| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00242/и |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-08-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 622
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я-ын С-т холбогдох,
Х банкны өмчлөлийн 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, 600 м.кв талбайтай газрыг тус тус чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай иргэний хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Я.С, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч С нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшин барих зориулалттай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 20.000.000 төгрөгийн зээлийг 1660001660 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. 1250001660 тоот зээлийн гэрээний үүргийг 2013 оны 3 сараас хойш зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хийгээгүй. С-тэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардаж байсан боловч цаашид зээл төлөх боломжгүй болсон тул 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 681 тоот шүүгчийн захирамж гарч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөр төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй тул барьцаа хөрөнгө болох 99 м.кв талбайтай хувийн сууц, 600 м.кв тапбайтай газрыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Х банкинд 19.622.755,55 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба санал болгосны дагуу хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэтэл С нь банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхгүй, тавьсан шаардлагыг үл тоомсорлон биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Х банк нь хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Х банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 99 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүр, граж, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд С-ийн хууль бус эзэмшлээс Х банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Х банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авах үед эдийн засагч Т нь 14.000.000 төгрөг авснаар сард 234.000 төгрөг төлөхөөр график гаргаж өгсний дагуу би 1 жилийн хугацаанд төлсөн. Тэгээд тухайн үед банкинд шалгалт ирсэн гээд үлдэх 6.000.000 төгрөгийг нэмээд сард 550.000 төгрөгөөр зээл төлүүлэхээр графикийг өөрчилснөөс би алдагдалд орж эхний 3 сарын хугацаанд зээлээ төлөөд цааш төлж чадахгүй болсон. Би зээл авах үед миний үндсэн хөрөнгө хүрэхгүй байсан бөгөөд тухайн банкны ажилтны буруугаас би алдагдалд орсон гэдгээ банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М гэх хүн надаар гарын үсэг зуруулж газрын албанд очоод газрыг Х банкны нэр дээр шилжүүлсэн. Тэгээд банк надыг тухайн байраа 10.000.000 төгрөгөөр ав гэхэд надад уг мөнгө бэлэн байгаагүй бөгөөд би данс нээлгээд 1.000.000 төгрөгийг тухайн дансанд хийсэн. Тэгээд 10.000.000 төгрөгөө энэ байдлаар бүрдүүлж өгнө гэхэд Х банк зөвшөөрөөгүй. Х банк намайг найдваргүй зээлдэгч тул надад байрыг өгөхгүй гэсээр өдий хүрсэн. Тухайн үед Х банк хуулийнхаа дагуу ажиллаад 20.000.000 төгрөг биш 10.000.000 төгрөг өгсөн бол би ингэж байраа банкинд өгөх ёсгүй байсан. Би улсад 28 жил 6 сар ажилласан. Улмаар 2019 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарах ёстой. Иймд би хашаа байшингаа тэтгэврээ барьцаалан 10.000.000 төгрөгт тооцож авна. Тэрнээс би хэзээ ч байраа Х банкинд өгөхгүй. Х банк хууль бусаар манай байрыг өөрийн эзэмшилд авсан гэж ойлгож байна. Банк өөрийнхөө давуу эрхээ эдэлж, бид нарыг хууль мэдэхгүйг далимдуулан хууль бусаар манай байрыг өөрийнхөө эзэмшилд оруулж авсан. Тэрнээс хуулийн дагуу өөрийнхөө эзэмшилд авсан юм биш. Миний авсан зээлийн хугацаа дууссан байгаа. Би хашаа, байшингаа өгөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч С-т холбогдуулан, тус банкны өмчлөлийн 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг тус тус чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.
Х банк болон иргэн С нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1660001660 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, С нь банкнаас 20.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20,5 хувийн хүүтэй авсан байх ба мөн өдрийн, мөн тоот “Барьцааны гэрээ” байгуулагдаж, зээлийн барьцаанд 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий, өмчлөх эрхтэй газар, хар хөх өнгийн Тоёота Витс маркийн суудлын автомашин, Зил-130 маркийн ачааны автомашин, чиргүүлийн хамтаар тус тус барьцаалжээ.
Гэтэл зээлдэгч С зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас Х банк 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхэд хандаж, зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх ба тус шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 681 тоот шүүгчийн захирамж гарч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо С-ээс 20.734.418 төгрөгийг гаргуулж, Х банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 318 /515/ дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байх ба улмаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь С-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц, граж, дэлгүүр, газрын дуудлага худалдааны үнэлгээг тогтоох талаар талууд тохиролцоогүй тул дуудлага явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний үнэлгээний тайланг үндэслэн дуудлага худалдааны санал болгох доод үнийг 26.443.000 төгрөгөөр тогтоож, эхний дуудлага худалдааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулахад үнийн санал ирээгүй бөгөөд хоёр дахь дуудлага худалдааг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явуулахад мөн үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
Төлбөр төлөгч С-ийн өмчлөлийн хувийн сууц, граж, дэлгүүр, газрыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч санал ирээгүй тул Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч Х банкинд уг үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгосны дагуу 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг Х банкны өмчлөлд 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн байх ба энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С нь Х банкинд хандан “Амьдрал байдлыг харгалзан үзэж энэ өвөл өвөлжүүлж өгнө үү” гэх өргөдөл гаргаж байснаас үзэхэд хариуцагч С нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн “Х банк хууль бусаар манай байрыг өөрийн эзэмшилд авсан гэж ойлгож байна. Банк өөрийнхөө давуу эрхээ эдэлж, бид нарыг хууль мэдэхгүйг далимдуулан хууль бусаар манай байрыг өөрийнхөө эзэмшилд оруулж авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Нөгөө талаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М “С-ийн төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. 2 удаа албадан дуудлага худалдаа явагдсан. Сүүлийн дуудлага худалдаанд С өөрийн биеэр оролцсон. Тэгээд ямар ч оролцогч ирээгүй тул бид хуулийн дагуу төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгож, улмаар Х банкны нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан. Үүний дараа Х банкнаас С-ийг хөрөнгөө чөлөөлж өгөхгүй байна гэсэн гомдол ирсний дагуу би өөрийн биеэр С-тэй уулзахад “Хавар болохоор чөлөөлж өгнө” гэсэн амлалт бичиж өгсөн нь одоо ч надад байна” гэсэн мэдүүлэг өгсөн.
Өөрөөр хэлбэл, хэдий хариуцагч “Миний орон сууц, хашааг хууль бусаар Х банкны нэр дээр шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй бөгөөд одоо тухайн ажиллагааг шүүх хууль ёсны дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй ба нэгэнт Х банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг хариуцагч С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан нүүлгэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг хариуцагч С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан нүүлгэсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА