Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0330

 

 

 

 

 

                                                   

 

 

 

“М ч” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                             

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан   

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг

Нэхэмжлэгч: “М ч” ХХК                                                                                                      

Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 120/2023/0039

                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “М ч” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын засаг даргад холбогдуулан “Гурван тэс сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг Гурван тэс сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага гаргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11, 35 дугаар зүйлийн 35.3.7, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан “М ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гурван тэс сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаартай газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг боловч энэхүү гаргасан шүүхийн шийдвэрийг нь хариуцагч биелүүлэх боломжтой эсэхийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал Гурван тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд тусгагдсан 1110.49 гектар талбайг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр байхад шүүх цаашид биелэгдэх боломжгүй буюу тусгай хэрэгцээнд авсан газрыг ашиглуулахаар гэрээ байгуул гэж даалгаж шийдвэрлэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 2 дахь хэсгийн 2-т “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газрыг Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд нийцүүлэн олгох” гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1, 34.5, 34.6.1, 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасны дагуу газар ашиглах гэрээ байгуулахад Засаг дарга тухайн хуулийн этгээдээс ирүүлсэн материалыг үндэслэн шийдвэр гаргах бөгөөд үүний дараа гэрээ байгуулахаар хуулинд тодорхой тусгажээ.

3.3. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хуулийн шаардлага хангаагүй, шаардлагатай баримтыг хавсаргаагүй хүсэлтийг ирүүлж “...танай хүсэлтийг түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй” байна гэсэн хариуг хүргүүлсэн байхад “гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн агуулгаар нэхэмжлэл гарган, шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлага хангасан баримтыг хавсарган хүсэлтээ гаргасан эсэхэд дүгнэлт хийлгүй, шууд гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж буй нь цаашид аливаа этгээд хуульд нийцүүлэн өргөдөл, хүсэлтээ гаргаагүй ч гэсэн “даалгах” агуулгаар нэхэмжлэлээ гаргаж, хуулийн шаардлага хангаагүй хүсэлтээ шүүхээр шийдүүлэх буруу практик тогтох эрсдэлтэй байгааг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах гэрээ байгуулах эрх нь тухайн сумын газрын даамлын бүрэн эрхэд хамаарч байхад шүүх Засаг даргын ажил үүрэгт хамаарахгүй асуудлыг буюу гэрээ байгуулахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч “М ч” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын засаг даргад холбогдуулан “Гурван тэс сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг Гурван тэс сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Маргаан бүхий Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 тоот албан бичгээр “...Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд шинээр газар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай чиглэл ирсэнтэй холбогдуулан танай ирүүлсэн хүсэлтийг түр хугацаагаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд газрын кадастрын мэдээллийн системд шинээр газар олгох үйл ажиллагаа нээж хэвийн болсон үед танай байгууллагатай холбогдож мэдээлэл хүргэх болно” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар зохицуулсан.

5. Анхан шатны шүүхээс дээрх маргаан бүхий албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, нэхэмжлэгчээс захиргааны хууль бус татгалзал болох эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

6. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Сум, дүүргийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 2.2-т “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газрыг Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд нийцүүлэн олгох;” гэж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.гэж тус тус заажээ.

7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Гурван тэс сумын засаг дарга нь газар ашиглах гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэх, хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, хамтран хариуцагч татах шаардлагатай эсэх талаар тодруулах шаардлагатай.

8. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар хариуцагч нь ямар захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа эсэх, энэ нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж буй талаар болон хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх талаар тодруулах нь зүйтэй.

9. Мөн анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.  

10. Учир нь, нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглуулах гэрээ байгуулах бүх шаардлагыг хангасан, хариуцагчаас газар ашиглах гэрээ байгуулахад шаардлагатай материалд юу дутуу өгсөн, юу нь болохгүй байна гэдгийг тодорхой хэлж өгөөгүй” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн зүгээс хуулийн шаардлага хангаагүй, шаардлагатай баримтыг хавсаргаагүй хүсэлтийг ирүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байх атал нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлт, түүнд хавсарган хүргүүлсэн гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

11. Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг тодруулалгүй орхигдуулсан байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН