Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Л.Ц*******,

Шүүгдэгч А.Ё******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Ё*******т холбогдох эрүүгийн 2207 00208 0158 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15-II дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ- ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нутгаас зайлуулахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, улмаар Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Х/161 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлж дуусгавар болж байсан, РД: *******,

 

******* овогт *******ийн Ё*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ё******* нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах “”- ний байранд хохирогч Л.Ц*******тэй “СӨХ-ийн мөнгө завшсан” гэх шалтгаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн цаг хугацаанд өөрийн биед авч явсан шингэн зүйлтэй, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар савыг түүнлүү шидэж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүүнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.Ё******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчтой хохирол төлөхөөр тохиролцсон байгаа...” гэв.

 

Хохирогч Л.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сая танилцуулагдсан бүх зүйл үнэн зөв байна. Бид хоёр урьд өмнө муудсан, сайдсан, өш хонзон санасан зүйл байхгүй. А.Ё******* тэр өдөр согтуу орж ирснээс хэрүүл маргаан үүсгэсэн. Миний нүүр рүү устай сав шидэж, хамрын ясан дээр устай савны бөөр оносон. Нүд оногдоогүй нь яамай гээд нүүрээ дарж доош суусан. Тэр үед би ганцаараа байсан бол яах байсныг мэдэхгүй байна. Нярав Ц орж ирж таарсан. Ц А.Ё*******ыг тайвшруулж гаргасан. Тэр хооронд би гарсан. Намайг 68.000.000 төгрөг идсэн, цагдаад өгнө гэсэн. Би тэгээрэй гэж хэлсэн. Миний гаргасан алдаа бол чам шиг архичинд би гүтгүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэнгүүт над руу устай сав шидсэн. Миний тэр үг энэ хүнд хатуудсан юм шиг байна. Шүүх эмнэлгийн эмч  намайг настай хүн учраас тархи, толгойгоо үзүүлэхийг зөвлөсөн. Би томографикийн шинжилгээ өгч, эмнэлэгт тархины бичлэг уншуулж, эм тариа авсан. Олон хоног эмчилгээнд зарцуулж явсан. Над руу ойроос хүчтэй сав шидсэн. Би цохиулчхаад нөхөртөө юу болсон талаар хэлээгүй. Уржигдар хэлсэн. А.Ё******* намайг ална гэж заналхийлсэн. Энэ явдлаас болж би нэг хэсэг өрөөндөө ч орж чадахгүй байсан. Тэр үеэр миний чихний аппарат алга болсон. А.Ё******* надаас уучлалт гуйж, хохирол төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн. Бид нар нэг дор амьдардаг. Эднийх байранд 2012 оноос, манайх 2011 оноос амьдрах болсон. Манай байрныхан бүгдээрээ хотоос нүүж ирсэн хүмүүс байдаг. Манай хоёр үйлчлэгчийг гуанзанд юм идэж байхад А.Ё******* танай даргыг зодчихлоо гэж хэлсэн байсан. Үдийн цайны цаг байснаас гуанзанд олон хүн байсан. Намайг зодуулсан, А.Ё*******ыг зодсон гэх яриа гордокоор нэг тарсан. Энэ бол хүний нэр хүндэд халдсан хэрэг гэж би буруутгаж байсан. А.Ё******* намайг гүтгэсэн, заналхийлсэн, доромжилсон, эд эрхтэнд гэмтэл учруулсан. А.Ё******* эрүүлдээ хүн шиг байдаг. Согтуудаа хүнтэй маргалдаж, өдөх явдал зөндөө байсан. Тэр болгонд архинаас гаргачих юм сан гээд СӨХ-ны удирдах зөвлөлд хүртэл оруулж байсан. Сүүлийн үед уух, эвгүй зан гаргах нь ихэссэн. А.Ё******* надаас уучлалт гуйж, гарсан хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн учраас би чихний аппарат, томографикийн мөнгө нэхэмжилж байна. Үлдсэн авсан эм, тарианы төлбөр нэхэмжлээгүй байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Л.Ц******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******,-ийн даргын тушаалд ажилдаг. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн ажлын байрандаа байж байтал 12 цагийн орчимд гаднаас А.Ё******* гэх манай-ийн харьяаны 78-р байранд амьдардаг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, архи үнэртүүлчихсэн, гуйвчихсан орж ирсэн. Тэгээд шууд “чи 64 сая төгрөгийг идсэн” гээд надруу уурлаж эхэлсэн. Энэ үед би “юу гэж иддэг юм, хүн гүтгэх хуультай шүү” гэж хэлчхээд байж байтал А.Ё******* миний нүүрлүү гартаа барьж байсан 0.5 литрийн хуванцар савтай усны саваа шидчихсэн юм. Тэгээд миний нүүр хэсэг тэр чигээрээ өвдөөд байхаар нь би гэрлүү ороод толинд хартал миний хамар хавдаж, нүдний 2 тал хөхөрчихсөн, зүүн шанаа хэсэг хавдчихсан, эрүү зулгарчихсан байсан... Би эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан зардлуудаа нэхэмжилнэ. Мөн миний чихний аппарат алга болчихсон, чихний аппаратаа бас нэхэмжилмээр байна...” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

“...Миний чихний аппарат нь санаж байгаагаар ямар ч л байсан А.Ё******* нь нүүрлүү устай усны сав шидэхээс өмнө миний чихэнд байсан... Би чихний аппаратыг гэртээ, машиндаа, ажил дээрээ яаж ч хайсан олоогүй...миний бодлоор А.Ё*******т цохиулсны улмаас бага зэрэг чихнээс суларсан байж байгаад намайг явах үед унасан байх л гэж бодож байна. Би чихний аппаратаа хаана унагасанаа мэдэхгүй, одоог хүртэл хайсаар байгаа...” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр...ажил руугаа ороод байж байтал 12 цагийн орчимд гаднаас А.Ё******* гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, архи үнэртүүлчихсэн, гартаа Жанчивлан гэсэн 0.5 литрийн бор хуванцар савтай зүйл барьчихсан, халаасандаа жижиг шилтэй архи хийчихсэн байсан. А.Ё******* нь орж ирээд шууд л манай дарга Ц*******тэй хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ гэнэт А.Ё******* нь гартаа барьж байсан 0.5 литрийн хуванцар савтай усны саваа даргын нүүрлүү шидээд оночихсон. Тэр усны сав нь дотроо дүүрэн шингэн зүйлтэй байсан байх, тас няс хийгээд л явчихсан. Тэгэхээр нь би босоод А.Ё*******ыг салгатал манай даргыг ална гээд орилоод байсан. Би тэр хүнийг аргадаж, аргалж байгаад гаргаад явуулчхаад буцаж ороод дарга Ц*******гийн нүүрлүү хартал хавдчихсан байсан. А.Ё******* нь Л.Ц*******гийн нүүрлүү усны саваа шидчихээд дараа нь тэрийгээ өөрөө аваад гараад явчихсан...” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

 “...Яг А.Ё*******ын шидсэн устай усны саванд оногдсоныхоо дараа сонсголын аппарат нь унасан бол манай ажлын байран дээр байж байх байсан гэж бодож байна. Бид нар ажил дээрээ яаж ч сайн хайсан олоогүй. Л.Ц******* сонсголынхоо аппаратыг гэрлүүгээ орох замдаа л алга болгочихсон байх...” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар 04-ний өдрийн 326 дугаартай дүгнэлтэд:

  1. Л.Ц*******гийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-28-29/ гэх дүгнэлт,

 

          Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-6/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл /хх-7/,

 

Хохирогчийн хохирол нэхэмжилсэнтэй холбоотой “иргэнд очих баримт” болон 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, эмнэлгийн төлбөрийн баримт, “” эмнэлгийн эмч Б.Эгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт,

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ё*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “...шүүгдэгч А.Ё*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна..” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч А.Ё*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Ё******* нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах “”- ний байранд хохирогч Л.Ц*******тэй “СӨХ-ийн мөнгө завшсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн цаг хугацаанд өөрийн биед авч явсан шингэн зүйлтэй, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар савыг түүний нүүр лүү нь шидэж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, эрүүнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Л.Ц*******гийн өгсөн: “...гаднаас А.Ё******* гэх манай-ийн харьяаны 78-р байранд амьдардаг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, архи үнэртүүлчихсэн, гуйвчихсан орж ирсэн. Тэгээд шууд “чи 64 сая төгрөгийг идсэн” гээд надруу уурлаж эхэлсэн. Энэ үед би “юу гэж иддэг юм, хүн гүтгэх хуультай шүү” гэж хэлчхээд байж байтал А.Ё******* миний нүүрлүү гартаа барьж байсан 0.5 литрийн хуванцар савтай усны саваа шидчихсэн юм. Тэгээд миний нүүр хэсэг тэр чигээрээ өвдөөд байхаар нь би гэрлүү ороод толинд хартал миний хамар хавдаж, нүдний 2 тал хөхөрчихсөн, зүүн шанаа хэсэг хавдчихсан, эрүү зулгарчихсан байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Р.Ц өгсөн: “...архи үнэртүүлчихсэн, гартаа Жанчивлан гэсэн 0.5 литрийн бор хуванцар савтай зүйл барьчихсан, халаасандаа жижиг шилтэй архи хийчихсэн байсан. А.Ё******* нь орж ирээд шууд л манай дарга Ц*******тэй хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ гэнэт А.Ё******* нь гартаа барьж байсан 0.5 литрийн хуванцар савтай усны саваа даргын нүүр лүү шидээд оночихсон. Тэр усны сав нь дотроо дүүрэн шингэн зүйлтэй байсан байх, тас няс хийгээд л явчихсан. Тэгэхээр нь би босоод А.Ё*******ыг салгатал манай даргыг ална гээд орилоод байсан... дарга Ц*******гийн нүүрлүү хартал хавдчихсан байсан. А.Ё******* нь Л.Ц*******гийн нүүрлүү усны саваа шидчихээд дараа нь тэрийгээ өөрөө аваад гараад явчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар 04-ний өдрийн 326 дугаартай дүгнэлтэд Л.Ц*******гийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Ё*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Энэ гэмт хэрэг нь шүүгдэгчийн согтуурсан үедээ хохирогчтой хэрүүл үүсгэсэн харилцаанаас үүдэлтэй үйлдэгдсэн байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Ё*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг өөрийн ухамсарт үйлдлийн улмаас санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.Ё*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгож, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...“ гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн насны байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлүүдээс  600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Хохирлын талаар:

 

Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбоотойгоор 213,750 төгрөгийг, гэмт хэргийн үед алга болсон сонсголын аппаратын үнэ 1,775,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хянаад хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой унааны 25,000 төгрөг, эмийн эмчилгээний 33,750 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээний 55,000 төгрөг бүгд 113,750 төгрөгийг хэрэгт авагдсан төлбөрийн иргэнд олгох бичгийн баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хохирогчийн нүүр лүү хуванцар усны сав шидэхэд хохирогчийн чихэнд байсан сонсголын аппарат гээгдэж алга болсон талаар мэдүүлсэн хохирогч Л.Ц*******гийн өгсөн: “...Миний чихний аппарат нь санаж байгаагаар ямар ч л байсан А.Ё******* нь нүүрлүү устай усны сав шидэхээс өмнө миний чихэнд байсан... миний бодлоор А.Ё*******т цохиулсны улмаас бага зэрэг чихнээс суларсан байж байгаад намайг явах үед унасан байх л гэж бодож байна.” гэх мэдүүлэг, Гэрч Р.Цийн өгсөн: “...Яг А.Ё*******ын шидсэн устай усны саванд оногдсоныхоо дараа сонсголын аппарат нь унасан бол манай ажлын байран дээр байж байх байсан гэж бодож байна. Бид нар ажил дээрээ яаж ч сайн хайсан олоогүй. Л.Ц******* сонсголынхоо аппаратыг гэрлүүгээ орох замдаа л алга болгочихсон байх...” гэж мэдүүлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нь сонсголын аппаратаа гээснийг хохирогчид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж шүүхээс үзэн сонсголын аппаратны үнийг  2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, эмнэлгийн төлбөрийн баримт, “” эмнэлгийн эмч Б.Эгийн 2022 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн тодорхойлолтын дагуу 1,775,000 төгрөгөөр тооцож мөн шүүгдэгч А.Ё*******аас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч А.Ё*******аас нийт 1,883,750 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар гаргуулан хохирогч Л.Ц*******д олгох нь зүйтэй байна гэж шүүхээс үзэв.

 

Харин хохирогч Л.Ц*******гийн эмнэлэгт үзүүлсэн гэх 100,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэлэлцэгдээгүй байх тул дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Ё*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.Ё*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч А.Ё******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ё*******аас 1,883,750 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ц*******д олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь эмнэлэгт үзүүлсэн гэх 100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ё*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД