Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/844

 

 

 

2022           08           24                                      2022/ШЦТ/844

                                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ц.Буянхишиг,

Хохирогч: М.Г,

Шүүгдэгч: Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209004380481 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1971 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд:

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1751-2-т зааснаар 400.000 төгрөгөөр, 1721-1-т зааснаар 50.000 төгрөгөөр, 226 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр тус тус торгож, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн нийт 500.000 төгрөгөөр торгох ялын хэмжээгээр тогтоож, шийтгүүлсэн,  

Холбогдсон гэмт­ хэгийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 10 дугаар сарны 27-ны өдөр хохирогч М.Год “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Континентал зочид буудлын орчимд 3.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Халиунаа гэдэг дүү над руу яриад “Тань руу манай найз дүү ярина, тэр хүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орох гэж байгаа юм байна, та энэ бичиг баримтыг нь хүргэж өгөөч” гэж гуйсан... 2021 оны намар орой гэр рүүгээ харих гэж явж байхад “Blue Sky” гэдэг нэртэй газар замдаа уулзъя” гэхэд “би орой ажилладаг ахаа, миний ажил орой тардаг. Би ажил тарахаар яваад очъё” гэхээр нь “чи Continental зочид буудлын хавьцаа ирэхээрээ залгачих, манай гэр тэнд байдаг юм” гэж яриад орхисон. Гэртээ ирснээс хойш буюу 20.00-21.00 цагийн үед “би таны хэлсэн Continental зочид буудлын тэнд ирсэн байна” гэж хэлсэн. Утсаар залгаад “хаана байна” гэхэд Continental зочид буудлын замын урд талд ардаа дугааргүй машин зогсож байсан... Эргээд замын урд талд байсан Континентал зочид буудалд орчих гээд тийшээ орсон. Оронгуутаа “бичиг баримтаа өгчих” гэж хэлсэн. Бичиг баримтаа өгөнгүүт нь “энэ бичиг баримтаа яах ёстой” гэж асуухад “миний ажил ерөөсөө өдөр амждаггүй, орой тардаг учраас та энэ бичиг баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу аваачаад өгчих” гэж хүсэлт тавьсан. Би хүсэлтийн дагуу бичиг баримтыг авахад цүнх байхгүй байсан. “Би танд мөнгө өгье” гэж хэлсэн. Мөнгөө өгөхдөө “хүргэлтийн компанид ажилладаг, маргааш байгаа хаягт чинь хайрцагт хийгээд явуулаад өгье” гэж хэлэхээр нь би “чи яасан криминалны хүүхэд вэ? мафийн зохион байгуулалтын юм ярьж байдаг, ямар мэргэшсэн хүүхэд вэ? Чи ийм хүүхэд байж хуулийн байгууллагад орж болж байгаа юм уу? Чи нэг л биш хүүхэд байна даа. Чи хуулийн сургуулийг яаж төгссөн бэ? Яасан айхтай хүүхэд юм бэ?” гэж өөрт нь хэлээд анхааруулж хэлж байсан. Тэгээд бичиг баримтыг аваад маргааш нь хүргэж өгсөн...” гэв.

 

Хохирогч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нярав эгчдээ мэргэжлээрээ ажилламаар байгаа талаараа ярьдаг байсан. Нэг өдөр доошоо агуулах руу буухад нэг ахынхаа тухай яриад дугаарыг нь өгсөн. Тэгээд 2 удаа уулзсан. Эхний уулзалт буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой “Континентал” зочид буудлын урд талд хашаанд дотор нэг уулзсан. Мөнгө өгдөг өдөр манай ажил дээр хуралтай байсан бөгөөд хурал тараад 19.00 цаг өнгөрөөгөөд орой 20.00 цагийн үед уулзаж АТМ-аас мөнгө авч өгсөн. Яг миний тулгамдсан байгаа асуудал дээр залилсанд гомдолтой байна. Х эгчээр яриулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий даргыг таньдаг, найз нь” гэж өөрийгөө хэлсэн. Эхний удаа мөнгө яриагүй. 2 дахь удаа ярихдаа миний хажууд Х эгчтэй утсаар ярьсан. Х эгч бараагаа гаргачихаад миний хажууд суугаад утсаар ярихдаа “хүүхэд нь 4 дүгээр анги юм байна” гэж хэлээд “манай ахын утсыг нь чагнаад байдаг учраас хамаагүй шууд ярьж болдоггүй. Хүүхэд нь 4  дүгээр анги юм байна гэдэг чинь эгчийн дүү 4.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тухайн үед машинаа ББСБ-д тавьсан бөгөөд мөнгө байсан. Залгахаар утсаа авдаггүй, над руу өөрөө залгадаг байсан. Ярихдаа “болно гэнэ, би танай тамгын газрын даргатай уулзах гэж байна. Өмнөх дарга нь солигдоод 3 хонож байгаа юм байна, би сайхан хоол идчихээд явж байна. Гол нь чи сүүл дагуулаагүй биз дээ” гэж хэлсэн. 2 дахь удаа уулзахад би машинтай очсон. “Машины дугаараа яасан бэ” гэж асуухад “урд талаас мөргүүлсэн учраас дугаараа сольсон юм” гэж хэлж байсан. Тэгээд “Континентал” зочид буудлын хашаанд дагуулж ороод машиныг хойд талын зогсоол дээр тавиулж байгаад буцаж хоёулаа алхаж явж байхад миний нүд рүү харахгүйгээр “өөр тийшээ хараад чи сүүл дагуулаагүй биз дээ” гэж хэлсэн. Би бүтээчихнэ гэж бодож байсан. “Х чамд хэлсэн биз дээ” гэж гэнэт мөнгө ярьсан. Х эгч надад хэлсэн болохоор мөнгө гэж мэдэж байсан. Тэгээд “ахаа надад одоо мөнгө байхгүй” гэж хэлэхэд 4.000.000 төгрөг гэхээр нь “3.500.000 төгрөг байна” гээд би шууд хадам ээж рүүгээ ярихад Б нь “увуулж цувуулах жаахан онцгүй” гэж байснаа “500.000 төгрөгийг би өөрөөсөө өгье, чи надад 500.000 төгрөгийг маргааш өгөөрэй” гэсэн. Би машинтай явж байсан болохоор машинаа яг “Pizza Hut”-ын урд тавьчихаад хоёулаа АТМ-ны урд зогсож байгаад мөнгө өгч, авсан. АТМ-аас нийт 3.500.000 төгрөг авч өгсөн...” гэв.

 

Эрүүгийн 2209004380481 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Хн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 20-21 дүгээр хуудас/,

           

Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 51-52, 55-59 дүгээр хуудас/,

 

М.Гын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-47 дугаар хуудас/,

 

Л.Бын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын 2022 оны 3 сарын 21-ний өдрийн 07-1/591 дугаар албан бичиг, /хх-ийн 93 дугаар хуудас/,   

 

Шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 84 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хх-н 87 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 10 дугаар сарны 27-ны өдөр хохирогч М.Год “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Континентал” зочид буудлын орчимд хохирогчоос 3.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Хохирогч М.Гын “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б Х эгч рүү залгаад “танай дүүгийн ажил бүтнэ гэж байна, хүүхэд нь 4 дүгээр анги гэж байна” гэж хэлсэн. Х эгч надад “хүүхэд нь 4 дүгээр анги гэдэг нь 4.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө” гэсэн үг гэж тайлбарласан. Дараа нь уг өдрөө Б олон удаа “уулзах хэрэгтэй байна” гэж залгасны дагуу би өөрийн Тоёота приус 30 загварын хөх өнгийн машинтайгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Континентал зочид буудал дээр очиход Б нь надтай уулзаж “чиний ажил болно гэж байна, чиний ажил бүтсэн гол нь чи одоо мөнгөө өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би “та надад дансаа өгчих, би шилжүүлчихье” гэж хэлсэн боловч “үгүй, ийм юмыг бэлнээр авдаг” гэхээр нь “ахаа надад машинаа барьцаанд тавьсан 3.500.000 төгрөг байна” гэж хэлтэл за яахав үлдсэн 500.000 төгрөгийг нэг, хоёр хоноод өгчих” гэж хэлсэн. Би өөрийн данснаас 3.500.000 төгрөгийг Континентал зочид буудлын хажууд байх АТМ-аас бэлнээр авч Бт өгсөн. Надаас мөнгө авахдаа “7-14 хоног хүлээнэ” гэж хэлээд явсан. Мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа утсаар нь залгахад “болно” гэж хэлсэн...Дараа нь сар арай хүрээгүй байхад би “мөнгөө авъя” гэж хэлтэл “чи баахан ажил удчихаад яаж байгаа юм, хүлээж бай” гэж хэлсэн учир хүлээж байтал 2021 оны 12 дугаар сарын 01-нээс Халиун эгч ажлаасаа гарчихсан бөгөөд ажлаас гарсан шалтгаанаа хэлээгүй. Ингээд би барьцгүй болчихоод би Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар дээр очиж уулзтал ямар нэгэн яриа хөөрөө болсон зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Х “Би Гтой хамт “Миско интернэйшнл” гэх газарт хамт ажиллаж байсан. Г “ДХИС-ийг төгссөн, мэргэжлээрээ ажиллахгүй бол цол хураагдах гээд байна, танд таньдаг намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт оруулж өгөх хүн байна уу” гэж асууж тухайн яриа дууссан. Үүнээс хэд хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сард миний эчнээ танил Б гэх хүн над руу залгаж “юу байна дүү” гэж мэнд мэдэж залгасан бөгөөд өөрийгөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу орж явна” гэхээр нь би “манай дүү байгаа юм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилд ормоор байна гэсэн, танд туслах боломж байна уу” гэж асуутал Б тодорхой хариу өгөөгүй тэгээд өнгөрсөн. Уг яриа болох үед Г надтай явж таарсан бөгөөд надаас Г “би өөрөө Бтой очоод уулзъя, та утасных нь дугаарыг өгчих” гэхээр нь би Бын утсыг өгсөн. Энэ явдлаас хэд хоногийн дараа Г надад “би Бтой уулзаад мөнгө өгчихсөн” гэж хэлсэн. Би “чи яагаад ажилдаа оролгүй мөнгө өгчихөж байгаа юм бэ” гэж хэлтэл юм ярихгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Г надад “Та Боос асуугаад өгөөч” гэж хэлсний дагуу би Бтой ярьж асуухад “би мөнгө аваагүй” гэж хэлсэн бөгөөл “уулзая” гэхээр “гадуур явж байна” гэдэг болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Бын “...Миний хуурай дүү Х гэх эмэгтэй 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намар хавьцаа над руу утсаар залгаж “миний хамаатан гэх охин байдаг, уг охин хуулийн сургууль төгссөн, өнчин бөгөөд тантай уулзаж ярилцана, та туслах арга байвал туслаад өгөөрэй” гэж хэлж байсан. Үүний дараа миний утас руу үл таних дугаараас залгасан бөгөөд би эхэндээ аваагүй. Олон удаа залгаад байхаар нь автал “би Х эгчийн дүү байна, тантай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Континентал” Зочид буудал дээр хүрээд ир” гэтэл “би өдөр завгүй, ажил тараад орой очиж уулзъя” гэж хэлсэн боловч тэр өдрөө уулзаагүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа над руу залгаж уулзах талаар хэлсэн бөгөөд би уулзаагүй явж байтал Х “Б ахаа та манай дүүтэй нэг уулзаад туслах хэрэгтэй байна, миний ойрын хамаатан байгаа юм” гэж хэлсэн учир би нөгөө охинтой “Шангрилла” дээр уулзахаар товлож хүлээгээд байж байтал ирэхгүй удаад байсан. Би “чи ирэх болж байна уу” гэтэл “арай болоогүй байна” гэсэн учир би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Континентал” Зочид буудал дээр хүрээд ир” гэж хэлээд удалгүй нөгөө охин өөрийн мөнгөлөг өнгийн номергүй “Тоёота приус” загварын машинтай ирж “Контенинтал” Зочид буудлын замын урд байрлах дипломат апартментын хашааны ард талд байрлах машины зогсоол дээр ирчихсэн байхаар нь би очиж “чи машинаа асаагаад “Континентал” Зочид буудлын хашаа руу орчих, чи чинь номергүй машинтай яваад яасан зоригтой хүн бэ” гэж хэлж бид хоёр машинаар нь “Континентал” Зочид буудлын хашаанд орж зогсож уулзсан. Надад өөрийгөө танилцуулсан. “Би хадмын гэрт амьдардаг, манай нөхөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст мөрдөгч хийдэг, нөхөр бид хоёр хүүхэдтэй, би өөрөө Шүүхийн шийдвэрийн сургуулийг өндөр оноотой төгссөн. Миний доор жагссан хүүхэд хотод томилогдсон, би төгссөн мэргэжлийнхээ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажил орох хүсэлтэй байна. Та миний анкетыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэж өгөөч, би урд нь хүнд мөнгө өгч ажилд орох гэсэн боловч бүтээгүй, би мөнгөө хэл ам хийж байж буцааж авсан” гэж хэлсэн. Тухайн үед Г өөрийн анкетаа авч ирсэн байснаа надад өгч “ахаа мөнгийг нь яах вэ, та надад дансаа өгчих” гэхээр нь би “надад данс байхгүй, юун мөнгө вэ” гэж хэлтэл “танд хэрэг болох болов уу гэж бодоод би мөнгө өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Гэтэл “ахаа би хүргэлтийн компанид ажилладаг таны байгаа газрын хаягаар мөнгөө хайрцаганд хийгээд явуулъя” гэж хэлэхээр нь би “чи ямар айхтар криминалны, маффийн юм ярьдаг хүүхэд вэ, би чиний мөнгийг авахгүй” гэж хэлсэн. Зөвхөн анкетыг нь аваад машинаас буугаад явсан. Дараа нь би Гын надад өгсөн анкетыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын доод талд байдаг бичиг хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр хүргэж өгснөөс хойш холбоогүй болсон. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Г над руу “сайн байна уу ахаа, нөгөө ажлаас сураг байна уу, хэрэв байхгүй бол дараа долоо хоногоос мөнгөө авъя” гэж бичиж байсан. Дараа нь “ерөнхий газраас намайг Багануур дүүрэг рүү явж ажиллах уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Та миний мөнгийг өгөх үү” гэхээр нь “өдөөд байна уу, миний мөнгийг хэзээ өгөх гэж байна” гэж хэлсэн. Г “би Багануур явахгүй, ямар ч сураг ажиг байхгүй болохоор чинь хэлсэн, хаа сайгүй хотод орон тоо гараад байна, тушаал гараад ерөнхий газраас дахиж ярьсан, би Багануур руу явах байсан бол яах гэж мөнгө өгөх юм” гэж мессеж бичсэн. Энэ үеэс хойш мессерээр олон удаа харьцсан...Г надаас “мөнгөө авъя” гэж бичээд байсан учир би хийсэн ажлын хөлсөө авъя гэх утгаар “мөнгөө авъя” гэж бичсэн...” гэсэн мэдүүлэг,

 

М.Гын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Л.Бын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Айфон Икс загварын гар утас байх бөгөөд гэрч Л.Боор дэлгэцийн цоожийг тайлуулж үзлэг хийхэд утасны мессеж хэсэгт үзлэг хийхэд Гын гэх ..... дугаараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хугацаанд ирүүлсэн мессеж болон гэрч Л.Бын хариу бичсэн гэх мессежүүдийг гэрэл зургын аргаа бэхжүүлэн авч дараах байдлаар хавсаргав. ... дугаараас: өдөр над руу ерөнхий газраас ярьсаан. Багануур явах уу гэнэ. Би тэгье гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд тэгий гээд хэлчихсэн. Таны юм юу болжийнаа. Сураггүй байвал мөнгөө буцаагаад авчихъяа гэхэд “Өдөөд байна уу миний мөнгийг хэзээ өгөх гэж байна”... “мөнгөө авъя”... “миний мөнгийг эхлээд өг”... “чамтай юу ярьдаг юм. Миний мөнгийг өг”...Эхлээд миний мөнгийг өгөөдөх өгсөний дараа уулзаж ярилцаж болно”...” гэсэн тэмдэглэл,

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын 2022 оны 3 сарын 21-ний өдрийн 07-1/591 дугаар албан бичигт “Танай хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 26иа/2233 дугаар албан бичгийн дагуу Мын Г нэртэй хүний мэдээлэл агуулагдсан материал бичиг хэрэгт ирсэн эсэх талаар шалгалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирсэн бичгийг үүдний жижүүр хүлээн авч бичиг хэргийн эрхлэгчид хүлээлгэн өгдөг бөгөөд төв байрны үүдэнд ирсэн бичиг хүлээн авах тусгай хайрцаг байдаггүй. Тус газарт 2021 оны 10 дугаар сараас хойш ирсэн бичгийг шүүхэд Мийн Г нэртэй хүний анкет болон түүнтэй холбоотой бусад мэдээлэл агуулагдсан материал байхгүй байна. ” гэсэн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар хохирогч М.Г нь өөрийн танил Н.Хд “Дотоод Хэргийн Их Сургуулийг төгссөн, мэргэжлээрээ ажиллахгүй бол цол хураагдах гээд байна, танд таньдаг намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт оруулж өгөх хүн байна уу” хэлж ярьсаны дагуу Н.Х өөрийн танил Л.Бтой утсаар удаа дараа холбогдсоны үндсэн дээр улмаар түүнтэй М.Г холбогдож хоорондоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Континентал” зочид буудлын ойролцоо уулзаж хохирогчоос шүүгдэгчид ажил хөөцөлдүүлэх зорилгоор 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

Хохирогч М.Гын “Хаан” банкны эзэмшлийн данснаас 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 20 цаг 42 минутанд 1.500.000 төгрөг, 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 20 цаг 43 минутанд 1.500.000 төгрөг, 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 20 цаг 44 минутанд 500.000 төгрөг тус тус зарлага хийгдсэн болохыг илэрхийлсэн  тухайн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга байх энэ талаар хохирогчоос тодорхой мэдүүлснээс гадна ийнхүү хохирогчоос өөрийн дансаар мөнгө бэлнээр авсан цаг хугацаа буюу хэрэг болсон цаг хугацаа нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн гэрч Н.Х-ы “...хэд хоногийн дараа Г надад “би Б-той уулзаад мөнгө өгчихсөн” гэж хэлсэн. Би “чи яагаад ажилдаа оролгүй мөнгө өгчихөж байгаа юм бэ” гэж хэлтэл юм ярихгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчээс тухайн цаг хугацаанд хохирогчтой түүний ажил хэргийг хэрхэх талаар уулзаж, холбогдох баримт бичгүүдийг авсан талаарх агуулгыг илэрхийлсэн мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хоорондоо харилцан хамаарал бүхий хэрэгт ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар хохирогчоос удаа дарааллан бичсэн зурвасын агуулга нь шүүгдэгч Л.Бт өгсөн мөнгөө буцаан авах талаарх хүсэлт байсан ба харин Л.Боос “мөнгө өг” гэж удаа дарааллан зурвас илгээж, хохирогчийн хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд өөрөө мөнгө нэхсэн, хохирогчоос авсан мөнгөө өөрөөсөө зайлуулах санаа зорилгоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авсан ба түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхой ойлгомжтой, тогтвортой байх ба агуулгын хувьд шүүгдэгчийн мэдүүлгийн хэсгээс “мөнгө аваагүй” гэж мэдүүлснээс бусад үйл баримтыг илэрхийлсэн хэсэгтээ тохирсоноос гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай хохирогчийн мэдүүлэг нийцэж уялдсан, хамаарал бүхий байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцсон.

 

Ийнхүү шүүгдэгч нь дээрх байдлаар худал ойлголт төрүүлж, бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “Улаанбаатар хотод байх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд орох” гэсэн М.Гын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай талаар дүгнэлтээ гаргасан бол шүүгдэгч Л.Боос “...намайг мөнгө авсаныг нотлоогүй, хохирогчийн мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, камерын бичлэг байгаа эсэхийг тодруулаагүй, гэрч Хг дахин асуух зэрэг ажиллагааг хийгээгүй. Би гэм буруугүй тул эдгээрийг анхаарч өгнө үү...” гэсэн санал гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мөнгөний эх үүсвэрээ тодорхойлж мэдүүлсэн, тэр талаар хэрэгт баримт авагдсанаас гадна хохирогч М.Г нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны данснаас мөнгө бэлнээр авсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчоос бэлнээр мөнгө авсан үйл баримт хэрхэн нотлогдсон талаар шүүх дүгнэлтдээ тодорхой тусгасан, шүүгдэгчээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудыг няцааж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэгт хэрэг болсон газрын талаар хяналтын камерын бичлэг авах боломжгүй устсан талаар улсын яллагчаас тайлбар гаргасан, гэрч Н.Хс дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж шүүх үзсэн ба шүүгдэгчийн гэм бурууг тодорхойлсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь түүний гэм бурууг тогтооход хүрэлцэхүйц, хуульд заасны дагуу бэхжүүлэгдэж, хэрэгт ач холбогдол бүхий байх тул шүүгдэгчийн саналыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

 Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, тэрээр мэдүүлгээ хэрхэн өгөх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.       

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Л.Б нь хохирогч М.Гд 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Гд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Л.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж, шүүгдэгчээс “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хохирогчоос зүй бус хүсэлтээ идэвхтэйгээр илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлөх боломжтой байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Быг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн биелэгдэхгүй гэж шүүх үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар бусдыг хуурч мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нөгөөтэйгүүр хохирогчоос хүсэл сонирхлоо зүй бусаар биелүүлүүлэх хүсэлт гаргах зэргээр тэдгээрээс нийгэмд зөв, шударга амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Быг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Боос 3.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Гантогтоход олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН