Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/780

 

                 

     2022         05          30                                     2022/ШЦТ/780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Отгонжаргал,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Уд холбогдох эрүүгийн 2206 00000 1429 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гарден-16 хотхоны 85 тоотод байхдаа ахуйн чанартай хэрүүл маргааны улмаас М.Мийн биед халдан гараараа цохиж, зодон эрүүл мэндэд “толгойн оройн хэсэгт зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн их бие, баруун үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                         

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1429 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө хөдөөнөөс ирээд авга эгчийнд унтаж байгаад сэрээд гарч машин угаалгах гэж байсан. Тэгтэл авга эгч ажлаасаа орж ирээд чи одоо хаачих гээд байгаа юм, золбин юм чинь золбинтох гээд гэхээр нь надтай таван үг аятайхан солиоч гэж хэлсэн. Гэтэл эгч чи надтай яаж яриад байгаа юм гээд хэл амаар доромжилж байгаад миний цээж хэсэг рүү 2-3 удаа түлхсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаач гээд хацар руу нь алгадчихсан. Гэтэл намайг үсдэж чирээд, баруун шанаа хэсэг рүү цохиод чи надтай ингэж ярихгүй шүү гэж хэлээд миний хувцсыг өөдөөс шидсэн бөгөөд би адилхан өөдөөс нь орилтол хажуу айл сонслоо гээд миний нуруу, хөл, баруун талын гар руу өшиглөсөн. Орилж байгаад цагдаагаа дууд гээд нөхөртэйгөө хамт дэлгүүр гараад явчихсан. Нөхөр нь чи эгчээсээ ганц үг даахгүй байна уу гэж хэлсэн. Нөхөр нь намайг зодож байхад хараад л зогсож байсан. Тэгээд гарч явсных нь дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Толгой өвдөж байна, амаа ангааж чадахгүй, нүүрээр халуу төөнөөд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

            Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

            Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

            2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 хороо гарден 16 496-85 тоотод байх манай гэрт М Хөвсгөлөөс ирээд байж байсан. Тэгээд манай эхнэр олон хоног хаагуур яваад ирж байгаа юм бэ гэсэн чинь М нь би өөрийгөө мэдэж байна гээд уурлаад Уаг түлхсэн алгадаад авсан чинь Уа зөрүүлээд алгадсан. Тэгсэн чинь М муухай орилоод уйлаад байсан. Ер нь бол М гадуур хоноод яваад байхаар нь У эгч хүний хувьд санаа нь зовоод эмэгтэй хүн гадуур хонож өнжөөд яваад явж болохгүй шүү гэхээр урдаас нь хэтэрлээд уурлаад байдаг байсан. Дүүгээ гадуур хоноод явж байхад санаа зовохгүй эгч гэж байхгүй шүү дээ. Гадуур хонож байгаад янз бүрийн хэрэг төвөгт орчих вий, хохирчих вий гэсэндээ санаа зовоод хэдэн үг хэлснээс болж М хүлээж авч чадахгүй эгчийгээ алгадаад ийм асуудал болсон. М, У хоёр сайн харилцаатай эгч дүүс. Манай эхнэр Уын хувьд бүтэн өнчин. Аав нь бага байхад нь салж яваад, ээж нь нас барсан. Эхээс 2-лаа бөгөөд төрсөн ганц ах нь Мийн аав болох Мөнгөншагай юм. Багаасаа ахындаа байж 5 хүүхдийг асарч өгсөн. Ахынхаа 5 хүүхдийн хувьд ээжээс нь дутахааргүй дотно харилцаатай болно.

У нь эмэгтэй хүнд байдаг бүх л зан авир байдаг. Эрүүл хүн. Уян зөөлөн, шударга, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, аливаа юманд сэтгэлээсээ ханддаг зан чанартай сайн хүн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 5481 дугаартай:

М.Мийн биед толгойн оройд хэсэгт зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн их бие, баруун үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/

 

Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 12 сараас хойш манай ахын хүүхэд болох М нь манай гэрт амьдарч байгаа юм. 20 настай, гэр орондоо удаа дараа хонохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, гадуур золбин тэнээд байдаг байсан. Энэ талаар нь би зөндөө хэлж, өөртэй нь ярилцаад, гуйж хүртэл үзэж байсан. Асран хамгаалж байгаа хүний хувьд би үүргээ биелүүлж, гадуур дотуур явуулахгүй байх тал дээр анхаарсан. Тэгээд М надад хэлэхгүйгээр Хөвсгөл явж ирээд 2022 оны 04 дүгээр сарын 07 ны өдөр унтаж байсан. Хөдөө явж байхдаа миний хувцсыг миний зөвшөөрөлгүй өмсөөд явчихсан байхаар нь хүний юмыг зөвшөөрөл авч хэрэглэж бай, өмссөн хувцсаа угаагаарай, би чиний цэвэрлэгч юмуу? хувцсыг чинь угаана, гэр орныг цэвэрлэнэ би ямар цэвэрлэгч үү гэсэн чинь над руу уурлаж хэрэлдээд намайг алгадаад авахаар нь би үснээс нь гараараа зулгаагаад, нүүр рүү нь алгадсан. Өөр зодсон асуудал байхгүй.

Гадуур тэнээд үг хэлэхээр ерөөсөө тусгаж авахгүй, ах захгүй харьцаад байсан. Хөвсгөл явахдаа захиралдаа бие өвдсөн гэж худлаа хэлж яваад 5 хоног явсан. Захирал нь над руу залгаад байхаар нь чи яагаад хүний ажил алдагдуулаад худлаа хэлж байгаа юм бэ, үнэнээ хэлээд чөлөө аваад явж болдоггүй юм уу гэсэн. Тэгээд гэрт унтачихаад босоод явах гэж байхаар нь өмсөж явсан хувцсаа угаачих гэж хэлснээс болоод эгч хүний зүгээс хэлсэн миний үгийг сонсохгүй, ах захгүй байдлаас болж л ийм асуудал болсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр гарсан гэмтлүүдийг би учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Шүүгдэгч Г.Уын “... дүүгээ гадуур тэнэж, ажлаа хаяж явсанд бухимдаж тухайн хэрүүл гарсан болно. Энэ асуудлаас болоод Мийн  биед халдаж, зодож гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Уын хувийн байдлын талаарх баримтууд болох шийтгэх тогтоолын хуулбар,  иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 32-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч Г.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.М,  гэрч Б.Түмэнбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Г.Уд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Уын хохирогч М.Мийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч М.М нь “Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Гийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ