Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/1154/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1150 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1150
2022 09 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч: Б.В /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.В ид холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Б-ийн В /РД:00000/,
Монгол улсын иргэн, **** оны ***дугаар сарын **-ний өдөр ***** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, А ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.В нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их нарангийн 0 дугаар гудамжны 0 тоотод, төрсөн дүү Б.Б-тай маргалдан улмаар түүний эхнэр болох хохирогч П.М-ийн 00-00 АААтоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж, пунай брэндийн 42 инчийн зурагт, хүүхдийн куртик, пиджак, арьсан цүнх зэргийг шатааж, 885.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгийг устгах, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.В нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их нарангийн 0 дугаар гудамжны 0 тоотод, төрсөн дүү Б.Б-тай маргалдан улмаар түүний эхнэр болох хохирогч П.М-ийн 00-00 АААтоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж, пунай брэндийн 42 инчийн зурагт, хүүхдийн куртик, пиджак, арьсан цүнх зэргийг шатааж, 885.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их наран 0-0 тоотод гэртээ 22 цагийн үед нөхрийн хамт байсан. Тэгээд би нөхөр Б.Б-ын хамт хашааны хаалгаар гарах гэсэн чинь манай нөхрийн ах Б.В нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, манай нөхрийг юу байна гээд хоорондоо маргах гээд байхаар нь Би нөхөр Б-ын хамт хашааны хаалгаар гараад явсан. Тэгээд 23 цагийн үед өөрийн хүүхэд руу утсаар яриад В ах явсан гэсэн чинь байхгүй байна гээд байхаар нь гэртээ яваад очсон манай хашаанд байж байсан бөгөөд В ах манай нөхөртэй маргаад муудалцах гээд байхаар нь нөхөр хүүхэд бид гурав хашаанаасаа гарж яваад өглөө 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирсэн чинь миний эзэмшлийн 00-00 АААтоёота акиа маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, манай гэрийн 42 инчийн пунай маркийн зурагтын дэлгэц хагалж манай хүүхэд болон миний хуучин куртик, цамцыг шатаасан байсан. Би 42 инчийн пуна маркийн зурагтыг 2018 онд цахилгааны барааны дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлж байсан. Харин тээврийн хэрэгслийн салхины шилийг 510.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хүүхдийн хөх өнгийн өвлийн куртик загвар маркийг мэдэхгүй байна, харин тус куртикийг 2021 онд 80000 төгрөгөөр авч байсан. Одоо тус куртикийг 50,000 төгрөгөөр үнэлж байна. Харин миний манго брэндийн пиджак, өмд, кучи брэндийн бор арьсан гар цүнхийг шатаасан байсан. Би манго брэндийн пиджак, өмдийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Харин кучи брэндийн бор арьсан гар цүнхийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай өвлийн сууц онгорхой байсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их наран 0-0 тоотод гэртээ 22 цагийн үед байж байгаад хүнсний дэлгүүр орохоор эхнэр П.М-ийн хамт гарах үед хашааны үүдэнд манай төрсөн ах Б.В архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай таарахаар нь би дэлгүүр орох гэж байна гэсэн чинь миний хувцаснаас барьж аваад тавихгүй байсан. Харин манай ах Б.В нь намайг чи надтай ярилцах уу? үгүй бол зодуулах гээд байхаар тийм юм байхгүй гээд маргасан. Тэгээд В нь миний биед халдах гээд байхаар нь зугтаад явсан. Тэгээд тухайн өдөр гэртээ хоноогүй найзын гэрт хоночхоод өглөө ирсэн. Харин В нь надтай маргаснаас болж манай гэрийн эд зүйл, тээврийн хэрэгслийн шилийг хагалж устгаж гэмтээсэн байсан. Манай төрсөн ах В хэр согтолттой байсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1600 дугаартай “... тоёота акуа автомашины урд шил, пунай брэндийн 42 инчийн зурагт, куртик, манго брэндийн эмэгтэй пиджак, өмд, цүнх нийт 885.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 27-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.В ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Ихнаран 0-0 тоотод өөрийн ээж У-ийн гэрт ирэх үед хашааны үүдэн дээр төрсөн Б болон түүний эхнэр М нартай таарсан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү Б тай маргах үед Б хашаанаасаа зугтаад эхнэрийн хамт гараад явсан. Тэгээд би өвлийн сууцанд байсан 42 инчийн пуна маркийн зурагт, мөн хашаанд байсан 00-00 АААулсын дугаартай адша маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж гэмтээсэн. Тэгээд М, Б нарын гэрт байсан хувцсыг шатаасан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас бусдыг эд хөрөнгийг устгаж гэмтээсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 38-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 46-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 48-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 50-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51-р хуудас/, А ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 52-р хуудас/, Газарчин дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 53-54-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 55-79р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.В ийн хууль бус санаатай үйлдэл буюу 00-00 АААулсын дугаартай Тоёота Акиа маркийн тээврийн хэрэгслийн нүүрэн талын салхины шил, 42 инчийн пуна маркийн зурагт хагалж, хүүхдийн куртик, пиджак, арьсан цүнх зэргийг шатааж хохирогч П.М-нд 885,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн “Акуа” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил 300.000 төгрөг, пунай брэндийн 42 инчийн зурагт 400,000 төгрөг, хүүхдийн куртик, пиджак 100,000 төгрөг, арьсан цүнх 85,000 төгрөг нийт 885.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.
Шүүгдэгч Б.В ийн үйлдэл нь хохирогчийн эд хөрөнгө буюу автомашины салхины шил, хүүхдийн куртик, пиджак, арьсан цүнх зэргийг санаатай үйлдлээр буюу хууль бусаар бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.В ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.М нь хохиролд 885.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.В ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.В ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.В нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.В ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.В ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (Антэхүү ХХК-ийн захирал ажилтай)-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В ид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.В нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Б-жийн В ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В ид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.В ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА