Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 613

 

2018 оны 09 сарын 06 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00613

   Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2018/00480/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: /........................./ оршин суух, Э-ийн нэхэмжлэлтэй

             Хариуцагч: /................../ Ус цаг уур орчны шинжилгээний газар /дарга Ч/-д холбогдох

            “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 561.500 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Ч, гэрч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Оргил өртөөнд 2002 онд техникчээр ажилд орсон.

Гэтэл 2018 оны 04 сарын 28-ны өдрийн шөнийн 23 цагийн мэдээг 1 цагаар хожимдуулан өгсөн чинь технологич инженер залгаад тушаалаа аваарай гэж хэлсэн. 2018 оны 05 сарын 11-ний өдөр шуудангаас тушаалаа хүлээж авахад технологийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.1 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн б/09 дугаартай даргын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн байсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.7-т “сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцож тайлбар хийх, санал бодлоо илэрхийлэх”, 5.2-т “Сахилгын шийтгэлийг харьяалах нэгжийн даргын санал болон дээрх тохиолдолд, шалтгааныг шалгаж, тухайн албан хаагчийг өөрийг нь байлцуулан тохирох шийтгэлийг тушаалаар ногдуулж...”, гэж заасан байхад намайг биечлэн оролцуулж, тайлбарыг минь авахгүй сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний бие 2018 оны 04 сарын 28-ны өдөр шөнийн 23 цаг 00 минутанд өгөх ёстой байсан мэдээгээ 1 цагаар хожимдуулж өгч байснаас өөр зөрчил гаргаж байгаагүй ба нэг удаа зөрчил гаргасан байхад удаа дараа зөрчил гаргасан хэмээн намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан байна.

Иймд Э нь намайг Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Оргил өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 561 500 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 Нэхэмжлэгч Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э миний бие Хэнтий аймгийн Дархан сумын Оргил өртөөнд 2002 онд техникчээр ажилд орсон. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 23 цагийн мэдээг 1 цагаар хоцорч өгөхөд технологич инженер   нь шууд л “чи битгий давраад байгаарай, халагдах тушаалаа аваарай” гэж хэлсэн. Тухайн үед мэдээгээ өгөөгүй хоцорсон учраас утсаар мэдээгээ өгсөн. Миний бие 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шуудангаас ажлаас халагдах тушаалаа хүлээж авсан. Тушаалд, технологийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмыг 5.1, 3.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үнлэслэн надтай байгуулсан гэрээг цуцалсан байсан. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагт мэдээгээ 1 цагаар хоцорч өгснөөс өөр зөрчил өмнө нь гаргаж байгаагүй.

Намайг 5 өдөр ажил тасалсан гэж байгаа. Энэ нь 2017 оны 02 сарын 20-доор юм. Улаанбаатар хот руу цагаан сарын бэлтгэл хийх гэж, мөн эмнэлэгт биеэ үзүүлэх гэж     7, 8 хоног явсан юм. Сүүлдээ миний ээлжинд гарах өдөр болчихоод Ганболд даргад хэлэх гэтэл дарга утсаа авахгүй байсан учраас өөрийнхөө дараа ээлжинд гарах ёстой байсан Эрдэнэбилэгт хэлээд 24 цагийн гараагаар 1 удаа, 16 цагийн гараагаар 1 удаа гуйж гаргасан юм. Өртөөний дарга Ганболд надад “чамайг ажил тасалсан гэж үзэж байгаа шүү” гэж хэлсэн. 4 удаа архи уусан гэдгийг өртөөний дарга өөрөө бичээд, надаар хуулуулж бичүүлээд би гарын үсэг зурсан. Би ажилтай өдрөө архи уусан юм байхгүй. Ажлын бус цагаар архи уусныг маань хашраах зорилгоор бичүүлсэн байх. Ажлын цагаар ажлаасаа холддоггүй. Би Оргил өртөөний албаны байранд амьдардаг юм. 2018 оны 04 сарын 28-ны өдөр 20 цагийн мэдээгээ өгчихөөд хажуу айлд очоод нуруу өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уучихаад, хоол идээд унтчихсан байсан. Энэ олон жил ажиллахад ийм зүйл болж байгаагүй. Тэгтэл сандраад мэдээгээ өгөх гээд байж байтал дарга орж ирсэн. Тухайн өдөр би архи дарс уусан зүйл байгаагүй, өртөөний дарга өөрөө мэдэж байгаа. Ийм учраас удаа дараа зөрчил гаргасан хэмээн ажлаас халагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд Э намайг Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энь 2017 онд удаа дараа ажлын байранд архи ууж 4 удаа мэдээ таслах нөхцөл бүрдсэн боловч өртөөний дарга, хамт олон нь оронд нь ээлжинд нь гарч мэдээг дамжуулж байсан болон 2017 оны 12 сард 5 хоног ажил тасалсан асуудлаар өртөөний хурлаар хэлэлцэгдэн Э нь дахин ийм байдал гаргахгүй, надад сүүлийн боломж гаргаж өгнө үү гэж бичгээр тайлбар гаргаж уучлалт хүссэн байдаг.                            

  Энэ талаар өртөөний дарга Ж.Ганболд надад 2017 оны 12 сарын 14-ний өдөр мэдэгдэж, Эын бичгээр гаргасан тайлбарыг өгсөн.

            2018 оны 01 сарын 03-ны өдөр даргын зөвлөлийн хуралд Эын тайлбар бичгийн талаар танилцуулж, Э-ын ар гэрийн байдал, өөрөө дутагдалдаа дүгнэлт хийж амлалт өгсөн байдлыг нь харгалзан шийтгэл ногдуулаагүй болно. Энэ талаар Э өөрөө болон өртөөний хамт олон сайн мэдэж байгаа.

            Техникч Энь 2018 оны 04 сарын 28-ны өдрийн 23:00 цагийн шуурхай мэдээг 56 минутаар хоцроосон. Өөрөөр хэлбэл мэдээг улсын болон олон улсын сүлжээнд гарах хяналтын хугацааг өнгөрөөж тасарсан байна.

Тухайн үед ээлжтэй байсан сүлжээний техникч энэ хугацаанд өртөөний болон ажилтнуудын утаснуудад холбогдох оролдлого удаа дараа хийсэн ба 23 цаг 35 минутын орчимд өртөөний дарга Ж.Ганболдтой холбогдоход өөрөө хөдөө байна гэсэн. Болсон зүйлийн талаар хэлээд мэдээ тасрах гэж байна гэхэд “ энэ хүн ийм алдаа гаргаад байгаа гэдгийг төв рүү хэлсэн. Арга хэмжээ авахгүй байгаа”  гэж хариулсан байдаг. Миний бие дараа өдөр нь буюу 4 сарын 29-ны өдөр Этой утсаар холбогдож асууж тодруулахад “Унтчихсан байна” гэснээс өөр тайлбар өгөөгүй.

Энэ тухай даргын зөвлөлийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Эын дээрхи гаргасан зөрчлүүд нь Монголд улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, ЦУОШГ-ын даргын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалаар батлагдсан “ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР, ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”-ЫН 5.1.3 буюу ажилтныг ажлаас халах үндэслэлд     /5.1.3.1 ажиглалт, мэдээг удаа дараа таслах, 5.1.3.2 Захиргаанд мэдэгдэлгүйгээр ажлын байраа дур мэдэн орхиж явсан, 5.1.3.4 ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн/ заасныг зөрчсөн ба цаашид эдгээр дутагдлаа гаргахгүй байх итгэл хүлээлгэх бололцоогүй байна гэж үзэн 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Ажлаас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш ч гэсэн Этой холбогдож санал тайлбар авахаар өөрийн ажилтнаар болон эхнэрээр нь дамжуулан хэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй байгаа болно.  /хх-ийн 17-18х/                                                                                                                                                                                                                                                                                                                         Хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э нь 2017 онд сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан тухай хамт олны хурлаар тэмдэглэл хөтөлж, Э нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Архи ууснаас болж 4 удаа мэдээ таслах байдал гаргасан, 5 хоног ажил тасалсан. Энэ байдалдаа уучлалт гуйж, дахиж зөрчил гаргахгүй, ажлаас халахгүй байж өгнө үү, ийм явдал дахин гарвал ажлаас халагдана гэсэн хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-нд Дархан сумын Оргил өртөөний станцын дарга Ганболдод гаргаж байсан. Өргөдөл бичих болсон шалтгаан бол миний бие Ганболдод чиглэл өгсөн юм. Энэ чиглэлийн дагуу Эт танилцуулсан гэж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн мэдээг хоцорч өгсөн, ажиглалт тасалсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан. Олон улсын мэдээнд гаргадаг тогтмол мэдээг тасалсан. Мэдээг 1 цагийн дараа буюу 23 цаг 50-иад минутын үед нөхөж өгсөн. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гарсан. Э. Эын ажиглалт тасалсан, мэдээ хоцорч өгсөн байдал нь холбогдох дүрэм, байгууллагын хариуцлага шаардлагад нийцэхгүй. Үүнээс болж тэнд ажиллаж байсан оператор, инженерүүд гэх олон хүн ажлын байр руу нь утасдсан байсан. Арга ядаад ажлынх нь хамт олон руу холбогдох оролдлого хийсэн байсан. Зарим хүмүүс нь холбогдох боломжгүй байсан. Сүүлд нь өөрөөс нь асуухад унтчихсан гэж хэлсэн байдаг. Ажил дээрээ унтаж байгаа хүнийг ажил хийсэн гэж хэлэхгүй. Э өөрөө энийгээ хэлэх байх.

Зарим зүйлийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Уучлалт гуйсан бичиг ганц Г биш, хамт олон П, Эр, Ш гэх мэт ард талд нь 3 гэрч байгаа. Тэгэхээр надад худал бичиг өгсөн гэж ойлгохоор байна. Ахлах ажилтан бол хамт ажиллаж байгаа хүнээ хамгаалах ёстой. Төрийн албаны болон хувь хүний ёс зүйд ч байж болохгүй байгууллагын удирдлагыг төөрөгдүүлэх гэсэн санаа гаргасан гэж ойлгогдоод байна. Намайг хууль ёсны шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэл юм. Би Эын ахуй амьдралыг нь мэдэх учраас, олон жил ажилласныг нь бодоод тухайн үед арга хэмжээ аваагүй, итгэл хүлээлгэсэн. Би хууль дүрмийн дагуу арга хэмжээ авсан....Ажиглалт тасалсан нь ажил таслах нөхцөл бий болдог. Ажиглалт хийж байх хугацаандаа унтаж байсан хүн яахаараа ажил хийдэг юм. 3 цаг тутамд ажиглалтын мэдээ өгдөг. Би Эыг хууль ёсны эрхээ хамгаалж, ахуй амьдралаа бодож байгаа гэж ойлгож байна. Гэхдээ салбарын хэмжээнд мөрддөг дүрэм журмыг ингэж зөрчиж болохгүй гэв. 

Гэрч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оноос хойш Хэнтий аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газарт 7 дахь жилдээ ажиллаж байна. Миний албан үүрэг ерөнхийдөө цаг уур, орчны шинжилгээний  сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явагдах байдал, мэдээ цаг хугацаандаа ирж байгаа эсэх дээр хяналт тавих юм. Э нь 2018 оны 04 сарын 28-ны өдрийн 23 цагийн мэдээг хоцроосон нь үнэн. 23 цагийн мэдээ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хяналт шинжилгээг тогтоосон цаг хугацаанд хийж, энэ хийгдсэн мэдээг дэлхий нийтээрээ солилцдог. Нэг тогтсон хугацаанд, нэг тогтоосон талбайд буюу орон зайд нэг арга зүйгээр ажиглалт хэмжилтийг хийж мэдээллийг тогтсон цаг буюу хяналтын хугацаанд дамжуулдаг. 2018 оны 04 сарын 28-ны 23 цаг 40 минут орчимд аймгийн оператор Магвансүрэн надад “Оргил өртөөний мэдээ тасарлаа, утсаа авдаггүй” гэж хэлсэн. Би Оргил өртөөний дарга Ганболдоос асуухад “Э ингээд ажил таслаад байдаг, төв рүү хэлэхээр ямар ч арга хэмжээ авч өгдөггүй”... гэж надад хэлсэн. Ямар нэг зүйл болсон юм боловуу гэж бодоод холбооны операторын өрөөнд орж цаг уурын 15 минутын үелзлэлтэйгээр явдаг зурган мэдээг харахад хэвийн явж байсан. 23 цаг 56 минутад Э нь өөрөө орж ирээд мэдээгээ өгсөн. Тухайн үед би Эт “мэдээгээ өгөхгүй яасан бэ гэхэд унтчихаж ээ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “чи асуудалтай байсан байж дахиж асуудал гаргалаа, халагдлаа шүү дээ” гэж хэлж байсан. Өмнө нь Эыг өртөөний тогтоолоор тухайн хүн олон удаа архи ууж, мэдээ тасалсан гэдэг талаар бичсэн байсан. Мөн өртөөний дарга нь Бор-Өндөр рүү яваад ажлаа хийхгүй байна, орондоо өөр хүнийг дур мэдэн гаргаж байна гэдгийг надад хэлж байсан. Өртөөний даргад хэлэхгүйгээр ээлжийн хуваарийг дураараа сольдог, мэдээ хоцроогоод байна, ажил таслаад байна гэдгийг удаа дараа утсаар хэлж байсан. 2017 оны 6 сард мөн энэ талаар яригдаад, Э өөрөө та надад Бор-Өндөрт ажил олж өгөөч гэж хэлж байсан. Ийм зүйл болж байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Энь Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар /дарга Ч/-т холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 561.500 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т: ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Э. Эын ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь шүүхээр хянан хэлэлцэх маргаан мөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т: ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байх ба нэхэмжлэгч Э. Эын хувьд өөрийг нь ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Чы 2018.05.01-ний өдрийн б/09 дугаартай тушаалыг 2018.05.11-ний өдөр Дархан сумын шуудангаас хүлээн авч гомдлоо шүүхэд 2018.06.06-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааны дотор, хуулийн хугацаа хэтрүүлээгүй байна.

        Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Ч нь тус газрын Дархан суманд байрлах Оргил өртөөний техникч Э. Э нь 2018.04.28-ны өдрийн шөнийн 23 цагийн Погоди мэдээ / цаг уурын ажиглалтын мэдээ/-г тасалж улс дотоодод болон олон улсад гарах цаг уурын ажиглалтын мэдээг хоцроож, тасалсан технологийн зөрчил гаргасан. Энэ зөрчлийг гаргахаасаа өмнө  Энь 2017 онд удаа дараа ажлын байранд архи ууж 4 удаа цаг уурын мэдээг хоцроох, таслах нөхцөл бүрдсэн боловч өртөөний дарга, хамт олон нь Эын оронд ээлжинд нь гарч мэдээг дамжуулж байсан болон 2017 оны 12 сард Э нь 5 хоног ажил тасалсан асуудлаар Оргил өртөөний хурлаар хэлэлцэгдэн Э нь өөрөө “дахин ийм байдал гаргахгүй, надад сүүлийн боломж гаргаж өгнө үү” гэж бичгээр тайлбар гаргаж уучлалт хүссэн байсан. Ийнхүү технологийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул Э. Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч Э. Эын хувьд 2018.04.28-ны өдрийн шөнийн 23 цагийн Погоди мэдээг тасалсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Харин удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би өмнө нь ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Өнгөрөгч 2017 оны 02 сарын 20-доор Улаанбаатар хот руу цагаан сарын бэлтгэл хийх гэж, мөн эмнэлэгт биеэ үзүүлэх гэж 7, 8 хоног явсан юм. Сүүлдээ миний ээлжинд гарах өдөр болчихоод Ганболд даргад хэлэх гэтэл дарга утсаа авахгүй байсан учраас өөрийнхөө дараа ээлжинд гарах ёстой байсан Эрдэнэбилэгт хэлээд түүнийг 24 цагийн гараагаар 1 удаа, 16 цагийн гараагаар 1 удаа гуйж гаргасан юм. Архи дарсны тухайд ажлын бус цагаар хааяа хэрэглэдэг байсан. Ажлын цагаар архи ууж, мэдээ тасалж байгаагүй тул ажлаас халсанд гомдолтой байна гэж тус тус маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Нэхэмжлэгч Э. Эын Дархан сумын Оргил өртөөний техникчийн ажлыг хийж байхдаа 2018.04.28-ны өдрийн шөнийн 23 цагийн цаг уурын ажиглалтын мэдээг хоцроож, тасалсан зөрчил гаргасан болох нь шүүх хуралдаанд өгч буй зохигчдын тайлбарууд, гэрч Б. Хийн мэдүүлэг, Э. Эын гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн  Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018.04.30-ны өдрийн №8 дугаартай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

          Харин “технологийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж тайлбарласан хариуцагч талын тайлбар нотлогдсонгүй.

        Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгч Э. Эыг олон удаа архи ууж 2017 оны 12 дугаар сард 5 хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдсонгүй.

         Учир нь хариуцагч талаас /ажил олгогчоос/ Эын дээр дурдсан цаг хугацаанд гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, баримтжуулаагүйгээс гадна гэрч Ж. Ганболдын “2017 оны 02 сард Э нь эхнэр хүүхдээ аваад эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэх зорилготойгоор цалингийн зээл аваад Улаанбаатар хот руу явсан. Манай байгууллага нь 24 цагаар гараад 3 өдөр амардаг. Э. Э нь өөрийнхөө гарах ёстой байсан 24 цагийн ээлжинд гараад дараагийн ээлжээ хүнтэй сольсон байсныг ...би сүүлд мэдсэн. Цагаан сарын өмнө болсон асуудал. Надад хэлэхгүй явсан болохоор нь би энэ хүнийг хариуцлагажуулах зорилгоор ажил тасалсан гэж үзсэн. Э. Э нь ажил тасалж байгаагүй. Погоди мэдээг огт тасалж байгаагүй. Ажиглалт мэдээг удаа дараа тасалсан зөрчил огт гаргаж байгаагүй. Сая 2018.04.28-нд ийм асуудал үүссэн. Захиргаанд мэдэгдэлгүй ажлын байраа дур мэдэн орхиж явсан асуудал байхгүй. Эт сахилгын шийтгэл оногдуулахдаа анхан шатны удирдлагынх нь хувьд надаас санал авах ёстой гэж үзэж байна” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч Э. Эыг 2018 оны 12 сард 5 хоног ажил тасалсан, сүүлийн 2018.04.28-ний өдрийн зөрчилтэй нийлээд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх байдал үгүйсгэгдэж байна.

         Нөгөөтэйгүүр Эыг дээрх хугацаанд ажил тасалсан тухай бүртгэж тэмдэглэсэн бүртгэл, журнал болон өөр бусад нотлох баримт алга байна.

         Нэхэмжлэгч Э. Эыг ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Чы 2018.05.01-ний өдрийн б/09 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан/, Цаг уур, орчны шинжилгээний газар, харъяа байгууллагын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.1 /Ажиглалт мэдээг удаа дараа таслах/ дахь заалтуудыг барьж хэрэглэсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Э. Э хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба ажиглалт мэдээг удаа дараа хоцроосон гэх байдал ч мөн алга байна.

           Эндээс үзэхэд хариуцагч нь Э. Эын давтан гаргасан гэх сахилгын зөрчлийг шалгаж тогтоогоогүй атлаа энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь буруу байна.

          Зүй нь ажилтан 2 буюу түүнээс дээш удаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ. Ингэхдээ ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрт нь заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Энэ талаарх хуулийн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3, 131.4 дэх заалтуудад ойлгомжтой заасан байдаг.

           Иймд нэхэмжлэгч Э. Эын хувьд ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож байх тул түүний шүүхэд хандан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э. Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Оргил өртөөний техникчийн  ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж,  тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга  Чд даалгах нь зүйтэй байна.

          Харин нэхэмжлэгч Э. Эын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2018.05.01-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, холбогдох нэмэгдлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй болно.

          Ажлаас буруу халагдсан тухай Э. Эын гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх заалттай байх ба түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй тул нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Оргил өртөөний техникчийн  ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Эын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, холбогдох нэмэгдлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар /дарга Ч/-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Эын ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд  70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР