| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2018/02115/И |
| Дугаар | 2066 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2066
| 2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/02066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т Х овогт Д Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ИХ” ХХК /РД: /-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх болон 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 18/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч Д.Б нь тус байгууллагад 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр үйлчилгээний жолоочоор ажилд ороод ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа Авто самсмолын жолооч хэрэгтэй байна гэж гүйцэтгэх захирал хэлээд хэлэхээр нь О.Сүхдорж гэж хүн байгаа талаар хэлж, утсыг нь өгсөн. Түүнээс хойш удалгүй хүний нөөц утсаар дуудаж уулзаад ажилд аваад ажилд гаргасан байсан. Нэхэмжлэгч түүнийг эрүүгийн хариуцлага хүлээсэн байсныг мэдээгүй. Хүний хувьд тухайн үед уг нь гайгүй хүн байсан юм уулзалгүй 20-д жил болсон байсан юм.
Ингээд тэрээр ажил үүргээ хийгээд явж байхад нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн уурхай дээрээс манай ажилтан Э.Төмөрбаатар нь Улаанбаатар хот руу О.Сүхдоржоор 462 гр орчим металл буюу байгалийн алт өгч явуулснаас 123 гр алт дутаасан учир эрүүгийн гэмт хэрэгтэн гэдгийг мэдсээр байж ажилд оруулсан гэж нэхэмжлэгчийг буруутгаж, хохирол болох 10,685,000 төгрөгийг төлүүлэх тухай 18/25 тоот тушаал 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан байсан. Тушаалтай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танилцсан бөгөөд зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлж байсан. Үүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаас бууж ирээд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр буцах хуваарьтай байтал нэхэмжлэгчийг үүнээс болоод ажилд өнөөдрийг хүртэл гаргахгүй байна.
Ажилдаа гарах тухай шаардахаар захирал би хүний нөөцөд хэлье гээд чимээгүй болсон. Хүний нөөцөөс нь асуухаар захирал юм хэлэхгүй байна гээд бие бие рүүгээ чихээд байсан. Хамт олноосоо асууж байж нэхэмжлэгчийн оронд өөр хүн ажиллаж байгааг 7 сарын эхээр мэдсэн болно. Иймд нэхэмжлэгч нь өөрийгөө ажлаас халагдлаа гэж үзээд тус шүүхэд гомдлоо гаргаж байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаа болох 2018 оны 7 сараас шүүх хэргийг шийдвэрлэх өдрийг дуусталх цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх, мөн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 18/25 тоот үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажил олгогч компанийн зүгээс ажилтан Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй юм.
Компанийн удирдлагын зүгээс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 18/25 тоот тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалыг гаргахдаа ажилтан Бд урьдчилан мэдэгдэж, “компанийн ажилтан О.Сүхдоржид уг тушаалыг үзүүлээд компанид учруулсан хохирлоо төлөхгүй бол миний цалингаас суутгал хийнэ гэж байна” гэх байдлаар дүр үзүүлж уг тушаалыг гаргасан. Ингэснээр О.Сүхдорж төлбөрийг төлөх байх гэж бодсон. Гэтэл Д.Б нь уг тушаалыг ашиглан шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Угаасаа өөр зорилгоор энэ тушаал гарсан тул хүчингүй болгохыг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өнөөдрийн байдлаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан зүйлгүй бөгөөд ажлаас халаагүй тул үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох үндэслэлгүй, ажилд эгүүлэн тогтоох асуудал яригдахгүй. Нэхэмжлэгчийг ажилд гаргахгүй байсан нь үнэн. Компанийн зүгээс ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсан эс үйлдэхүй байгааг хүлээн зөвшөөрнө. Гэвч ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргаан нь шүүхийн харьяалалд хамаарахгүй, магадгүй шүүхээс өмнө шийдвэрлүүлэх маргаанд хамаарах байсан байх, шүүх яагаад энэ маргааныг шийдвэрлэх гэж байгааг ойлгохгүй байгаа.
Ажил үүрэг гүйцэтгээгүй учир нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээнд зааснаар энэ хугацаанд сул зогсолтын журмаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин олгох боломжтой. Энэ журмаар түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөгдөж, зохих журмын дагуу бичилт хийгдэж байгаа тул үүнтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ИХ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 7 сараас хойших хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 18/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд гаргахгүй байгаа нь үнэн боловч хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажлаас халаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохыг зөвшөөрнө, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж энэ хэмжээнээс төлөгдөж, дэвтэрт бичилт хийгдэж байгаа гэж тайлбарлаж, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 18/25 дугаар тушаалыг дүр үзүүлж хийсэн үндэслэлээр хүчингүй болгохыг зөвшөөрсөн байна.
Шүүх “ИХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 18/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ИХ” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөл бүхий 1,500,000 төгрөгийн цалинтай үйлчилгээний жолооч ажлын байранд 24 хоног тасралтгүй ажиллаж, 7 хоног цалингүй амрах нөхцөлөөр ажиллахаар тохиролцож, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Тэрээр ажлын ээлжийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 7 хоног амраад 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 24 хоног тасралтгүй ажиллах хуваарьтай байсан боловч ажил олгогч үүнээс хойших хугацаанд түүгээр ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй байна.
Ажил, үүргээр хангаагүй нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болсон гэж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэгчийг ажилд гаргахгүй байгаа нь үнэн боловч хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул үндэслэлгүй гэж маргасан.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул шүүх нэхэмжлэгчийн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн гэж үзэв.
Нэхэмжлэгч нь өөрийн оронд өөр хүн ажиллаж байгааг 7 сарын эхээр мэдсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан энэ гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан гэж дүгнэлээ.
Ажилтныг ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдэлд ажил олгогчийг зөвтгөх шалтгаан тогтоогдоогүй тул үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан байдаг ба нэхэмжлэгчийг ажил, үүргээр хангаагүй хугацаанд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул энэ хугацааны олговрыг хөдөлмөрийн гэрээний 4.6-д зааснаар сул зогсолтын үеийн цалин хөлсний хэмжээгээр тооцох үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч нь “үйлчилгээний жолооч” ажлын байранд сарын 1,500,000 төгрөгийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу Д.Бд ажилгүй байсан хугацааны /2018.07.01-ний өдрөөс 2018.10.10-ны өдрийг хүртэл буюу 3 сар 10 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 5,000,000 төгрөг /(1,500,000:30х10)+(1,500,000х3)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ИХ” ХХК-д даалгах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Быг “ИХ” ХХК-ийн үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, “ИХ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,000,000 төгрөгийг гаргуулж Д.Бд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “ИХ” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “ИХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 18/25 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Бын шаардлагыг “ИХ” ХХК зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “ИХ” ХХК-аас 94,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА