Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 134

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц, У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б, Б-т холбогдох

13,327,910.94 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.У болон Б нар харилцан тохиролцож Бын өмчлөлийн гэх 89-53 ӨМА дугаартай Норд Бенз маркийн сомасвалыг авахаар тохиролцож миний бие 2017 оны 3-р сарын 23-ны өдөр Хас банкнаас зээл 25 сая төгрөг авч 20,000,000 төгрөгийг Бт бэлнээр өгсөн. Улмаар Б нь 4 сард тус 89-53 ӨМА машиныг Хэнтий аймгаас унаж ирж надад хүлээлгэж өгсөн. Ирэхдээ машины гэрчилгээг шилжүүлж амжсангүй удахгүй шилжүүлж өгнө гэсэн. Гэрчилгээг шилжүүлэхгүй их удсан тул миний бие У, Б болон миний төрсөн Ц.Эрдэнэбаяр нар 2017 оны 05 сарын 16-ны өдөр уулзсан. Уулзахдаа би яриагаа бичсэн. Яриагаа бичсэн учир нь: 1. Б нь мөнгөө бэлэн авна гээд би бэлэн өгсөн дараа ямар нэгэн асуудал үүсвэл баримтгүй үлдэх нь гэж бодоод яриагаа бичсэн. 2.Тус машиныг судлаад үзсэн чинь “Мон порт” ХХК-ийн машин гэсэн. Тус бичлэг ярианд 2017 оны 06 сарын 01 гэхэд машины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өг эсвэл мөнгөө авъя гэж ярилцсан. Машины гэрчилгээг шилжүүлж өгөлгүй их удсан тул бид мөнгөө авъя гэж удаа дараа уулзсан утсаар  ярьсан 2017 оны 10 сард 10’000’000 төгрөг өгсөн мөн 1’300’000 төгрөг, 900’000 төгрөг нийт 20,000,000 сая төгрөгөөс 12’000’000  төгрөг өгсөн. Энэ хугацаанд тус өөрөө буулгагч авто машин манай хашаанд 1 жил зогссон, учир нь би мөнгөө бүрэн авсан хойно өгнө гээд өгөөгүй.  Гэтэл 2018 оны 4 сард намайг ажилдаа явсан хойно манай эхнэрт Утай тохирсон гэж хэлээд аваад явсан. Анх 2017 оны 05 сарын 23-нд  авто машин худалдаж авна гэж бид 2 Хасбанкнаас зээл хийж 19,600,000 төгрөг өгсөн нь үнэн. Машин нь эвдэрэл гэмтэл ихтэй байсан болохоор буцааж өгнө гэж тохиролцсон. Машиныг авснаас хойш нилээн их засвар үйлчилгээ хийсэн. Нийтдээ 20,000,000 төгрөг гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. Б.Баас буцааж авсан мөнгө нь 12,560,000 төгрөг байгаа. Одоо Б.Баас авах мөнгө нь 7,460,000 төгрөг дутуу байна. Банкны хүү 5,527,910 төгрөг нэхэмжилж байна. Нийт авах мөнгөн дүн нь 12,987,910 төгрөг болж байгаа. 360,000 төгрөг өвс тэжээл авсан түүнийгээ өргөдөл дээрээ бичээгүй мартсан байсан учир хасаж тооцож байна.”гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.У Б.Б надаас 13,327,910.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байн. Би 89-53 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн сомасвал машиныг Ц.Ут 20,000,000 төгрөгөөр худалдахаар болж тэрээр худалдан авахыг зөвшөөрсөн. Ц.У нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хас банкаас зээл аваад надад 19,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэхүү мөнгийг тоолж авахад миний дэргэд манай найз хамт байсан. Өөрөөр хэлбэл Ц.У нь надад 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж бичсэн байх бөгөөд үнэн хэрэг дээрээ надад 19,600,000 төгрөгийг өгсөн. Би 89-53 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн сомасвал машиныг Мөнхдэлгэр гэдэг хүнээс худалдаж авсан байсан. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн юм. Ц.У нь машиныг чинь худалдаж авъя гэсэн болохоор түүнд зарсан. Ц.У тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхгүй байна гээд наймаагаа буцаахаар болсон. Өөрөөр хэлбэл Ц.Уаас авсан 19,600,000 төгрөгийг би эргүүлээд Ц.Ут өгөх болсон. Ингээд би нэгэнт наймаа буцсан учраас Норд бенкз маркийн машинаа эргүүлж авсан. 2017 оны 10 дугаар сард 10,000,000 төгрөг, дараа нь 1,300,000 төгрөг, 900,000 төгрөг, адуу мал өвс тэжээлгүй болоод байна гэхээр нь өвс зарж байгаа хүний данс руу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 360,000 төгрөг, бэлнээр 40,000 төгрөгийг тус тус өгсөн. Дараа нь Ц.У банкны зээл төлөх гэсэн мөнгөгүй байна мөнгө өгөөч гэхээр нь 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнийг Ц.У мэдэж байгаа тухайн үедээ авлагаасаа суутгаад явна, болно гэж хэлдэг байсан. Би мөн өөрийн өмчлөлийн П-10 маркийн 71-41 ӨМҮ улсын дугаартай машиныг 5,000,000 төгрөгөөр бодож өгсөн байдаг. Ц.У нь дээрх машины талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байна. Одоо тэр машиныг Ц.У нь өөрийн хэрэгцээндээ унаж ашиглаад явж байгаа байтал яагаад дээрх 5,000,000 төгрөгт суутгасан П-10 машиныг бичээгүй байгааг ойлгохгүй байна. Иймд анх авсан 19,600,000 төгрөгөөс П-10 маркийн машины 5,000,000 төгрөгийг суутгасан үнийг хасаад мөн түүний данс руу шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 900,000 төгрөг, 400,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөгийг тус тус хасаад үлдсэн 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 360,000 төгрөг авсан байснаа сая хэллээ. Түүн дээр Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл авсан. Анх Ц.У гэдэг хүн 2017 оны 02 сарын үед над дээр ирж уулзсан. Тэгэхэд надад машин хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгэхэд надад  3 машин байсан. 2 нь манай хашаан дотор 1 нь Хэнтий аймгийн төв дээр байсан. Ийм машин байна гэж хэлэхэд  машинууд өөр өөр үнэтэй байсан. Хэнтий аймгийн машин 20,000,000 гэж байсан. Тэгээд 20,000,000 төгрөгийн машиныг чинь авъя гэж ирсэн. Чи үзэж харахгүй юм уу? гээд утсан дээр зураг нь байсан. Түүнийг үзүүлсэн болноо гэж хэлсэн. Тухайн үед машины бичиг баримт шилжүүлэх боломжгүй байсан. Эзэн нь Өвөрмонгол хүн байсан. Анх хэлж байсан бичиг баримт шилжих боломжгүй байна. Явцын дунд болох байх гэхэд өөрөө хүлээн зөвшөөрөөд болно гэж хэлсэн. Нэхэмжилж байгаа 12,560,000 төгрөгөөс Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг надтай ирж  уулзаад би машин авмаар байна гэхээр нь би санал болгосон. 5,500,000 төгрөг гэж байгаад ярилцаж байгаад 5,000,000 төгрөгөөр тохиролцоод хашаанаас өөрөө ирж унаад явсан байдаг. Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгт бодож нэхэмжлэл дээрээ оруулаагүй байна. Түүнийг би ойлгохгүй байна. Тухайн үед гэрчилгээг нь шилжүүлэх үү гэхэд за яахав эхнэрийн нэр дээр шилжүүлнэ. Эхнэр Хөвсгөл аймагт явж байгаа гэж хэлсэн. 12,560,000 төгрөгөөс приус-10 маркийн тээврийн хэрэгсэл 5,000,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Үлдэгдэл мөнгийг нь төлнө. Би приус-10 машиныг оролцуулаад 19,600,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа боловч нотлох баримт байхгүй учир дахин төлөх болж байна. Би утсаар яриад дууссан уу гэхэд дууссан гэж хэлж байсан.” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, Хас банкны дансны хуулга, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хас банктай байгуулсан 1450008847, 1450008847-01 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.У нь тус шүүхэд 13,327,910.94 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 360,000 төгрөгийг хасч 12,967,910 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь анх авсан 19,600,000 төгрөгөөс Приус-10 маркийн машины 5,000,000 төгрөгийг суутгасан үнийг хасаад мөн түүний данс руу шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 900,000 төгрөг, 400,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөгийг тус тус хасаад үлдсэн 1,800,000 төгрөгийг өгнө гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ц.Ут доголдолтой эд хөрөнгө буюу автомашины гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөөгүй нь үйл баримтуудаар тогтоогдсон, хууль зүйн урьдчилсан шаардлагууд хангагдсан байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан Ц.Ут доголдол арилгуулахаар шаардах эрх хамаарч байна.

Хуулийн агуулгаар Ц.Уын шаардлага гаргаж байгааг Б.Б хангах үүрэг нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдож байх тул хангах үндэслэлтэй гэж үзэв.

 Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Ц.У нь Б.Баас автомашиныг худалдаж авахдаа гэрчилгээ нь доголдолтой буюу эрхийн зөрчилтэйг мэдэж байсан атлаа худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу автомашиныг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхээ өөртөө авч үлдсэн байна гэж үзэв.

Харин нэхэмжлэгчээс худалдах худалдан гэрээнээс үүдэлтэй гэж банкны зээлийн хүү 5,527,910.94 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Б.Бын хувьд Приус-10 маркийн автомашиныг Б.Бт өөрийн гүйцэтгэх үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцуулах талаар санал гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Ц.У татгалзсан нь 254 дугаар зүйлийн 254.1-д заасан эрхээ хэрэгжүүлж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Б.Баас 12,560,000 төгрөгийг хүлээж  авснаа хүлээн зөвшөөрч тайлбарладаг.

Иймд хариуцагч Ц.Уаас 7,040,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нэхэмжлэлийн шаардлагаас 5,927,910 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 7,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.У олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,947,710 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 127,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ут олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                     

 

  

                                  ДАРГАЛАГЧ                                       Д.БАТТУЛГА