Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 

 

    2022        05          30                                      2022/ШЦТ/779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ч.Батзориг,   

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 2206 00000 1527 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын 4-122 тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хамтран амьдрагч, хохирогч Ц.Бын хамаатан, садан хүүхдийн үсний найранд ирээгүй гэх шалтгааны улмаас хоолойг нь боож, ухаан алдуулан, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1527 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Бын  мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 14-ний 02 цаг 50 минутын орчим БЗД-н 5-р хороо Монел уул 4-122 тоотод хамтран амьдрагчийн түрээсийн хашаанд хамт амьдарч байсан. Нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамаатан садныхаа хэл аманд намайг боож ухаан алдуулсан. Удалгүй миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Яагаад гэхээр ах эгч нар нь намайг үзэж чадахгүй, чиний хэрэг байхгүй гээд хөөгөөд байдаг. Өчигдөр хүүхдийн 1 насны ойн баяр болоод бүх ах дүү нар ирсэн бөгөөд дараагаар нь тэр зүйлийг ярьж хэрүүл болгож бид хоёрын маргаан эхэлсэн юм. Тэгээд над руу хандаж танайхаас хэн ирсэн юм гэж давшилсан бөгөөд ах нь намайг үгээр идэж намайг хамтран амьдрагч боосон. Ухаан алдаад босоод ирсний дараагаар миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон тул цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хх-н 3/,

 

Гэрч Д.Цэдэнлхамын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 3 хүүхэдтэй,1 охин, 2 хүүтэй. Э миний бага хүү. Э нь Улаанбаатар хотын 57 дугаар сургуулийг төгссөн. Барилгын ажил хийдэг. Манай хүү барагтай бол уурлаад байдаггүй, төлөв даруу зантай хүүхэд. Тэр болгон архи хэрэгпээд байдаггүй. Эийн гэр манайх 2 нэг хашаанд байдаг. Би байшиндаа ганцаараа, Э нь эсгийн гэрт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг.

 Э, Б нар нь 2021 оны 4 сард гэр барьж тусдаа гарсзн. Хоорондоо эв түнжинтэй сайхан амьдардаг, дундаасаа нэг хүүхэдтэй. Бэр Б ч гэсэн ааш зан сайтай хүүхэд. Манай 2 хүү гэртээ архи дарс уугаад байдаггүй, бэр, ач охин хоёрын төрсөн өдөр болоод ах, дүү хамаатан садан бэлэг сэлт өгөөд тэрийг нь уусан байх. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж маргаан үүсэж, эхнэртээ гар хүрсэн гэж бодож байна. Би байшиндаа байсан болохоор юу болсныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5745 дугаартай:

Ц.Бын биед хамар ясны хугарал, баруун доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

-хохирогч Ц.Бын “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 38/,

-шүүгдэгч Ц.Эийн “... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-37/

 

Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна.

 Би тэр өдөр архи уусан байсан бөгөөд үл ялиг шалтгааны улмаас эхнэрээ зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би өмнө эхнэртээ гар хүрж байгаагүй тэр архи ууснаас ийм зүйл болсонд харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Эийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ц.Эд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Э, хохирогч М.Б нар нь өөрсдийн хүсэл, сайн дурын үүднээс гэр бүл болж хамт амьдардаг, дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн болох нь тэдний мэдүүлэг, гэрч Д.Цэдэнлхамын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч У.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Бын биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Ц.Эийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Бын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Цын Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ