Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Х ургийн овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135002050019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-ийн Б-, 1990 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, малчин, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сум, 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогчтой уулзаж, харилцахгүй байх, мөн хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, регистрийн дугаар: ою...................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Н-ын малаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед найман тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж хохирогчид 525’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135002050019 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогч Б.Н-аас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 23-26, 28-29, 213-214 дүгээр хуудас);

- Д.С-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас);

- Гэрч Г.Ч-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас);

- Гэрч Ч.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас);

- Гэрч С.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас);

- Шинжээчийн 315 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Б-гийн Хаан банк дахь 5031576775 дугаарын дансны хуулгыг (хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас);

- Мөрдөгчийн хохирлын тооцоо гаргасан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 138 дугаар хуудас);

- Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 206-208 хуудас);

- Шүүгдэгч Б.Б-гаас яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас);

- Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай магадлалыг (хавтаст хэргийн 194-200 дугаар хуудас);

- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарыг (хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас);

- Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/65 дугаартай албан бичгийн хуулбарыг (хавтаст хэргийн 142 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдлыг тодорхойлсон түүний болон эхнэр Г.Ч-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримтын хуулбарыг (хавтаст хэргийн 120-131 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, Миний буруу. Би маш их харамсаж байна. Би мөлхөж байгаа 11 сартай хүүхэдтэй. Эхнэр 3 сартай жирэмсэн. Би санаатай мал хулгайлж аваагүй. Манай малд эдгээр малууд орсон байсан. Би маш их гэмшиж байна. Багийн хурлын даргад манай малд айлын мал байна гэдгийг хэлж байсан. Би хужирт явах замд утас дугарахаар нь авсан. Манай ах над руу залгаж өөрийнхөө малаас 5 тооны мал ченжид өгч явуул гэсэн. Би тэр айлын 5 ямааг өгч явуулсандаа гэмшиж байна. Манай малыг харж өгөх хүн байхгүй. Намайг өршөөж хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би айлын малаас тасалж аваагүй. Тэр мал манай малд нийлээд хэд хоносон байсан. Би тэр малыг ченжид зарсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Б.Н-ын “2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газарт байхдаа би өөрийнхөө малыг тоолоход бүрэн байсан. Түүний дараагаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр малаа тоолоход арван долоон тооны мал алга шиг байсан ба би эхнэр Д.С-гийн хамтаар нэг удаа тоолсон. Малаа зүсээр тоолоход найман тооны мал буюу таван ямаа, гурван ишиг байхгүй байсан. ...Би зүсээр үзэхэд мухар алга эх ямаа ишигтэйгээ, мухар алаг эх ямаа ишиггүй, хоо галзан эх ямаа шар цоохор ишигтэй, улаан галзан 4 настай эр ямаа, улаан галзан эх ямаа улаан ишиг нийт найман тооны ямаа алга болсон байсан. Мөн хүрэн галзан улаан ямаа, 3 настай хар ямаа бас зүсээр дутсан, бусад малыг би мэдэхгүй байсан боловч сүүлд харахад байх шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-гийн “2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газарт байхдаа малаа тоолоход бүрэн байсан. ...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр малаа тоолоход арван долоон тооны мал дутсан. Бид нэг удаа тоолсон бөгөөд алдагдсан малыг ойр орчмын бэлчээрээр, айлуудын мал шүүж хайгаад олоогүй. Б.Бгийн гэрээр мөн очиж малаа шүүж хайсан. Миний нөхөр Б.Н хэлэхдээ таван ямаа, гурван ишиг зүсээр алга байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Н-ын найман тооны ямаа буюу олон тооны мал 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газраас алдагдсан байна.

- Гэрч Ч.М-ын “Түргэн сумын 1 дүгээр багт оршин суудаг Б.Б  надаас 150’000 төгрөг зээлж авсан байсан бөгөөд тэр өрөндөө гурван ишиг өгсөн юм. Би тухайн ишгийг хараагүй бөгөөд манай малд Б.Б өөрөө авч ирсэн байсан. ...Б.Б над руу утсаар яриад “та 150’000 төгрөгтөө гурван ишиг авах уу?” гэж асуухаар нь би “тэг тэг” гэж хэлсэн. ...Сүүлд Б.Н над руу залгаад “танай малд миний гурван ишиг байна. Би малаа аваад явж байна” гэж хэлсэн. ...Б.Б тухайн гурван ишгийг 9 дүгээр сарын дундуур авч ирж тавьсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас);

- Гэрч Ч.О-ын “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн үед манай ах Ч.М утсаар яриад “Б.Б малаа туугаад манайхаар дайраад өнгөрөн, гурван тооны ишиг үлдээх байх тэрийг малдаа нийлүүлээд авчих” гэж хэлсэн. Би малаа туугаад гол руу оруулчхаад гэрийн гадна ирэхэд гэрийн бүснээс шар эр ишиг, мухар алаг эм ишиг, улаан эм ишиг зэрэг гурван тооны ишиг уяатай байхаар нь Ч.М ахын хэлснээр Б.Б үлдээгээд явсан юм байна гэж бодоод уг ишигнүүдийг малдаа нийлүүлсэн. ...Хэд хоногийн дараа Бүдүүн гэх газарт малаа хариулж явтал Б.Н- ах ирээд манай малыг шүүж үзээд “танай малд миний гурван тооны ишиг байна” гэж хэлэхээр нь би “уг ишгийг Б.Б авч ирж өгсөн” юм гэхэд тэр явчихсан юм. Маргааш өдөр нь би Ч.М ах руу утсаар залгаад “Б.Н ирээд манай малыг шүүгээд Б.Бгийн авч ирсэн гурван ишгийг миний ишиг гэж хэлээд явлаа” гэхэд “Б.Н ирвэл уг гурван ишгийг өгөөд явуул” гэж хэлсэн. Маргааш орой нь манай мал гэрийнх гадна хотондоо байхад Б.Н ах өөрийн автомашинаар ирж уг гурван ишгийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас);

- Хохирогч Б.Н-ын “...би уг ямаануудыг хайгаад манай гэрт хамгийн ойрхон мал маллаж амьдардаг Б.Бгийн гэрээр очиж малаа асууж сураглаад малыг нь шүүхэд манай мал байхгүй байсан. Бусад айлуудаар гурваас дөрвөн хоног хайж байгаад өөрийн гурван тооны ишгийг Ч.М гэх айлын малаас олсон. Манай ишиг болохыг хэлээд асуухад Б.Б гэдэг хүн надад авчирч өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) зэргээр хохирогч Б.Н-ын гурван тооны ишгийг шүүгдэгч Б.Б гэрч Ч.М-т 150’000 төгрөгийн өрөндөө өгсөн ба уг ишигнүүдийг хохирогч буцаан авсан болох нь тогтоогджээ.

- Гэрч С.Б-ийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын төвд ...Б-тай уулзаж таван тооны ямаагаа авъя гэхэд “Б.Б-гийн очоод авчих, миний мал тэднийд байгаа” гээд гэрийн зааж өгсөн. Мөн Б- өөрөө Б.Бтай утсаар яриад “хүн очно, миний таван ямааг бариад өгчих” гэж хэлсэн. ...Бургастай гүүрний дээд талд усанд Б.Б-гийн мал ирчихсэн байхаар нь миний малыг малладаг А.Б-тэй хамт очиход Б.Б Б-гийн гэсэн таван тооны улаан голдуу зүсмийн ямаа барьж өгсөн. Тухайн үед Б.Б “би өөрөө хэдэн тооны мал нэмж өгнө” гэж хэлээд таван тооны ямаа барьж өгсөн. ...Би Б.Б-д таван тооны ямааны мөнгө гэж 400’000 төгрөгийг түүний 5031576775 дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас);

- Хохирогчийн Б.Н-ын “...Би Б.Бгаас таван тооны ямааг хаашаа хэнд өгсөн талаар асуухад Улаанаа гэх ченжид зарж борлуулсан талаараа хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар хохирогч Б.Н-ын алдсан таван тооны ямааг шүүгдэгч Б.Б гэрч С.Б-т 400’000 төгрөгөөр зарсан нь нотлогдож байна.

Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газраас хохирогч Б.Н-ын найман тооны буюу олон тооны малыг шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд нутгийн захиргааны байгууллагад мэдээлэхгүй, зар тараахгүйгээр нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр таван тооны ямааг гэрч С.Б-т 400’000 төгрөгөөр зарсан, гурван тооны ишгийг 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Ч.М-т 150’000 төгрөгийн өрөндөө өгсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө “Би Б.Н-ын найман тооны малыг хулгайлсан зүйл байхгүй. Б.Н-ын таван ямаа, гурван ишиг манай малд нийлчихсэн байсан. ...Би малаа хужирлахаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр явахаас хоёроос гурван хоногийн өмнө тухайн мал манай малд нийлчихсэн байсан юм. ...Мал нийлсэн байгааг мэдээд нутгийн захиргааны байгууллагад хандаагүй, багийн иргэдийн хурлын дарга О.Б гэх залууд хэлсэн. Хурлын дарга ямар нэг зүйл хэлээгүй. Өөр бусад иргэдэд зар тараагаагүй. Би Б.Б-төө 2021 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-ны үед Түргэн сумын 1 дүгээр багийн нутагт явж байгаад таарсан. Манай малд таван ямаа, гурван ишиг нийлсэн байна гэж хэлсэн. О.Б танай ойр орчмын мал байлгүй эзэн нь авчих байх гэж хэлсэн” гэж (хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас), мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би санаатай малыг хулгайлж аваагүй. Манай малд эдгээр малууд орсон байсан. Би маш их гэмшиж байна. Багийн хурлын даргад манай малд айлын мал байна гэдгийг хэлж байсан. Би хужирт явах замд утас дугарахаар авсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн уг мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул тухайн мэдүүлгүүдийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Мөн шүүгдэгч нь мал нийлсэн талаар гэрч О.Б-т 2021 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-ны хооронд хэлсэн гэж мэдүүлсэн нь гэрч О.Б-ийн “...2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны үед байх би Б.Б-тай Түргэн сумын нутаг Цүнхэгийн дэнж гэх газарт тааралдаад зөрсөн. Б.Б тэр үед малаа хариулж явсан ба надтай уулзаад “манай малд айлын хэдэн ямаа нийлсэн байна, танай тэр хавийн айлуудынх биш биз” гэхээр нь “би мэдэхгүй манай орчмоор мэдэгдэхгүй байна” гэж хэлчхээд явсан. Б.Б ямар зүстэй, онцлог содон шинж тэмдэгтэй, хэчнээн тооны мэл хэзээ нийлсэн, хэд хоног хадгалсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна. Тодруулбал гэрч О.Бийн мэдүүлгээр хохирогч Б.Н-ын найман тооны ямааг шүүгдэгч нь бусдад шилжүүлсний дараа алдуул малын талаар ярилцсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-гийн эхнэр Г.Ч-гийн гэрчээр өгсөн “Миний нөхөр Б.Б нь надад хэлэхдээ “манай малд айлын дөрвөн сэрх, гурван ишиг орчихсон байснаас дөрвөн ямааг нь хүнд зарчихсан байсныг эзэн нь мэдчихээр нь гурван ишгийг нь буцааж өгөөд ямааны хохиролд мөнгө өгсөн. Тэгтэл цагдаагийн байгууллагаас арван долоон тооны ямаа авсан мэтээр шалгаж байна” гэж хэлсэн”  гэх (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй. Учир нь уг мэдүүлэг нь дамжмал нотлох баримт бөгөөд тухайн мэдүүлгийн эх сурвалж болсон шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдсэн. Тодруулбал уг гэрчийн мэдүүлгээс харвал шүүгдэгч нь долоон тооны ямаа авсан талаар хэлсэн гэж мэдүүлсэн байх ба хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар найман тооны ямааг шүүгдэгч авсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдэг, тухай бүр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэрийг бүрэн тогтоох боломж хязгаарлагдмал байдаг онцлогтой. Алдуул мал завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс дараах шинжүүдийг харгалзан ялган зүйлчлэн.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг ойлгоно. Өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа гэдэг нь тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, алдуул мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм.

Тодруулбал Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргээ болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний дараа захиран зарцуулсан тохиолдолд алдуул мал завшсан гэж үзэх бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай бүхий л үйл баримтыг шалгаж, тэдгээрийг нотолсон баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Н-ын найман тооны ямааг буюу олон тооны малыг хууль бусаар эзэмшилдээ оруулж гэрч С.Б-т таван тооны ямааг 400’000 төгрөгөөр зарсан, гурван тооны ишгийг гэрч Ч.М-т 150’000 төгрөгийн өрөндөө өгсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-т 525’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь шинжээчийн 315 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), мөрдөгчийн хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл (хавтаст хэргийн 138 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна. Хохирогч Б.Н-ын “...Б.Б нь манай гэрт ирж уулзаад 1’100’000 төгрөг бэлнээр өгөөд миний хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас), мөн дахин өгсөн “...Өөрөө хэлэхдээ миний хайсан зардал, зарсан таван ямааны мөнгө, түүний цаашдын үр ашгийн мөнгө гээд 1’100’000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэг гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь нотлогджээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ... Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоох, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-ээс 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5 тооны ямааг борлуулж олсон 400’000 төгрөгийг хурааж, хохирол нөхөн төлөгдсөн тул улсын орлого болгох” гэх,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Б.Б-гийн мал хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Э.Н-ын “...Б.Б нь төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг, ажилсаг, тусархуу, нийтэч” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 110 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэр хүүхдийн хамтаар Увс аймгийн Түргэн сумын нэгдүгээр багт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрөөгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогчтой уулзаж, харилцахгүй байх, мөн хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 (тав) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогчтой уулзаж, харилцахгүй байх, мөн хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан ба шүүгдэгч нь тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу санаатай гэмт хэрэг үйлджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд тэнсэх гэх ойлголтыг шүүгдэгчид хорих ял оногдуулаад, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагын хяналтад нэгээс таван жил хүртэл хянан харгалзах хугацаа тогтоох гэх агуулгаар хуульчилж, хэрэглэж байсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой төрлийн ял оногдуулахыг таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр ялгамжтай байдлаар тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагаас тодорхой хугацаанд хянан харгалзахыг тэнсэх гэж тодорхойлж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тэнсэх гэж тодорхойлсон.

Тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулах ялын хэмжээг тогтооход тэнсэнгийн үлдсэн хугацаа хамааралгүй болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэгж жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Иймд улсын яллагчийн “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоох” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг тогтоолын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд насанд хүрээгүй хохирогч ...-той уулзаж, харилцахгүй байх, мөн хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай” гэх хоёр дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Б-д түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан түүний биечлэн эдлэх 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Н-ын таван тооны ямааг гэрч С.Б-т зарж 400’000 төгрөгийн орлого олсон нь шүүгдэгчийн Хаан банк дахь 5031576775 дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас), гэрч С.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас)-ээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1’100’000 төгрөгийг төлсөн тул түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсан гэж үзлээ. Иймд улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-ээс 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5 тооны ямааг борлуулж олсон 400’000 төгрөгийг хурааж, хохирол нөхөн төлөгдсөн тул улсын орлого болгох” саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Улсын яллагч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргасан, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА