Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1106

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Улсболд (томилолтоор),

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001066 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Ц-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “...” зочид буудлын хойд талд Х.Б-ыг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь духны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Х.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч М.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Х.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6225 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шинжээч эмч Н.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), шүүгдэгч Ц.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44, 46-56 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), шүүгдэгч Ц.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “...” зочид буудлын хойд талд Х.Б-ыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Х.Б-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад “Хөгшин Ц-” хочтой зүс таних хүн над дээр ирээд мэнд мэдээд намайг их таньдаг бололтой юм яриад байсан. Тэгээд надад шартаж үхлээ, хоёулаа ганц юм ууя, чи авчих, тэх үү гэхээр нь за гээд Саппоро төвийн орчим дэлгүүрээс нэг шил 0,75 архи, тамхитай аваад хойшоо гарааш руу гарсан. Нэг мэдсэн чинь баахан танихгүй хүмүүс ирчихсэн байсан. Архиа ууж дуусгаад хөгшин Ц-д би одоо явлаа гэсэн чинь дахиад нэг юм ууя гэхээр нь одоо надад мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь хөгшин Ц- гэх хочтой нөхөр “чи ямар сүртэй болчихсон баньд вэ, байж бай гэж байна би” гэж хэлээд хөгшин Ц- миний нүүр лүү хүчтэй цохисон. Би тухайн үед ухаан балартаад унаад өгсөн. Намайг унасны дараа дээр гараад бас нэлээд хэд цохисон. Тэгээд нэг ухаан ороод сэрсэн чинь ганцаараа нүүр ам битүү цус болчихсон байсан. Тэндээс алхаад нэг ах, эгч явж байхаар нь гуйгаад дүү ******* руу залгаж Цамбагаравын автобусны буудал дээр дуудсан. Хоёр өдөр би өвдөөд гэртээ хэвтэж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. Зүүн талын нүд хөхөрч, цус хурсан, зүүн талын хөмсөгний дээд хэсэг хагарсан, зүүн тохойны хэсэг хөхөрч, бяцарсан байсан. Энэ Б нь намайг эхнэрээ алдсан гээд дайраад байсан. Манай эхнэр уушгины сүрьеэ өвчний улмаас нас барсан юм. Одоо надад нэхэмжлэх хохирол байгаа ч түүнийг нотолсон баримт алга байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч М.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Саппоро төв нэг шил архи аваад байж байтал М гэж нас барсан эмэгтэйн нөхөр Б гэх залуу ирсэн. Тэгээд Б, Б бид ... буудлын хойд талд байрлах автомашины гарааш дунд ороод архи уусан. Тэгээд хэсэг байж байсан чинь Б өөрөө эхэлж хэрүүл маргаан өдөөд Б “миний талийгаач дүү байхад чи ийм ааш зантай байгаагүй шүү” гээд заамдаж авахад Б эхэлж цохисон, тэгсэн Б эргүүлээд түүнийг хоёр цохисон. Тэгээд салсан, бид хэд бөөндөө яваад Б үлдсэн. Нүүр лүү нь нүцгэн гараараа хоёр удаа цохисон. Б-ын эхнэр талийгаач М гэх эмэгтэйн талаар ярьж байгаад муудалцаад зодоон болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дахь тал),

3. Гэрч Х.Т-ын: “...Х.Б- нь миний төрсөн ах байгаа юм. Манай ах миний гэрт амьдарч байгаад Дорноговь аймаг руу ажил хийхээр явсан. Тухайн өдөр би ажилдаа яваад хэдэн цагийн үед гэртээ ирснээ санахгүй байна. Гэртээ байж байтал танихгүй дугаараас над руу залгахаар нь авахад Б ах байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ахыг нь хүн зодчихлоо гэхээр нь хаана хэнд зодуулсан талаар асуухад Саппоро дээр Ц-д зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Саппорогийн автобусны хойд талын буудлаас ахыг очиж авахад манай ахын нүд хөхөрчихсөн, гар, хөл нь зулгарчихсан байсан. Би яг аль нүд нь байсныг одоо санахгүй байна. Нүд ам нүүр хэсэг нь бомбойчихсон байсан. Тэгээд манай гэрт нэг бил үү хоёр хоноод цагдаад өргөдөл өгнө гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй өргөдлөө өгчихлөө гэж хэлж байсан. Саппоро дээр архи ууж байгаад Ц-тай (Б) маргалдаад тэгсэн чинь намайг зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6225 дугаартай: “...Х.Б-ын биед духны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун тохой, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

5. Шинжээч эмч Н.Э-гийн: “...Х.Б-ын биед учирсан духны шарх, баруун зовхины цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үрэх механизм гэдэг нь аливаа зүйлд нэдрэгдэж ямар нэгэн гадаргуу хоорондоо эсрэг чиглэлд нөгөө гадаргуунд гулссан байдлаар хүч үйлчлэхийг хэлж байгаа юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

6. Шүүгдэгч Ц.Б-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Саппоро үйлчилгээний төв орчмоор архи согтууруулах ундаа ууж байхад нас барсан хуурай дүүгийн нөхөр нь болох Б ирсэн. Тэгээд би нэг шил архи аваад хойшоогоо “...” гэх нэртэй буудлын ар талд гараашны дунд очоод авсан 2 шил 0,75 граммын архийг уусан. Тэгээд би Б-ыг жоохон загнасан чинь над руу хувцсаа тайлаад дайраад байхаар нь би гараараа гурван удаа алгадсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Ц.Б, хохирогч Х.Б нар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан шүүгдэгч Ц.Б нь  хохирогч Х.Б-ын нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Б-гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б-гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон  хоногийг эдлэх ялаас хасаж тооцох” тухай дүгнэлтийг,

Хохирогч нь “баримтгүй учир хохирол нэхэмжлэх боломжгүй байна, өөр хэлэх зүйлгүй” гэсэн,

Шүүгдэгч нь “...надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч Ц.Б-гийн хувийн байдлын хувьд, тогтсон тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлоготойг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй, мөн бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, хот болон орон нутгийн хооронд явж энд тэнд амьдардаг байх тул түүнд торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  шүүгдэгч Ц.Б-гийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж (400-48=352), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 352 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар тооцон хасаж (400-48=352) түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 352 (гурван зуун тавин хоёр) цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Х.Б- нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ