Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0336

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир, В.Гэрэлт-Од

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0442/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.У-гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/512 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, В.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. ...Шүүхээс нийслэлийн Засаг даргын 2022 оны А/679 болон 2023 оны А/512 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэл болон үйл баримт нь агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/512 дугаар захирамж нь гуравдагч этгээдийн гомдол болон эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж гарсан байдаг. Тус захиргааны акт нь хэдийгээр 2022 оны А/679 дугаар захирамжтай хууль зүйн үндэслэл болон агуулгын хувьд адил боловч гуравдагч этгээдийн гомдлыг биелүүлж, эрх бүхий байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлж гарсан нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон. Иймд Нийслэлийн Засаг дарга нь шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор гаргаагүй нь нотлогдож байна гэж үзэж байна.

3.2. Мөн анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргыг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэний дараа гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/512 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд О СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.М-оос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. ...Өмнө нь Нийслэлийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжаар "Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны ГБМЗАХ2020/17-053 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 0010806261/2022 дугаартай барилгын ажлын гэрчилгээг тус тус хүчингүй болгож" шийдвэрлэсэн. Тус захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2022/0731 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2022/0797 дугаартай магадлалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Үүний дараа хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 0012363/БАЗГ2023/051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинээр гаргуулж авсан байдаг. Энэ үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн байсан. Нэхэмжлэгчийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн авсны дараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны А/512 дугаартай захирамж гаргаж, тус зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон.

4.2. Гэтэл нэхэмжлэгч Д.У нь тус зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримтад гомдол гаргаагүй, шууд шүүхэд хандсан байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэж хуульчилжээ. Гэвч анхан шатны шүүх нь дээрх Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч анхнаасаа хангаагүй, тайлбар болон гомдол гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн боломжгүй гэж удаа дараа тайлбарласан байхад энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.3. Учир нь 0012363/БАЗГ2023/051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Нийслэлийн Засаг даргаас олгогдох энгийн зөвшөөрөл байхаар зохицуулагдсан. Хариуцагч нь өмнө нь гарсан шүүхийн шийдвэрт хамааралгүй, 2022 оны А/679 дүгээр захирамжид дурдагдаагүй, тэдгээрээс хойш буюу 2023 онд олгогдсон 0010806261/2022 дугаартай барилгын ажлын гэрчилгээг маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглээгүй, түүний холбогдох зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.4. ...Хэрэв өмнө нь гарсан шийдвэрийг хариуцагч биелүүлсэнд тооцохгүй гэж үзэж байгаа тохиолдолд тухайн асуудал нь эрх зүйн хариуцлага тооцогдох асуудалд хамаарч байхад шинээр авсан зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон А/512 дугаар захирамжид хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т "...бусад этгээдийн эрх ашиг, сонирхолд нөлөөлөх бол тухайн захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хуульд нийцүүлэн энэ хуулийн 127.2-т заасан хугацааны дотор дахин гаргах, байгуулах үүрэгтэй" гэж зааснаар гуравдагч этгээд болох "О" СӨХ, түүний оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан тул хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлж, А/512 дугаар захирамжийг гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаас хариуцагчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хариуцагч яаж зөрчсөн талаар дүгнээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нар А/679 дугаар захирамж хүчингүй болсонтой маргаагүй байдаг.

4.5. Түүнчлэн хариуцагч нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох, эсхүл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

4.6. Нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой гэж шүүх буруу дүгнэсэн байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч захиргааны байгууллага нь анхнаасаа хууль, холбогдох норм, дүрэмд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон атлаа хожим нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх /үндсэн эрх/-ийг зөрчсөн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг шүүх зөрчсөн гэж дүгнэхдээ түүнд тавигдах тусгай урьдчилсан нөхцөлүүдэд дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал, Хуулийн уг зүйл, заалт дахь албан ёсны тайлбараар эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэхэд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдолд итгэл хамгаалагдахгүй гэж албан ёсоор хуульчилсан тайлбар хийж, тухайн зарчмын хүрээ, хязгаарыг тогтоосон боловч анхан шатны шүүх энэхүү хүрээ, хязгаарыг зөрчсөн байна.

4.7. Маргаан бүхий А/512 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд "...Захиргааны ерөнхий хуулийн... 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт..."-ыг захирамжлах хэсгийн үндэслэл болгосон байдаг. Үүгээрээ тус маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх ёсгүй байсан. Маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарч бусад этгээдийн буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл бүхий эрсдэлээс хамгаалсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч анхан шатны шүүх эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон А/512 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Маргаан бүхий барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар нь бусдын цахилгааны дэд станцын хамгаалалтын зурвастай давхцалтай, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нөхцөлд хамаардаг учраас А/512 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь эрх зүйн үндэслэлгүй байна.

4.8. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 27 дугаар зүйлийн 27.8, 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.16, 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт БНбД 30.01.04-н 2.11, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарын тусгалын (ээвэрлэлтийн) хангамж БНбД 23.04.07-ын 3.3-т тус тус заасан эрх зүйн зохицуулалтуудад бүрэн нийцдэг. Гэтэл анхан шатны шүүх дээрх эрх зүйн хэм Хэмжээг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо тухайн барилгын улмаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зэргэлдээ орших барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг барилга байгууламжийн талаарх бүхий л баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг, мөн барилгын зураг төсөл нь стандарт, дүрэм журамд үндэслэн боловсруулагдсан байх, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлахгүй байх зэрэг хууль, журмын шаардлага бүхэлдээ хангагдах ёстой байдаг. Эдгээр нөхцөлийг зөвхөн итгэл хамгаалах зарчмаар үгүйсгэх хууль зүйн болон бодит нөхцөл байхгүй бөгөөд хууль ёсны бөгөөд шударгаар олж авсан итгэлийг захиргааны байгууллага үйл ажиллагаанд хамгаалж ажиллахаар хуульд заасан байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, хууль зүйн зохицуулалтуудыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн тухайд: 2.1/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг нэхэмжлэгч зөрчиж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх "... энэ маргааны хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй" гэж хэт ерөнхий байдлаар буруу дүгнэж, маргаж буй үйл баримт, түүнийг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнд үндэслээгүй байна. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргана" гэж зохицуулсныг анхан шатны шүүх зөрчсөн шийдвэр гаргасан байна.

4.10. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлээр гомдлыг дээд шатны захиргааны байгууллагад, тийм захиргааны байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах шаардлагагүй гэж үзэхдээ зөвхөн Нийслэлийн Засаг даргад дээд шатны захиргааны байгууллага байхгүй гэж үндэслэлгүй дүгнэжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрт заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хууль зүйн шаардлага тавигдсан гэж ойлгох бөгөөд шууд шүүхэд хандаж болохоор зохицуулаагүй байна. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 10 хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" гэснийг анхан шатны шүүх ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь тодорхойгүй болжээ.

4.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг нэхэмжлэгч зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан байдаг. ...Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, "Нийслэлийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай" А/386 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Захиргааны актыг хүчингүй болгох тухай" А/512 дугаартай захирамж гарсантай холбогдуулан тус захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үргэлжлүүлэн тогтоох буюу нөхөн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаар өөрчлөөгүй, гагцхүү шинэ захиргааны акттай маргахаар өөрчилсөн байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна.

4.12. Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй буюу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба энэ маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудал яригдахааргүй байна гэж хэргийн нөхцөл байдалтай зөрүүтэй, буруу дүгнэлт өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэхэд хөөн хэлэлцэх хугацааны шаардлага тавигдахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор өөрчилж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг шүүх шалгах зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаар анх захиргааны хэрэг үүсгэсэн захиргааны актаас тусдаа шинээр гаргасан А/512 дугаар захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0230 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд О СӨХ-ны өмгөөлөгч В.Г-д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. ... Д.У-ийн гэх Барилга баригдах газар нь дээр дурдсан орон сууцнуудын сууц өмчлөгчдийн өмчлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд шууд халдаад зогсохгүй, тэр орчмоор дамжин өнгөрөх нийт явган зорчигчид, автотээврийн хэрэгслээр дамжин өнгөрөгчдийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байгааг шүүхээс уг шийдвэрийг гаргахдаа харгалзан үзээгүй.

5.2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсад хууль ёсоор амьдран суугаа хэн боловч Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад хууль, хуулийн тогтоомжийн шаардлага, зохицуулалтыг мөрдөн ажиллах ёстой гэдэг нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс энэ байдлыг зориуд огоорсон байдлаар шийдвэр гаргасан. Энэ байдал нь нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өөрөө манай барилга барих газар, суурь нь Галын аюулгүй байдлын дүгнэлт, хэм хэмжээтэй зөрчигдсөн, манай барилга барих суурь нь танай (гуравдагч этгээдийн эзэмшлийн) хашаан доторх ХТП буюу Трансформаторын дэд өртөөнөөс тодорхой зайнд байх, баригдах барилгын норм, стандартыг зөрчөөд, уг шаардлагыг хангахгүй байхаар нь Барилгын сууриа өөрчилж, ертөнцийн зүгээр баруун тууш нь татсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ингэснээр уг барилга баригдах газрын баруун талд нь байгаа байр, орон сууцнуудыг цахилгаанаар хангадаг ХТП буюу Трансформаторын дэд өртөөтэй ердөө 2-3 метр хүрэхгүй зайнд уг барилга баригдахаар болсон болно.

5.3. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед болон уг хэрэгт авагдсан Шүүхийн үзлэг, нотлох баримтаар 30Б байрны баруун талаар орж ирдэг зам нь ертөнцийн зүгээр зүүн талаас орж ирдэг замтай мөргөлдөх, уулзах байдлаар уг 30Б байрны баруун хойд буланд "Г үсэг хэлбэрийн мухар гудамж" үүсгэж, энд өдрийн цагаар маш их автомашины бөөгнөрөл үүсдэг бөгөөд, угаасаа энэ зам нь нэг чигийн, 2 машин зэрэгцэн зөрөх боломжгүй, нэг урсгалын автотээврийн хэрэгсэл нь нөгөө урсгалын машинаа хүлээн байж гардаг зам болно. Тэгвэл яг энэ хэсэгт уг баригдах барилга баригдана гэж төлөвлөлт хийгдсэн байгаа болно. Автотээврийн хэрэгслийн их ачаалалтай байдаг, бие биенээ хүлээх байдлаар бөөн бухимдал үүсгэж байж зорчдог, энэ автозамаас болж маш их шороо тоос болдог, хажуугаар нь явган хүн явах зам байхгүй, явган зорчигч явахдаа хүртэл автотээврийн хэрэгсэл зөрж өнгөрсний дараа зорчдог ийм л зам. Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, баримтаар бүрэн нотлогдоно. 30Б байрны энэ замаар том оврын гал унтраах машин орж ирэх ямар ч боломжгүй, маш нарийн зам юм. Дээр дурдсан байдал нь "Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм"-ийн 6.6-д "Мухар гудамж зайлшгүй гаргасан тохиолдолд төгсгөлдөө галын автомашин чөлөөтэй эргэх 15х15м талбай гаргана" гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа бөгөөд энэ нь иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчийн эрхээ хамгуулах хууль зүйн зохицуулалт, шаардлагыг шууд зөрчиж байгаа билээ.

5.4. Ийм байдлаар иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг зөрчих боломжийг олгож байгаа дээрх шүүхийн шийдвэртэй холбогдуулан энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар: 128/ШШШ2024/0230 тоот Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар Захирамжийг хэвээр үлдээж, Улаанбаатарчууд, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчийн эрхээ хамгуулах Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ баталгаатай эдлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч Д.Угаас  нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын А/512 дугаар захирамжаар “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “О” СӨХ-ноос гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийслэлийн Ерөнхий архитекторын 2020 оны ГБМЗХ2020/17-053 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364 БАЗГ2023/051/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “... анх нийслэлийн Засаг даргын 2022 оны А/679 дүгээр захирамжаар ...архитектур төлөвлөлтийн даалгавар, ...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0797 дугаар магадлалаар ...А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн 2022 оны А679 дүгээр захирамжтай яг ижил хууль зүйн үндэслэл, утга агуулгатай 2023 оны А/512 дугаар захирамж гарч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчөөд байна” гэж, хариуцагчаас “...өмнө нь ямар нэгэн дүгнэлтгүй, гуравдагч этгээдээс өргөдөл гомдол ирсэн зүйлгүй байсан, ...О СӨХ-ноос гаргасан гомдол мэдээллийн дагуу ...газар дээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг байлцуулан үзлэг хийсэн ба тус үзлэгээр оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж, гуравдагч этгээдээс “...өмнөх шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь шууд хөндөгдөж буй гуравдагч этгээд болох “О” СӨХ-д мэдэгдээгүй, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, ...барилга баригдсанаар оршин суугчдын орц, гарцын хөдөлгөөнд саад учирч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж авах боломжийг шууд хязгаарлана” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “нэхэмжлэгч Д.Урантуягаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

4. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6.2-т “Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 26а, 26б, 26в, 26е байрууд нь нэхэмжлэгч Д.Угийн барьж буй барилгаас зүүн хойд зүгт, төв зам дагуу байрлалтай, тусдаа орц гарцтай” гэж, 6.3-т “30б байр нь Д.Угийн хашаалсан газрын урдуур хөндлөн байрлаж буй автозамын чанх урд байрлалтай, байрныхаа зүүн талаар тойрч орох автомашины орц, гарцтай /энэ нь нэхэмжлэгчийн өмчилж буй газраас баруун урд зүгт/ нэхэмжлэгчийн барилга баригдах газраар дайрч өнгөрөх шаардлагагүй болох нь тогтоогдож байгаагаас үзвэл ...иргэн хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж, 7.1-д “...Барилгын тухай хуулийн 7.2-т заасан “нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэсэн нөхцөл үүссэн гэж үзэхээргүй байна” гэж тус тус дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Анхан шатны шүүхээс “...2022 оны 731 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон А/679 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон үйл баримт нь 2023 оны А/512 дугаар захирамжтай агуулгын хувьд адил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна, ...Д.Угийн төлөвлөж буй барилга баригдсанаар 30б байрны хойд талаар буюу Д.Угийн хашаалсан газрын урдуур дайран өнгөрч байгаа авто замын хэмжээ /өргөний хэмжээ/ өөрчлөгдөхгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна, ...хариуцагч захиргааны байгууллага нь анхнаасаа хууль, холбогдох норм, дүрэмд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон атлаа хожим нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

6. Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалахад чиглэдэг тул шийдвэр гүйцэтгэл нь мөн энэ зорилгыг хангахад оршдог. Тиймээс ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан. 

7. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3730 дугаар захирамжаар хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж зааснаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллага биелүүлэх үүрэгтэй байх тул маргаан бүхий маргаан бүхий А/512 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

           ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН