| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0060/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/65 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат /ҮД:3075/,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Х овогт Ц-н М-т холбогдох эрүүгийн 2217001030074 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 07-нд Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........... дугаар баг, .............. гэх газар оршин суух хаягтай, улсаас Монгол Улсын Алдарт уяач шагнал авч байсан, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-н М /РД:........../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн Өлзий толгойн бууц” гэх газар иргэн Ц.М-тэй ойрхон буулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор болон доод хананы хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001030074 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Хохирогч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Ц.Мийнхаас баруун хойно ойрхон байж байгаад морины ажил хийж болохгүй болохоор нь жаахан урагшлаад буусан. Тэгээд байж байтал Ц.М ирсэн. Ирээд чи намайг дээрэлхэж байна, ална, лоомдоно гээд бид 2 муудалдцсан, тэгээд миний нүд рүү цохисон. Нүд тэр дороо хөхрөөд хавдсан. Эмчилгээ хийлгэж байгаа, цаашид эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн. Мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн гэв.
3. Шүүгдэгч Ц.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Өлийн өлзий толгойн бууц гэх газарт манай гэрээс 450 метр орчимд айл буугаад, би тухайн айлд явж очоод хүүе хэн та нарыг ингэж буу гэсэн юм бэ гэхэд М гэх хүн надад чи муу цагаач хүн хөөдөг хэн бэ гэж хэлээд шууд босч ирээд миний уруул хэсэгт 2 удаа цохиод миний өмсөж явсан футболкоор намайг боогоод байсан. Тэр үед нь би М-ийг зөрүүлээд нэг удаа түүний нүд хэсэгт нь цохисон. Тэгж байж би боолтноос нь мултарсан. Тэгээд гэртээ харьсан. Би өмнө нь тухайн М-тэй цуг яваад байдаг Төрөө гэх залууд буухаар бол манайхаас бага зэрэг зайтай буугаад манай худгаас усаа зөөгөөд усалчихаарай гэж хэлж байсан. Би өөрийн уг үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М-т нийтдээ 7 500 000 төгрөг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
4. Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд Сүмбэр сум 5 дугаар багийн Өл цагаан дэл гэх газарт хөдөө гэрээ нүүлгээд буух гэж байхад М над дээр ирээд ойрхон буулаа асуухгүй буулаа гэх зэргээр хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед нь би энд 5 хоноод л буцаад нүүнэ тэрний хооронд чамаас асуугаад байх юу байхав гэхэд над руу дайрч давшлаад байсан. Би цааш нь болгох гээд өөрийн баруун гараараа зүүн мөр хэсэгт нь цааш нь түлхэхэд миний зүүн нүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний зүүн нүд улайж хавдаж зүүн хөмсөг сэтэрсэн. Одоо тагларчихаад юм харж болохгүй байна. М надад 7 500 000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид миний эрүүл мэндийн байдалд уг гэмтлээс шалтгаалан ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд би тухай эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10, 15-16 дугаар хуудас/,
5. Гэрч Т.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд М бид 2 Уяан Товгын наадамд явахаар жоохон дөхөж буух гээд гэр ачаад Сүмбэр сумын 6 дугаар баг Өл цагаан дэл гэх газарт буудаллаж гэрээ барьж байх үед М гэх хүн ирээд М-тэй маргалдаад байх шиг байсан. Би юм хийж байгаад юуны талаар маргалдаад байгааг нь сайн мэдээгүй. Тэгж байгаад удалгүй яваад очиход М-ийн зүүн нүд хэсгээс нь цус гарсан бололтой нүдээ дарчихсан цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь би аваад Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн. М нь нүдээ ямар байдлаар гэмтээсэн талаар би хараагүй, М нь надад хэлэхдээ босоод ирсэн чинь М цохьчихлоо гэж хэлсэн. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж бодож байна. М нь хэрэглэсэн байсан. Бид хоёр нэг шил архи хувааж уусан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
6. Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
М нь их тайван дөлгөөн, дуу цөөтэй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, гэр бүлийнхэн бусад хүмүүстэй их аятайхан сайхан харьцдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэнд:
- Ц.М-ийн биед дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломтой.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Галиндэв гэжээ. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай дүгнэлтэнд:
- Ц.М-ийн биед зүүн нүдний ухархай ясны хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Галиндэв гэжээ. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 153-ын нэмэлт дүгнэлтэнд:
- Ц.М-ийн биед зүүн нүдний ухархай ясны дотор болон доод хананы хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь 2022 оны 06 дугаар сарын 18-нд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
10. Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
11. Ц.М-ийн Орбит нүдний эмнэлэг болон Гэмтэл согог судлалын төвд үйлчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд, Мөнгөн гүүр эмнэлгийн тодохойлолт, комьпютер томографийн оношлогоо, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 51-71, 73-78, 80-81, 83-90 дүгээр хуудас/,
12. Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хохирогч Ц.М-т мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 105, 108-109 дүгээр хуудас/,
13. Шүүгдэгч Ц.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн Өлзий толгойн бууц” гэх газар иргэн Ц.М-тэй ойрхон буулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор болон доод хананы хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогч Ц.М-ийн өмгөөлөгч Ц.Сайнбат гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Шүүгдэгч Ц.М-аас хохирогч Ц.М-т мөрдөн байцаалтын шатанд 7 500 000 төгрөг төлсөн. Нэмэлтээр хохирогч Ц.М-т 258 370 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг баримтын хүрээнд шийдвэрлүүлж, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн Өлзий толгойн бууц” гэх газар хохирогч Ц.М-тэй ойрхон буулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор болон доод хананы хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.М нь хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Ц.М нь хохирогч Ц.М-ийн биед зүүн нүдний ухархай ясны дотор болон доод хананы хугарал, нүдний арын өөхөн эслэг, дотор шулуун булчингийн эврэлт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.М, гэрч Т.Ш нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 153-ын нэмэлт дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Ц.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.М-т 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, шүүхийн шатанд 258370 /хоёр зуун тавин найман мянга гурван зуун дал/ төгрөг, нийт 7 758 370 /долоон сая долоон зуун тавин найман мянга гурван зуун дал/ төгрөг төлсөн байна. Хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.М-аас жич нэхэмжлэх эрхтэй болно.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч Ц.М-ийн өмгөөлөгч Ц.Сайнбат гэм буруугийн шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ц.М-ийн өвчний түүхтэй 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-н М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Мт 7 758 370 /долоон сая долоон зуун тавин найман мянга гурван зуун дал/ төгрөгийг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Маас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ц.М-ийн өвчний түүхтэй 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ