Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0154 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, өдөр т төрсөн, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-д туслах ажилтан ажилтай, ам бүл 8, эхнэр, хадам аав 5 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

1.Нийслэлийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нэмж 5 жилийн хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жил хорих ялаар,

2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар хорих ялаар,

3.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 12 хоногийн зарим болох 1 жилийг нэмж түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

5.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 6 сарын хугацагаар хорих ялаар,

6.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: /,

******* овогт *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                                                                                                                                                                      

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудлын өрөөнд Д.Э*******той хамт явсангүй гэх шалтгаанаар маргалдаж түүний биед зүүн талын 9.10.11.12-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Д.Э******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 билүү 22 цагийн үед нэг газар хамт ажилладаг ажлын газрын хүн болох ийн хамтаар ******* “*******” нэртэй зочид буудалд орсон. Ингээд 303 дугаартай өрөөнд ороод гаднаас авчирсан 1 шил 0.75 литрийн архи, 1 шил 0.5 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэгээд шөнө дунд 01 цагийн үед ******* хоёулаа буудлаасаа гаръя, Улаанбаатар хотруу явъя гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл ******* намайг чи яасан амиа бодсон хүн бэ гээд шууд над руу миний нүүр лүү гараараа маш олон удаа цохиод, газар уначихсан байхад миний зүүн талын хавирга руу өшиглөж цохиж зодчихоод намайг буудалд ганцааранг нь орхиод яваад өгсөн. Би шөнө дунд нилээн согтож тасарчихсан байсан учир цагдаа дуудаж чадаагүй...надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.******* надтай хамт ажиллаж байгаа болохоор миний биеийг асарч надад тусалж , хэрэгтэй зүйлсийг маань авч өгч байгаа.” /хх-07, 09/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө үүрээр 05 цагийн үед манай -д ажилладаг туслах ажилтан Ц.******* ажпын байран дээр ганцаараа хүрч ирж надтай уулзаад “май энэ Э*******ын гар утас цаадах чинь буудал дотор ганцаараа унтаж байгаа” гэж хэлчихээд яваад өгсөн. Ингээд 09 цагийн үед Э*******ыг очиж авахаар буудалсан буудалд очоод өрөө рүү ортол Э******* өрөөндөө ганцаараа зодуулсан байдалтай нүүр ам нь битүү хөх няц болчихсон хэвтэж байсан...” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн 9903 дугаартай дүгнэлтэд:

  1. Д.Э*******ын биед зүүн талын 9.10.11.12-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-7-19/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ц.ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******-д акумляторийн үйлдвэрт хамт ажилладаг ах болох Д.Э*******ын хамтаар Налайх дүүргийн төвд ирж үсээ засуулж, усанд орчхоод *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд хонохоор болсон юм. Бид хоёр 21 цаг өнгөрч байхад буудлынхаа өрөө рүү ороод 0,75 литр, 0,5 литртэй “Хараа” нэртэй архи хоёрыг хувааж уугаад юм яриад сууж байтал Улаанбаатар хот явахгүй гэсэн маргаанаас бид 2 хоорондоо маргалдаад би Э******* ахын нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиод, газар унахаар нь дээрээс нь цээж, толгой хэсэг рүү нэг нэг удаа өшиглөчихсөн юм. Би нүүрлүү нь яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна, багцаагаар 5-6 удаа цохичихсон байх. Тэгээд би гараад явчихсан...” /хх-29/ гэх мэдүүлэг,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/,

Шүүгдэгчийн иргэний бичиг баримтуудын лавлагаа /хх-72-76/,

Хохирогч Д.Э*******ын биед хийсэн эмчилгээ, шинжилгээний баримтууд,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудлын өрөөнд хохирогч Д.Э*******той хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Улаанбаатар хот руу хамт явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр лүү нь гараараа цохих, хэвлий цээж рүү хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлээр халдан зодож  биед нь зүүн талын 9.10.11.12-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Д.Э*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотруу явъя гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл ******* намайг чи яасан амиа бодсон хүн бэ гээд шууд над руу миний нүүр лүү гараараа маш олон удаа цохиод, газар уначихсан байхад миний зүүн талын хавирга руу өшиглөж цохиж зодчихоод намайг буудалд ганцааранг нь орхиод яваад өгсөн. Би шөнө дунд нилээн согтож тасарчихсан байсан учир цагдаа дуудаж чадаагүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...туслах ажилтан Ц.******* ажпын байран дээр ганцаараа хүрч ирж надтай уулзаад “май энэ Э*******ын гар утас цаадах чинь буудал дотор ганцаараа унтаж байгаа” гэж хэлчхээд яваад өгсөн. Ингээд 09 цагийн үед Э*******ыг очиж авахаар буудалсан буудалд очоод өрөө рүү ортол Э******* өрөөндөө ганцаараа зодуулсан байдалтай нүүр ам нь битүү хөх няц болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн 9903 дугаартай дүгнэлтэд Д.Э*******ын биед зүүн талын 9.10.11.12-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн талын хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, шанаа, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зүүн талын завжинд шарх, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ц.ийн өгсөн “...Бид хоёр 21 цаг өнгөрч байхад буудлынхаа өрөө рүү ороод 0,75 литр, 0,5 литртэй “Хараа” нэртэй архи хоёрыг хувааж уугаад юм яриад сууж байтал Улаанбаатар хот явахгүй гэсэн маргаанаас бид 2 хоорондоо маргалдаад би Э******* ахын нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиод, газар унахаар нь дээрээс нь цээж, толгой хэсэг рүү нэг нэг удаа өшиглөчихсөн юм. Би нүүрлүү нь яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна, багцаагаар 5-6 удаа цохичихсон байх. Тэгээд би гараад явчихсан...” гэх мэдүүлэг Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирогч Д.Э*******ын биед хийсэн эмчилгээ, шинжилгээний баримтууд, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

Шүүхээс хэргийн оролцогч нарыг архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хоорондоо  маргалдсанаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйлд зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмын дагуу мөн  хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгын хүрээнд шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ч үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан 4,000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД