Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/839

 

                

     2022         05          23                                     2022/ШЦТ/739

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оад холбогдох эрүүгийн 2106 03777 1442 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны “Их цуурай” гэх газрын ойгоос 12 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль орчинд 3,364,502 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                         

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 03777 1442 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадат вилла 2 гэх хотхон байв. Уг хотхоны баруун хойд талд уулыг ухаж, газар шорооны ажил явагдаж байна. Нойтон зулзган мод хөрөөдсөн гэх газарт 1 метр орчим тайрсан нойтон 34 ширхэг мод, урд талд нь 9 ширхэг 2-3 метр орчим нойтон ногоон мөчиртэй мод, баруун талд нь 5-6 метр орчим нойтон модны мөчрийг хугалсан байдалтай байв. 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 22:00 цагийн үед нойтон зулзаган мод хөрөөдсөн гэх газарт гарахад уулын энгэр дээр, модны захад 12 ширхэг нойтон зулзаган мод тайрсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлж тайрсан модны хожуул байх хэсэгт хийв. Шинжээч метр ашиглаж хэмжилтийг хийхэд 14см, 26см, 29см, 24см, 29см, 12,5см, 24,5см, 31см, 19см, 25см, 25см, 19см байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-15/,  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үзмээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Нийслэлийн Байгаль орчны газарт Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ажиллаж байна. Нийслэлийн Байгаль орчны газрын 2021.11.17-ны өдрийн 01/1694 дугаартай албан бичгээр тус хэрэгт намайг хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилсон.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн амны “Их цуурай” гэх газрын “хадат вилла-2” хотхоны ойролцоох ойн сан бүхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байж болзошгүй гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны 03/157 дугаартай экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу Ойн санд учирсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцож төлүүлэхээр заасан. Иймд байгаль орчин учруулсан хохирол болох экологи-эдийн засгийн үнэлгээ 3.364.502 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлэхээр 10.093.506 төгрөгийн хохиролыг Нийслэлийн Байгаль орчны газрын Төрийн сан банкны 100200000906 дугаартай хүү торгуулийн орлого гэсэн дансанд шилжүүлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

Гэрч Г.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би байгаль хамгаалагчаар нийтдээ 4 жил ажиллаж байгаа одоо байгаа хэсгийг хариуцаад 2 жил ажиллаж байна, , БЗД-ийн 20-р хороо Улиастайн амны Их цуурайт гэх газар нь миний хариуцсан нутаг дэвсгэр мөн.

БЗД-ийн 20-р хороо Улиастайн амны Их цуурайт гэх газарт баригдаж байгаа “Хадат велла-2” хотхоны ойролцоох ойн сан бүхий газраас 2021 оны 09 сарын 30-ны орой мод тайрсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад би өгсөн юм. Тухайн үед мал бүхий иргэнээс мод тайраад байгаа тухай надад утсаар мэдэгдсэний дагуу шууд яваад шөнийн 00 цагийн үед очиход 12 ширхэг ургаа нойтон мод тайрч, унагасан модоо жижиглэж тайраад өөрөө буулгагч машинд ачиж эхэлж байхад нь би очоод модыг нь буулгуулсан. Ачиж байсан машин нь яваад өгсөн. Цагдаагийн алба хаагчид ирж газар дээр нь үзлэг хийгээд явсан.

Намайг очиход “Хадат велла-2” хотхоныг барьж байгаа компанийн ерөнхий инженер гэх О гэдэг залуу байсан бөгөөд 12 ширхэг ургаа шинэс буюу хар модыг улбар шар өнгийн модны хөрөөгөөр тайрсан байсан.

Тухайн үед цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийгээд явахдаа шөнө байсан учир маргааш өглөө энэ моднуудаа байгаль хамгаалагч надад хүлээлгэж өгөөрэй гэж Оад хэлээд явсан. Гэтэл маргааш нь авчираагүй, нөгөөдөр нь буюу 2021 оны 10 сарын 01-ний өдөр жижиг амжиргаа цагаан гэдэг машинаар хэдэн мөчир авчирахаар нь чи нөгөө модоо яасан гэсэн чинь О алга болчихжээ ахаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон Нийслэлийн байгаль орчны газрын №2022/х-01 дугаартай: 

...Тус хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газарт тус хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Г.Дэмбэрэлийн хамт үзлэг шалгалт хийхэд тухайн газарт мөрдөгчийн хэргийн материалд тусгагдсан хууль бусаар бэлтгэсэн хожуул, мод байхгүй байх бөгөөд газрыг тэгшилж хуссан байдалтай байв. Дээрх газар нь Улиастай голын эх, орон нутгийн тусгай хамгаалалттай газар хамаарах, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн талбай юм. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорорны нутаг дэвсгэр Улиастайн амны Их цуурай гэх газрын “Хадат Вилла-2” хотхоны орчмын ойн сан бүхий газраас тайрсан гэх мод нь мөрдөгчийн хэргийн газарт хийсэн үзлэгээр баримтжуулсан фото зургаас харахад нойтон, шинэс мод байх бөгөөд 1 метрийн урттай 34 ширхэг шинэс, 14, 26, 29, 24, 29, 12.5, 24.5, 31, 19, 25, 25, 19 см диаметр бүхий 12 ширхэг хожуул, 2-3 метр 9 ширхэг нарийн үзүүр байсан гэж тэмдэглэгдсэн байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн хожуулын диаметрийг дүйцүүлэн тухайн нийслэлийн 115 дугаар хэсэглэлд хамаарах ойн сангийн модны өндөр болон зайг хэмжигч Vettex маркийн багажаар хэмжилтийг хийж гүйцэтгэв. Дээрх модны хожуулуудын баримтжуулсан фото зургаас харахад, босоо ургаа модны шинэхэн тайрсан нойтон хожуулууд байна. Модны Экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо мөрдөгчийн хэргийн баримтад тусгасан фото зураг болон мэдээллийг үндэслэн Экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тушаал, Монгол орны ойн таксацийн лавлахын II.27-р хүснэгт зэргийг үйдэслэв.  Нэгдүгээр мужийн нэг м3 шинэс мод 570,216 төгрөг. /Нэгдүгээр мужийн ойд Ойн сангийн хамгаалалтын бүсийн ой./. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1,8.

Модны бүдүүний үелэл /см/, модны өндөр /м/, модны эзлэхүүн /шоо метр/-ийг тогтооход нийт 3.278 куб.м болсон.

Ингээд 3.278 куб.м * 570,216 төг * 1,8 /итгэлцүүр/ = 3.364.502 төгрөг.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн сан түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар тухайн модыг бэлтгэх зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэлгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий асуултад дурдагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/,

 

Кости-эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн:

Хятад улсад үйлдвэрлэсэн бензин моторт модны хөрөө нь 2021 оны 10 дугаар сарын байдлаар 350.000 төгрөгийн ханштай байна гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-99/,  

 

-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, зураг /хх-ийн 41-42/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 43/,

-хохиролд 5.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100200000906 дугаартай НБОГ. Хүү торгуулийн орлого дансанд 2022 оны 05 сарын 16-ны өдөр төлсөн баримт  /хх-ийн 192/,

 

Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Баянзүрх дүүргийн прокурорын Эрүүгийн 2106 03777 1442 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ялладагчаар татсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолтой уншиж танилцлаа.

Яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулаад асууж тодруулах зүйл байхгүй, намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БЗД-ийн 20 дугаар хороо Улиастайн амны Их буурай газраас зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг нойтон шинэс модыг хөрөөдөж тайрсан. Буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа бүрэн ухамсарлан ойлгож байна. Өөрийн гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Учируулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна.

Би Нийслэлийн байгаль орчны газрын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 03/157 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Тооцсон хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Эд мөрийн баримтаар тооцсон мод хөрөөдсөн хөрөөний үнэлгээний тайлан дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Зөвшөөрөлгүйгээр мод тайрсан гэм буруутай асуудлаа хүлээн зөршөөрч байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй учир хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/,

 

Шүүгдэгч Б.Оын “... хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирол болох 10.093.806 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж 5.000.000 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл  хохирлыг ойрын хугацаанд тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж өгөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 193/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23-27, 112-125/,

-Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2014.05.20-ны өдрийн 73 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн голын эх 22818.1 га газрыг нийслэлийн тусгай хамгаалалтанд авч байгалийн цогцолборт газар болгож, Нийслэлийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоол, хилийн цэс, дэглэм /хх-ийн102-105/,

-тус газар нь ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг /хх-ийн 107-108/,

-Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/562 дугаар захирамжаар ргэн Э.Бямбасүрэнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн амны Их дуурайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олгосон байна. Иргэн Э.Бямбасүрэн нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Галмандахтай газар эзэмших эрхийн гэрчилгэзг шилжүүлэх тухай гэрээ байгуулан тус албанд холбогдох материалын хамт ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/366 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иргэн Э.Бямбасүрэн, Д.Галмандах нартай холбогдох материалуудыг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна” гэх албан бичиг, холбогдох баримтууд /хх-ийн 132-160/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.О нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Үзмээ, гэрч Р.Дэмбэрэл нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.Оад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Оын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны “Их цуурай” гэх газрын ойгоос 12 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль орчинд 3,364,502 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.364.502 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3.364.502*3=10.093.506 төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгч нь уг дүнгээр тооцож хохирол төлөх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохиролд 5.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100200000906 дугаартай НБОГ. Хүү торгуулийн орлого дансанд 2022 оны 05 сарын 16-ны өдөр төлсөн байна. Тэрээр үлдэх 5.093.506 төгрөгийн хохирлыг дариу хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд үлдэгдэл 5.093.506 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээгээр худалдаж орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх харьяалах байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Бын Оыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасанаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг худалдан борлуулж гэмт хэргийн хохиролд зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Б.Оаас 4.743.806 /дөрвөн сая долоон зуун дөчин гурван мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ