Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/838

 

                                                                                                                      

 

     2022         05          23                                     2022/ШЦТ/738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Сайнхүү,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ут холбогдох эрүүгийн 2206 00000 1495 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын автобусны буудал дээр хохирогч Т.Гын эзэмшлийн айфоне экс эс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                         

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1495 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баянмонгол хорооллын автобусны буудал дээр явж байхдаа халааснаасаа Айфоне экс эс макс загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд хүний утас гуйгаад утас руугаа залгаж үзсэн 3 удаа холбогдсон. Сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Миний алдсан гар утсыг түргэн шуурхай олж өгсөн цагдаагийн байгууллагад баярлалаа гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07 цаг 30 минутын үед автобусанд суугаад Баянмонгол хорооллын автобусны буудлаас дамжин суухаар буусан. Тэр үед Баянмонгол хорооллын автобусны буудал дээр танил Утай тааралдаад ойрд уулзалдаагүй болохоор ойр зуурын зүйл яриад автобусны буудал дээр зогсож байхад автобус ирсэн учир би хүнээс юм асуугаад эргээд харах үед У автобуснаас цааш алхаад явж байсан. Тэгэхээр нь яагаад шууд явчихаж байгаа юм бол гэж бодоод араас нь очиход харьлаа, яаруу ажилтай явж байна гэж хэлсэн учир би буцаад салаад явсан юм. Тэгтэл миний гар утас руу Халаасны хулгайн төлөөлөгч Мөнх-Эрдэнэ залгаад хаана байгаа талаар асуухаар нь ТҮЦ ажиллуулж байна гэж хэлсэн чинь ирж уулз гэхээр нь би очиж уулзсан чинь гар утас Баянмонгол хорооллын автобусны буудлаас алдагдсан талаар хэлсэн. Тухайн гар утас нь миний байсан цаг үетэй давхцаж байсан тул би өөрөө аваагүй болохоор Уыг авсан юм байна гэж бодсон. ...тэгээд өнөөдөр Утай өглөө яриад гар утсыг нь аваад хүлээлгэж өгөхөөр ирж байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн БЗД2-22-554 дугаартай:

Ай фонь экс эс загварын гар утас 2022 оны 04 сарын 13-ны өдрийн зах зээлийн ханшаар 950.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 1-2/,

-эрүүгийн мөрдөгчийн “2022 оны 04 сарын 13-ны өдрийн 07:30 цагийн үед БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хорооллын автобусны буудал дээр иргэн Т.Г нь халааснаасаа Айфонь экс эс макс загварын гар утсаа хулгайд алдсан хэрэгт ГА-ын шугамаар мэдээ мэдээлэл цуглуулан ажиллахад тухайн хэрэг үйлдэгдсэн газрын ойр орчим халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд Ч.Нямсүрэн, Ц.У нар явж байсан талаар мэдээлэл авагдсан бөгөөд авагдсан мэдээллийн дагуу сэжигтэй этгээд Нямсүрэнг дуудан уулзахад би тухайн цаг минутад Баянмонгол хорооллын автобусны буудал дээр явж байсан нь үнэн гэхдээ хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тухайн үед Утай буудал дээр таарсан Ундраа авцан байж магадгүй асуугаад эргээд хэлье гээд явсан бөгөөд 2022 оны 04 сарын 14-ний өдөр 10 цагийн үед залгаад яваад очъё нөгөө гар утсыг У хулгайлан авсан байна. Намайг аваачаад өгчих гэхээр нь аваад ирлээ гээд хулгайд алдагдсан айфонь экс эс макс загварын гар утсыг авч ирэхэд хохирогчийн алдагдсан гар утасны имэй кодтой тулган үзэхэд таарч байсан болно. Сэжигтэй этгээд У гэгчийг дуудан мэдүүлэг авахад хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл /хх-ийн 3/,

-Эд зүйл болох ай фонь экс эс макс загварын гар утсыг гэрч Ч.Нямсүрэнгээс 2022 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-Эд зүйл болох ай фонь экс эс макс загварын гар утсыг хохирогч Т.Гад 2022 оны 4 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Шүүгдэгч Ц.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн үед Баянмонгол хороололын автобусны буудал дээр очоод зогсож байхад танил Нямсүрэн автобуснаас буугаад ирсэн. Тэгэхээр нь юм яриад зогсож байхад автобус хүрээд ирсэн чинь Нямсүрэн хажууд байсан хүнээс энэ автобус Таванбогд орох уу гэж асуусан. Энэ үед миний хажуугаар автобусанд суух гэж байсан ногоон өнгийн куртиктэй эрэгтэй хүний баруун халааснаас гар утас нь цухуйсан байхаар нь би авчихсан. Тэгээд баруун зүг рүү шууд алхаж явах үед араас Нямсүрэн хүрч ирсэн. Тэгэхээр нь би яаруу ажилтай болохоор явлаа хөгшөөн гэж хэлээд дараа уулзая гээд салаад явсан юм.

 Ай фоне экс эс макс загварын алтан шаргал өнгийн гар утас байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хулгайлан авсан гар утсыг бүрэн хүлээлгэн өгч хохиролыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

 

Шүүгдэгч Ц.Уын “...бусдын гар утсыг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн гар утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр буцааж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 85/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Жи Жи Юу цамхаг ХХК-ийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 29-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ц.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Г, гэрч Ч.Нямсүрэн нарын мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ц.Ут холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Уын хохирогч Т.Гын эзэмшлийн эд хөрөнгө болох 950.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Т.Г нь “би гар утсаа буцааж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тайлбарласныг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоон эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ