Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/840

 

                                                                                                                      

 

     2022         05          23                                     2022/ШЦТ/740

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Сайнхүү,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мэд холбогдох эрүүгийн 2206 00901 1520 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моника нэртэй зочид буудлын 101 тоотод хохирогч Я.Бтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийн дээд уруул хэсэгт цохиж, дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                         

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00901 1520 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Я.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 04-ны шөнө 01 цагийн үед миний найз Уянга нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника зочид буудалд найзуудтайгаа байна. Ирээд авчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлсэн тул би очиж авахаар болоод такси бариад очоод Уянгын 89799590 гэсэн дугаарт залгахад гар утсыг нь өөр танихгүй эрэгтэй хүн аваад яриад байсан ба намайг орж ирээд Уянгыг авчих гэсэн. Таксины жолооч ахыг хамт ороод аваад гарья гэсэн чинь зөвшөөрөөд хамт тухайн Моника зочид буудлын 101 тоот өрөө рүү ороход Уянга нь орон дээр 4-н үл таних эмэгтэйтэй хамт унтчихсан, түүний хажууд цээжээрээ нүцгэн нэг үл таних 30 орчим настай үүдэн шүдгүй залуу, мөн түүнээс гадна 4 үл таних залуу сууж байсан. Би тэдэнд хандан Уянгыг аваад гарлаа гэж хэлсэн чинь нөгөө үл таних дээгүүрээ нүцгэн байсан залуу болон бас нэг шар үстэй сүүлд надтай маргалдаад байсан залуу нь чи энэ эмэгтэйн нэрийг нь ч мэдэхгүй байж авч явах гэлээ чи ер нь хэн юм гэж надад хэлэхэд нь би найз залуу нь байна гэж хэлсэн чинь тухайн өрөөнд байсан үл таних залуус надтай хэрүүл маргаан хийхээр өдөөн хатгаад тал талаас юм ярьж эхэлсэн. Энэ үед орон дээр сууж байсан шар үстэй’ залуу нь босож ирээд миний хувцаснаас барьж аваад дараа нь миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа хальт цохисон. Би түүний хувцаснаас зууралдаад авсан чинь сууж байсан 2 залуу нь босож ирж нэмэгдээд намайг цохихоор дайрсан. Анх цээж нүцгэн байсан залуу нь миний биеийн зүүн талаас ойртож ирээд гартаа барьсан байсан ус хийдэг бариултай сааралдуу өнгөтэй зүйлээр миний зүүн талын дээд уруул хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Үүний улмаас миний зүүн дээд талын уруул хэсэг цоорч цус гарч, харин нөгөө намайг цохисон ус хийдэг сав шиг зүйл нь хагарч бутарсан ба үүний дараа нөгөө үл таних 3-н залуу нь миний биерүү тал талаас зогсоо зайгүй цохиод байсан тул би өөрийгөө хамгаалах зорилгоор анх намайг цохисон шар өнгийн үстэй залууг биенээс нь татаад доош дарсан ба энэ үед хажууд хамт орж ирсэн таксины жолооч ах намайг тэд нараас салгахаар оролдоход миний амнаас цус гараад байсан тул би өөрийн гар утсаар цагдаад дуудсан.

 ... Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

Би тухайн үедээ зодуулчхаад Гэмтлийн эмнэлэгт очиж урууландаа оёдол тавиулаад гэрээр 7 хоног эмчлүүлсэн. Эмчлүүлэх үедээ эм тариа авсан бөгөөд нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн мөнгөнөөс томоргафик зураг авхуулсан, тариа хийлгэсэн, оёдол тавиулсан, өвчин намдаах эм авсан, оёдол авхуулсан гэх мэт зүйлд зарцуулсан. Би хэргийн материалд 60.500 төгрөгийн НӨАТ-н баримт, 120.000 төгрөгийн орлогын баримт гаргаж өгсөн. Үлдсэн 419.500 төгрөг эмчилгээтэй холбоотой урсгал зардалын баримтыг гээгдүүлсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/,

 

Гэрч С.Ганганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 03-аас 04-ны шилжих шөнө таксинд явж байтал 5 шарын замын хойд талаас нэг үл таних залуу гар өргөхөд нь зогсоод машиндаа суулгасан чинь архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээтэй хэрэглэсэн байдалтай залуу суусан ба надад Сансар орно гэж хэлсэн тул би тухайн газар луу явж эхэлсэн. Ингээд машинд явж байхад нэг хүнтэй удаа дараа гар утсаар яриад очих замаа заалгаад надад нэг буудлын нэр хэлээд зааж өгсөн. Би одоо буудлын нэрийг нь санахгүй байна. Тэгээд гадаа нь очоод зогсоход тухайн залуу надад эндээс нэг эмэгтэй хүн гарч ирээд цуг өөр тийшээ явна гэж хэлээд буудлын гадаа хүлээсэн боловч гарч ирэхгүй байхад нөгөө залуу хамт тухайн буудал руу ороод гараад ирье гэж хэлэхэд нь би мөнгөө авах байсан тул нээх юм бодолгүй дагаад ороод нэг давхрын нэг өрөөний гадна ирээд би өрөөний гадаа хаалга хэсэгт нь зогсоод оролгүй хаалгаар хараад зогсож байхад нөгөө хамт ирсэн залуу дотогшоо орсон. Би хаалгаар дотор хэн байгааг харахад багцаагаар 5-н эрэгтэй 3-н эмэгтэй байсан. Нөгөө хамт ирсэн залуу өрөөнд ороод орон дээр хэвтэж байгаа нэг эмэгтэйг сэрээгээд авч явахаар оролдоход хажуу талд байсан хоёр цээж нүцгэн залуу болон нэг шар өнгийн үстэй залуу гурав нөгөө хамт ирсэн залуутай хэрүүл маргаан өдөж, чи хаанахынх юм гэж хэлээд үгийн зөрүүгүй түүн рүү дайрч эхэлсэн ба энэ үед миний харснаар өрөөнд байсан шар өнгийн үстэй залуу нь нөгөө хамт ирсэн залуугийн нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан чинь мөн хажууд нь байсан хоёулаа цээж нүцгэн буюу нэг нь арай хөгшин 30 орчим настай, намхан, баруун болон зүүн гар гарандаа шивээстэй залуу, бас нэг 20 орчим настай цээжиндээ болон хүзүүндээ шивээстэй, туранхайдуу залуу хоёр мөн адил нөгөө таксинд сууж ирсэн залуу руу дайраад нөгөө 20 орчим настай цээжиндээ болон хүзүүндээ шивээстэй, туранхайдуу залуу ширээн дээр байсан багцаагаар 2 литрийн хэмжээтэй хуванцар усны савыг аваад нөгөө миний машинд сууж ирсэн залуугийн нүүрэн тус газар нь удаа хүчтэй цохисон чинь нөгөө сав нь бутраад унасан. Нөгөө надтай ирсэн үл таних залуу нь уруул сэтэрчихлээ, зүгээр байхад зодчихлоо, та нар надтай цуг эмнэлэг яваад, миний уруулд оёдол хийлгүүлээд өг гэж хэлсэн чинь нөгөө өрөөнд байсан үл таних хэрүүл маргаан зодоон хийсэн залуучууд инээгээд, гараараа салаавч гаргаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

Гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний харснаар Уянга эгчийг авахаар ирсэн Ч.Б гэх хүн буудлын 101 тоот өрөөнд орж ирэхэд биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан. Миний мэдэхээр зодооны дараа харахад Я.Б гэх хүний уруул хэсгээс цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний 2547 дугаартай:

Я.Бын биед дээд уруулд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

 

-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

-БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9/

-Я.Бын биед учирсан гэмтэлд шинжилгээ хийсэн болон эмчилгээ хийх талаар заавралсан баримтууд /хх-ийн 44-46/,

-хохирлын талаарх баримтууд /хх-ийн 75-76/,

 

Шүүгдэгч Г.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй.

 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой би өөрийн найз болох Тэмүүлэнтэй Дарь эхэд уулзаад Сансарын Моника гэх баар луу 2-уулаа орсон. Уугий гэх ахтай таарсан. Тэгээд тэндээ байж байгаад 00 цагийн үед Моника баарнаас гараад Моника гэх зочид буудлын 101 тоот өрөөнд Уугий ах, Тэмүүлэн, тэгээд Уугий ахын найзууд гэх 4 эмэгтэй хүн гээд есүүлээ орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод 1 шил архи уусан. ...Уянга гэх эмэгтэй өөрийнхөө утсаар буудлын өрөөн дотор нэг залуу руу яриад “ирээд авчих” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Уянга гэх эмэгтэй өөрөө архи уусандаа болоод тасараад унтчихсан. Тэгээд гар утас нь байнга дуугараад байсан. Баяраа утсыг нь аваад орсон буудалын 101 тоот өрөөг нь нөгөө залууд зааж өгсөн. 1 цаг орчим өнгөрсний дараа Уянга гэх эмэгтэйгийн ярьсан гэх залуу нь буудлын өрөөнд хоёуулаа орж ирсэн. Тэр орж ирсэн залуу Уянгыг авья гэж хэлсэн. Тэгээд тэр залуу Уянга гэх эмэгтэйг эхлээд танихгүй байсан. Тэр үед Уянга гэх эмэгтэй Уугий ахтай хамт нэг орон дээр унтаж байсан. Нөгөө орж ирдэг залууг Уугий ах Уянгааг танихгүй байж яаж авч явах гэж байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр орж ирсэн гэх залуу бид хэдийг та хэд хаанахынх юм гэж асуугаад Уугий ахтай маргалдаад байсан. Уугий ах тэр залууд бид хэд “Дарь эхийнх гэхэд нөгөө орж ирсэн залуу нэг хуний нэр хэлээд таних уу” гэж асуугаад байсан. Тэгтэл Тэмүүлэн гэх манай найз босч ирээд нөгөө залуутай буудлын өрөөн дотор маргалдсан. Тэр залуу эхлээд Тэмүүлэнг цохитол Уугий ах нөгөө орж ирсэн гэх залуутай зууралдаад зогсчихсон. Тэгээд зодоон болоод нөгөө орж ирсэн залуу Тэмүүлэнг үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан байхаар нь би тэр залуугийн цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед зодоон болоод ноцолдож байсан болохоор нүүр хэсэг рүү нь цохисноо би сайн санахгүй байна. Нөгөө залуутай маргалдаад ноцолдож байгаад Тэмүүлэнг үсдээд доош нь дарчихсан байхаар нь салгах гээд цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэр үед Уянгыг авч явах гээд орж ирсэн залуутай хамт явсан гэх таксины жолооч мөн адил бид хэдийг салгах гээд оролдож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

Хохирогч Я.Бын “... одоо миний зүгээс ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 84/,

Шүүгдэгч Г.Мийн “... Я.Б гэж хүнийг зодож биед нь гэмтэл учруулсан. Бидний хооронд гомдол нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 85-86/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 61-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Я.Б, гэрч С.Ганганбаатар, А.Тэмүүлэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Г.Мэд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Мийн хохирогч Я.Бын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Я.Б нь “одоо миний зүгээс ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, шүүгдэгч нь 2022 оны 05 сарын 22-ны өдөр хохирогчид 600.000 төгрөг дансаар шилжүүлсэн нь түүний утаснаасаа хийсэн гүйлгээг шүүх хуралдааны явцад үзүүлсэн зэргийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Г.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Гын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ