Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А,

            Хариуцагч: Г.А-д холбогдох 15,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шинжээч Л.Эрдэнэ, хариуцагч Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.А миний бие 2018 оны 03 сарын 13-ны өдөр Б.Г гэх залуутай торхон байшин бариулахаар гэрээ хийж 20 сая төгрөгийн өртөгтэй түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр миний өөрийн өмчийн 8х8 хэмжээтэй дээд давхар нь 8х10 хэмжээтэй баригдаад 4 жил болж байгаа 60-70% гүйцэтгэлтэй торхон байшингийн гүйцэтгэл хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 14 сая төгрөгийн гэрээ хийж  нотариатаар баталгаажуулан дансаар шилжүүлэн өгч 2018.04.20-ны өдөр түлхүүр гардан авахдаа үлдэгдэл 6 сая төгрөг өгөхөөр гэрээнд зааж өгсөн. Байшингийн гүйцэтгэлийг Гийн найз Лхагваа гэх залуу манай ахын олон жилийн дадлага туршлагатай торхон байшин хийдэг компани болон баг хамт олон ирж сүүлийн үеийн загвар дизайнтай байшинг чанарын өндөр түвшинд сэтгэл ханамжийн 100% баталгаатай гоё байшин барьж өгнө хэмээн олон сайхан зураг үзүүлсэн болно. Лхагваа нь би ажлыг нь олдог ахын компанийн менежер гэсэн. Гэвч барилгын материалыг хамгийн муу чанар муутай материалаар хийж гүйцэтгэж эхэлсэн байсан. Компанаас нь ямар ч баг хамт олон ирээгүй өөрсдөө үнэхээр хэн ч харсан огт байшин барьж үзээгүй ажлын туршлагагүй хүмүүс байсан. Та нар дуудаж ажлаа явуул материал үрж болохгүй наад ажлаа зогсоо гэж би шаардлага тавьсан боловч яагаад байгаа юм бид нар чадах ядахаараа хийж байна гэж уцаарласан. Би ажил ихтэй учир байнга хяналт тавьж чадахгүй байсан юм. Анх материалаа татахад нь би өөрийн хувийн машинаараа тээврийн хөлс болох 500,000 төгрөгийн зардлаар Улаанбаатар хотоос очиж авчирч өгсөн. Тэд надад мөнгө өгөөгүй үлдэгдэл 6 сая төгрөгөөсөө хасуулна гэсэн тэгээд дахин хэд хоногийн дараа мөнгөний хэрэг гараал байна 1 сая төгрөг өг гэсэн би өгсөн. Тэгээд түлхүүр гардуулах хугацаа болж би тавилгандаа Улаанбаатар хот явлаа гэж хэлээд явсан. Намайг Улаанбаатар явж байхад 2 сая гаран төгрөг хэрэгтэй гэж хэлсэн би одоо та нарт мөнгө өгч чадахгүй гэрээнд заасан ёсоороо түлхүүр гардахдаа өгнө та нарт харин ч 15 000 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэдний хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байшинд өвлийн дулаалга хийгээгүй хамаг материалаар тоглоод үлдсэн материалыг нь Улаанбаатар хотоос ирэхэд хулгайлан ачаад сураггүй алга болсон байсан. Тэдний хийсэн зүйлийг бүгдийг нь буцаан буулгаж ажлын туршлагатай баг хамт олон компаниар хийлгэх шаардлагатай байна. Буцааж буулгахад материалууд нь дахин ашиглах боломжгүй эвдэрч хэмхрэх учир миний гаргасан 15,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

            Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие уг нэхэмжлэлийг дараах үндэслэлэээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний бие Б.Атой2018 оны 03 сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 8х8 харьцаатай, мансарт нь 8х10 хэмжээтэй нийт 144 м.кв хувийн орон сууцны зориулалттай торхон байшингийн барилгын ажлыг хийж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулан урьдчилгаа 14,000,000 төгрөг авч барилгын материалаа Улаанбаатар хот болон Эрээнээс худалдан авч ажлыг эхлүүлсэн. Уг барилгын материалаа гүйцэтгэхэд нийт 17,713,000 төгрөг орсон.  Уг барилга нь бидний нарыг хүлээн авахад хундаам цутгаад ханыг нь босгочихсон 15 орчим хувийн гүйцэтгэлтэй 4 жил болчихсон байшин байсан. Дээр нь нурж унах гэж байгаа юм босгочихсон байсан учир буулгаад дахин дээвэр хийж барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа болно. Барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд материалын зардал нь урьдчилгаанд өгсөн 14,000,000 төгрөгөөс давсан учир гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөрөөсөө авъя гэдэг асуудал тавьснаас болж талуудын хооронд маргаан үүссэн. Барилгын материалын хувьд хамгийн чанартай, үнэтэй материалууд авсан. Тийм учраас өгсөн мөнгө нь материалдаа хүрээгүй. Мөн уг байшинг чанаргүй барьсан гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ямар байсныг нь ямар болгосон бүх зургууд нь байгаа учир тодорхой харагдах болно. Мөн дээврийн дулаалга хийгээгүй гэж байна. Гэтэл дулаалгын материал дууссан учир дээврийн хэсэгт жаахан дутуу хийгдээгүй үлдсэн ажил байсан. Уг дутуу хэсэг дээр материалаа аваад гүйцэтгээд хийх байсан. Гэтэл Б.А нь байшингаа бариулчхаад ажлын хөлс төлөхгүй гэсэндээ ийм үндэслэлгүй зүйл ярьж байна гэж ойлгож байна. Бидний зүгээс Б.Аоос нийт 15,000,000 төгрөг авч, өөрсдөөсөө нэмж 2,713,000 төгрөг гаргасан. Ажилласан хүмүүсийнхээ заримынх нь цалин хөлсийг өгөөгүй явж байна. Иймд энэ хүний өгсөн мөнгийг нь байшин барихад бүрэн зарцуулсан бөгөөд өөрөөсөө нэмж мөнгө гаргасан, мөн ямар ч цалин хөлс аваагүй хохирч байна. Эдгээр үндэсллээр энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд цаашид энэ хүнээс ажлын хөлс болон өөрөөсөө нэмж гаргасан 2,713,000 төгрөгөө нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.                                        

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Барилгын материалууд худалдаж авсан баримтуудыг хэрэгт хавсаргасан. Материал татах зардал унааны мөнгө бүгдийг нийлүүлээд 17,000,000 төгрөг болсон. 15,500,000 төгрөгийг барилга дээр ашиглаж болох материалыг  бодож үзээд зөрүү мөнгөнөөсөө хасаж тооцохоор ярилцсан. Пракетан шал, хаалга гэх мэт зүйлүүдийг Лхагвадорж гэдэг хүн авч явсан. Түүнийг би гаргаж өгөх боломжтой. Харин 15,500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Би ямар ч мөнгө аваагүй байж төлж чадахгүй.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А хариуцагч Б.Г нар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч Б.А нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажлаа хийж гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалж өөрт учирсан хохирол 15,500,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, гүйцэтгэх ажлын нийт хөлс 20,000,000 төгрөгөөр тохиролцож, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр урьчилгаа 14,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээн авахдаа төлөхөөр харилцан тохиролцсоноос дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. /хх-н 7-8-р хуудас/

Нэхэмжлэгч Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 3 сарын 13-ны өдөр урьдчилгаа 14,000,000 төгрөгийг Б.Гийн дансанд шилжүүлсэн, дахин 1,000,000 сая төгрөгийг хариуцагчийн хүссэнээр өгсөн, тээврийн зардал 500,000 төгрөгийг гэрээнд заасан үлдэгдэл хөлснөөс суутгахаар тохиролцсон байна. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Б.Аоос нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 15,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16/07/051/145 тоот дүгнэлтэд: 1. Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д ...механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтэц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх... тухай шаардлагуудыг уг барилгын төлөв байдал хангахгүй байна. 2. Тухайн барилгын ажил нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлд ... барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлага, 13.1.1-д ...барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, зураг төслийн шаардлагыг бүрэн хангасан байх..., 14 дүгээр зүйлд ... Барилга байгууламжид тавих шаардлага 14.1.1-д ...зураг төслийн дагуу баригдсан байх... гэх заалтуудын шаардлагыг хангахгүй байна.” гэжээ.

Хариуцагч Б.Г нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн “… ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэн өгнө”, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв. Мөн иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аын шаардлага үндэслэлтэй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хугацаа зааж  2 тал тохиролцсон хэдий ч ажил гүйцэтгэгч Б.Г нь гэрээнд зааснаар үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохиролцсон үр дүн гараагүй нь шүүх хуралдаанд гаргасан  нэхэмжлэгч,  хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн тайлбар, шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагч Б.Гөөс 15,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аод олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх зааснаар хариуцагч Б.Гөөс 15,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Аод  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,460 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Гөөс 235,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА