Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0761/Э |
Дугаар | 2022/ШЦТ/781 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М. Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Зд холбогдох эрүүгийн 2206 02025 1707 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 152а байрны 3 давхрын 16 тоотод хохирогч Г.Хын биед тодорхой шалтгаангүйгээр халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, цээж, зүүн гуянд цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02025 1707 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө З, Мөнхзул бид гурав архи уусан. Мөнхзул согтоод унтаад өгсөн. З бид хоёр юм яриад сууж байсан чинь З гэнэт миний зүүн талын нүдрүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй юу болж байна аа гэсэн чинь ямар нэгэн юм хэлэлгүй буруу хараад унтаад өгсөн. Тэгсэн удалгүй миний зүүн талын нүд хавдчихсан байсан. Би Зыг ямар шалтгааны улмаас зодож байгаа талаар асуусан чинь ямар нэгэн юм хэлээгүй согтчихсон байна л гэсэн. Яг юунаас болж зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Бид хоёр маргалдаж муудсан байх гэхдээ юунаас болсон гэдгийг нь согтчихсон байсан учраас мэдэхгүй байна. Тухайн шөнө би архи уучихсан байсан учраас шууд унтаад өгсөн. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө сэрсэн чинь зүүн талын нүд хавдчихсан байсан. Мөнхзул босоод гэрлүүгээ явлаа гээд гараад явсан. З манайд үлдсэн эрүүл болсон хойно нь асуусан чинь З би чамайг хоёр л удаа алгадсан ш дээ, яагаад хөхөрсөн юм бол гээд байсан. Намайг Заас өөр хүн цохиогүй бид гурваас өөр хүн бол байгаагүй.
З намайг юм яриад байхаар нь чимээгүй бай унтая гээд цохисон. Тэрнээс яг маргалдсан зүйл бол байхгүй. Би цохисон шалтгааныг нь мэдэхгүй байна гэнэт л цохиод авсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг З надад учруулсан өөр хүн бол намайг зодоогүй. Мөн унтаж байхдаа З согтчихоод хөлөөрөө бөөрлүү жийгээд байсан. Тэгсэн маргааш нь бас хөхөрчихсөн байсан. Надад гомдол санал болон нэхэмжилэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны 6102 дугаартай:
Г.Хын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруу, цээж, зүүн гуянд цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,
-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/
Шүүгдэгч Т.Зы мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Хын гэрт нь бид хоёр архи уусан. Архи ууж байгаад тасарч унаад маргааш өглөө нь боссон чинь Хын зүүн талын нүдний дээд талд нь хөхөрсөн байсан. Хын найз Н.Мөнхзул орж ирээд юунаас болсон талаар асуусан чинь эхэндээ архинд явж байгаад юманд цохисон гэж хэлсэн. Сүүлдээ Х хэлэхдээ намайг зодсон гэж хэлсэн. Миний хувьд 10 гаруй хоног архи уусан учраас юунаас болж зодсон талаар сайн санахгүй байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй учраас надаас өөр хүн зодоогүй байх. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч найзаасаа уучлалт гуйж хохирлоо нөхөн төлсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 59/,
Хохирогч Г.Хын “... миний бие найз Зд зодуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Т.З надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 85/,
Шүүгдэгч Т.Зы “... Г.Хын эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлаар шалгагдаж байна. Найз Г.Хаас уучлалт гуйж сайн дураар эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 86/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Зы хувийн байдлын талаарх баримтууд болох шийтгэх тогтоолуудын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 61-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.З нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Т.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Хын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Т.Зд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Зы хохирогч Г.Хын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.Х нь “миний бие найз Зд зодуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Т.З надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасаныг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Т.Зы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.З нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тийн Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ