Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2920

 

 

 

 

 

       2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02920

                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:, В Ф Ж ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ю П М ХХКомпанид  холбогдох

378 720 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В Ф Ж ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю П М ХХКомпани 2014 оноос эхлэн манай компанитай хамтран ажиллаж  ундаа, жүүс борлуулж ирсэн бөгөөд 2017 оны 1 сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд авсан барааны төлбөр болох 1 089 330 төгрөгийг төлбөрөөс 731 550 төгрөгийг 2017 оны 11 сард төлж үлдэгдэл 378 720 төгрөгийг төлөхгүй байна.Иймд Ю П М ХХКомпаниас 378 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа:Манай В Ф Ж ХХКомпани хүнсний үйл ажиллагаа эрхэлдэг Ю П М XXКомпани буюу Зоос дэлгүүртэй 2014 оноос хамтарч ажиллаж эхэлсэн, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд авсан барааны төлбөрийг өгөөгүй. Нийт авлага 378 720 төгрөг байгаа.Энэ асуудлыг шийдвэрлэхээр Ю П М ХХК-ийн захиралтай уулзах гэхээр уулздаггүй, утсаар ярьдаг байсан. Манайх 2017 онд дэлгүүрээ түрээсэлж байсан учраас тэр хүн хэнд, хэдэн төгрөгийн өртэйг мэдэхгүй. Зуслан руугаа явж материалуудаа авчирна гэж хэлээд 1 жил гаруй хүлээлгэсэн.В Ф Ж ХХК-ийн тайланд авлагатай байх нь зөрчилд тооцогддог тул аргагүй эрхэнд шүүхэд хандсан.Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хулээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй гэсэн саналтай байна.Иймд 378 720 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ю П М ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай байгууллага харилцагч байгууллагуудтай төлбөрийн тооцоо хийхдээ тооцоо нийлсэн актыг үндэслэн тооцоо хийж төлбөрийг төлдөг бөгөөд энэ нь тогтсон үйл ажиллагаа тул ийм тооцоо нийлсэн актгүй тохиолдолд уг асуудлыг хариуцах үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч байгууллага нь дээрх мөнгийг төлсөн учраас нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Худалдаж авсан барааны үнийг 2017 оны 12 дугаар сард төлж дуусгасан гэдэг.Манай байгууллага 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 378 000 төгрөгийг бэлнээр төлж, авсан хүн нь гарын үсгээ зурсан баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчтай уулзах гээд очиход байдаггүй гэж худлаа ярьж байна.Дэлгүүрийн дээд талд гэр нь байдаг учраас уулзах боломжтой байсан. Нэхэмжлэгч байгууллага борлуулагчтай яаж тооцог хийдэг юм бэ, бэлэн мөнгөөр тооцоо хийсэн борлуулагчиддаа яаж хяналт тавьдаг юм бэ, өнөөдөр бэлэн мөнгөөр тооцоо хийсэн баримт байхад 378 720 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В Ф Ж ХХКомпани хариуцагч Ю П М ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 378 720 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч барааны үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч байгууллага нь  В Ф Ж ХХКомпаниас худалдан авсан барааны үнийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд 1 089 330 төгрөгийн барааг хүлээн авсан үйл баримтад маргахгүй байна гэж үзэхээр байна.

Нэгэнт барааг хүлээн авсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн нөхцөлд тухайн барааны үнийг нэхэмжлэгчид төлсөн тухайгаа хариуцагч тал нотлох үүрэгтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана” гэж заасан байна.

Хариуцагч байгууллагын санхүүгийн анхан шатны баримт болох өглөгийн дэлгэрэнгүй тайлан, зарлагын жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын падаан зэрэг баримтууд нь тухайн байгууллагын 2017 оны санхүүгийн тайланд тусгагдсан талаарх баримтгүй байхад  барааны үлдэгдэл 378 720 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн байна гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар барааны үлдэгдэл 378 720 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын борлуулагчид бэлнээр өгсөн болох нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын падаанаар нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг падаанд бичигдсэн  мөнгө хүлээн авсан хүн нь нэхэмжлэгч байгууллагын борлуулагч мөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал барааны үнийг борлуулагчид төлсөн тухайгаа бүрэн нотлоогүй, энэхүү падаанд зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч байгууллагын ажилтан зурсан болохыг нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Ю П М ХХКомпаниас 378 720 /гурван зуун далан найман мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулан В Ф Ж ХХКомпанид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ю П М ХХКомпаниас 12 100 /арван хоёр мянга нэг зуун/ нэг зуун тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан В Ф Ж ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ДОРЖНАМЖИН