Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/54

 

2019           07           23                                           2019/ДШМ/54

А.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: А.Ч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Чт холбогдох, эрүүгийн 1919000000074 дугаартай, 1 хавтас, 142 хуудас бүхий хэргийг шүүгдэгч А.Ч-ийн гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... галч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... дүгээр баг, ........ тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 1993 оны 01 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж тэнссэн, мөн шүүхийн 1994 оны 06 дугаар 20-ны тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж тэнссэн, мөн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 18-ны тогтоолоор  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 2 жил хорих ял, Орхон аймгийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 04-ний тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 2 жил 4 сарын хорих ял, 1999 оны 01 сарын 01-нд Эрүүгийн хуулийн 123.3, 211.2-т зааснаар 2 жил 6 сар 13 хоног хорих ял, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 24-ний тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 3 жил 6 сар 13 хоногийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 21-ний тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 279 дүгээр тогтоолоор  А.Чийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаартай тогтоолоор А.Чийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жил 6 сарын хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 915 дугаартай магадлалаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүйд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасан гэмт хэргийг 147 дугаар зүйлийн 147.2 болгон ялыг 7 жил болгон өөрчилж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 169 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг хорих 415 дугаар ангиас 1 жил 3 сар 3 хоногийг хугацааны өмнө тэнссэн сулласан, Харуул овогт А-н  Ч/РД:ЧО.....5/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

  Шүүгдэгч А.Ч 2019 оны 04 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ..... ......... өрөөнд нэвтэрч notebooк, ажлын нормын гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Харуул овогт А-н Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 2 жил хорих ял шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч А.Ч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн оруулгатай пүүзэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.Ч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөр байхгүй тул миний ял шийтгэлийг хөнгөлж, 1 жил болгож өгнө үү. Би уг нь Быг хашраах гэсэн зорилготой нөөтбүүк, гутал зэргийг авсан юм. Нууцаар хэн нэгэнд хэлээгүй авч явсан нь миний буруу. Би олон жил шоронд байсан хэдий ч одоо л буруу бүхнээс хол байж зөв амьдрахын төлөө зүтгэж, одоо л миний амьдрал жигдэрч сайхан болж байгаа. Би хорихоос гараад 5 жил болж байна. ........ ажиллаж байгаа. Банкнаас зээл авсан, үлдэгдэл зээл маань 15 сая төгрөг байгаа. Шоронгоос гарч ирснээс хойш янз бүрийн хэрэгт холбогдоогүй. Энэ их хичээж босгосон амьдралаа ийм байдалд хүргэсэндээ гэмшиж, маш их харамсаж байна гэв.

Хохирогч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ч ял хүндэдсэн гэсэн гомдол гаргасан байна, хохирогч миний хувьд ч гэсэн тэгж бодож байна. Хохирогч миний бие цагдаагийн газар дээр хэргийн материалтай танилцсан. Тэгэхэд А.Ч нь намайг хашраах зорилгоор авч явсан гэсэн байсан, үүнийг би бас хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар цагдаад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. А.Ч нь миний өрөөгөөр байнга ордог, хүнтэй хүнгүй цэвэрлээд л орж гараад явж байдаг. Мөн надад “та өрөөгөө сайн цоожилж бай, цонхоо хааж байгаарай” гэж хэлж байсан. Миний бас хариуцлагагүй байдлыг таслан зогсоох зорилготой байсан байх гэж бодож байгаа. Бид хамтран ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа энэ хугацаанд А.Ч нь элдвийн гаж араншингүй, хүнд их тусархуу, хөдөлмөрч, олон жил шоронгоор явж байсан гэхэд тэгж байсан гэх байдал ажиглагддагүй, эхнэр хүүхэдтэй болоод амьдрахын төлөө л явж байгаа эр хүн. Миний буруутай ажиллагааны улмаас хүн хэрэгт холбогдуулчихлаа л гэж харамсаж байна. А.Ч нь надтай уулзаж, үнэн учраа хэлсэн. Хэн нэгэнд хэлэлгүй цонхоор орсон нь миний буруу гэдгээ хэлсэн. Хулгай хийх зорилгтой байсан бол гэртээ аваачаад ил хөргөгчнийхө дэргэд тавихгүй байсан байх. Тиймээс А.Чинзорригт холбогдох хэргийг болвол хэрэгсэхгүй болгож өгнө үү, цонхоор орсон нь хууль зөрчсөн буруу үйлдэл гэж үзвэл ялын хамгийн багаар буюу 1 жил болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэж гомдол гаргасан байгаа. Үүнийг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний хохирол буюу 450 000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулна. Миний үйлчлүүлэгч урьд нь 9 удаагийн ял шийтгэлтэй байсан. Ялаа эдэлж дуусчихаад Барилга орон сууцанд ажиллаж байгаа. Барилга орон сууцанд сайн ажиллаж байсан гэдгийг хохирогч мэдүүлдэг ба гэр бүлийнх нь хүн нь бас мэдүүлсэн байдаг. Орон шоронгоор явсан хүн гэхэд иймээ, тиймээ араншин гаргадаггүй гэж ажлын хамт олноос болон хадам талаас нь мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гээд заачихсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан байгаа. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэдгээрээ хүндэрч орж ирсэн. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал Чийн үйлдсэн үйлдэлд харагдахгүй байгаа. Тэгэхээр ар гэрийн байдал, 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, мөн цалингийн зээлтэй, сард 553 150 төгрөгөөр төлөлт хийдэг. Эхнэр нь бас зээлтэй байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэдэг байдлаар хэрэгт хандаж болохгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заачихсан. Ч нь хохирол төлбөрөө төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос уучлалт гуйсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгож өөрчилж өгнө үү гэв.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, мөн үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн хууль ёсны бөгөөд хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Ингэж дүгнэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал удаа дараа ял шийтгэгдэж байсан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан олгосон байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн хууль ёсны шаардлагыг хангаж байна гэж прокуророос үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдсан гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянавал:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох  мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт /хх-64, 67/-үүд зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд;

Шүүгдэгч А.Ч 2019 оны 04 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Төмөр замын уурын зуухны механикийн өрөөнд нэвтэрч, механикч Т.Б-ы notebooк, ажлын нормын гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан, 450 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба түүнийг Эрүүгийн хуульд заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч А.Ч-оос “...төмөр замын уурын зуухны механикийн өрөөний цонхоор нэвтэрч улмаар тус уурын зуухны механикч Т.Батсайхны notebooк, ажлын нормын гутал зэрэг эд зүйлсийг” авсан гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч Т.Б /хх 14-15/-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр давхар тогтоогдож байх бөгөөд тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх учир шүүгдэгч А.Ч/хх 22-23/-ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоогдсон байна гэж дүгнэсэн төдийгүй Эрүүгийн хуульд заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлажээ.

Хэдийгээр шүүгдэгч А.Ч “...механикийн өрөөний цонх онгорхой байсан, тэгэхээр нь би механикаа айлгах санаатай цонхоор ороод ширээн дээр байсан нөүтбүүк, ажлын гутлыг авсан” гэж мэдүүлж байх боловч энэ үндэслэлээр түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. 

 Учир нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу уурын зуухны  механикийн албаны өрөөний цонхоор нэвтэрч, эд зүйлсийг нууцаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байна.

Иймээс эд зүйлсийг нууцаар авсан, тэдгээрийг гэртээ авч очсон нөхцөл байдлыг “хулгайн эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон” гэж үзэх учир шүүгдэгч А.Чийн “...механикаа айлгах санаатай эд зүйлсийг авсан”-ыг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно. 

  Харин Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах”-аар шийдвэрлэлээ.

Харин хавтас хэрэгт шүүгдэгч А.Ч-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-74/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 271 дугаар шийтгэх тогтоол/хх77-78, 80-81/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 915 дугаар магадлал/хх82-84/ үзэхэд Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал прокурорын яллах дүгнэлт/ххх-110/ болон шийтгэх тогтоол/хх-131/-д  дээр дурдсан нөхцөл байдлыг үнэн зөв тусгаагүй байх буюу эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд тусгагдснаас өөрөөр, зөрүүтэй бичсэнийг мөн дээр дурдснаас бусад шүүгдэгчийн ял шийтгэл хүлээж байсантай холбоотой таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолууд хэрэгт авагдаагүй байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “... 2 жил ...” гэснийг “1 жил” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ч-ийн гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч А.Ч 53 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА