Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00847

 

2021           06            24                                          001/ХТ2021/00847

 

 

 

...................ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 949 дүгээр магадлалтай,

 

...................ХХК-ийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажавын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.19-ний өдрийн 101/ШШ2016/00764 дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс 81,000,000 төгрөг гаргуулан Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрт хураагдсан төлбөр төлөгч ...................ХХК-ийн эзэмшлийн ...................нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 20,000 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож 700,000,000 төгрөгөөр тогтоосон. Гэвч 2020.01.09-ний өдрийн 4/920 тоот мэдэгдлээр 490,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг мэдэгдсэн бөгөөд бид энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхны албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.19-ний өдрийн 764 дүгээр захирамжаар ...................ХХК-аас 81,000,000 төгрөг гаргуулан Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч ...................ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ...................дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 20,000 мкв талбайтай эзэмшлийн газрыг битүүмжлэн хураасан. Талуудаас үнийн санал авахад 700,000,000 төгрөгөөр үнэлэхээр харилцан тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу харилцан тохиролцон тогтоосон үнийн 70 хувь буюу 490,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 20 000 мкв талбай бүхий ...................нэгж талбарын дугаартай, ................... гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн анхны дуудлага худалдааны босго үнийг 490 000 000 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 949 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажав хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.03.05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, мэтгэлцэх боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс хязгаарласан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаагүй ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. 2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдагдаагүй хуулийг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь заалтууд болон албадан дуудлага худалдаанд огт хамааралгүй 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтууд хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёсгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтуудыг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэг 165-181 дүгээр зүйлүүд нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-тай холбоотой зохицуулалт бөгөөд 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг нь ипотекийн зүйлийн албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой зохицуулалт байхад барьцаалагдаагүй эд хөрөнгийн эрх буюу газар эзэмших эрхийн үнийг дээрх зохицуулалтад хамааруулсан нь хууль бус юм. Манай байгууллагын хувьд газар эзэмших эрхээ төлбөр авагчид худалдан борлуулах үнийг 700,000,000 төгрөгөөр тогтоосон болохоос дуудлага худалдааны үнийн талаар санал өгөөгүй байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

...................ХХК нь ...................т холбогдуулан албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэнд холбогдох хэний нэхэмжлэлийг буюу зохигчийг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцээгүй, уг алдааг залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.19-ний өдрийн 101/ШШ2016/00764 дугаар захирамжаар ...................ХХК-иас 81,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 27/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 20,000 м.кв талбай бүхий ...................нэгж талбарын дугаартай, ................... гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн үнийн санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, талууд  700,000,000 төгрөгөөр үнэлж үнийг харилцан тохирсон тул үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны босго үнийг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Барьцааны зүйл эсэхээс үл хамаарч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 197 дугаар зүйлд зааснаар анхны дуудлага худалдаанд аливаа үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийн 70 хувиас эхлэн өсгөж, үнэ хаялцуулдаг тул энэ нь шинэ үнэлгээ бус зөвхөн дуудлага худалдаанд санал болгох үнийн доод хязгаар тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 29-ний өдрийн 949 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...дагуу гэсний дараа ...................т холбогдох” гэж, ...тухай гэсний дараа “нэхэмжлэгч ...................ХХК-ийн” гэж тус тус оруулж, өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД