Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Н-н З-д холбогдох 22170000000080 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Н-н З /РД:............/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэй, УБТЗ-ын харьяа Чойр цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ачаа хамгаалагч ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын...... дугаар баг, ........... тоотод оршин суух, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 2-213 тоот хашааны гадна талд хамтран амьдрагч Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэх, уруул, хацар, толгой руу нь гараараа цохих, өшиглөх, зүүн болон баруун гарыг нь мушгиж базах, газарт унагаан чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б миний хүүхдийн ээж байгаа юм. Бид хоёр 10 орчим жил ирж, очин амьдарч байна. Би хол ажил хийдэг байсан болохоор сүүлийн нэг жил л хамт амьдарч байна. Б нь Улаанбаатар хотод явж байхдаа өөрөө над руу чат бичиж, байж болохгүй, тэвчих боломжгүй доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн. Намайг доромжилсон баримт нь ч байгаа. Нэгэнт ийм зүйл болсон учраас би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б бид хоёр хүүхдээрээ дамжуулж уулзаж байгаа. Би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Б бас чамайг айлгах гээд цагдаад өгсөн, ийм хүнд хэрэг болно гэж бодоогүй гэж надад хэлсэн. Б намайг маажхаар нь би үсдэж дарсан, гарыг нь базсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, 500 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би яаралтай шалгааны улмаас Улаанбаатар хотод ажилтай явж байх үед З намайг элдэв янзаар хэлээд доромжилж, харилцаа холбооны хэрэгслээр маргалдсан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 02 цагийн орчим би Говьсүмбэр аймаг Сүмбэр суманд орж ирээд Тыг Рэгцэгийн 2-213 тоотын үүдэнд буулгах үед З машинд орж ирээд чи муу янхан минь надтай явах үедээ хүүхэд авч явдаггүй биздээ гэж хэлээд үснээс үсдэж доошоо дарж цохиод зүүн болон баруун гарнаас мушгиж базсан, гэдэс хэсэгт өшиглөсөн. Мөн машинаас гаргаж ирээд газарт чирсэн, толгойн ар хэсэг, уруул, хацар хэсгээр цохих зэргээр гэмтэл учруулсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй. З өмнө нь намайг зодож цохиж байсан удаа байхгүй. Хэрүүл маргаанаас хэтэрдэггүй байсан. Миний хүүхдийн эцэг болохоор нэг удаа гэж бодоод ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

 

3. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн үед гэрт унтаж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харсан чинь манай дүү З хамтран амьдрагч Б-тэй хэрэлдэж муудалцаад орилолдоод байхаар нь би юу болоод байгааг мэдэх гээд машин руу очиход З Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Би та хоёр боль гэж хэд хэдэн удаа хэлэхэд намайг тоохгүй байж байснаа З надад хандан та цаанаа байж гэхээр нь гэр лүүгээ хувцасаа өмсөх гээд орсон. Тэгээд гараад ирсэн чинь Б надад хандан та гэр лүүгээ ороод дүүгээрээ зодууллаа, та нарыг цагдаад өгнө гэж зөндөө орилж байгаад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

4. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүүхэд З нь надад хандан Б хүүхэд авч явж байж над руу сонин үгтэй чат бичээд байх юм гэж хэлж байсан. Шөнө унтаж байхад манай хүү гэрээс гарахаар нь би хүүгээ нойл орох гэж байна гэж бодоод хэвтэж байгаад орж ирэхгүй удаад байхаар нь санаа зовоод араас гартал Б манай хашааны гадаа чанга орилоод янз бүрийн үгээр хэлээд байж байсан. Би юу болоод байгаа юм бэ яагаад хүүхэд айлгаад байгаа юм гэхэд Б чимээгүй болохгүй янз бүрийн үгээр доромжлоод орилоод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

5. Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар дүгнэлтэнд: “Д.Б-ийн биед тархи доргилт, зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд, баруун шуунд, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.08.12-нд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн дагз орчмын хуйхны цус хуралт гэмтэл нь нэг дор үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун бугалганы цус хуралт зэрэг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48-49 хуудас/

 

6. Нөхөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-7 хуудас/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 43 хуудас/

 

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 55-57 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.З нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 2 дугаар гудамжны 213 тоот хашааны гадна талд хамтран амьдрагч Д.Б-тэй харилцан маргалдаж, улмаар түүнийг үсдэж, уруул хацар, толгой руу нь гараараа цохих, өшиглөх, зүүн болон баруун гарыг нь мушгиж базах, газарт унагаан чирэх зэргээр бие махбодид нь халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дагз орчмын хуйхны цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Н.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.З-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З-гийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б, гэрч Д.Г, Д.О нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Н.З нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.З нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Н.З, хохирогч Д.Б нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Н.З нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.З-г анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Н.Зг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч Н.З нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Н-н З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу     500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА