Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/778

 

 

 

     2022         05         30                                      2022/ШЦТ/778

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ю.Батсүх,   

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэлмэн,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сад холбогдох эрүүгийн 2206 01798 1649 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24 дүгээр гудамж 527 тоотод гэртээ 7 настай дагавар хүү Т.Эийг хичээлээ хийж чадахгүй байна гэж чихнээс нь дээш татаж, өмдний тэлээгээр толгой болон нуруунд ороолгож, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 01798 1649 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Бага насны хохирогч Т.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Улаанбаатар хотод өөрийн ээж, хойд эцэг С нарын хамт амьдардаг. Сая хичээл амарсаны дараа 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод гэртээ байхад намайг С нь хичээлээ уншиж чадахгүй байна гээд өөрийн тэлээгээр миний толгой руу нэг удаа, нуруу руу нэг удаа ороолгож зодсон. Намайг С зодох үед манай гэрт хүн байгаагүй. Ээж гадагшаа гарчихсан байсан. Намайг урьд нь зодож байгаагүй. Сая л тэлээгээр ороолгож зодсон. Намайг зодох үедээ С архи уучихсан байсан. Ер нь бараг өдөр бүр 100 уудаг. Саас өөр хүн намайг зодож цохиогүй. Би гэрийн хаяг болон сургуулиа мэдэхгүй.

... 2022 оны 3 дугаар сарын сүүлээр манай Санжаа намайг номоо уншиж чадахгүй байна гээд баруун чихнээс татсан. Бор өнгийн өмдний тэлээгээр миний дух, хүзүү рүү цохисон. Өвдөөд би уйлсан. Намайг байнга зоддог тэлээгээр. Үгэнд орохгүй байна гээд зоддог. Манай ээжийг байхад зоддог, байхгүйд нь бас зоддог. Манай ээж намайг үгэнд орохгүй байна гээд утасны цэнэглэгчээр заримдаа зоддог. С манай ээжийг зоддог гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэлмэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн эхнэр Б.Ундаръяагаас 2019 оны 06 дугаар сард шүүхээр салж, гэр бүлээ цуцлуулсан юм. Тэгээд шүүхээс манай 5 настай хүүхэд Эийг ээж Б.Ундаръяагийн асран хамгаалалтанд өгсөн. Одоо манай хүү 7 настай.

Б.Ундаръяа Улаанбаатар хотруу шилжээд өөр хүнтэй сууж байгааг нь сонссон. 2022 оны 03 сарын сүүлээр утсаар ярьж хүү Эийг сургуулийн амралтаар нь авая гээд өчигдөр буюу 2022 оны 04 сарын 03-ны өдөр би өөрийн хүүхдийг авахад хоёр чих нь цус хурч хөхөрсөн байдалтай байсан. Тиймээс би түүнээс юу болсон талаар асуухад Санжаажав намайг тэлээгээр ороолгож зодсон гэж ярьсан. Санжаажав гэдэг нь манай хуучин эхнэртэй суусан манай хүү Эийн хойд аав нь байгаа юм. Мөн би хүүгээсээ хэзээ тэлээгээр зодсон юм бэ гэхэд цаг хугацааг нь хэлж мэдэхгүй байсан.

2021 оны 12 дугаар сарын 20-дын орчим манай хүү Э Зүүнхараад ирэхдээ мөн “хойд эцэг Санжаажав гэгч нь зоддог” тухай ярьж байсан. Би тухайн үед Б.Ундаръяад “би хүүгээ өөр дээрээ авая, манай хүүг чиний нөхөр гэх хүн чинь зоддог гэж байна” гэхэд хичээл хийлгэж байхад ганц нэг тиймэрхүү юм байх шүү дээ” гэх утгатай юм ярьж байсан. Мөн манай хүү манайд ирээд буцаад ээжрүүгээ явах маш дургүй байдаг. Тиймээс миний хүүг Санжаажав гэж хойд аав нь зодож, дарамталж айлгадаг байх гэж бодож байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулмаар байна. Түүний хоёр чихний хөхрөлтөөс гадна нуруун дээр нь юмаар ороолгосон мэт ором, гар болон толгой хэсэгт нь хөхрөлт зэрэг гэмтлүүд байсан. Манай хүү ярихдаа чихийг тэлээгээр ороолгосон гэж хэлж байсан. Өөр зодуулсан тухай ямар нэгэн зүйл яриагүй. Мөн түүнтэй ярилцахад ээжийгээ зодсон гэж хэлж байсан. Улаанбаатар хотод байдаг гэртээ намайг зодсон гэж надад ярьсан. Би түүнийг Улаанбаатар хотод яг хаана амьдардаг талаар нь сайн мэдэхгүй. БЗД-ийн 14-р хороонд гэр нь байдаг гэж сонссон. Хүүг тэлээгээр зодсон нь хэдхэн хоногийн өмнө л юм шиг байгаа юм. Хүүхэд яг хэзээ гэдгийг нь хэлж чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

... 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд очиход хүү Э маань машинд гүйж ирж суугаад Санжаа аав намайг зодсон, миний чихийг ийм болгосон гэж надад хэлсэн. Би Ундаръяалуу залгаад хүү “Санжаа аав намайг зодсон” гээд байна шдээ гэж хэлэхэд ангийнхаа хүүхэдтэй зодолдож байгаад ийм болсон гэж хэлээд утсаа салгасан. Гэртээ хариад хүүгээ усанд оруулах гээд хувцасыг тайлахад нуруун дээрх хөхрөлтөөс эдгэж байгаа таашуу ором байсан. Эээс энэ нуруу чинь яасан бэ? гэхэд Санжаа аав согтуу намайг тэлээгээр зодсон гэж хэлсэн. Би маргааш нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагад хандсан.

 Эийн хоёр чихний дээд хэсэг хөхөрсөн. Дагзны ар хэсэгт хөхөрч эдгэж байгаа ороолгосон оромтой, нуруун дээрээ хөндлөн ташуу ороолгосон оромтой байсан. Баруун хацар нь маажуулсан байсан. Эийн хэлснээр Санжаа аав намайг тэлээгээр зодсон гэж хэлсэн. Хацар дээрх сорви нь бол ангийн хүүхэд маажсан гэж хэлсэн. Урьд өмнө ирэхэдээ гэмтэл шархтай ирж байгаагүй, харин хэлдэг байсан. Хичээлээ хийж чадахгүй байна гээд Санжаа ах чихнээс дээшээ татаад байдаг, би явахгүй гээд уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Б.Ундаръяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Хичээл амардаг 7 хоногт яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай хүү Э гэртээ тоглодог тоглоомон буугаа хичээл рүүгээ аваад явсан байсан. Тэгээд буугаа ангийнхаа хүүхэдтэй булаацалдаад чихээ дарчихсан уйлаад ирсэн. Мөнхтулга намайг зодчихлоо гээд уйлаад ирсэн. Уруулнаас нь жоохон цус гарсан байсан. Чихийг нь анзаарч хараагүй ээ. Манай нөхөр С хүү Т.Эийг зодож байгаагүй ээ. Хааяа загнадаг.

Би хүүхдээ тэр едөр хичээлээ хийхгүй уурлаад байхаар нь суран бүсээр нуруунд нь хоёр удаа ороолгосон. Миний үгэнд орохгүй хичээлээ хийхгуй байсан болохоор би зодсон. Би байнга зоддогүй ээ. Тэр үед үгэнд орохгүй болохоор зодсон.

 Т.Эийн биед нурууны гэмтэлийг би учруулсан. Чинхий гэмтэлийг ангийнхаа хүүхэдтэй тогломоо булаацалдаж байхдаа чихээ гэмтээсэн. Бусад гэмтлийг нь мэдэхгүй. Эрэгтэй хүүхэд болохоор тоглож байхдаа гэмтээсэн байх гэж бодож байна. Манай хүүхэд өөрөө хөдөлгөөн ихтэй. Тэлмэн хүүгээ санаад байна гээд надруу байнга залгаад дарамтлаад байдаг. Уулзаагүй бас удсан болохоор би өөрөө хүргэж өгсөн. Тэлмэн надтай Эийг булаацалдаад байдаг юм. Бид 2 гэрлэлтээ цуцлах гээд шүүхээр орж байхаас авахуулаад Эийн асран хамгаалах эрхийг нь өөрөө авна гээд байдаг юм. С бид хоёр 2021 оны 08 дугаар сараас эхлээд хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд надад гар хүрсэн зүйл байхгүй ээ. Дарамталсан зүйл байхгүй.

Хүүхдээ цохиж гэмтээсэндээ гэмшиж байна. Ахиж хүүхдэдээ гар хүрэхгүй ээ. Тайван амгалан байж байгаад төрмөөр байна. Тэлмэн миний эхний амьдралыг үгүй хийсэн. Олон жилийн дараа хүнтэй суугаад амьдарч байхад миний амьдралыг нураах гээд байна гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 65 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын алганы ар хэсэгт 1-р хурууны 1-р үеийн доод хэсэгт 1,2x1,2см, дотор хэсэгт 1х1см бүдэг хөх өнгийн цус хуралттай, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 1x1 см, 1,5х0,1см шар хүрэн өнгийн цус хуралттай, нурууны цунд хэсэгт хагас ташуу байрлалтай 20х4см бүдэг хүрэн өнгийн цус хуралттай, эаруун чихний гадна дэлбэнгийн дээд хэсэгт 3,5х2см хөх, ягаан өнгийн цус хуралттай, баруун чихний гадна дэлбэн дээд хэсэгт бага зэргийн хаван хавдартай, зүүн чихний гадна дэлбэнгийн дээд хэсэгт 2x0,бсм ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт 4x2,5см цайвар хүрэн өнгийн цус хуралттай, баруун хацарт 5x0,5см хөндлөн байрлалтай, хүрэн өнгийн зулгаралттай, зүүн ташааны ар хэсэгт 4x1,5см цайвар хрэн өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэл шарх үгүй.

2022 оны 04 сарын 04-ны Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Б.Энхтөрийн тодорхойлолтонд: Зовиур-Толгой өвдөнө, биеэр эвдөнө. Үзэхэд-Биеийн байдал дунд, ухаан саруул, насандаа тохирсон, арьс салст цэвэр, хэвлий зөөлөн. Хэсэг газрын үзлэгт-Баруун чихний дэлбэнд цус хуралт үүссэн, зүүн чихний дэлбэн цохигдож цус хурсан. Хүзүүний зүүн талд цохигдож цус хурсан шимэгдэж буй байдалтай харагдана. Нурууны дунд хэсэгт ташуу ороолгосон гэх 30 орчим см цус хурсан гэмтэлтэй. Зүүн ташааны ар хэсэгт 6 см орчим цус хуралт үүсч шимэгдэж буй гэмтэлтэй. Баруун эрхий хурууны гадна хэсэгт цохигдож цус хурсан харагдана. Баруун хацранд 5см орчим хөндлөн зулгарсан шархтай гэжээ.

... ДҮГНЭЛТ: Т.Эийн биед баруун чихний гадна дэлбэн, зүүн чихний гадна дэлбэн, хүзүүний ар хэсэг, баруун гарын алганы ар хэсэг, алганы дотор хэсэг, зүүн гарын шуу, нуруу, зүүн ташаанд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун чихний гадна дэлбэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эдгэрч, арилж буй байдалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хсурмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

Би анх энхэр Ундаръяатай 2015 онд танилцаж байсан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын коллежид цуг сурч байсан. Бид хоёр 2021 оны 01 дүгээр сард Фейсбүүк чатаар харилцахад нөхрөөсөө салсан хүүхэдтэйгээ цуг Дархан хотод амьдарч байгаа гэж бичсэн. Энэ үеэс чатаар харилцаж эхэлсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сараас үерхэж эхэлсэн. 2021 оны 08 дугаар сараас нэг гэрт орж амьдарсан. Ундаръяа, хүү Эийн хамтаар амьдарч эхэлсэн. Би урьд өмнө хүүхэд өсгөж үзээгүй, өөрийн хүүхэд шиг хайрлаж өсгөж хүмүүжүүлж байгаа гэж бодож байгаа. Заримдаа хүүхдийнхээ хичээл номыг хийлгүүлэх зорилгоор загнаж зандрах үе бий. Ганц нэг гар хүрч байсныг үгүйсгэхгүй ээ. Хүүхэд маань өөрөө их хөдөлгөөнтэй, бусдадтай нээлттэй харилцаатай, гүйж хайрах, тоглох нь их байдаг. Энэ үед зарим гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Нэгэнт надад прокуророос энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Цаашид хүүхэдтэйгээ харилцахдаа илүү анхаарал болгоомжтой харилцах ёстойгоо ойгож авлаа. Би хэрэг болсон өдөр хүү Т.Эийн баруун чихний омогноос татсан. Нуруун хэсэгт гарын ар талаараа нэг удаа цохисон. Өөр цохисон асуудал байхгүй.

Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энхэр Ундаръяа жирэмсэн 2022 оны 06 дугаар сард амржих учраас энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, Б.Тэлмэнгээс гаргаж өгсөн Т.Эийн биед гэмтэл учирсан байдлыг харуулсан А4 хэмжээтэй 1 хуудас цаасан дээр хэвлэгдсэн 4 ширхэг зураг /хх-ийн 7-8/,

- биед нь 2022 оны 04 сарын 04-ний өдөр үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 31/,

-Т.Эийн гэрээр орсон тэмдэглэл, гэрэл зураг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 58-62/,

-бага насны хохирогч Т.Эийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмлэглэл /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн мэдээллийн сангийн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, НДШ төлөлтийн лавлагаа зэрэг хувийн байдлын талаарх /хх-ийн 46-56/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, бага насны хохирогчийн биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, бага насны хохирогчийн биед үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Сын дагавар хүү 7 настай Т.Эийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С нь бага насны хохирогч Т.Эийг 7 настай болохыг мэдэж байсан бөгөөд Т.Э нь хэрэг үйлдэгдэх үед 7 нас 2 сарын настай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “хохирогчийг ... бага насны хүүхэд ... болохыг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийн талаар гаргах саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Харин бага насны хохирогч Т.Эийг түүний төрсөн эцэг, хууль ёсны төлөөлөгч Б.Тэлмэн өөрийн асрамжид авах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэх санал, хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 1. Шүүгдэгчийн дагавар хүүхэд 7 настай Т.Эийг зодсон үйлдэл гаргасан эсэх, 2. Бага насны Т.Эийн биед ямар гэмтэл учирсан эсэх, 3. Гэмтэл учирсан бол ямар зэргийн гэмтэл учирч тэр нь Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, 4. Т.Эийн биед учирсан гэмтлийн эдгэрэлтийн байдал, 5. Хэнд ямар үндэслэлээр хариуцлага хүлээлгэх эсэх асуудлуудыг зөвхөн шийдвэрлэдэг. Тиймээс түүний хүсэлтийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлд асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох үндэслэл нөхцөлийг заасан байх бөгөөд “асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Т.Эийн төрсөн эцэг Б.Тэлмэн нь хүүхдийн асран хамгаалагчаар эх Б.Ундаръяаг тогтоосон шийдвэрийг өөрчлүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиролдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, хохирогчийн чадамжийн байдал болон насны байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн зүйлд заасан дундаж хэмжээгээр оногдуулж, тодорхой нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тодорхой үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Бын Сыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.        

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 сарын хугацаагаар шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ