Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч А.А, Т.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Г ургийн овогт А-ийн А-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г ургийн овогт Т-ий А-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000114 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Г ургийн овогт А-ийн А, 2000 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эцэг эх, ахын хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: оз..................

Монгол Улсын иргэн Г ургийн овогт Т-ий А, 1966 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: оз.....................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө хохирогч Э.Бтэй архидан согтуурах явцдаа, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

Мөн шүүгдэгч А.А, Т.А нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэж Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 17-ны шөнө гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу очсон Сагил сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М, олон нийтийн цагдаа Б.Б нарт хүч хэрэглэсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000114 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Э.Б-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас);

- Хохирогч Э.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);

- Гэрч Н.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

- Гэрч Ш.О-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

- Хохирогч Э.Б-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 223 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.А-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 225 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);

- Шүүгдэгч А.А, хохирогч Э.Б нарын амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.А-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас);

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас);

- Б.Б-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас);

- Хохирогч Б.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

- Г.М-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас);

- Хохирогч Г.М-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);

- Гэрч Н.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас);

- Хохирогч Г.М-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 220 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас);

- Хохирогч Б.Б-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 219 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Т.А-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 222 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас);

- Шинжээчийн 187 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг (хавтаст хэргийн 118-121, 129-132 дугаар хуудас);

- Шүүгдэгч Т.А-ээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.А-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас);

- Хохирогч Г.М-гийн Сагил сумын хэсгийн төлөөлөгчөөр томилсон мэдэгдлийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбарыг (хавтаст хэргийн 166-170 дугаар хуудас);

- Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбарыг (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Гэрч Д.Г-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас);

- Шүүгдэгч Т.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 140 дүгээр хуудас);

- Шүүгдэгч А.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас);

- Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 156 дугаар хуудас);

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого хийсэн баримтын хуулбарыг (хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас);

- Увс аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарыг (хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй, мөн мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

- Хохирогч Э.Б-гийн “...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэртээ байтал миний найз Н.Э- адуу хайж явна гэж ирсэн. Манайд бид хоёр байж байтал ...Т.А- гэх хүн Н.Э-ын утас руу залгаад “манайд хүрээд ир” гэж хэлсэн. ...Бид хоёр Т.А-ийн гэрт сууж байтал тэр “сумын төвд ноолуураа үлдээчхээд ирлээ” гэж хэлээд 0.75 литрийн гадаад нэртэй нэг шил архи задалсан. Тэр архийг Т.А, Н.Э бид гурав хувааж уусан. ...Тэгээд Н.Э бид хоёр 21 цаг болж байхад манай ойролцоо байдаг Ш.О гэх айлд очоод тухайн хүнтэй ойр зуур юм ярилцаад сууж байтал Т.А-ийн хоёр хүү А.А, түүний дүү А.А нар орж ирээд “сумын төвөөс гарч ирлээ, бид хоёрын морь Баянзүрх овооны баярт аман хүзүүдлээ” гэж хэлээд хоёр литрийн савтай Боргио гэх пиво задалсан. Тухайн пивыг бид нар хувааж уугаад дуусахад А.А, А.А нар манайд очъё гээд бид хоёр Т.А-ийн гэрт очсон. ...Гэрт ороод А.А нь аав Т.А-ийгээ сэрээж “манай морь хоёрт ирлээ” гэж хэлээд авсан медалиа өгсөн. Тэр үед А.А өврөөсөө хоёр литрийн хэмжээтэй хоёр пиво гаргаж ирээд задалсан юм. Тэр пивоноос А.А, А.А, Н.Э, Т.А бид нар уусан юм. Хоёр дахь пиво талдаа орж байтал ойр зуурын юм ярьж байгаад би Т.А хөгшнөөс “танайх Наранбулаг сумаас нүүж ирээд хоёр гурван жил боллоо, манай суманд малын хөлийн татвар төлдөг юм уу?” гэж асуухад над руу уурлаж “чиний том хүүхдийг чинь иднэ” гэх янз бүрийн үгээр хэлээд эхэлсэн. Тэр үед Н.Э “та нар хэрэлдэж маргалдаж болно, харин нялх нойтон хүүхдийг хэрүүлдээ битгий оролцуул” гэж хэлэхэд А.А миний баруун талд сууж байгаад санамсаргүй байтал миний хамар луу цохиж цус гаргасан юм. ...би гэрийн гадна хаалганы хажууд сууж байтал миний нүүрний баруун хэсэгт А.А өшиглөсөн юм. ...Тэгээд удалгүй цагдаа ирэхэд тэдний нүдэн дээр А.А нь миний толгой руу дахин цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);

- Гэрч Н.Э-ын “...Э.Б Т.А-ээс “та манай суманд ирээд гурван жил боллоо, малын хөлийн татварыг Наранбулаг суманд төлдөг юм уу? Сагил суманд төлдөг юм уу” гэж асуухад Т.А хөгшин уурлаад “миний хаана юу төлөх та нарт ямар хамаатай юм бэ?” гэж маргалдах явцад А.А уурлаж Э.Б-гийн хамар руу нь цохиод цус гаргасан. Т.А хөгшин Э.Б-д “чиний том хүүхдийг чинь иднэ” гэх зэргээр янз бүрийн үг хэлээд байсан. Би тухайн үед Т.А хөгшинд “та нар битгий янз бүрийн Хлын үг хэлээд байгаач, маргалдах мөрөөрөө маргахгүй хүүхэд битгий хэрүүлдээ хавчуулаад бай” гэж хэлэхэд ерөөсөө үгэнд орохгүй байсан. А.А- нь Э.Б-г ална гээд гэрээсээ хутга шөвөг хайгаад яваад байсан. Тэгээд Э.Б, А.А нар дахин маргалдаад заамдалцаад гэрээс гарахаар нь би салгахад А.А- үсэрч ирээд Э.Бг цохиод байсан. ...А.А гэрийн гадна талд байсан Э.Б-гийн нүүрэн тус газар нь өшиглөсөн. ...сумын цагдаа ирэх үед А.А Э.Б-г дахин цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

Гэрч Б.Б-ийн “...2022 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед хэсгийн төлөөлөгч Г.М над руу утсаар залгаад “Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газраас дуудлага ирлээ, явъя” гэж хэлээд автомашинтайгаа ирж намайг аваад Наранбулаг сумаас нүүж ирсэн Т.А- гэх айлд очсон. Тухайн үед гэрийн гадна Э.Б, Н.Э, А.А, Т.А нар зогсож байсан. Тухайн үед автомашины гэрэлд харахад бие засаад зогсож байсан Э.Б-гийн араас А.А үсэрч очоод толгой тус газар нь цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

Шүүгдэгч А.А-ын амьсгал дахь спиртийн агууламж 1.96 промиль гэх согтуурал шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас);

Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн “...Би гэрээс гараад Э.Б-г өшиглөж, нүүр лүү нь хоёроос гурван удаа гараараа цохисон. ...Цагдаа ирэхэд бид хоёр барьцалдаж байсан бөгөөд олон нийтийн цагдаа бид хоёрыг салгах явцад би гараараа Э.Б-г хальт цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газарт байх шүүгдэгч Т.А-ийн гэрт 2022 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө шүүгдэгч Т.А, А.А, хохирогч Э.Б, гэрч Б.Б, Н.Э нар архидан согтуурсан байна. Улмаар хохирогч Э.Б Т.А-ээс “танайх малын хөлийн татвар хаана төлдөг вэ” гэж асууснаас болж тэд хоорондоо маргалдах явцад шүүгдэгч А.А нь хохирогчийн хамар, толгой руу нь цохих, нүүр лүү нь өшиглөх зэргээр биед нь халджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А-ын үйлдлийн улмаас хохирогч Э.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойронд, баруун хацар, хамар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи баруун нүдний алимны салстад, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, баруун чихний дэлбэнд, эрүүний баруун өнцөгт зулгаралт, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал гэмтлүүд учирсан нь шүүх эмнэлгийн шинжилгээний 223 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас)-ээр тогтоогджээ. Мөн уг дүгнэлтээр тухайн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч А.А, Т.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

- Хохирогч Б.Б-ийн “2022 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 02:00 цагийн үед би хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М-гийн хамт Түргэн суманд ажиллаад Сагил суманд буцаж ирсэн. Гэртээ хариад хувцсаа тайлж байтал “Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газар хүн зодуулсан байна, хоёулаа хамт явъя” гэсэн. ...Бид шөнийн 03:00 цагийн үед дуудлага өгсөн айл болох Т.А-ийн гэрт очсон. Автомашины гэрэлд Э.Б гэдэг хүн гэрийн гадна бие засаад зогсож байтал А.А гэх залуу гэрээс гарч ирээд шууд түүнийг зодоод эхэлсэн. Би автомашинаас бууж гүйж очоод боль залуучууд гэхэд үгэнд орохгүй байсан тул тэр хоёрын дундуур орж хоёр тийш нь түлхэж холдуулсан. Тэгтэл А.А биднийг Х-д “Сагил сумын цагдаа нар удаан ирж байна, манай Наранбулаг сумын цагдаа нар ингэхгүй, та нар яадаг юм, ажлаа хийж чаддаг юм уу?, муу олон нийтийн цагдаа, бууны нохой” гэх зэргээр зүй бус үгээр доромжилж, газраас баллон аваад над руу шидэхээр нь би бултаж оногдоогүй. Тэгээд над руу давшилж ирээд “чи Сагил сумынхаа хүний талд орж намайг түлхлээ, тэр Э.Б-г аваад явахгүй юу” гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би түүнийг дээлээс нь барьж хажуу тийш зайлж мушгиж унагаасан. Тэгтэл аав нь болох Т.А гэрээс мөлхөж гарч ирээд “хүүхэд зүгээр байхад зодлоо, аллаа, та нар юу юм, Сагилын цагдаа нарыг ална” гэх зэрэг үг хэлээд газар самарч чулуу, хайрга шидээд байсан. Тэгж байтал нэг чулуу миний зүүн нүдний нуух орчимд оносон. Бид зодолдсон хүмүүсийг авч явахаар автомашинд суулгах гэхэд аав нь уурлаад хүүхдээ өгч явуулахгүй, та нар урьд нь гэмгүй хүүхдийг минь малын хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байсан, биднийг өөр сумынх болохоор дээрэлхэж байна” гэж хэлээд бидэн рүү чулуу шидээд, хайрга самардаж цацаад байсан. ...Мөн аав нь автомашин гараараа цохиод баруун урд крылог хонхойлгож, хаалганы жийрэг резинийг тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

- Хохирогч Г.М-гийн “...02:01 цагт 89899381 дугаараас дуудлага ирж “би Наранбулаг сумаас Сагил суманд нүүж ирсэн айлын залуу Х буюу А.А- байна. Би хүнтэй архи ууж байгаад Э.Б-г зодчихлоо. Түргэн ирж энэ асуудлыг шийд” гэж хэлсэн. ...Биднийг очоод зогсоход Э.Б бие засаад зогсож байтал цагдаа ирснийг мэдсэн аятай А.А нь шууд гүйж очоод түүний толгой руу гараараа цохисон. Би автомашинаа зогсоох хооронд Б.Б үсэрч буугаад тэр хоёрын дундуур орж салгаад А.А-ыг барьж зогссон. Тэгэхэд А.А “намайг тавь пизда минь, би наад мууг пиздаг чинь алаад хаячихъя” гэж хэлээд дайрч давшлаад байсан. Би дэргэд нь очоод “чи аятайхан бай, наад уур омгоо дар” гэхэд “намайг тавь” гэж хэлээд Б.Б-ийн толгой руу гараараа нэг цохисон. ...Тухайн үед зодолдсон хүмүүсийг сумын төв рүү авч явна гэж хэлээд автомашинд суулгах гэхэд эцэг эх нь хүүгээ явуулахгүй гэж орилж хашхираад Т.А нь ирж чирэлдэж зуураад “Мийгаа муу пизда чи миний хүүг урьд нь малын хулгайд хардаж шалгаж байсан. Миний хүү хулгай хийчихээр харагдаад байна уу? чамайг сайн явахыг харна. Том хүүг чинь иднэ” гэж харааж байсан. Тэр үед би автомашиндаа суусан байсан бөгөөд Т.А ирээд миний талын хаалга татаж онгойлгоод автомашины дотор талд хайрга, чулуу цацсан. Т.А нь автомашинаас холдож өгөхгүй дөрвөн хөллөөд мөлхөөд байсан тул Б.Б-ийг дуудаж “энэ хүнийг холдуулж бай, би хөдлөөд холдоодохъё” гэхэд Т.А Б.Б рүү чулуу шидээд эхэлсэн. Тухайн үед Б.Б нүд оночихлоо гэж хэлсэн бөгөөд нүдээ дарж байсан. ...Т.А дахин хаалга онгойлгож автомашины хаалганы жийрэг резинийг татаж салгаад баруун урд крыло гараараа цохиж хонхойлгосон. Би автомашины хаалгаа түгжээд зөөлөн хөдлөөд явахад Т.А автомашины толь, шил зэргийг гараараа цохиод хоцорсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);

- Гэрч Н.Э-ын “...Х-гийн /А.А-ын/ аав нь чулуу хайрга шидээд байсан. Тэгж байтал Б.Б нүд рүү чулуугаар цохичихлоо гэж хэлээд нүдээ дарж явж харагдсан. Аав нь автомашин руу очиж цонхыг нь гараараа цохиод, хаалганы резинийг нь салгасан, автомашин руу хайрга цацаж, шидээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас);

- Хохирогч Б.Б-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 219 дугаартай “Үзүүлэгч Б.Б-ийн биед зүүн нүдний дотно буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Зүүн нүдний дотно буланд зулгарал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас);

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...уг автомашины баруун урд хаалганы завсраар зөөлөвч резин унжиж ил харагдах бөгөөд хаалгыг нээж харахад хаалганы ирмэг дагуу хүрээлж байрлах жийрэг резин дээд баруун зүүн хэсгээр салсан, жийрэг резин бэхэлгээний хэсгээр сэтэрч урагдсан, бэхэлгээ хуванцар нь хаалганд үлдсэн байв. Тээврийн хэрэгслийн баруун урд крылоны урд хэсгээр хонхойсон, тээврийн хэрэгслийн дотор урд хянах самбар, суудал, гишгүүр, шалавч зэрэгт том жижиг чулуу, хайрга асгарсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас);

- Шинжээчийн 187 дугаартай “...Увс аймгийн Сагил суманд 2022 оны 5 дугаар сарын байдлаар Toyota prius-11 загварын автомашины баруун урд талын крыло, баруун урд хаалганы резиний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 170’000 /нэг зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Сагил сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М (хохирогч), олон нийтийн цагдаа Б.Б (хохирогч) нар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Богзог гэх газарт байх шүүгдэгч Т.А-ийн гэрт 2022 оны 5 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн үед очжээ. Уг газарт шүүгдэгч А.А хохирогч Э.Б-гийн биед халдаж байхад олон нийтийн цагдаа Б.Б очиж салгахад шүүгдэгч А.А нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон байна. Мөн Увс аймгийн Сагил сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М, олон нийтийн цагдаа Б.Б нар хохирогч Э.Б, гэрч Н.Э, шүүгдэгч А.А нарыг цагдаагийн хэсгийн байр луу авч явах гэхэд шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Б-ийн нүд рүү чулуу шидэж, хохирогч Г.Мгийн Toyota prius-11 загварын 15-70 УВС улсын дугаартай автомашины баруун урд талын крылог цохиж хонхойлгосон, баруун урд хаалганы зөөлөвч резинийг татаж салгасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 166, 170 дугаар хуудас) зэргээр хохирогч Ч.М нь Увс аймаг дахь цагдаагийн газрын Сагил сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг, цагдаагийн ахлах дэслэгч цолтой болох нь тогтоогдож байна. Мөн Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас) гэх баримтаар хохирогч Б.Б нь Сагил суманд олон нийтийн цагдаагаар ажилладаг болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч Г.М-г хууль сахиулагч гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10 дахь хэсэгт “олон нийтийн цагдаа дараах эрх, үүрэгтэй:” гэж, мөн хэсгийн 63.10.3-т “хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих” гэж, 63.10.4-т “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх” гэж тус тус тодорхойлжээ. Тодруулбал олон нийтийн цагдаа нь хууль сахиулах чиг үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт заасан “хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд” гэдэгт хамаарч байна. Иймд хохирогч Б.Б-ийг хууль сахиулагч гэж үзнэ.

Шүүгдэгч Т.А, А.А нар үйлдлээрээ нэгдэж Увс аймгийн Сагил сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.М, олон нийтийн цагдаа Б.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-д 170’000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 187 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 497.3-т “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан ...этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-аас 85’000 (наян таван мянга) төгрөгийг, шүүгдэгч Т.А-ээс 85’000 (наян таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.М-д олгох үндэслэлтэй.

Шүүгдэгч нар нь дээрх хохирлыг нөхөн төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн завсарлуулсан боловч нөхөн төлөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.А, А.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 10 хоногоор тогтоох” гэх саналыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг зааж өгсөн байна. Тухайн хүмүүс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан тул миний үйлчлүүлэгч нарыг тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч А.А-ын хувийн байдлын талаар гэрч Д.Г-гийн “...А.А нь миний хоёр дахь хүүхэд бөгөөд яриа хөөрөө сайтай, бусдад тусархуу, хар бор ажилд сайн, биеийн хөгжил сайн, малд нүдтэй, тусдаа гараагүй бидэнтэй хамт амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас), шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь эцэг эх, ахын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А-ийн хувийн байдлын талаар гэрч Д.Г-гийн “...Зан араншны хувьд огцом ууртай, уур нь хурдан гарчихдаг, хүнд муу санаад занаад яваад байдаггүй, цайлган цагаан зантай, хэлэх үгээ шууд хэлчихдэг, хэлэмгий талдаа хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 140 дүгээр хуудас), Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 156 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр хуульчилсан. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын хэмжээг урьдач нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч хохирлыг тодорхой хугацаанд нөхөн төлөх талаар санал гаргасан байх ба уг хохирлыг нөхөн төлөх эдийн засгийн боломжтой байх, нөхөн төлөх хугацааг заавал хохирогчид мэдэгдэж, хохирогчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагыг хангасан тохиолдлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирлын талаар хохирогчтой тохиролцож хэлцэл хийсэн байхыг ойлгоно.

Мөн шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол нөхөн төлсөн болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “...Тухайн хүмүүс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан тул миний үйлчлүүлэгч нарыг тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, А.А нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй.

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4’000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.А-т оногдуулсан 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг болон 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч А.А-т хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Т.А-д торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ургийн овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Г ургийн овогт Т-ий А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

- шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4’000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг болон 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 4’000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-аас 85’000 (наян таван мянга) төгрөгийг, шүүгдэгч Т.А-ээс 85’000 (наян таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.М-д олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА