Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хохирогч Б.Б-, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б ургийн овогт С-гийн С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000110070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-гийн С, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: оо.............................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Гоулд нэртэй үйлчилгээний төвийн зогсоолд байсан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 43-58 УВА улсын дугаартай автомашинаас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түүний эзэмшлийн Эйсэр (Acer) загварын зөөврийн компьютерыг, цүнхний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000110070 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Си ди дискт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас);

- Си ди дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);

- Хохирогч Б.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 34-35, 38-39, 147 дугаар хуудас);

- Гэрч Ж.Ц-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас);

- Гэрч Б.Г-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас);

- Гэрч Д.Э-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);

- Гэрч Я.Э-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас);

- Гэрч Б.Ц-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас);

- Шинжээчийн 240 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 153 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Та бүхнийг хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэж;

- Хохирогч Б.Б 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр Б.Г “Gold” паб руу орохдоо машинаа цоожлохоо мартаж орсон. Тухайн үед эхнэр бид хоёр нөүтбүүк алга болсон талаар мэдээгүй гэртээ ирээд нөүтбүүкээ машинаасаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар тухайн газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хяналтын камерын бичлэг шалгахад 20 цагийн үед  зэргэлдээ 3 машины хаалгыг ээлж дараалан татаж манай машины хаалга онгорхой учир машинд 1 минут орчим суугаад гарахдаа С гэх хүн машинаас цүнхтэй нөүтбүүк аваад бууж байгаа нь хяналтын камерын бичлэгт тод үлдсэн байдаг” гэж тус тус мэдүүлжээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Си ди дискт үзлэг хийсэн “...уг зогсоолд цагаан өнгийн Вангорд маркийн автомашин байв. Уг автомашины ар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн зүгээс хар өнгийн куртик, хар гуталтай, бараан голдуу хувцастай хүн ирж байгаа бичлэг байв. Уг бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд уг этгээд Голд пабын үүдэн хэсэгт зогсож байгаад зогсоол дээр байсан Вангорд маркийн автомашины зүүн талын хаалгыг онгойлгоод автомашинд сууж, хаалгыг татаж хэсэг сууж байгаад гарч ирэв. Гарч ирэхдээ хоёр гартаа юм барьж гарч ирээд явсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас);

- Хохирогч Б.Б-ийн “Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Gold” нэртэй караоке, пабны нэг өрөөг засах ажилтай засвар хийгээд өнжсөн. Орой 20 цаг өнгөрч байхад эхнэр Б.Г-г гэрт нь хүргэж өгөхөөр ...43-58 УВА улсын дугаартай өөрийн автомашинаа бариад гэрийн гадна очсон. Эхнэр гэр лүү ороход нь машинд байсан Acer загварын нөүтбүүкээ өгч оруулах гэтэл ...байхгүй байсан. ...Автомашиндаа хайгаад байхгүй болохоор нь “Gold” пабны гадаа эргэж ирээд тэнд байсан хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. Уг пабны хяналтын камер шүүж үзэхэд 20 цаг өнгөрч байхад миний 43-58 УВА улсын дугаартай автомашинаас үл таних хүн ...аваад явсан бичлэг бичигдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас);

- Хохирогчийн дахин өгсөн “...Би “Гоулд” караоке үйлчилгээний төвийг ажиллуулдаг байсан. Манай байгууллагын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 12 дугаар сарны 04-ний 20 цаг 08 минутын үед нэг хүн ирээд миний автомашинаас цүнхтэй нөүтбүүк аваад явсан байсан. ...би камерын бичлэгийг хамаатны Ж.Ц гэх дүүд үзүүлэхэд “таны автомашинаас нөүтбүүк аваад явж байгаа хүн бол Х гэх хүн манай аймгийн төвөөр архи уугаад яваад байдаг, бас байрны подвалоор явдаг хүн мөн байна” гэж хэлсэн. Би 2022 оны 02 дугаар сард Улаангом сумын шөнийн захын гадна явж байтал ...миний автомашинаас нөүтбүүк авсан, камерын бичлэгт бичигдсэн хүн явж байсан. Тэнд байсан хүмүүсээс “энэ хэн гэдэг хүн бэ” гэж асуухад “Х гэж дууддаг, жинхэнэ нэрийг нь С-гийн С гэдэг юм” гэж хэлсэн. ...би сүүлд камерт бичигдсэн хүнийг зах дээр явж байхад нь хараад шууд таньсан, сүүлд харахад манай бичлэг дээр байсан гутал малгайтайгаа явж байсан юм. ...би зах дээр ганц нэг танихгүй хүнд бичлэг харуулаад “энэ хэн гэж хүн бэ?” гэж асуухад “Х буюу С гэдэг хүн мөн байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас);

- Гэрч Ж.Ц-ын “...Б.Б ах 2021 оны 12 дугаар сард (яг өдрийн сайн санахгүй байна) “би нөүтбүүкээ автомашинаасаа алдчихлаа, харин авсан хүний бичлэг манай камерт бичигдсэн байна” гэж хэлээд өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд надад нэг бичлэг үзүүлсэн. Уг бичлэгийг харахад Гоулд пабны гаднаас Б.Б- ахын Вангорд загварын автомашин руу нэг хүн ороод нэг юм тэврээд гараад явж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгт Улаангом сумын иргэн Х гэж дууддаг, жинхэнэ нэрийг нь С.С гэдэг хүн байсан. ...Би маргааш нь Улаангом сумын хүнсний зах дээр хувийн ажлаар ганцаараа явж байтал Х буюу С явж байсан. Харахад Б.Б ах надад үзүүлсэн бичлэг дээр байсан хувцастай явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас);

- Гэрч Д.Э-ийн “...С.С нь миний авга ах буюу миний аавын төрсөн дүү юм. ...бичлэг дээр гарч буй хүн миний авга ах С.С мөн байна. Миний авга ах болох С.С-ын алхаа гишгээ болон хүнтэй юм ярихдаа гараа өргөж ярьж байгаа, мөн өмсөж яваа хувцсаар нь таньж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);

- Гэрч Я.Э-ийн “...С.С нь миний авга ах буюу аавын төрсөн дүү юм. ...Би уг бичлэгийг үзлээ тухайн бичлэг дээр гарч буй хүн миний авга ах болох С.С мөн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 08 минутын үед Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Гоулд караоке, пабны зогсоолд байсан хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 43-58 УВА улсын дугаартай автомашинаас шүүгдэгч С.С түүний Эйсэр (Acer) загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Б.Б-ийн хулгайд алдсан Эйсэр (Acer) загварын зөөврийн компьютер, цүнх нийт 360’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 240 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 153 дугаар хуудас) тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.С-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч С.Санжавыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.С-аас 360’000 (гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-өд олгох үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч С.С-т дээрх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 19 хоногийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 19 хоногоор тогтоох” саналыг;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын яллагчийн гаргасан саналтай холбоотой ямар нэгэн санал байхгүй” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Э-ийн “...С.С нь хэрүүл маргаан хийдэггүй, дөлгөөн төлөв зантай, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас), Увс аймгийн давж заалдах шатны 1994 оны 02 дугаар сарын 22-ны 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.С нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ. Шүүгдэгч нь 163 хоногийн буюу 5 сар 13 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 6 сар 17 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгчид энэхүү хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд шүүгдэгч С.С-т хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг Си Ди диск нь хэргийн ул мөрийг агуулсан, нотолгооны ач холбогдолтой тул хавтаст хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт С-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.С-аас 360’000 (гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг “Си Ди” дискийг хэргийн хамт хадгалсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА