг анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаатай дүгнэлт гэж үзээгүй нь үндэслэлтэй зөв болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар техникийн шинжтэй гарсан алдаа гэдгийг зөвхөн шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан тохиолдолд залруулга хийхээр заасан байна.
Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокуророос бичсэн шүүх шинжээчийг өөрөө томилж хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЗ/153 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Тулгаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС